| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Манлайбаатар |
| Хэргийн индекс | 171/2012/0118/Э/ |
| Дугаар | 162 |
| Огноо | 2012-09-03 |
| Зүйл хэсэг | 091.1., |
| Улсын яллагч | Н.Идэр |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2012 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 162
ШИЙТГЭХ ТОГТООЛ
2012 оны 09 сарын 03 өдөр Дугаар 162 Дархан
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2012/0118/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ё.Ринзаан, Тү.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинбаатар
иргэдийн төлөөлөгч Д.Ганболд, С.Банди, Ц.Цэндсүрэн,
улсын яллагч хяналтын прокурор Н.Идэр,
хохирогч Н.Н.Б-э,
шүүгдэгч Т.Т.Н- түүний өмгөөлөгч Д.Оюунчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д заасан гэмт хэрэгт Т.Н-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201209000115 дугаартай хэргийг 2012 оны 7 дугаар сарын 17-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Т.Н- /РД: / 1959 оны 07 дугаар сарын 12-нд Увс аймгийн Малчин суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникийн слесарь мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, эхнэр хүүхдийн хамт ********** багт оршин суух хаягтай хэрэг үйлдэх үедээ * гэх газар оршин сууж байсан, 1982 оны 7 дугаар сарын 07-нд НАХЯамны Хязгаарын ба дотоодын цэргийн тусгай шүүхээр Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 88 дугаар зүйлийн б-д зааснаар 5 жил хорих ял шийтгэгдсэн, хэрэг хариуцах чадвартай.
Шүүгдэгч Т.Т.Н- нь согтуугаар 2012 оны 02 дугаар сарын 15-ны орой 21 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын Санжит багийн "Хаалгат" гэх газар хувийн маргааны улмаас өөрийн хүү Н.Н.Ч-ийг хутгалж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Т.Т.Н- шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн “2012 оны 04 дүгээр сарын 15-ны орой П-ын мужааны цехэд очоод хоолны шкаф хийж байхад П-, Д- нар ирж 2 шил архи хувааж уусан. Миний 2 хүү М-э, Н.Ч-э 2 ирээд архи уулаа гээд гэр лүүгээ аваад явсан. Гэрт оруулаад дунд хүү Н.Ч-э намайг орон дээр дараад миний зүүн шанаа, чих рүү гараараа цохьсон.
Миний уур хүрээд ширээ дээрээс хутгыг аваад түүний хойноос нь гарсан. Н.Ч-этэй гэрийн гадаа таарсан. Тэр эргэж хараад над руу өшиглөх гэхээр нь би түүний өвдөг рүү нь хутгаар хатгасан. Тэгээд унасан гуяанаас нь маш их цус гарч байсан. ... Уур уцаараас болж хүүхдээ хохироосондоо харамсаж байна даа“ гэв.
Т.Т.Н- 91.1 шийтгэх тогтоол №162
Хохирогч Н.Н.Б-э шүүхийн хэлэлцүүлэгт “Хэрэг болох үед нь би байгаагүй, намайг тэр өдөр хичээлээ тараад ирсний дараа ахын чинь бие муу байна гэж утсаар хэлсэн. Тэгээд яваад очиход манайхан ах чинь байхгүй гээд бүгд уйлж эхэлсэн. Надад одоо өөр хэлэх зүйл байхгүй. Ямар ч санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй. Аавын маань насыг нь харгалзан хөнгөн ял шийтгэж өгнө үү“ гэв.
