Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2014 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 2014/ШЦТ/0084

 


      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2014/0091/Э/

Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдорж, 
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа, 
Шүүгдэгч *** /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан учир өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас ***т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201409000048 дугаартай хэргийг 2014 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ***  төрсөн, *** , ***  настай, бүрэн дунд боловсролтой, *** тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй

Шүүгдэгч *** нь 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “*** ” автомашин угаалгын төвийн зүүн талын замд *** маркийн *** дугаартай автомашиныг жолоодон явахдаа явган зорчигч ***ийг мөргөж биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулаад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ:
а/тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх;
б/зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх;
в/зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх


D:\2014 Uyanga\Sh.Ts togtool\Shiitgeh togtool-Lhagwa-Ochir 216.2.doc
 гэснийг тус тус зөрчин зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:
-Шүүгдэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2014 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр би таксинд тойрч байсан юм. Хуучин зах дээр машинаа угаалгаад байж байх үед манай найз явья гэж яаруулаад миний машины цонхны цан бүрэн арилаагүй байхад би хөдөлсөн юм. Угаалгын газраас гараад явж байхад машины урдуур нэг хүн орох шиг болсон тухай үед би сандраад зогсож чадахгүй чигээрээ явсан юм. ***д хохирол төлбөрт нь 3.500.000 төгрөг төлсөн.” гэх мэдүүлэг, 

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд: ...уг хэрэг учрал болсон гэх газар нь Дархан сум 5 дугаар баг, ***  автомашины угаалгын төвийн урд төв асфальтан зам дээр ба үл хөдлөх цэгээр V/95 дугаартай гэрлийн шонг авч В үсгээр тэмдэглэж, явган зорчигчийг анх мөргөсөн цэгийг А үсгээр тэмдэглэж, мөргүүлж унасан 6х6,9см хэмжээтэй улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон газрыг А2 цэгээр тэмдэглэв.
...явган зорчигчийг мөргөсөн автомашин нь ертөнцийн зүгээр хойноос урагш явж байсан гэснийг тэмдэглэлд тусгав... гэх тэмдэглэл.  /хэргийн 5-8 дахь тал/, 
Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл: /хэргийн 12-13 дахь тал/,
...Гялс угаалгын газрын залгаа барилга болох Тэнгис рестораны ертөнцийн зүгээр зүүн талд авто зам руу харсан тусгалтай дээвэр дээр байрлах К-6 камерын цагаар 09.46 цагт /камерын цаг нь таараагүй/ замын ертөнцийн зүгээр зүүн талаас 1 хүн зам хөндлөн гарч явж байхад уг барилгын урд талын /ертөнцийн зүгээр зүүн талд байх/ машин зогсоолоос хөдөлж ертөнцийн зүгээр урд зүгт явсан саарал өнгийн суудлын автомашин явган зорчигчийг баруун урд хэсгээр мөргөхөд явган зорчигч газар унасан. Хүн мөргөсөн  машин зогсолгүй цааш хөдөлгөөнөө үргэлжлүүлж явсан дүрсийг тэмдэглэлд тусгав... гэх тэмдэглэл. 
  
Иргэний нэхэмжлэгч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2014 оны 01-р сарын 09-ний өдөр 14 цагийн орчим би биржээс гэрлүүгээ явж байсан замын ертөнцийн зүгээр зүүн талаас баруун зүгт зам хөндлөн гарч явсан. Намайг зам хөндлөн гарахад 2 талаас машин байхгүй байсан. Гэтэл миний баруун гар талаас нэг машин намайг мөргөсөн би газар унаад ухаан алдчихсан нэг хэсэг юу болсныг санахгүй байна эмнэлэг ирж авч явсан.
...тэр машины жолооч намайг мөргөчихөөд зугтаачихсан...гэх мэдүүлэг /хэргийн 18 дахь тал/,
 
