Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2014 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 2014/ШЦТ/0085

 

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2014/0093/Э/

Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гоомарал,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа, 
Иргэний нэхэмжлэгч *** ,
Шүүгдэгч ***ы өмгөөлөгч З.Энхтуяа,
Шүүгдэгч ***ийн өмгөөлөгч И.Атарбямба,
Шүүгдэгч ***ын өмгөөлөгч Р.Лхамсүрэн, 
        Шүүгдэгч ***, ***, *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв. 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *** *** *** нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201409000074 дугаартай хэргийг 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт: 
1.Монгол Улсын иргэн, *** өдөр *** хотод төрсөн, *** настай***, бүрэн бус дунд боловсролтой, *** тоотод оршин сууж байгаа, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:
-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн *** ний өдрийн ***  дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 2 сар хорих ял шийтгүүлж, хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
- Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн ***-ний өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 2 жил хорих ял, Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлийн 1-т зааснаар 1 жил хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан 2 жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил хорих ялыг нэмж нэгтгэн 3 жил хорих ялаар шийтгүүлж, 2001 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хугацаа дуусч суллагдсан,

2. Монгол Улсын иргэн, *** -ний өдөр ***  хотод төрсөн, ***  настай, *** бага боловсролтой, *** оршин сууж байгаа, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:
- Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн *** -ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил хорих ял оногдуулж, хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

3. Монгол Улсын иргэн, *** -ний өдөр *** төрсөн, ***  настай*** бүрэн бус дунд боловсролтой, ***  тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй

Шүүгдэгч ***, ***, *** нар нь *** тай бүлэглэн 2013 оны 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 1-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Хонгор сум Эрхэт өртөөнд оршин суух иргэн ***ийн өвөлжөөн доторх малын саравчнаас улаан зүсмийн 1 тооны үнээг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэн байдлаар/
 
ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:
 -Шүүгдэгч ***ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Тэр өдөр өглөө эрт 7 цагт таксинд явахаар гэрээсээ гарсан. 18-ийн буудал дээр очиход намайг ***  ах ***хоёр хүлээгээд зогсож байсан. *** ах машинд орж ирж суугаад Номгон ороод дүүгийнхээсээ тарган гахай юм уу үхэр аваад ирье ах нь хөлсийг нь гомдоохгүй гэсэн. Би хулгайн юм биш биз дээ гэж асуухад үгүй дүүгээсээ идэшээ авах гэсэн юм. Замд явж байгаад дүүтэйгээ утсаар яриад манай дүү Хөтөл рүү ажлаар явсан гэж байна. Салхит явья гээд эргэсэн. Тэгээд  *** эхнэрээсээ мөнгө аваад 1 шил архи, 2 тамхи авсан. Голын эрэг дээр сууж архийг нь уучихаад Салхит орсон.  *** ах *** 2 намайг машиндаа хүлээж бай гэрийн хүмүүстэй уулзаад ирнэ гээд 2 цаг болоод эргэж ирсэн. Тэгээд жалганы хажууд хүрээд ир гэсэн, гэтэл үхэр гаргачихсан, жалганаас махаа  гаргаж ирээд машинд ачих гэхэд нь би харанхуй шөнө цус нөжтэйгээ хутгалдаад хулгай хийчихсэн юм уу? гэж асуухад үгүй гээд байсан.  Ингээд машинд махыг ачаад Дархан руу хөдөлсөн Ширээ нурууны дэлгүүрийн гадаа зогсоод *** ах дэлгүүр рүү ороод 1 шил архи, 1 тамхи, 1 ундаагаар ширээ соличихлоо гээд гарч ирсэн. *** ах *** хоёр манай гэрт очиж хоносон. Өглөө бирж орж махаа зарахаар явж байгаад Жаст ойл клонкын ойролцоо мах зардаг ***таараад гэрт нь махыг хүргэж өгөхөөр ***  ах тохиролцож Толгойт явсан. Тэгээд мөнгөө аваад надад хөлсний 150.000 төгрөг, машинаа угаалгаарай гэж 15.000 төгрөг өгсөн ингээд би салаад явсан.”   гэх мэдүүлэг,