Хэрэг учралын газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хэргийн 3-10 дугаар тал/,
Хохирогч Н.М-ийн мэдүүлэг /хэргийн 11-12 дугаар тал/,
Гэрч О.О.Н-, Н.Н.Э-, Т.П-, Н., Б.Б.О-, Д.Д.Б-, Л.Л.Ж-, Б.Б.Л-
/хэргийн 19-20, 20-21, 24, 29, 30, 31, 35, 37 дугаар талууд/,
Цогцосонд үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 38 дугаар тал/,
Шүүх эмнэлгийн магадлан шинжилгээний №23 тоот дүгнэлт /хэргийн 40-43 дугаар тал/,
Т.Т.Н- нь -------оршин суудаг гэсэн багийн Засаг даргын тодорхойлолт /хэргийн 86 дугаар тал/,
шүүгдэгчийн иргэний бүртгэл мэдээллийн баримт /хэргийн 90 дүгээр тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 74 дүгээр тал/ зэрэг нотлох баримтууд болно.
орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын Санжит багийн "Хаалгат" гэх газар төрсөн хүү Н.Н.Ч-этэй маргалдаж улмаар гуяан тус газар хутгалж амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь
Хохирогч Н.Н.Б-ийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт “Хэрэг болох үед нь би байгаагүй, намайг тэр өдөр хичээлээ тараад ирсний дараа ахын чинь бие муу байна гэж утсаар хэлсэн. Тэгээд яваад очиход манайхан ах чинь байхгүй гээд бүгд уйлж эхэлсэн. УУл нь Талийгаач аавийн маань ганц хайртай хүүхэд нь байсан юм. Надад одоо өөр хэлэх зүйл байхгүй. Ямар ч санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй. Аавын маань насыг нь харгалзан хөнгөн ял шийтгэж өгнө үү“ гэв.
-Хохирогч Н.М-ийн “...2012 оны 02 дугаар сарын 15-ны орой мужааны байранд очиход аав Т.Н- Д- ах нартай архи уугаад сууж байсан.
Би аавыг харь гэхэд аав харихгүй гэхээр нь Н.Чулуун эрдэнэтэй хамт аавыг гэр рүүгээ авч явсан. Аавыг гэр лүү нь оруулчаад үхрээ хашиж дуусаад гэртээ цай уугаад сууж байхад бага дүү Н.Э- гэрт орж ирээд -Аав хутга бариад Н.Ч-э ахыг хөөж байна гэхээр нь гэрээс гарахад талийгаач аавын гэрийн баруун талд газарт хэвтчихсэн, хажууд нь П- ах, ээж нар сууж байгаа харагдсан. Ингээд П- ахын хамт талийгаачийг гэрт өргөж оруулсан. Талийгаачийн өмдийг тайлж үзэхэд баруун хөлний гуяа орчмоос их цус гарч байсан. Ээж бид 2 хутгалуулсан шархны дээд талаар даавуугаар боогоод Түргэн тусламж дуусан. Удалгүй Д.Б- ахын хүү Б.Л- машинтай ирж талийгаачийг эмнэлэгт хүргэсэн. Эмч нар дусал залгаж тариа хийсэн боловч 5 орчим минут болоод нас барчихсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 11-12 дугаар тал/,
Гэрч Н.Н.Э-ын “Аав маань П- ахын мужаан цех дээр 2 хоног архи уусан. 2012 оны 02 дугаар сарын 15-ны орой ах Н.Ч-э ...-Аав арай дэндэж байна авчиръя гээд мужаан цех рүү явж, аавыг П- ахтай хамт дагуулж ирсэн. Аав нилээн согтуу байсан. - э ах гэрт байхдаа ...Та яагаад гадуур хоноод архи уугаад явдаг юм. Одоо гэртээ байж бай гэж уурлахад Аав ...Миний ууж идэх чамд хамаагүй гээд ах руу уурлаад хоолны шкафнаас хутга аваад дайрахаар нь би болиулж хутгыг булааж авч хоолны шкафанд хийчээд ах бид 2 аавын гэрээс гарсан. Гэтэл аав араас гарч ирээд ахыг хөөж очоод хутгалсан. Ахын хөлнөөс цус гарч байсан. Ах минь эмнэлэгт очоод өнгөрчихсөн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 20-21 дүгээр тал/,
Гэрч Т.П-ын “...М-э талийгаач 2 Т.Н- ахыг сугадаад гэр лүү нь авч явсан. Би тэд нарын араас Т.Н- ахынд ороход талийгаач аавыгаа архи уулаа гэж загнаж байсан. Тэгэхэд Т.Н- ах уурлаад босоод ирсэн. Талийгаач Т.Н- ахыг баруун орон дээр дарж унагаад толгой орчим хэд хэд цохиж байгаа харагдсан. Н.Э- тэднийг салгаад талийгаачийг гэрээс гаргасан. Тэгэхэд Т.Н- ах хүүхдүүдийнхээ араас ухас хийгээд гарсан. Би түүнийг яах гэсэн юм, унтаач гээд үлдсэн. Тэгээд би удаагүй араас нь гарахад талийгаач газар уначихсан, Т.Н- ах цаашаа өвсний хашаа руу явж харагдсан. Би талийгаач дээр очоод яасан бэ гэхэд дуугарахгүй байсан. Талийгаачийг Н.Э-, М-э бид нар өргөөд гэрт оруулсан.Талийгаачийн өмдийг О.Н- эгч тайлж үзэхэд баруун гуя дотор талд нь нэлээн том зүсэгдсэн шарх үүссэн, цус их гарч байсан. Ингээд цусыг тогтоох зорилгоор хөлийг нь боогоод эмнэлэг рүү авч явцгаасан” гэсэн мэдүүлэг /хэргийн 24 дүгээр тал/,
Хэрэг учралын газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хэргийн 3-10 дугаар тал/,
Шүүх эмнэлгийн магадлан шинжилгээний №23 тоот дүгнэлтэд: Талийгаачийн биед баруун гуяа дахь шархны гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хурц ир үзүүртэй багажийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, амь насанд шууд аюултай хүнд зэргийн гэмтэл болно. Талийгаач нь хурц цус алдалтын улмаас шокоор нас баржээ. Талийгаачийн цусанд 1,3 промиль этилийн спирт илэрсэн нь хөнгөн хэлбэрийн согтолттой байсныг харуулна. Талийгаачийн үхэлд хүргэх архаг хууч өвчин илэрсэнгүй. Талийгаачийн цусны бүлэг АII байна. /хэргийн 40-43 дугаар тал/ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан бусад баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.Т.Н- хүү Н.Н.Ч-этэй маргалдах явцдаа ...”Аавыгаа зодлоо” гэдэг шалтагаар хутгалж, амь насыг нь хохироосон гэм буруутайд тооцож Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх хуулийн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Шүүгдэгч Т.Т.Н- нь 1982 оны 7 дугаар сарын 07-нд НАХЯамны Хязгаарын ба дотоодын цэргийн тусгай шүүхээр Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 88 дугаар зүйлийн б-д зааснаар 5 жил хорих ял шийтгэгдсэн байсан боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд заасан ялгүйд тооцох хугацаа болсон байх тул шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Т.Т.Н-ын насны байдал, гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж хорих ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлэхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Т.Н-ыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр бусдыг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар шүүгдэгч Түвдэнгийн Т.Н-д 6 /зургаа/ жил 8 /найм/ сар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Т.Н-ын эдлэх хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дугаар зүйлийн 59.1-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч Т.Н-ын 2012 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 199 /нэг зуун ерин ес/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шүүгдэгч Түвдэнгийн Т.Н-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгаж авч эдлэх ялыг нь энэ өдрөөс тоолсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 24 см-ийн урттай бор хүрэн өнгийн бариултай хутга, хар өнгийн гялгар материалтай өмд, хар өнгийн бэлтгэлийн өмд, хар саарал өнгийн дотуур өмд тус тус 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг нарийн бичгийн даргад даалгасугай.
7. Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Т.Т.Н-аас гаргуулах хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 303.2-т заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Т.Т.Н-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР
ШҮҮГЧИД Ё.РИНЗААН
Тү.ЭНХЖАРГАЛ