Гэрч *** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...би 2014 оны 01-р сарын 09-ний өдөр найз Б***ийн хамт гэртээ байж байтал 14 цаг өнгөрч байхад *** гаднаас нүүр нь улайчихсан, их сандарсан байдалтай орж ирсэн. Юу болсон бэ гэхэд Гялс авто угаалгын газрын урд хүн дайрчихлаа гээд гэрт орж ирээд яахаа мэдэхгүй байгаа бололтой суугаад байсан. Тэгэхээр нь би Лхагва-Очирын эхнэрийг нь дуудсан. Эхнэр нь ирээд тэр 2 хэсэг сууж байгаад явсан.
...айж сандраад зугтсан гэсэн... гэх мэдүүлэг /хэргийн 19 дэх тал/,  
Гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2014 оны 01 дүгээр сарын 09-ний өглөө нөхөр маань дотор таксинд явна гээд гэрээсээ гарсан юм. 13 цагийн орчим нөхөр лүүгээ залгахад тэр машинаа Гялс угаалгын газар бүтэн угаалганд угаалгаж байна гэсэн. Хэсэг хугацааны дараа 14 цаг өнгөрч байхад нөхрийн найз Найнаа над руу залгаад *** хүн шүргэчихлээ гээд манайд ирчихсэн байна гэсэн. Тэгээд би Найнаагийн гэрт нь явж очтол нөхөр маань их сандраад уйлчихсан би шоронд орох юм шиг байна ээж шигээ хөгшин хүн шүргээд айгаад зугтчихлаа гэж байсан... гэх мэдүүлэг /хэргийн 20-21 дэх тал/,  
Гэрч *** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...би 2014 оны 01 дүгээр  сарын 09-ний өдөр Нэгдсэн эмнэлэг орж хөлдөж бэртсэн хөлөндөө боолт хийлгэчихээд эмнэлгээс гараад иртэл зүс таних *** гэж залуу саарал өнгийн *** маркийн машинтай таксинд явж байхад нь машинд нь суусан. Би бирж дээр буух гэтэл *** яараагүй бол хөгшин нь машинаа угаалгачихаад чамайг гэрт чинь хүргээд өгчихье гэж хэлсэн. Тэгэхэд нь би зөвшөөрсөн. Бид 2 түүний машиныг хуучин биржийн хажууд байх Гялс угаалгын газарт очиж машинаа бүтэн угаалгасан. Машинаа угаалгаж дуусаад угаалгын газрын гадна зогсоолд машинаа гаргаж тавиад буцаж орж тооцоогоо хийчихээд гарч ирсэн. Машинаа асаагаад хөдлөх гэхэд машины цонхнууд бүгд цантсан байсан. *** машинаа асааж паараа тавьж хэсэг халаагаад жолоочийн урд талын буюу өөрийнхөө хэсгийн урд талын шилний цаныг хэсэг газар хусаж арилгаад төв зам руу нэвтэрч орж хэсэгхэн явсан. Тэгтэл *** хүн шүргэчихлээ гэж хэлээд хурдаа нэмээд цааш явж ***  захын хажуугаар дээшээ өгсөн толгойт орж намайг гэрийн ойролцоо буулгаад өөрөө цааш явсан... гэх мэдүүлэг /хэргийн 23 дахь тал/ 

- Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч: /хэргийн 28 дахь тал/, 
- Осол, хэргийн газар дээр замын байцаагчийн тогтоосон дүгнэлт: /хэргийн 29 дэх тал/
- Шүүх эмнэлгийн шинжээчийн №106 тоот дүгнэлтээр ***ийн биед тархи доргилт, 1 шүдний хүзүү хэсгийн хугарал, 1 шүдний паалангийн ховхрол, 2 шүдний эмтрэл, 2 шүдний хөдөлгөөн орсон байдал, эрүүний зөөлөн эдийн нэвчдэст цусан хураа тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсэх боломжтой, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно... гэх дүгнэлт /хэргийн 43 дахь тал/,   
Хавтаст хэргийн материалаар гаргасан шүүх эмнэлгийн №217 тоот давтан дүгнэлтээр *** ийн биед тархи доргилт, 2 шүдний хугарал, 1 шүдний паалан ховхрол, 2 шүд эмтрэл, 2 шүд хөдөлгөөн оролт, доод уруулын язарсан шарх үүсчээ. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно. 2 шүдгүй болсон гэмтэл нь цаашид хөдөлмөрийн чадварт тогтмол 10% нөлөөлнө. Шинжээчийн 106 тоот дүгнэлт үндэстэй байна... гэх дүгнэлт /хэргийн 46-47 дахь тал/,   
- *** ийн өвчний түүх: /хэргийн 51-70 дахь тал/, 
- *** ийн гэрэл зургууд: /хэргийн 96-97 дахь тал/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн баримтуудаар шүүгдэгч  *** нь 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Гялс” автомашин угаалгын төвийн зүүн талын замд *** маркийн *** дугаартай автомашиныг жолоодон явахдаа явган зорчигч ***ийг мөргөж биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулаад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; в/зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх гэснийг тус тус зөрчин зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байх тул аймгийн прокурорын газраас түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.
Иймд шүүгдэгч *** нь зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
    Шүүгдэгч *** нь иргэний нэхэмжлэгч *** д 3.500.000 төгрөгийн хохирол төлж барагдуулсан болох нь хохирогчийн өмгөөлөгчийн тайлбар, шүүгдэгчийн мэдүүлэгээр нотлогдож байх тул гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн байна гэж үзлээ.
    Шүүгдэгч *** урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хэргийн 79 дэх талд/ байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
    Шүүгдэгч *** нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж дүгнэлээ.
    Шүүгдэгч *** нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***т зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

    2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар шүүгдэгч ***т 1 жил 6 сар /нэг жил зургаан сар/ хорих ял шийтгэсүгэй.

    3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

    4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1-т зааснаар шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
    
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэгтэй, ногоон өнгөтэй 1 ширхэг сиди-г уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр үлдээсүгэй.

    6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар ***т оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

    7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар тэнсэгдсэн ***т хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэст хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг ***т мэдэгдсүгэй.

    8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ***т авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

    9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.    

    10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***т авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ            Я.ТУУЛ