-Шүүгдэгч ***ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Тэр өдөр ***  ахтай бирж дээр таарсан юм ***  хамт явж байсан тэгээд би эгчийндээ очиж хоносон. 18-ын буудлын хойно граж янзлуулна гэхээр нь граж руу явж байгаад ***  ахтай таарсан. Номгон явж дүүгийнхээсээ тарган гахай эсвэл үхэр аваад ирье гэсэн. Баярсайхан тэр үед 18-ын буудлын тэнд явж байхад нь *** ах хамт Номгон яваад өгөөч 150.000 төгрөг ирээд өгье гэж тохирсон. Ингээд бензиний бэлэн мөнгө байхгүй байсан тул надад байсан 30.000 төгрөгнөөс 1 шил архи аваад үлдсэн мөнгөнд нь бензин хийгээд явсан юм. Хараа голын хажууд очоод 1 шил архи уусан. ***  дахиад ганц шил архи уумаар байна гэхээр нь би эхнэртэйгээ утсаар ярьж үсээ засуулна, нэгж авна гэж хэлээд 15.000 төгрөг дэлгүүрийн худалдагч руу шилжүүлж 1 шил архи 1 тамхитай авсан юм. Ингээд 1 айлын гадаа очоод ***  ах хашаа даваад орчихсон тэр үед танидаг айл нь биш хулгай хийж байна гэдгийг нь мэдсэн. Тэгээд 1 үхэр сүүлнээс нь мушгиад хашаанаас нь гаргаад төмөр замын гармын жалганд оруулсан. Үхрийг алах үед би лантуугаар толгой руу нь цохиж, Отгонболд ах нугасласан, бид 2 нийлж өвчөөд машины багажинд хийгээд Дархан руу явсан хар замаар явж байгаад Ширээ нурууны шороон замаар орж явсан. Ширээ нуруунд ирээд голын дагуу байдаг дэлгүүр рүү *** ах орж үхрийн ширээ 1 тамхи, 1 шил архи, 1 ундаагаар сольсон. Тэндээсээ *** ны гэрт очиж архиа уугаад гэрт нь хоносон. Өглөө нь махаа аваад бирж рүү явж байтал Жаст Ойл клонкийн тэнд мах авдаг ***  эгч явж байсан. ***  ах бууж ***  эгчтэй уулзаад үхрийн махыг гэрт нь хүргэж өгсөн.” гэх мэдүүлэг,

-Шүүгдэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Хийсэн хэрэг тодорхой учир хэлэх юм алга. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү.” гэх мэдүүлэг,

