Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 2023/ШЦТ/830

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Нарансолонго,

улсын яллагч Э.Намуун /тээврийн прокурор/,

хохирогч *******,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 2303005020417 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2002 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Архангай аймгийн Тариат суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто механикч мэргэжилтэй, “*******” ХХК-д засварчин ажилтай, ам бүл 3, эцэг, ахын хамт *******, “Баруун Алтан-өлгий” 21-307 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, *******, /РД: *******/.

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2023 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 21 цаг 37 минутын орчимд Баянгол дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тумбааш” худалдааны төвийн урд замд “Subaru Forestor” маркийн ******* УАО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.3-т заасан “Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож, энэ дүрмийн 16.1, 16.2-т заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар зам гарч байсан явган зорчигч *******г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ: “...Энэ гэмт хэргийн улмаас миний аарцаг яс хугарсан бөгөөд цаашид 3 жилийн хугацаанд өөрөөрөө төрөх боломжгүй гэж эмч хэлсэн. Би энэ хугацаанд эмчилгээ хийлгэсэн бөгөөд ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилнэ. Шүүгдэгчээс нийт 8.600.000 төгрөгийг хүлээн авсан болно. Эрүүл мэндээрээ хохирсон тул гомдолтой байна...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

2023 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 5-9 дэх тал/,

Хохирогч *******гийн:

“...Би тухайн өдөр орой 21 цагийн орчимд хорооллын “Тумбааш” худалдааны төвийн урд байдаг явган хүний зохицуулдаггүй гарцаар замын хойноос урагш зам хөндлөн гарахаар алхаж явсан. Ингээд гарцаар алхаж яваад автомашины зүүнээс баруун тийш явах чиглэлийг алхаад өнгөрөөд автомашины баруунаас зүүн тийш явах чиглэлийн зорчих хэсэг рүү явган хүний гарцтай хэсгээрээ алхаад явж байхад 2, 3 дугаар эгнээний автомашин зогсоод зам тавьж өгсөн, тэгэхээр нь би зогсож байсан машинуудын урдуур гараад 1 дүгээр эгнээ рүү ороход тус эгнээгээр явж байсан машин зогсох үйлдэл хийлгүй миний баруун талаас мөргөөд би газар унасан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дэх тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 9406 дугаартай:

“... *******гийн биед умдаг ясны далд хугарал, баруун суга, сарвуу, өгзөг, гуя, шилбэнд хөх ягаан өнгийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо.  Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой байна. Гэмтлийн зэрэг  тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 52-53 дахь тал/,

Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 07 дугаар сарын 26- ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 45-48 дахь тал/,

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч С.Дэмбэрэлийн гаргасан 2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 928 дугаартай “Мөрдөгчийн магадалгаа” /хавтаст хэргийн 59 дэх тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч ******* нь “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч *******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулж, шүүгдэгчээс хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 16 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 8.800.000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох, хохирогчийн зүгээс ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон бусад зүйлийг нэхэмжилнэ гэж байх тул баримтаар бүрдүүлээд жич нэхэмжлэх эрхийн нээлттэй үлдээх” гэсэн дүгнэлтийг гаргав.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч *******т холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч ******* нь:

2023 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 21 цаг 37 минутын орчимд Баянгол дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тумбааш” худалдааны төвийн урд замд “Subaru Forestor” маркийн ******* УАО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.3-т заасан “Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож, энэ дүрмийн 16.1, 16.2-т заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар зам гарч байсан явган зорчигч *******г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

- 2023 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 9406 дугаартай шинжээчийн дүгнэлт, Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч С.Дэмбэрэлийн гаргасан 2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 928 дугаартай “Мөрдөгчийн магадалгаа” болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан үйлдэл байдаг бөгөөд гэмт үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.  

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч *******ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй байна.    

Гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийн “урьдчилан мэдэх ёстой” гэсэн ойлголт нь агуулгаараа субъект үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирч болохыг мэдэх үүрэгтэй, урьдаас ухамсарлан бодож болгоомжлох ёстой, нөгөө талаас мэдэх боломж бүрэн байсан боловч хэнэггүй, хайхрамжгүй, анхаарал болгоомжгүй, үл тоомсорлон хандсан зэрэг нөхцөл байдалтай шууд холбоотой байдаг.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******ийг “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.  

Гэмт хэргийн улмаас хохирогч *******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд уг гэмтэлтэй холбоотой эмчилгээ хийлгэсэн зардал болон бусад хохирол төлбөрт шүүгдэгч ******* нь хохирогчид нийт 8.620.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан байна.

Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаал болон Улсын Дээд шүүхийн Нийт Шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын 3 дахь хэсгийн 3.6 дахь заалтад “Шинжилгээний байгууллага Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн гэмт хэргээс “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” /Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйл/ гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийн шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заасан тул холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ” гэжээ.

Иймд дээрх хамтарсан тушаалын хавсралтад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас учирсан хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгтийн “гуравдугаар зэрэглэл”-д хамаарч байх тул Улсын Дээд шүүхийн Нийт Шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын 4 дэх хэсэгт заасан “Нөхөн төлбөр тооцох жишиг аргачлал”-д “Хүндэвтэр хохирлын улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэгийг 9-15% тогтоож, нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлснээс 22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээгээр тогтооно” гэж заасан байна.  

Хавтаст хэрэгт авагдсан Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 9406 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “хохирогч *******гийн эрүүл мэндэд умдаг ясны далд хугарал, баруун суга, сарвуу, өгзөг, гуя, шилбэнд хөх өнгийн цус хуралт бүхий эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр гэмтэл учирсан” гэж, мөн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өөрийн эрүүл мэнддээ учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, сөрөг үр дагавар, гомдол, санал болон шүүгдэгчийн гэм буруу, гэм буруугаа гэмшиж, хохирол төлбөр төлсөн байдал зэргийг харгалзан хүндэвтэр хохирлын улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэгийг 11 хувиар тогтоож, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 16 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 10 дугаар тогтоолоор улсын хэмжээнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 550.000 төгрөг байхаар тогтоосон байх бөгөөд 16 дахин нэмэгдүүлэн шүүгдэгчээс 8.800.000 төгрөгийг гаргуулж хохирогч *******д олгохоор шийдвэрлэв.

Мөн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж, мөн хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад гаргуулна” гэж заасан байх хохирогч *******гийн төрийн үйлчилгээний төлбөр болох 300.500 төгрөгийг шүүгдэгч *******ээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт нөхөн төлүүлэх нь зүйтэй байна.   

Харин хохирогч ******* нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдав.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800.000 төгрөгийн торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүхээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч ******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүхээс шүүгдэгч *******ийг “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800.000 төгрөгийн торгох ял шийтгэв.

Шүүгдэгч *******ийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2303005020417 тоот дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******ээс хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрт 8.800.000 төгрөгийг гаргуулж хохирогч *******д олгож, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч *******ээс 300.500 төгрөг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт нөхөн төлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч ******* нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

             

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ДАЛАЙХҮҮ