| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 181/2017/03275/И |
| Дугаар | 1719 |
| Огноо | 2018-07-23 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 1719
| 2018 оны 02 сарын 23 өдөр | Дугаар 210/МА2018/00534 |
“ЭАЗ" ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч М.Наранцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2018/00843 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч "ЭАЗ" ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч ШГГ-арт холбогдох
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 16/01 дугаар "Эд хөрөнгө битүүмжлэх" тогтоолын дагуу битүүмжилсэн ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч "ЭАЗ" ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "Эко Алт" ХХК-ийн эзэмшин ашиглаж буй Төв аймгийн Заамар сумын Баянголын эх гэдэг газарт 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас албаны хүмүүс ирж компанийн эрх, ашгийг ноцтой зөрчин хэвийн үйл ажиллагааг тасалдуулан, 8 нэр төрлийн машин механизмыг эд хөрөнгө битүүмжлэх 16/01 дугаар тогтоолоор битүүмжилсэн. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба эд хөрөнгө битүүмжлэх ажиллагааг явуулахдаа шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулахгүй байхыг үүрэг болгож, тухайн хөрөнгийг үрэгдүүлсэн тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээлгэх, эд зүйлсийн хэвийн байдлыг алдагдуулж дур мэдэн захиран зарцуулсан тохиолдолд Эрүүгийн хууль болон Захиргааны хариуцлагын тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэх, нэмэлт хөрөнгө оруулалт хийхийг бүрэн хориглож, хадгалалт хамгаалалтыг Сонор харуул ХХК-д хариуцуулсан нь Эко Алт ХХК-ийн эрх ашгийг зөрчсөн. Тус компанийн хувь эд хөрөнгөө битүүмжлүүлэх, үйл ажиллагаа зогсоох хүртэл бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгээгүйгээс хариуцлага хүлээх нөхцөл байдалд ороогүй. Гэтэл хариуцагч нь төлбөр төлөгч Алтайн хүдэр ХХК болон төлбөр авагч Вагнер Ази Групп ХХК-д холбогдох Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 00009 дугаар захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагааг явуулахын тулд бидэнд урьдчилан мэдэгдэж анхааруулахгүй, хэвийн үйл ажиллагааг тасалдуулахгүй байх арга хэмжээ авах боломж олголгүй хүчээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасныг зөрчсөн.
Эд хөрөнгийг битүүмжлэх ажиллагаатай холбоотой хууль зүйн үр дагавар бүхий үүргийг Эко Алт ХХК-д хүлээлгэн, мэдэгдэж байгаа нь Компаний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан эрх ашигт ноцтойгоор нөлөөлж, үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарласан. Тухайн өдөр компанийн байнгын харилцагч Худалдаа хөгжлийн банкны хүмүүс хөрөнгө оруулалтын ажлаар гэрээ хэлцэл хийхээр ирсэн байсан боловч уг үйл ажиллагаа тодорхойгүй хугацаагаар хойшлогдож, цаашдын үйл ажиллагаа, бизнесийн түншлэлд сөргөөр нөлөөлсөн. Түүнчлэн өндөр хүчин чадлаар ажиллах машин механизмд тогтмол засвар үйлчилгээ хийгдэх, техникийн болон аюулгүй байдлын хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаж чадахгүй нөхцөл байдал үүсч, ажилчдын амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд эрсдэл учрах, түрээсийн гэрээний зүйлийн бүрэн бүтэн байдал, хэвийн ажиллагааг үргэлжлүүлэх, уг гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой хохирол төлбөрийн эрсдэл үүсэх учраас гомдол гаргаж байна. Мөн Сүхбаатар дүүргийн шийдвэр гүйцэтгэгч Б.Даваадоржийн явуулсан ажиллагааг хүчингүй болгуулахаар ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан боловч хүлээн авах боломжгүй талаар албан бичгээр мэдэгдсэн. Иймд шүүхийн шийдвэрээр бусад төлбөргүй Эко Алт ХХК-ийн үйл ажиллагаа явуулж байсан машин механизмыг 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх 16/01 дугаар тогтоолоор битүүмжилсэн ажиллагааг хүчингүй болгоно уу.
ШГГ-ар 2017 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 0102 дугаар шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүчингүй болгох тухай тогтоол гаргасан нь хэрэгт авагдсан учраас нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага буюу 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр явуулсан битүүмжлэн хураах ажиллагааг хүчингүйд тооцуулах тухай шаардлагаасаа татгалзаж байна. Мөн хамтран хариуцагч "Алтай ложистик" ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.
Хариуцагч ШГГ-ар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 09 дугаартай захирамжаар Алтайн хүдэр ХХК-иас 8 756 277 768 төгрөгийг гаргуулж ВАЛ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн захирамж болон гүйцэтгэх хуудсыг тус алба хүлээн авч 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж,төлбөр төлөгчид шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл удаа дараа хүргүүлсэн боловч биелүүлээгүй. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.1-д эд хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэх, эсхүл худалдан борлуулах, эд хөрөнгийг хамгаалах зорилгоор эд хөрөнгийг битүүмжлэхээр заасан тул төлбөр авагчаас Алтайн хүдэр ХХК-тай байгуулсан санхүүгийн түрээсийн гэрээгээр түрээслүүлсэн ВАЛ ХХК-д бүртгэлтэй 8 нэр төрлийн машин механизм Эко алт ХХК-ийн үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа мэдээллийн дагуу 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр эд хөрөнгө битүүмжлэх ажиллагааг явуулсан. Дээрх эд хөрөнгө нь төлбөр авагч ВАЛ ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдох бөгөөд ЭАЗ ХХК-ийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлэх болон үйл ажиллагааг зогсоосон шийдвэр гүйцэтгэх ажиллагаа огт явуулаагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ВАЛ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс "ВАЛ" ХХК-ийн нэхэмжлэлтэй "Алтайн хүдэр" ХХК-д холбогдох хэрэгт талуудын эвлэрлийг баталж, 8,4 тэрбум төгрөгийг "Алтайн хүдэр" ХХК-аас гаргуулж "ВАЛ" ХХК-д олгохоор шүүгчийн захирамж гарсан. Улмаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа удааширах буюу техникүүдийг хаана байгааг хэлэхгүй, олдохгүй, нэг хэсэг нь Таян нуурт, нэг хэсэг нь Төв аймгийн Заамар сумын боловч битүүмжилж чадаагүй. Дараа нь дахин бүрэлдэхүүнтэй эрэн сурвалжлах тасгийн ажилчидтай хамтраад битүүмжлэх хураах ажиллагааг явуулсан. Ингэхдээ "Эко Алт" ХХК-ийн үйл ажиллагааг таслан зогсоох буюу данс, үл хөдлөх, хөдлөх хөрөнгөд халдаагүй. 8 ширхэг тоног төхөөрөмж нь "ВАЛ" ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй, санхүүгийн түрээсийн гэрээний дагуу "Алтайн хүдэр" ХХК-д ашиглуулж байсан. Санхүүгийн түрээсийн гэрээний дагуу 8,4 тэрбум төгрөгийг төлснөөр энэ хөрөнгийг нэр дээрээ шилжүүлж авахыг шаардах эрх нь "Алтайн хүдэр" ХХК-д үүснэ. Тиймээс "ЭАЗ" ХХК-ийн өөрийнх нь өмч биш. "Алтай ложистик" ХХК-ийн өмч биш. Цааш нь түрээслүүлэх ямар ч хууль эрх зүйн үндэслэлгүй. Санхүүгийн түрээсийн гэрээний дагуу ашиглуулсан. Хэрэгт авагдсан санхүүгийн түрээсийн гэрээний 4 дүгээр зүйлд "Алтайн хүдэр" ХХК техник, тоног төхөөрөмжүүдийг барьцаалуулсан, ямар нэгэн төлбөрийн үүргийг хэрэгжүүлэхгүй байгаа тохиолдолд энэхүү барьцааг бүхэлд нь хамаарч хэрэгжих ба тээврийн хэрэгслийг барьцаалах, түрээслэх, худалдах, үнэ төлбөргүйгээр шилжүүлэх бүх эрхийг хязгаарласан. 8 техник шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг бүхэлд нь түдгэлзүүлэх ямар ч үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь "ВАЛ" ХХК нь "Эко Алт" ХХК, "Алтай ложистик" ХХК-тай иргэний эрх зүйн харилцаанд огт ороогүй. Мөн иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэл "Эко Алт" ХХК, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны хооронд болоогүй тул ямар эрх зөрчигдсөн нь ойлгомжгүй. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх: 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1., 34.1.4, 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар нэхэмжлэгч "ЭАЗ" ХХК-ийн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан 2016 оны 12 сарын 06-ны өдрийн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр "Эд хөрөнгө битүүмжлэх" 16/01 дугаар тогтоолоор эд хөрөнгө битүүмжилсэн ажиллагааг хүчингүй болгуулах, ШГГ-рын 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн битүүмжлэх, хураах ажиллагааг хүчингүй болгуулах тухай шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч "ЭАЗ" ХХК давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй.
Шүүх "...нэхэмжлэгчийн ямар эрх зөрчигдсөн нь тогтоогдсонгүй... нэхэмжлэгчийн үүргээ хангалттай биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй ...компанийн эрх ашгийг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй" гэж дүгнэсэнд гомдолтой байна. ШГГ-ар төлбөр төлөгч "Алтайн Хүдэр" ХХК болон төлбөр авагч "Вагнер Ази Групп" ХХК-д холбогдох Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2016/00009 дүгээр захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагааг явуулахаар "ЭАЗ" ХХК-ийн үйл ажиллагаагаа явуулж байсан Төв аймгийн Заамар сумын Баянголын эх гэх газарт компанийн үйл ажиллагаа явуулж буй 8 ширхэг машин механизмыг битүүмжилсэн. Эд хөрөнгүүдийг битүүмжлэх ажиллагаатай холбоотой хууль зүйн үр дагавар бүхий үүргүүдийг хүлээлгэн, зөрчсөн тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэхээр мэдэгдсэн бөгөөд эмэ нь "ЭАЗ" ХХК-ийн хуулиар олгосон эрх ашигг ноцтойгоор нөлөөлж, хэвийн үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарлан зөрчсөн. Мөн түүнчлэн "...эд хөрөнгийг үрэгдүүлэх, хэвийн байдлыг дур мэдэн захиран зарцуупах, нэмэлт хөрөнгө оруулалт хийхийг хориглосон" нь өндөр хүчин чадлаар үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх техникийн болон аюулгүй байдлын хууль тогтоомжинд заасан шаардлагыг хангаж чадахгүй онц ноцтой, аюултай нөхцөл байдал үүсгэн, тухайн машин механизмыг ажиллуулж ажил үүргээ гүйцэтгэж буй ажилчдын амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд эрсдэл учрах, компанийн байгуулсан түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой хохирол төлбөрийн эрсдэл үүсгэсэн. Иймд тус компани шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхол хөндөгдсөн тохиолдолд шүүхэд хандан гомдол гаргах эрхийнхээ хүрээнд хэвийн үйл ажиллагааг тасалдуулан, үйл ажиллагаа явуулж байсан машин механизмыг ШГГ-раас битүүмжилсэн ажиллагааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Өөрөөр хэлбэл шийдвэр гүйцэтгэх ажиллагааны улмаас гуравдагч этгээдийн эрх, ашиг хөндегдөж байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Шүүх нэхэмжлэгчийг хамтран хариуцагч “Алтай ложистик” ХХК-тай байгуулсан гэрээг дүгнэн “...гэрээний хугацаа дууссан, ...сунгасан баримт ирүүлээгүй, ...эзэмших ашиглах эрхгүй...шударга эзэмшигч болохгүй” гэж дүгнэсэнд гомдолтой байна. Учир нь нэхэмжлэгч нь хамтран хариуцагч “Алтай ложистик” ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээний талаар шүүхэд ямар нэгэн нэхэмжлэл гаргаагүй, гэрээг дүгнүүлэх тухай хүсэл зоригоо илэрхийлээгүй, дүгнэх шаардлага байхгүй. Шүүх шийдвэр гүйцэтгэх ажиллагааны улмаас гуравдагч этгээдийн эрх ашиг зөрчигдсөн эсэх талаар дүгнэлт хийхийн оронд шаардлагад байхгүй үйл баримтыг дүгнэсэн. Мөн битүүмжилсэн эд хөрөнгө нь “...төлбөр авагч “Вагнер ази групп” ХХК-ийн эд хөрөнгө болох нь нотлогдоно, ...битүүмжилсэн эд хөрөнгө нь төлбөр төлөгчийн өмчлөл гэдэг нь хэрэгт авагдсн баримтаар тогтоогдоогүй” гэж дүгнэсэн мөртлөө 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 58.1, 34.1.1, 34.2, 34.1.4-т нийцсэн байна гэсэн нь ойлгомжгүй, буруу дүгнэсэн. Манай компани “Алтайн хүдэр” ХХК-аас техник түрээслээгүй, харин “Алтай ложистик” ХХК-тай түрээсийн гэрээ байгуулан хүлээн авсан. Өөрөөр хэлбэл битүүмжилсэн эд хөрөнгүүд нь төлбөр төлөгчийн эд хөрөнгө болон үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эд хөрөнгө биш. Иймд шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.
Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явуулсан боловч хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүйг зөвтгөн өөрчлөх боломжтой байна.
Нэхэмжлэгч “ЭАЗ” ХХК нь хариуцагч ШГГ-арт холбогдуулан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 16/01 тоот тогтоолоор эд хөрөнгө битүүмжилсэн ажиллагааг хүчингүй болгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2016/00009 дүгээр захирамжаар “Алтайн хүдэр” ХХК-иас “ВАЛ” ХХК-д 8 734 362 886 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байх ба уг шийдвэрийг “Алтайн хүдэр” ХХК сайн дураар биелүүлээгүйн улмаас хариуцагч байгууллага нь 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэжээ. /хх-39-41 дэх тал/
Улмаар хариуцагч тал “ЭАЗ” ХХК-ийн ашиглалтад байсан САТ-777D маркийн 91-15 УНЭ, 67-25 УНЭ, 36-66 УНХ, 67-26 УНЭ, 67-24 УНЭ, 46-52 УНД, 42-85 УБ улсын дугаартай, САТ-D10T маркийн 11-60 УБ улсын дугаар бүхий 8 ширхэг машин механизмыг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр битүүмжлэх ажиллагаа явуулсан байна. /хх-55-56 дахь тал/ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2002 оны/ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.1-д “эд хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэх, эсхүл худалдан борлуулах, эд хөрөнгийг хамгаалах үндэслэлээр төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжлэхээр заасан.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, дээрх битүүмжилсэн эд хөрөнгө нь төлбөр авагч “ВАЛ” ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр, /1хх-69-76/ тус тоног төхөөрөмжийг төлбөр төлөгч “Алтайн хүдэр” ХХК-д 2012 оны СТГ/12-201 тоот санхүүгийн түрээсийн гэрээний дагуу ашиглуулж байсан болох нь тус тус нотлогдсон байна. /1хх-82-145 дахь тал/
“Алтай ложистик” ХХК нь “Алтайн хүдэр” ХХК-тай байгуулсан 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 237/15 тоот гэрээгээр 20 ширхэг тээврийн хэрэгслийг бусдад дамжуулан түрээслэх эрхтэйгээр түрээслэн авч, улмаар “ЭАЗ“ ХХК-д 2015 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн гэрээний дагуу дээрх битүүмжлэгдсэн 8 ширхэг машин механизмыг ашиглалтад нь шилжүүлжээ. /хх-10-13 дахь тал/
Уг үйл баримтаас дүгнэхэд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар битүүмжлэгдсэн эд хөрөнгө нь төлбөр төлөгч “Алтайн хүдэр” ХХК-ийн өмчлөлийн хөрөнгө гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.4-т “төлбөр төлөгчийн бусдад байгаа өмч хөрөнгөөс хуульд заасан журмын дагуу төлбөр гаргуулах” ажиллагаа явуулахаар, мөн хуулийн 57 дугаар зүйлд төлбөр төлөгч хуулийн этгээдийн мөнгөн хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагааны дарааллыг зохицуулж өгсөн. Мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасан ажиллагаа явуулахад тухайн эд хөрөнгө нь төлбөр төлөгчийнх гэдэг нь тогтоогдсон байх учиртай. Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн алба нь уг хуульд заасан журмын дагуу төлбөр төлөгч “Алтайн хүдэр” ХХК-ийн мөнгөн хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагаа явуулсан гэдгийг, тухайн битүүмжилсэн эд хөрөнгө нь төлбөр төлөгчийнх болохыг баримтаар нотлоогүй байна. Иймд хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 16/01 дүгээр тогтоолын дагуу эд хөрөнгө битүүмжилсэн ажиллагааг хүчингүй болгох нь зүйтэй.
Шүүх, нэхэмжлэгчийн ямар эрх зөрчигдсөн гэх үндэслэл тогтоогдоогүй, нэхэмжлэгчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан нотлох үүргээ биелүүлээгүй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасанд нийцээгүй гэж үзнэ.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2018/00843 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1., 34.1.4, 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр "эд хөрөнгө битүүмжлэх" тухай 16/01 дугаар тогтоолоор эд хөрөнгө битүүмжилсэн ажиллагааг хүчингүй болгуулсугай” гэж, 2 дахь заалтын “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас 140 400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч "ЭАЗ" ХХК-д олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД М.НАРАНЦЭЦЭГ
Ч.ЦЭНД