Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2014 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 2014/ШЦТ/0087

 

     


         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2014/0095/Э/

Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Батболд,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнгөнсүх, Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг,
Хохирогч *** ,
        Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв. 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ***  д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201409000218 дугаартай хэргийг 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 
Монгол Улсын иргэн, ***   өдөр төрсөн, ***  настай, *** , дээд боловсролтой, *** тоотод оршин суудаг, “***, ял шийтгэлгүй

Шүүгдэгч *** нь 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 9 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “*** ” сургуулийн ***  хичээл орж байхдаа иргэн *** г бусадтай маргалдаад, хичээл үймүүлээд байна гэх шалтгаанаар эрүүн тус газар нь цохиж, бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэн байдлаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч ***ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2014 оны 3 дугаар сарын 10-ны өдөр *** ийн ангид нэгдүгээр паар дээр хичээл орох багш байгаагүй. Тэгээд нэгдүгээр паар дээр би нөхөж орсон юм. *** ийн анги 11 хүүхэдтэй, би ирц аваад бие халаалтыг нь хийлгэчихээд орж байсан. Би бөмбөг өгчихөөд журнал хөтлөж байсан юм. Манай сургуулийн програмисст залуу хаалга онгойлгоод орж ирсэн. Тэгээд Жагаа багшаа цаана чинь хүмүүс зодолдоод байна гэсэн. Эргээд харсан чинь энэ 2 хоорондоо зодолдож байсан. Би наанаас нь очоод хөөе салцгаа гэхэд ангийнхан нь салгах гээд дийлээгүй. Би өөрөө очоод 2 тийш нь болгоод тухайн үед энэ 2-ын хамраас нь цус гарсан болохоор миний уур хүрсэн. Тухайн үед би биеэ барьж чадаагүй. Тэгээд энэ 2-ыг нэг нэг цохичихоод буцаад *** г цохих гэсэн чинь санаандгүй эрүү нь таарсан. Энэ 2 сурагч намайг багшаа гэж хүндлээгүй, Хэрвээ хүндэлсэн бол хоорондоо зодолдохгүй байсан байх. Миний буруу, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирол төлбөрт 1.750.000 төгрөгийг төлсөн.” гэх мэдүүлэг, 

-Хохирогч *** ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2014 оны 3 дугаар сарын 10-ны өдөр халаалт хийсний дараа ангийнхаа хүүхдүүдтэй тоглож байгаад маргалдсан. Тэгээд хамраас цус гарахаар нь би очоод барьж авсан. ***   багш бид хоёрын гэдэс рүү цохисон. Тэгээд манай ангийнхныг бүгдийг нь жагсаасан. Жагсаагаад намайг алгадсан тэр үед өвдөхөөр нь гайгүй болох байх гээд бодсон. Хохирол төлбөрт нийт 1.750.000 төгрөг авсан.” гэх мэдүүлэг, 

-Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол / хэргийн 6 дахь тал/,
    -Гэрч *** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...***   багш нөгөө зодолдож байсан 2 хүүхэд дээр яваад очсон чинь салахгүй зодолдоод байсан. Ингээд ***   багш зодолдож байсан 2 хүүхдийг тойроод зогсож байсан хүүхдүүдийг холдуулчихаад зодолдож байгаа хоёрыг хүчээр болиулаад хананд тэр хоёрын гарыг нь өргөөд зогсоосон юм. Тэр хоёр хүүхдийн нэгнийх нь хамарнаас нилээн цус гарчихсан байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 13 дахь тал/,
    -Гэрч *** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...биднийг сагс тоглож байхад  *** н, ***   хоёр хоорондоо зодолдож байсан. Юунаас болоод зодолдсоныг нь би мэдээгүй. Тэднийг хоорондоо зууралдаад байж байтал *** *** багш ирээд салгаад *** н, ***  хоёрыг тус бүр цээжин тус газар нь нэг нэг удаа цохьсон, дараа нь *** гийн нүүрэн тус газар нь цохьсон юм.” гэх мэдүүлэг /хэргийн 14-15 дахь тал/,
    -Насанд хүрээгүй гэрч ***  ны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2014 оны 3 дугаар сарын 10-ны өдөр эхний цаг дээр манай ангид биеийн тамирын хичээл орж байсан юм. Тэгээд биеийн тамирын хичээл дээр *** эй сагс тоглож байгаад маргалдаж, улмаар би түүнийг цохьсон. ***  цохиулсаныхаа дараа босч ирээд намайг барьж аваад байтал биеийн тамирын хичээл орж байсан ***   багш ирээд биднийг салгаад ангийнхныг жагсаасан. Ангийн хүүхдүүдийг жагсаасаны дараа ***   багш ***  бид хоёрыг номхон зогсоогоод гэдсэн тус газар бид хоёрыг тус бүр нэг удаа цохиод, дараа нь Нямсүрэнгийн нүүрэн тус газар нь нэг удаа цохьсон.” гэх мэдүүлэг /хэргийн 18 дахь тал/,
    -Насанд хүрээгүй гэрч ***  ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...ангийн багш Отгонжаргалыг орж ирэхээс өмнө Жаргалсайхан багш ***  хоёрыг нэг нэг удаа цээжин тус газар нь цохиод, дараа нь ангийн багш ирсэн юм. 
    ...маргааш нь надаас ***  миний эрүү яачихсан байна, хараад орхиоч гэхээр нь харсан чинь эрүү нь зүүн талаараа хавдчихсан байсан ба тэр талаар өөрт нь хэлсэн юм.” гэх мэдүүлэг /хэргийн 20-21 дэх тал/,
    -*** ийн биед эрүүний зүүн булангийн зөрүүтэй, далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх №315 дугаартай  шинжээчийн дүгнэлт /хэргийн 26 дахь тал/,
    -Өвчний түүх /хэргийн 30-40 дэх тал/,
    -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 65 дахь тал/ хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.
        Шүүхийн   хэлэлцүүлэгт   шинжлэн   судлагдсан   бичгийн   баримтуудаар   шүүгдэгч
*** нь 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 9 цагийн орчим Дархан-Уул
аймгийн Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “***” сургуулийн ***  хичээл орж байхдаа иргэн *** г бусадтай маргалдаад, хичээл үймүүлээд байна гэх шалтгаанаар эрүүн тус газар нь цохиж, бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байх бөгөөд түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.    
    
    Иймд шүүгдэгч ***ыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм  буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
    
    Хохирогч ***  нь гэмт хэргийн улмаас хохирч, ямар эмчилгээ хийлгэсэн талаар өвчний түүхээс өөр ямар нэгэн нотлох баримт ирүүлээгүй байх бөгөөд шүүгдэгч *** нь сайн дураар хохирол төлбөрт 1750000 төгрөг төлсөн байна.

    Шүүгдэгч ***ы урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хэргийн 65 дахь тал/ байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
    
    Шүүгдэгч *** нь анх удаа хүндэвтэр төрлийн гэмт хэрэг үйлдсэн, өөрийн сайн дураар хохирогч *** д 1750000 төгрөг төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж дүгнэлээ.
    
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг рентген зургийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч *** д буцаан олгож, шүүгдэгч *** нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурьдаж шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297, 298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд
заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

    1. Шүүгдэгч *** г бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
    
    2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар шүүгдэгч *** д 1 жил /нэг жил/ хорих ял шийтгэсүгэй.

    3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан 1 жил хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

    4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1-т зааснаар шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

    5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг рентген зургийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч *** д буцаан олгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар ***д оногдуулсан 1 жил хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

    7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар тэнсэгдсэн ***д хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг ***д мэдэгдсүгэй.

    8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.    

    9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***д оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ            Я.ТУУЛ