Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 01567

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 5 дугаар баг 6-10 тоотод оршин суух, Өндөр нар овогт Нямжаргалын Энхцэцэг /РГ94050926/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Их-Уул багт оршин суух, Тогоруутан овогт Лхагважавын Энхбаяр /РГ92021613/-т холбогдох

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Энхцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Н.Энхцэцэг нь Л.Энхбаяртай 2010 оноос танилцан үерхээд 2012 оноос хойш хамтран амьдарч байх хугацаандаа 2016 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр охин Э.Сайханзаяа мэндэлсэн. Бид албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй ч Л.Энхбаяраар овоглодог. Бид тодорхой маргааны улмаас 2019 оны 3-р сараас хойш тусдаа амьдарч эхэлсэн. Үүнээс хойш үр хүүхдээ тоохгүй, огт ирэхгүй байгаа тул Л.Энхбаяраас хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч Л.Энхбаяр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Л.Энхбаяр би Н.Энхцэцэгийн хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Бид 2012 оноос хамт амьдарсан ба хамт амьдрах хугацаанд охин Э.Сайханзаяа 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн. Бид таарамжгүй харилцаанаас болоод 2019 оны 3 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа. Цаашид хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Энхцэцэг нь хариуцагч Л.Энхбаярт холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараас нэхэмжлэгч Н.Энхцэцэг, хариуцагч Л.Энхбаяр нар нь гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй ба тэдний дундаас 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр охин Э.Сайханзаяа төрсөн болох нь 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр бүртгэсэн 6713000082 дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

Зохигч нь гэрлэлтээ бүртгүүлээгүй ч тэдний дундаас төрсөн охин Э.Сайханзаяа нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учраас эцэг Л.Энхбаяраас сар бүр тэтгэлэг гаргуулж, 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн охин Э.Сайханзаяаг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Н.Энхцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34.214 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Энхбаяраас Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн охин Э.Сайханзаяа нь 3 нас 11 сартай байх тул хуулинд зааснаар тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутаг буюу Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшин 206.000 төгрөгийн тал хувь 103.000 төгрөгийг сар бүр хариуцагч Л.Энхбаяр төлөх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар охин Э.Сайханзаяад сар бүр төлөх 103.000 төгрөгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож, 1.236.000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 34.214 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч Н.Энхцэцэгт олгохоор шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Н.Энхцэцэг, хариуцагч Л.Энхбаяр нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч зохигчид шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлт ирүүлснийг хүлээн авч тэдний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн охин Э.С-г  11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Л.Э-ас сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 34.214 /гучин дөрвөн мянга хоёр зуун арван дөрөв/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Э-ас 34.214 /гучин дөрвөн мянга хоёр зуун арван дөрөв/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Э-гт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН