Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 128/ШШ2019/0262

 

нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж, шүүх хуралдааны нарын бичгийн дарга Б.Баярдулам, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э*******, хариуцагч Д.Ж, Б.Б******* нарыг оролцуулан, Ө******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т******* шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэгч талаас Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд холбогдуулан гаргасан Баян-Өлгий аймгийн ******* сумын Ц*******нэртэй газарт орших 71******* тоот тусгай зөвшөөрлийн талбайд хийсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэхийг Уул уурхайн яамны дэргэдэх Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд даалгах тухай шаардлагаасаа татгалзаж байгаа болно. гэв.

Хариуцагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тусгайлан гаргах саналгүй. гэв.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах нь нэхэмжлэгчийн эрх тул тусгайлан гаргах тайлбаргүй. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ө******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т*******, өмгөөлөгч Э.Б******* нь 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр тус шүүхэд хандан ...Баян-Өлгий аймгийн ******* сумын Ц*******нэртэй газарт орших 71******* тоот тусгай зөвшөөрлийн талбайд хийсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэхийг Уул уурхайн яамны дэргэдэх Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Улмаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т******* 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тухай хүсэлтээ шүүхэд бичгээр гаргасан байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах тухай хүсэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараах эрх эдэлнэ, 20.1.1нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх, 66 дугаар зүйлийн 66.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно., 66.2-д Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэж заасан хуулийн шаардлагыг хангасан байх бөгөөд гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй,

нэхэмжлэгч Ө******* ХХК-иас 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т*******д олгосон итгэмжлэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.7 дахь хэсэгт зааснаас бусад эрх, үүргийг олгосон байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, түүний нэхэмжлэлтэй, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах, 109 дүгээр зүйлийн 109.1-д Захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасан үндэслэл, нөхцөл байдал илэрвэл шүүгч, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно., 122 дугаар зүйлийн 122.2-д Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 122.1-д зааснаас бусад шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй гэж заасан болохыг тайлбарласан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-т заасныг үндэслэн нэхэмжлэгч Ө******* ХХК-иас Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд холбогдуулан гаргасан ...Баян-Өлгий аймгийн ******* сумын Ц*******нэртэй газарт орших 71******* тоот тусгай зөвшөөрлийн талбайд хийсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэхийг Уул уурхайн яамны дэргэдэх Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, нэмэгдүүлэхдээ улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА