Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2026/0347

 

 

 

 

 

 

 

 

                                            Х.Б-ын  нэхэмжлэлтэй

                                        захиргааны хэргийн тухай                   

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн: 

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Ц.Одмаа  

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн   

Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа             

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч Х.Б

Хэргийн оролцогчид:   

Нэхэмжлэгч Х.Б  

Хариуцагч Дорнод аймгийн Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Дорнод аймаг, Хэрлэн сумын 9-р баг, 1-р байрны баруун талд байрлах 404 м.кв талбайтай газрыг чөлөөлсөн Дорнод аймгийн Засаг даргын үйлдлийг хууль бус байсан болохыг тогтоолгож, нөхөн төлбөр гаргуулах” тухай                      

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 116/ШШ2026/0005 дугаар шийдвэр                   

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:    

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Д  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, Б.У, Х.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Цогтсайхан   

Хэргийн индекс: 116/2025/0042/3              

ТОДОРХОЙЛОХ нь:          

1. Нэхэмжлэгч Х.Б-аас Дорнод аймгийн Засаг даргад холбогдуулан “Дорнод аймаг, Хэрлэн сумын 9-р баг, 1-р байрны баруун талд байрлах 404 м.кв талбайтай газрыг чөлөөлсөн Дорнод аймгийн Засаг даргын үйлдлийг хууль бус байсан болохыг тогтоолгож, нөхөн төлбөр гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.                            

2. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 116/ШШ2026/0005 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 27.4, 56 дугаар зүйлийн 56.5, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Б  “Дорнод аймаг, Хэрлэн сумын 9-р баг, 1-р байрны баруун талд байрлах 404 м.кв талбайтай газрыг чөлөөлсөн Дорнод аймгийн Засаг даргын үйлдлийг хууль бус байсан болохыг тогтоолгож, нөхөн төлбөр гаргуулах" шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.                      

3. Давж заалдах гомдлын агуулга:       

Нэхэмжлэгч Х.Б давж заалдах гомдолдоо:        

“...Нэхэмжлэгч Х.Б нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Дорнод аймаг Хэрлэн сум 9-р баг 1-р байрны баруун талд байрлах 1700 м.кв орчим газрыг хууль ёсоор эзэмшиж байсан гэх агуулгаар харин хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ нэхэмжлэгч Х.Б нь зөвхөн 1300 м.кв газрыг л хууль ёсны дагуу эзэмшиж байсан тул хууль бусаар илүү эзэмшиж байсан 404 м.кв газрыг чөлөөлсөн нь хуульд нийцсэн гэж маргадаг. Гэтэл хариуцагч тал нь нэхэмжлэгч Х.Б хэрхэн, ямар замаар 1700 м.кв газрыг эзэмшиж байсан талаарх холбогдох нотлох баримтуудыг огтоос гаргаж өгдөггүй бөгөөд үүнтэй холбогдуулан үзлэг хийлгүүлэх хүсэлт гаргасны үндсэн дээр шүүхээс Х.Б-т газар эзэмшүүлэх захирамж, түүнд холбогдох бусад баримт бичигт үзлэг хийдэг боловч шүүхээс зөвхөн төрийн архивын зааж өгсөн архивын нэгжид нэр төдий үзлэг хийгээд өнгөрсөн байдаг. Харин нэхэмжлэгч талаас өөрөө төрийн архивд хадгалагдаж буй баримт бичигтэй бүтэн өдөр нэг бүрчлэн үзэж танилцаж, эрж хайсны үндсэн дээр шүүхээс олоогүй хэрэгт ач холбогдол бүхий 2003 онд Засаг даргад гаргаж байсан гараашийн зориулалт бүхий 300 м.кв газрын өмнө дахин 1300 м.кв орчим газрыг нэмэлтээр эзэмших хүсэлт болон тухайн хүсэлтийг Засаг даргаас хүлээн зөвшөөрч, нэмэлт газар олгохыг зөвшөөрсөн цохолт бүхий нотлох баримтыг олж авч шүүхэд гаргаж өгсөн байдаг. Мөн хариуцагч талаас 404 м.кв газрыг чөлөөлсөн гэдэг боловч бодит байдал дээр энэхүү хэмжээнээс илүү хэмжээний буюу хууль ёсоор эзэмшиж байгаа гэх 1300 м.кв газрыг оролцуулан газар чөлөөлсөн байдаг бөгөөд энэ асуудлаар шүүхэд хүсэлт гаргаж маргаан бүхий газар дээр үзлэг хийж, хэчнээн хэмжээний газрыг бодитоор чөлөөлсөн байгаа болохыг тодруулахыг хүссэн боловч шүүхээс энэхүү хүсэлтийг хангаагүй байдаг. Дээр дурдсан нөхцөл байдлын хүрээнд шүүхийн зүгээс хуульд заасан нотлох чиг үүргээ хэрэгжүүлээгүй буюу хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий шаардлагатай нотлох баримтуудыг дутуу бүрдүүлсэн байдаг.

... Хэдийгээр Газрын тухай хуульд газар эзэмших эрх нь газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газрын эзэмших гэрээгээр тодорхойлогдохоор заасан хэдий ч захиргааны байгууллагаас гаргасан захиргааны актын агуулгыг хэрхэн яаж тайлбарлах мөн захиргааны байгууллагаас нэмэлт захиргааны акт гаргаагүй явдал нь ямар учир холбогдолтой болохыг шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд анхаарч үзээгүй орхигдуулсан байдаг... Мөн Дорнод аймгийн Засаг даргын 2008 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 90 дүгээр захирамжийн хавсралтын 3 дах хэсэгт Х.Б-т 1300 м.кв газрыг шинэчлэн олгохдоо газар шилжүүлэн олгох гэсэн утгаар гараагүйгээс гадна өмнө олгосон 2004 оны шилжүүлэн олгох захирамжийг хүчингүйд тооцсон нөхцөл байдлыг шүүхээс анхаараагүй бөгөөд Х.Б энэ цаг хугацаанаас хойш 20 гаруй жилийн хугацаанд нийт 1700 м.кв газрыг эзэмшиж ирснийг хариуцагч байгууллага, албан тушаалтнаас нэг ч удаа газар чөлөөлөх мэдэгдлийг өгч байгаагүй болох нөхцөл байдлаар тогтоогддог.

Гэтэл анхан шатны шүүхээс иргэн Х.Б-ыг 1700 м.кв орчим газрыг хууль ёсоор эзэмшиж байсан эсэх дээр огт дүгнэлт өгөөгүй орхигдуулсан бөгөөд өмнө нь уг хэрэг маргаантай холбоотой буюу газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгахаас татгалзсан эс үйлдэхүйтэй холбогдуулан шүүхээс маргааныг шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 001/ХТ2025/00065 дугаар тогтоолоор уг асуудал шийдвэрлэгдсэн гэж үздэг. Улсын дээд шүүхээр эцэслэн хянан шийдвэрлэгдсэн 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 001/XT2025/00065 дугаар тогтоолоор хянан шийдвэрлэгдсэн маргааны зүйл нь газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгахаас татгалзсан эс үйлдэхүйтэй холбоотой байдгаас гадна тухайн үед маргааныг хянан шийдвэрлэхэд одоогийн хянан шийдвэрлэгдэж байгаа захиргааны хэргийн хавтаст хэрэгт авагдсан баримтууд авагдаагүй байсан болно. Иймд дээр дурдсан нөхцөл байдлын Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 116/ШШ2026/0005 дугаартай шийдвэрийг хүрээнд хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэж өгнө үү.” гэв.         

ХЯНАВАЛ:       

          1. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Х.Б-аас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.                       

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.          

 

2.1. Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын 2002 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 153 дугаар захирамжаар[1] Хэрлэн сумын 6 дугаар багийн 1 дүгээр байрны баруун талд байрлах 300 м.кв хэмжээ бүхий газрыг 15 машины гараашийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрхийг “Ш” ХХК-д олгож, Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын 2004 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 151 дүгээр[2] захирамжаар “...9 дүгээр багийн нутаг дэвсгэр дэх 1 дүгээр байрны баруун талын “Ш” ХХК-ийн эзэмшилд авсан 1300 м.кв талбай бүхий газрыг 6 дугаар багийн иргэн Х овогтой Б-т гараашийн зориулалтаар...” шилжүүлж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож,[3] Дорнод аймгийн Засаг даргын 2008 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 90 дүгээр[4] захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлэн олгожээ.

2.2. Х.Б-т олгосон 1300 м.кв газарт хэмжилт хийж, бодитоор эзэмшиж байгаа газрын хэмжээг тогтоох зорилгоор байгуулагдсан ажлын хэсгийн 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн ажлын хэсгийн танилцуулгад[5] “...Х.Б нь аймгийн Засаг даргын 2008 оны 90 дүгээр захирамжаар олгосон 1300 м.кв газраас илүү 404 м.кв газрыг хашаалан эзэмшиж, ашиглаж байгаа нь аймгийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 13/11 дүгээр тогтоолоор баталсан "Чойбалсан хотод авто зам шинээр тавих төсөл, арга хэмжээний ажлын 1 дүгээр багц буюу нийтийн орон сууцны 19 дүгээр байрны баруун талаас орон сууцны 2 дугаар байр хүртэл хатуу хучилттай авто зам" барих ажилд саад учруулж байна.“ гэж дурдсан байна.  

2.3. Улсын дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 65 дугаар тогтоолд “...шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгч нь бодитоор 1704 м.кв газрыг эзэмшиж байгаа нь тогтоогдсон, нэхэмжлэгчийн өмчлөлийн гарааш байрлаж байгаа газар нь 1300 м.кв газарт багтсан болох нь газрын кадастрын мэдээллийн сангийн зургаар тогтоогдсон тул нэхэмжлэгчийн илүү эзэмшиж байгаа 404 м.кв газрыг хуульд заасан журмын дагуу чөлөөлөхөд энэ тогтоол саад болохгүй.” гэжээ.  

2.4. Нэхэмжлэгч Х.Б-т Дорнод аймгийн Засаг даргын 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 1/1627 дугаар албан бичгээр “...илүү хашаалсан 404 м.кв газрыг 2025 оны 07 дүгээр сарын 31-ний өдрийн дотор чөлөөлж, зөрчлийг арилгана уу...” гэх мэдэгдлийг, Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын  улсын ахлах байцаагчийн 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 35-22-01/027/40 дугаар[6]  “...эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй эзэмшиж, хашаажуулсан 404 м.кв газрыг бүрэн чөлөөлөх...” гэх албан шаардлагыг тус тус хүргүүлж, тус мэдэгдэлд заасан хугацаанд Х.Б газрыг чөлөөлөөгүй тул Дорнод аймгийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн А/467 дугаар[7] захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг газрыг албадан чөлөөлсөн байна.

2.5. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна.”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно.”, 56 дугаар зүйлийн 56.5-д “Газар эзэмших, ашиглах хугацаа дууссан, тэрчлэн зохих зөвшөөрөлгүй барилга байгууламж барьсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар чөлөөлөх тухай мэдэгдлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас өгсөн тохиолдолд тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага заасан хугацаанд багтааж газар чөлөөлөх үүрэгтэй.”, 57 дугаар зүйлийн 57.3-д “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө.” 57.4-д “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна.” гэж тус тус хуульчилсан.

2.6. Х.Б нь өөрийн эзэмшлийн 1300 м.кв газраас илүү 404 м.кв газрыг зохих зөвшөөрөлгүйгээр дур мэдэн эзэмшиж байсан нь хэрэгт авагдсан баримтууд болон Улсын дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 65 дугаар тогтоолоор нэгэнт тогтоогдсон.

2.7. Тодруулбал, нэгэнт нэхэмжлэгч Х.Б 404 м.кв газрыг хууль тогтоомжид заасны дагуу эзэмшиж байгаагүй нь тогтоогдсон энэ тохиолдолд хариуцагч Дорнод аймгийн Засаг дарга хуульд заасан эрхийн хүрээнд 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 1/1627 дугаар албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн нь, мөн мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй учраас тус газрыг албадан чөлөөлсөн нь хуульд нийцсэн байх тул нэхэмжлэгчийн “...ач холбогдол бүхий шаардлагатай нотлох баримтуудыг дутуу бүрдүүлсэн... захиргааны байгууллагаас гаргасан захиргааны актын агуулгыг хэрхэн яаж тайлбарлах мөн захиргааны байгууллагаас нэмэлт захиргааны акт гаргаагүй явдал нь ямар учир холбогдолтой болохыг шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд анхаарч үзээгүй орхигдуулсан... 1700 м.кв орчим газрыг хууль ёсоор эзэмшиж байсан эсэх дээр огт дүгнэлт өгөөгүй” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.  

Иймд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй, ач холбогдолтой талаас нь үнэлж, хэргийн үйл баримт, бодит нөхцөл байдлыг зөв тодорхойлсон, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.        

      

   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 116/ШШ2026/0005 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Х.Б-аас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.             

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.    

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.  

 

 

 

 

                                ШҮҮГЧ                                               Ц.ОДМАА     

 

                     ШҮҮГЧ                                                Г.БИЛГҮҮН       

 

ШҮҮГЧ                                               Ц.САЙХАНТУЯА

 

[1] Хавтаст хэргийн 149-150 хуудас

[2] Хавтаст хэргийн 154 дэх тал

[3] Хавтаст хэргийн 151 дэх тал

[4] Хавтаст хэргийн 155-156 дахь хуудас

[5] Хавтаст хэргийн 85-86 хуудас

[6] Хавтаст хэргийн 157 дахь тал

[7] Хавтаст хэргийн 65-75 хуудас