-Хохирогч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2013 оны 12 дугаар сарын 1-ний өглөө 9 цагт үхрээ бэлчээрт нь гаргах гээд байшингаас ертөнцийн зүгээр зүүн зүгт 100 метр зайд байх өвөлжөөндөө очтол өвөлжөөнд байсан 6  тооны үхрээс өвөлжөөний мухарт нь уяатай байсан улаан зүсмийн дөнжин сувай үнээг уясан байсан уяатай нь цуг тайлаад аваад явсан байсан. Үхрийг туугаад ертөнцийн зүгээр зүүн хойд зүг рүү буюу төмөр замын гарам чиглээд явсан байсан. Бид нар үхрээ хоёр хоног ойр орчмоор эрж хайсан. 2 хоногийн дараа буюу 2013 оны 12 сарын 3-ны өдөр төмөр замын гармын зүүн талд байх гүнзгий жалган дотроос алдсан үхрийнхээ толгой, хээлийг нь олсон.” гэх мэдүүлэг /хэргийн 4-5 дахь тал/,
-Хохирлын мөнгө хурааж авсан тэмдэглэл /хэргийн 6 дахь тал/,
-Хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хэргийн 7 дахь тал/,
-Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 8 дахь тал/, 
-Эд зүйл үнэлэх комиссын шийдвэр /хэргийн 9 дэх тал/,
-Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хэргийн 10-13, 16-25 дахь тал/,
-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 26-44 дэх тал/,
-Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хэргийн 45 дахь тал/,
-Гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Гансүх дүүд нь мөнгөний хэрэг болоод байна, та энэ махыг худалдаад авчих гэсэн. Тэр өөрөөсөө гадна гурван эрэгтэй хүнтэй цуг явж байсан. Үхрийн махыг машиныхаа багажинд ачсан, үхрийн арьс, гэдэс, толгой, шийр нь байхгүй байсан. Би түүнээс арьс, гэдэс, толгойг нь яасан бэ? гэхэд өгчихсөн байгаа гэж хэлсэн. Би *** ээс махны чинь гарал үүслийн бичиг хаана байна гэхэд яараад авч амжсангүй гэсэн. Тэгээд Гансүхээс махыг жинлэхгүйгээр шууд 650000 төгрөгөнд худалдаж авсан. 
...тухайн үед үхрийн махыг кг бүрийг 5000 төгрөгөөр бөөндөж авч байсан юм. 150 кг жинтэй мах 750000 төгрөг болох байсан. Би түүнээс зах зээлийн ханшаас 100000 төгрөгөөр хямдхан худалдаж авсан. 
...амралтын өдөр болоод гарал үүслийн бичиг яараад авч чадсангүй, би өөрийнхөө малнаас бэлдэж ирсэн юм гэсэн болохоор нь түүнд итгээд авчихсан юм.“ гэх мэдүүлэг /хэргийн 46-48 дахь тал/,
-Гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2013 оны 11 сард, өдрийг нь санахгүй байна. 20 цагаас 21 цагийн орчим дэлгүүртээ сууж байтал 45-50 орчим насны, том биетэй, ярихдаа бага зэрэг гацдаг халамцуу эрэгтэй хүн орж ирээд “үхрийн шир архиар солих уу?” гэхэд нь “үгүй” гэж хэлээд гаргасан. Удалгүй тэр залуу өөр нэг залуугийн хамт орж ирээд “идэшээ хийгээд, үхэр нядалж өгсөн хүнд архи авч өгөх гэсэн чинь ширээ тушааж чадалгүй бирж хаачихсан” гээд байхаар нь “аваад ир” гэхэд гараад удалгүй улаан зүсмийн үхрийн шир барьж орж ирсэн. Үхрийн ширийг 1 шил архи, 1 ундаа, 1 хайрцаг тамхиар сольсон
...тэр хоёр хүн надад “идшээ бэлдсэн” гэж ойлгуулсан. Хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй” гэх мэдүүлэг /хэргийн 53-54 дэх тал/,
-Гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2013 оны 11 сарын сүүлээр ***х үхрээ алдсан талаар сонссон. 2 хоногийн дараа 167 км-ийн гарам дээр 272 дугаар галт тэргийг гармаар өнгөрөөчихөөд гармын зүүн талд байх гүн жалга руу бие засах гээд ортол улаан зүсмийн үхрийн толгой /эвэрнээс нь цэнхэр өнгийн уяагаар оосорлосон/, үхрийн сэвс, хээл байхыг харсан. Энэ талаар *** эгчид утсаар хэлсэн.” гэх мэдүүлэг  /хэргийн 55 дахь тал/,
-Гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 19 цагийн орчим үхрүүдээ өвөлжөөндөө хашсан юм. Маргааш өглөө нь 2013 оны 12 дугаар сарын 1-ний өдөр манай эхнэр *** үхрээ бэлчээрт гаргах гэж гараад өвөлжөөнд байсан улаан үнээ алга болсон байна гэж орж ирсэн. ***  намайг “үхрээ уясан юм уу?” уяатай нь тайлаад аваад явсан юм шиг байна гэж хэлсэн. Бид нар үхрээ хайгаад олоогүй. 2-3 хоногийн дараа төмөр замын замчин ***  “Салхитаас Эрхэт рүү ирэхэд дайрч өнгөрдөг 167 дугаар гармын ертөнцийн зүгээр зүүн талд байдаг нүхэнд үхрийн сэг зэм байна, танай үхэр байж магадгүй, очоод үзээрэй” гэж хэлсэн. Тэгээд би эхнэрийн хамт очиж үзэхэд манай алдсан үхрийн толгой, сэвс, хээл зэрэг байсан.
...үхэр нядалсан газар очиж үзэхэд манай алдсан улаан зүсмийн үхрийн эвэрнээс уясан хөх судалтай, хар өнгийн туузан уяан дээр нэмж хөх өнгийн мяндсан уяа давхарлаж уясан байсныг харсан. Мөн үхрийн сэвс, сэвсний хажууд хээлийг нь гаргаж тавьсан байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 58-59 дэх тал/,
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 111, 121, 125 дахь тал/,
-Зээлийн болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /хэргийн141-144 дэх тал/,
-Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хэргийн 145 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.
    
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч  ***, ***, *** нар нь ***ай бүлэглэн 2013 оны 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 1-нд шилжих шөнө ***  оршин суух иргэн ***ийн өвөлжөөн доторх малын саравчнаас улаан зүсмийн 1 тооны үнээг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байх тул тэдний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.    

Шүүгдэгч ***ы өмгөөлөгчийн зүгээс “шүүгдэгч *** нь бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдээгүй, харин гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг борлуулсан гэмт хэрэг үйлдсэн” гэж мэтгэлцэж байгаа боловч энэ нь ***ийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтэнээр өгсөн “...*** ах ***д хандаж “Эрхэт рүү үхрэнд явъя” гэхэд *** “гай болно, яршиг” гэхэд *** ах “чамд ямар ч хамаа байхгүй, ах нь бүгдийг зохицуулна.” гэхэд Баярсайхан зөвшөөрсөн.” гэх мэдүүлэг /хэргийн 79-80 дахь тал/, ***ийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтэнээр өгсөн “...*** хандаж “чи бид гуравт тус болчих, бид гурав Номгон чиглэлд явж үхэр хулгайлах гэж байна” гэж хэлэхэд *** “та нар намайг асуудалд оруулахгүй гэвэл та нартай цуг явъя гэж зөвшөөрсөн” гэх мэдүүлэг /хэргийн 87-88 дахь тал/ зэргээр үгүйсгэгдэж байна.

Иймд шүүгдэгч ***, ***, *** нарыг ***тай бүлэглэн, бусдын эд хөрөнгө хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
    Хохирогч ***д учруулсан 1 сая төгрөгийн хохирлыг шүүгдэгч нар төлж барагдуулсан байх тул гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн гэж үзнэ.

    Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ унаж явсан *** улсын дугаартай хьюндэй верна маркийн автомашин нь “***” ББСБ-ын өмчлөлийн эд хөрөнгө болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбараар нотлогдож байх тул /хэргийн 146 дахь тал/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар хурааж, улсын орлого болгох үндэслэлгүй байна.

    Иргэний нэхэмжлэгч “***” ББСБ нь шүүхэд ирүүлсэн иргэний нэхэмжлэлдээ: “*** нь 2013 оны 7 дугаар сарын 9-ны өдөр 2300000 төгрөгийн, мөн нэмж 2014 оны 1 дүгээр сарын 8-нд 500000 төгрөгийн зээл авсан. Зээлийн барьцаанд *** улсын дугаартай хьюндэй верна маркийн автомашин барьцаалж, зээлийн болон барьцааны гэрээ хийсэн.  Барьцаа хөрөнгө болох автомашин нь 2013 оны 7 дугаар сарын 9-ны өдөр манай байгууллагын өмч болсон. Зээлийн үлдэгдэл 3428543 төгрөг төлөгдөөгүй байгаа бөгөөд уг автомашиныг мөрдөн байцаагчийн тогтоолоор битүүмжилсэн байгаа тул манай байгууллага ***аас верна аксент маркийн автомашинаа нэхэмжилж байна. Иймд “***” ББСБ-ын өмч болох *** улсын дугаартай верна аксент маркийн автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, уг автомашиныг манай байгууллагын өмчлөлд шилжүүлж өгнө үү” гэжээ.

    Талуудын хооронд 2014 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр байгуулсан *** дугаартай гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасан “зээлдэгч гэрээний хавсралт 1-т заасан “зээл буцаан төлөх хуваарь”-ийг удаа дараа зөрчсөн бол уг гэрээний 8 дугаар зүйлийн 8.2.1-т зааснаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахаар харилцан тохиролцсон байна.
    
Шүүгдэгч *** нь “***” ББСБ-аас авсан зээлийн төлбөрт сар бүр 188000 төгрөг төлөх үүрэгтэйгээс 2014 оны 4 дүгээр сарын 14-нд төлөх графикийг хэтрүүлсэн болох нь иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна. Иймд зээл буцаан төлөх хугацааг 1 удаа хэтрүүлсэнийг “зээл буцаан төлөх хуваарь”-ийг удаа дараа зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй, мөн 9000000 төгрөгөөр үнэлэгдсэн /хэргийн 21 дэх тал/ автомашиныг 3428543 төгрөгийн төлбөрт тооцуулахаар шилжүүлэх боломжгүй байна. Иймд “***” ББСБ-ын иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

    Шүүгдэгч ***, *** нар нь урьд ял шийтгүүлж байсан боловч ялтай байдал нь дууссан байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. 

Шүүгдэгч нар нь анх удаа хүндэвтэр төрлийн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, эд хөрөнгө хураахгүйгээр хорих ял оногдуулж, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж дүгнэлээ.

    Шүүгдэгч нар нь төлөх төлбөргүй байх тул ***ы самсунг маркын хар өнгөтэй гар утас, ***ийн нокиа 3310 маркын гар утас, ***ын жорж армани маркын гар утас, “***” ББСБ-ын өмчлөлийн *** улсын дугаартай хьюндэй верна маркийн автомашин битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй.

    Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөх өнгийн мяндсан уяа, модон иштэй төмөр лантуу зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.
    
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297,298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

    1. Шүүгдэгч ***  нарыг ***тай бүлэглэн, бусдын эд хөрөнгө хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

    2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч *** нарт тус бүр эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сар /хоёр жил нэг сар/ хорих ял тус тус шийтгэсүгэй.

    3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар ***, ***, *** нарт оногдуулсан 2 жил 1 сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

    4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1-т зааснаар шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

    5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.2-т зааснаар “***” ББСБ-ын иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.

    6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т заасныг баримтлан шүүгдэгч ***ын жорж армани маркын гар утас битүүмжилсэн мөрдөн байцаагч Г.Төгөлдөрийн 2014 оны 3 дугаар сарын 21-ны өдрийн 485 дугаартай тогтоол, шүүгдэгч ***ийн нокиа 3310 маркын гар утас битүүмжилсэн мөрдөн байцаагч Г.Төгөлдөрийн 2014 оны 3 дугаар сарын 21-ны өдрийн 487 дугаартай тогтоол, шүүгдэгч ***ы самсунг маркын хар өнгөтэй гар утас битүүмжилсэн мөрдөн байцаагч Г.Төгөлдөрийн 2014 оны 3 дугаар сарын 21-ны өдрийн 488 дугаартай тогтоол, “***” ББСБ-ын өмчлөлийн *** улсын дугаартай хьюндэй верна маркийн автомашин битүүмжилсэн мөрдөн байцаагч Г.Төгөлдөрийн 2014 оны 3 дугаар сарын 19-ны өдрийн 489 дугаартай тогтоолуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

    7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-т заасныг баримтлан энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөх өнгийн мяндсан уяа, модон иштэй төмөр лантуу зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

    8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ***, ***, *** нарт оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, тус бүр 1 /нэг/ жилийн  хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

    9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар тэнсэгдсэн ***, ***, *** нарт хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэст хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг ***, ***, *** нарт мэдэгдсүгэй.

    10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***, ***, *** нарт батлан даалтад өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

    11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.    

    12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***, ***, *** нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                Я.ТУУЛ