| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ё.Ринзаан |
| Хэргийн индекс | 171/2012/0188/Э/ |
| Дугаар | 164 |
| Огноо | 2012-09-03 |
| Зүйл хэсэг | 147.1., |
| Улсын яллагч | Г.Яндаг |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2012 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 164
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2012/0188/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Ринзаан даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваадорж,
улсын яллагч Г.Яндаг,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Гэнэндулам нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасан гэмт хэрэгт Г.Л-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201209000375 дугаартай хэргийг 2012 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Г.Л- /РД: /, 1993 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, эрэгтэй, 19 настай, бүрэн дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4 эцэг, эх, дүү нарын хамт ***********тоотод оршин суудаг, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй.
Шүүгдэгч Г.Г.Л- нь 2012 оны 6 дугаар сарын 10-ны орой иргэн Ж.Ж.Н-болон О.О.Н-гийн 120.000 төгрөгийн үнэ бүхий монетон ээмэг, 15.000 төгрөгийн үнэ бүхий сувдан гинж, “Моторалла Л-7” маркийн 20.000 төгрөгийн үнэ бүхий гар утас, 50.000 төгрөгийг, мөн Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн 49 дүгээр брак байрны хажууд иргэн Г.Г.Г-гийн 10.000 төгрөгийн үнэ бүхий “Нокиа 33-10” маркийн гар утас, түрийвчтэй 15.000 төгрөг зэргийг хүч хэрэглэн дээрэмдсэн дээрмийн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Г.Л- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...”Намайг 2012 оны 6 дугаар сарын 10-ны орой “Ариг” нэртэй буудлын хажуугаар ороод явж байхад миний урдуур хоёр согтуу хүн явж байхаар нь эмэгтэй хүнийх нь цүнхийг нь булааж аваад зугтаасан юм. Тэгээд цаашаа зугтааж байхад “Сутай” баарны урд нэг танихгүй “Нокиа-33-10” маркийн гар утас гаргаж ирээд ах надад хандан “ахын дүү энэ утсаар нэг хүн рүү залгаад өг” гэхэд нь би түүнийг аваад зугтаасан юм. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиж гэмт хэрэгт холбогдохгүй” гэв.
Шүүгдэгч Г.Г.Л- нь 2012 оны 6 дугаар сарын 10-ны орой иргэн Ж.Ж.Н-болон О.О.Н-гийн 120.000 төгрөгийн үнэ бүхий монетон ээмэг, 15.000 төгрөгийн үнэ бүхий сувдан гинж, “Моторалла Л-7” маркийн 20.000 төгрөгийн үнэ бүхий гар утас, 50.000 төгрөгийг, мөн Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн 49 дүгээр
D:\My Office flie\Шийтгэх тогтоол\Шийтгэх тогтоол 2012\Г.Лхагваноржин-147.1-164.doc
брак байрны хажууд иргэн Г.Г.Г-гийн 10.000 төгрөгийн үнэ бүхий “Нокиа 33-10” маркийн гар утас, түрийвчтэй 15.000 төгрөг зэргийг хүч хэрэглэн дээрэмдсэн болох нь:
хохирогч Ж.Ж.Н-ын:...”Миний араас нэг залуу гарч ирээд цаг байна уу гэж асуухад нь би түүнд цаг хэд болж байгааг хэлчхээд цаашаа явах гэхэд тэр залуу дахиад миний араас цаг хэд болж байна гэж хэлээд намайг татсан юм. Тэгэхэд би түүнд хандан “би чамд хэлсэн шүү дээ 00 цаг болж байна” гэхэд тэр залуу намайг заамдаж аваад хавсран газар унагааж өмсөж явсан хувцсаар маань толгойг минь ороогоод дээрээс хоёр, гурван удаа өшиглөхөөр нь би яах гэж байгаа юм бэ гэж хэлээд гараараа газар тулаад босож ирсэн” гэсэн мэдүүлэг /хэргийн 12-13, 79 дахь талууд/,
хохирогч О.О.Н-гийн:...”Намайг барьсан залуу намайг дэгээдэж газар унагааж байгаад дээшээ харуулаад хоёр чихэнд минь байсан оросын монетон ээмгийг сугалж, хүзүүнд минь байсан сувдан зүүлтийг мөн авчихсан юм. Тухайн үед би цүнхээ гартаа барьчихсан байхад тэр залуу зугтаахдаа миний цүнхийг аваад явсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 15-16, 80 дахь тал/,
хохирогч Г.Г.Г-гийн:...”2012 оны 6 дугаар сарын 10-ны өдөр “Номин ундрах” гэдэг нэртэй бааранд найзуудын хамтаар сууж архи ууж байгаад баар хаах үеэр ганцаараа гараад 49 дүгээр брак руу чиглээд явж байсан чинь нэг залуу ирээд миний араас цохиход нь би газар унахад мөн миний дээрээс хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд би хэсэг ухаан алдаж байгаад босоод ирэхэд миний хажууд ямар ч хүн байхгүй байсан. Тэгээд би гэртээ ороод халаасаа үзэхэд “Нокиа-33-10” маркийн гар утас, бор өнгийн эвхдэг түрийвч уг түрийвчин дотор байсан иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, 15.000 төгрөг зэрэг эд зүйл алга болсон байсан” гэсэн мэдүүлэг /18 дахь тал/,
гэрч Б.Б.Д-ын:...”Тэр хоёрыг араас нь хөөж байгаад хойно нь зугтааж байсан залууг нь барьж авахад нөгөөдөх нь цаашаа зугтаачихсан юм. Тэгээд тэр залуугийн гараас эмэгтэй хүний саарал өнгийн цүнх байсныг аваад буцаж явж байхдаа “Нокиа-33-10” маркийн гар утас хаясныг нь олж авсан. Тухайн үед миний барьж авсан Г.Л- гэх залуу хохирогчийн дээрэмдүүлсэн гэх саарал өнгийн цүнхийг барьчихсан зугтааж байсан юм. Тэгээд тэр цүнхийг болон хохирогчийн “Моторалла Л-7” маркийн гар утсыг нь хохирогчид буцааж өгсөн юм” гэсэн мэдүүлэг /хэргийн 22 дахь тал/,
Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 533 тоот актын
1. “О.О.Н-гийн биед баруун тохой, гуя, хүзүү, хоолойны өмөн хэсгийн зөөлөн эдийн цус хуралт, зулгаралт тогтоогдлоо. Энэ нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, хамрагдах талбай бага, эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоогдохгүй байна” гэсэн дүгнэлт /хэргийн 25 дахь тал/,
Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 537 тоот актын
1. “Г.Г.Г-гийн биед нүүрний зулгаралт тогтоогдлоо. Энэ нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, хамрагдах талбай бага, эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоогдохгүй байна” гэсэн дүгнэлт /хэргийн 28 дахь тал/,
эд зүйлд зах зээлийн үнэлгээ тогтоосон баримт /хэргийн 4-5 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Иймд Г.Л-г бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.
Гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Ж.Н-, О.О.Н-, Г.Г.Г- нар нь “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлтийг бичгээр ирүүлсэн байх тул энэ тогтоолоор шүүгдэгч Г.Г.Л-гоос гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Г.Л- урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь Цагдаагийн Ерөнхий газрын “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар” тогтоогджээ. /хэргийн 51 дахь тал/.
Шүүгдэгч Г.Г.Л- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг хэргийн болон хувийн нөхцөл байдлыг харгалзаж хуульд заасан хорих ялыг оногдуулж, уг ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Г.Л-г бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн дээрэмдэн авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар Г.Л-д эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав/ жил 6 /зургаа/ сар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Г.Г.Л-д оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дүгээр зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч Г.Г.Л- нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар Г.Г.Л-гийн энэ хэрэгт цагдан хоригдсон 66 /жаран зургаа/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар Г.Г.Л-гийн эзэмшлийн “Нокиа 16-80” маркийн гар утсыг битүүмжилсэн 2012 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосонд тооцсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар Г.Г.Л-д энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр оногдуулсан 3 жил 6 сар хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан Г.Г.Л-д хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг Г.Г.Л-д мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Г.Л-д авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр байлгасугай.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.Г.Л-д авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Ё.РИНЗААН