| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2020/01581/И |
| Дугаар | 01581 |
| Огноо | 2020-08-20 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 08 сарын 20 өдөр
Дугаар 01581
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн 3-19 тоотод оршин суух, Алтай овогт Жамбажамцын Пүрэвдорж /РУ95020732/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр баг 26-5 тоотод оршин суух, Шарнууд овогт Бямбадоржийн Цэнгэлбаяр /РИ95071500/-т холбогдох
Хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энэбиш оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Пүрэвдорж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ж.Пүрэвдорж нь Б.Цэнгэлбаяртай 2011 онд танилцаж үерхэж байгаад 2015 онд хүү Энхмөнх мэндэлж манай аавынд 3 сар амьдарч байгаад намайг Улаанбаатар хот руу цэргийн ангид ажил хийхээр явсан хойгуур манай дүү Энхжавхланд миний дүү дүүгээ харж байгаарай хүнд хувцас өгчихөөд ирье гээд гараад дахиж ирээгүй. Үүнээс хойш 5 жил болж байна. Дахин хүүтэйгээ уулзаагүй, холбоо тогтоогоогүй, ердөө ирдэггүй. Хүү Энхмөнх одоо 5 настай, ээжийгээ 3 сартайгаасаа хойш хараагүй, танихгүй. Цаашид Цэнгэлбаяртай хамтран амьдрах боломжгүй. Бид аав, ээж, дүү, хүүхдийнхээ хамт ам бүл зургуулаа амьдардаг. Одоо би Улаанбаатар хотод Зэвсэгт хүчний 017-р ангид ажилладаг. Цалингаараа хүүгээ тэжээн тэтгэж, хувцасладаг. Ийм учраас 2015 оны 05 дугаар сарын 17-ны өдөр төрсөн хүү Энхмөнхийг миний асрамжинд үлдээж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Цэнгэлбаяр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Цэнгэлбаяр би Ж.Пүрэвдоржтой сургуулийн сурагч байхдаа танилцаж үерхэж байгаад Дархан хотын Анагаахын эм зүйчийн ангийн 2 дугаар курсэд суралцаж байхдаа жирэмсэн болсон. Ингээд Ж.Пүрэвдорж нь сургууль яах вэ хүүхдээ гаргаад өсгөе гэсэн. Ингээд би эцэг, эх байхгүй бүтэн өнчин, ах, дүү хамаатан садан маань надтай ойр дотно биш учир би Ж.Пүрэвдоржийг дагаад сургуулиа хаяж хүүхдээ төрүүлсэн. Тухайн үед Ж.Пүрэвдорж Улаанбаатарт ажилтай хоёулаа болгоно, бүтээнэ гэхээр нь хамтдаа хотод байр түрээслэн амьдарч байсан. Би төрийн сангийн буцалтгүй тусламжаар сурч байсан боловч сургуулиа хаясан. Ингээд хүүхдээ төрүүлээд хадмын гэрт очиж амьдарсан. Хадмынд амьдарч байхад Ж.Пүрэвдоржийн анхаарал халамж дутмаг, хадам ээж намайг өнчин өрөөсөн, ах дүү байхгүй, ядуу, зүдүү, мэргэжил мэдлэг байхгүй, эд хөрөнгө байхгүй гэх мэтээр харьцаж айлын гэрт дарамтанд байсан. Айлын гэрт хүүхдээ асраад амьдрахад хэцүү хөхний сүү багатай, хоол хүнс дутуу, төрсний дараах шөл ус байхгүй байдалтай байсан. Хүүхэд маань мэлхий тураалтай гэх оноштой болж би 1 сарын хугацаанд хүүхэдтэйгээ эмнэлэгт хэвтсэн. Хадмын гэрээс хоол, цай ч ирэхгүй, миний хамаатан садан хааяа хоол цайтай ирж байсан. Ингээд эмнэлгээс гараад би өөрийн эмээ дээрээ Рэнчинлхүмбэ суманд очсон. Гэтэл араас Ж.Пүрэвдорж ирээд эвлэрье хүүхдээ бодъё гээд ирэхээр нь буцаад хадмынд ирсэн. Хүүхдээ 6, 7 сар хүртэл хадмынд амьдарсан. Энэ хугацаанд Ж.Пүрэвдорж өөр хүүхэнтэй харилцаатай хэвээрээ байсан, маргах зүйл гарах үед намайг цэргийн бүсээр зодож эмнэлэгт очиж оёдол тавиулж байсан. Ингээд би Рэнчинлхүмбэ сум руу явах гэтэл хүүг минь өгөхгүй байсан. Би хүүгээ үлдээж сум руугаа яваад 7 хоногийн дараа эргэж ирээд хүүгээ авъя гэтэл өгөөгүй. Өнчин өрөөсөн чамд орох орон байхгүй, ажил төрөл мэдлэг боловсрол байхгүй, ах дүү муутай чамд хууль үйлчлэхгүй гэсэн. Тухайн үедээ хөөцөлдөөд заргалдаад явахад мөнгө төгрөг байхгүй, туслаж дэмжиж санаа оноо хэлэх хүнгүй байсан. Нэг талдаа би хэцүү амьдралд өссөн учир энэ айлд багтахгүй юм бол ядаж хүүг маань аавтай, өвөө, эмээтэй элэг бүтэн байг гээд хүүгээ үлдээсэн. Би сургуулиа төгсөж чадаагүй тул айлаар байж энд, тэнд ажил хийж амьдарсан. Энэ хугацаанд хүүтэйгээ уулзах боломж муутай, уулзъя гэхээр гэртээ оруулахгүй энд байхгүй, Бор-Өндөр сум руу ах дүү нар луугаа явсан гээд намайг уулзуулдаггүй, утсаар ч ярих боломж байхгүй байсан. Хааяа тохиолдлоор энд, тэнд таарах бол араас нь гүйж очиж хальт царайг нь хараад өнгөрдөг. Төрсөн өдөр, хүүхдийн баяраар бэлэг аваачиж өгөхөөр уулзуулдаггүй, авч очсон юмыг аваад орчихдог юм. Ээжийгээ мэддэг, таньдаг болчих байх, аваад явчих байх гээд тэгж хориглож цагддаг юм байлгүй дээ. Би сүүлийн 2 жил энд, тэнд ажил төрөл олдож өөр аймагт байх үедээ хүүгийн төрсөн өдөр, хүүхдийн баяраар холбоо барьж чадаагүй. Үүнээс хойш хүү маань 5 нас хүрсэн. Ээжийгээ мэдэхгүй өссөн, аавтайгаа амьдарч дассан, аавынхаа ах, дүү нартай ойр дотно болсон зэргээр хүү П.Энхмөнхийг аав Ж.Пүрэвдоржийн асрамжинд үлдээхийг зөвшөөрч байна. Гэхдээ би төрүүлсэн эх хүний хувьд хүүтэйгээ уулзаж байх хүсэлтэй. Энэ эрхийг Ж.Пүрэвдорж хориглож хаах эрх байхгүй гэдгийг шүүх нэхэмжлэгчид ойлгуулж өгөхийг хүсэж байна гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Пүрэвдорж нь хариуцагч Б.Цэнгэлбаярт холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараас нэхэмжлэгч Ж.Пүрэвдорж, хариуцагч Б.Цэнгэлбаяр нар нь гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй ба тэдний дундаас 2015 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүү П.Энхмөнх төрснийг 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдөр бүртгэсэн 6701000476 дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч, хариуцагч нар нь хүүхдийн тэтгэлэг болон хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн асуудал дээр маргаагүй бөгөөд нэхэмжлэгч Ж.Пүрэвдорж нь 2015 оны 05 дугаар сарын 17-ны өдөр төрсөн хүү П.Энхмөнхийг өөрийн асрамжинд үлдээх талаархи шаардлагыг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа гаргадаг.
Шүүх хүүхдийн өсөж дассан орчинг өөрчлөх шаардлагагүй, эцэгтээ ээнэгшин дассан байдал, эцэг эхийн шүүхэд гаргасан тайлбар хүсэлтийг үндэслэн 2015 оны 05 дугаар сарын 17-ны өдөр төрсөн хүү П.Энхмөнхийг эцэг Ж.Пүрэвдоржийн асрамжид үлдээж шийдвэрлэлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба 2015 оны 05 дугаар сарын 17-ны өдөр төрсөн хүү П.Энхмөнхийг эцэг Ж.Пүрэвдоржийн асрамжид үлдээсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд нь эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа.
Нэхэмжлэгч Ж.Пүрэвдоржийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Цэнгэлбаяраас эд хөрөнгийн бус үнэлж болохгүй нэхэмжлэлд төлөгдөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Ж.Пүрэвдорж, хариуцагч Б.Цэнгэлбаяр нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч зохигчид шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлт ирүүлснийг хүлээн авч тэдний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2015 оны 05 дугаар сарын 17-ны өдөр төрсөн хүү П.Э-гэцэг Ж.П-н асрамжинд үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ц-аас 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.П-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН