Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2026/0348

 

 

 

 

 

 

 

 

                                 Б.П-ийн  нэхэмжлэлтэй

                                         захиргааны хэргийн тухай                 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн: 

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн   

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга  

Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа             

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч Б.П  

Хэргийн оролцогчид:  

Нэхэмжлэгч Б.П  

Хариуцагч Орхон аймгийн Цагдаагийн газар  

Нэхэмжлэлийн шаардлага: “Орхон аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаагийн албан тушаалаас биеийн эрүүл мэндийн шалтгааны улмаас өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн болохыг тогтоолгох, Орхон аймгийн Цагдаагийн газрын даргын 2005 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 1/57 дугаар тушаалд "биеийн эрүүл мэндийн шалтгаанаар өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн” гэдэг өөрчлөлт оруулахыг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгах” тухай                    

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 119/ШШ2026/0021 дүгээр шийдвэр                  

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:    

Нэхэмжлэгч Б.П  

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Э

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Цогтсайхан   

Хэргийн индекс: 119/2025/0042/3              

ТОДОРХОЙЛОХ нь:          

1. Нэхэмжлэгч Б.П-гаас Орхон аймгийн Цагдаагийн газарт холбогдуулан “Орхон аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаагийн албан тушаалаас биеийн эрүүл мэндийн шалтгааны улмаас өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн болохыг тогтоолгох, Орхон аймгийн Цагдаагийн газрын даргын 2005 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 1/57 дугаар тушаалд "биеийн эрүүл мэндийн шалтгаанаар өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн” гэдэг өөрчлөлт оруулахыг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.                           

2. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 119/ШШ2026/0021 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын Цагдаагийн байгууллагын тухай хууль /1993-12-02/-ийн 29 дүгээр зүйлийн 10 дахь заалт, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль /1994-06-13/-ийн 8 дугаар зүйлийн 2 дахь заалт, Цагдаагийн албаны тухай хууль /2017-02-09/-ийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч Б.П-ийн  Орхон аймгийн Цагдаагийн газарт холбогдуулан гаргасан "Орхон аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаагийн албан тушаалаас биеийн эрүүл мэндийн шалтгааны улмаас өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн болохыг тогтоолгох, Орхон аймгийн Цагдаагийн газрын даргын 2005 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн 1/57 дугаар тушаалд "биеийн эрүүл мэндийн шалтгаанаар өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн" гэдэг өөрчлөлт оруулахыг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгах" нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.                      

3. Давж заалдах гомдлын агуулга:       

Нэхэмжлэгч Б.П  давж заалдах гомдолдоо:        

“...Миний бие 2005 оны өвлөөс нуруугаар үе үе таталт өгч, замын зохицуулагч цагдаагийн ажил албан үүргээ гүйцэтгэж, гадаа удаан зогсож болохгүй, эмнэлгээр явахаар ажлаа өөрчил гэдэг зөвлөгөөг эмч нар надад өгч байсан. Би хэсэг хугацаанд нуруу татсан хэвээр хэрнээ гүрийж ажлаа хийсээр байсан. Акт авч эсхүл хөдөлмөрийн чадвар алдалт тогтоолгосон зүйл надад байхгүй. Ажлаа хийнгээ дундуур нь гокын сувиллын физик эмчилгээнд танил талаа ашиглан бариа шарлага хийлгэж, гэрээр хүнээр илүүлж бариулж байсан боловч өвчин сэдрээд байсан. Эрдэнэтийн нэгдсэн эмнэлэгт үзүүлж эмчлүүлж байсан бөгөөд намайг замын цагдаагийн ажлаа хийхгүй байх дүгнэлт бичиж өгсөн. Миний бие аргагүй эрхэнд эмнэлгийн бичиг баримтуудаа хавсаргаад ажлаас чөлөөлүүлэх хүсэлтээ бичээд тасгийнхаа бичиг хэрэг тоо бүртгэгч И.Ч-д хүлээлгэн өгөөд биеэ эмчлүүлэх болсон. Гэртээ хувь бариа хийлгэж бас Хөвсгөлд мундаг эм залдаг илээч бариач гэх хүн дээр явж хэсэг хугацаанд эмчлүүлж тан уугаад бие сайжирч байсан.

Миний бие эмнэлгийн бичиг баримтуудаа халагдах өргөдөлдөө хавсарган өгсөн болохоор надад бичиг баримт үлдээгүй. Намайг халагдах өргөдлөө эмнэлгийн бичиг баримтын хамт өгснийг хүлээн авсан талаар замын цагдаагийн газрын даргын тоо бүртгэгч И.Ч гэрчээр оролцож мэдүүлсэн бөгөөд хэв журмын тасгийн дарга Ц.Г намайг бөгтийсөн хазганасан маягтай явж байсан талаар мэдүүлдэг. Тухайн үед сувиллын эмч байсан Ө.Б эмч надад хяналт тавьж эмчилгээнд оруулж байсан тул үүнийгээ гараар бичиж өгсөн нь хэрэгт нотлох баримтаар авагдсан. Мөн нэгдсэн эмнэлгийн архиваас надтай холбогдолтой эмнэлгийн бичиг баримт бүртгэл байгаа талаар лавлахад 21 жил өнгөрсөн тул бүх хадгалагдсан бүртгэл баримтууд устсан гэдэг хариу өгсөн. Гэтэл шүүх дээрх гэрчүүдийн мэдүүлэг болон эмнэлгийн баримтууд устсан талаарх баримтуудад огт үнэлэлт дүгнэлт хийгээгүй орхигдууллаа. Орхон аймгийн цагдаагийн газар надад холбогдуулан гаргасан тушаалаа гардуулаагүй танилцуулаагүйгээс гадна 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Зөвлөлийн хурал болж, намайг ажлаа орхиж явсан асуудлыг хэлэлцсэн, сахилгын зөрчлөөр ажлаас халах шийдвэр гаргаж үүнийгээ тушаалын үндэслэл болгосон байтал тухайн өдөр зөвлөлийн хурал болсон гэдэг нь нотлогдоогүй бөгөөд тушаалын үндэслэл нотлогдохгүй байхад энэ талаар үнэлэлт дүгнэлт огт хийгээгүй орхигдуулсан. Миний бие эрүүл мэндийн улмаас ажлаас чөлөөлөгдөх байтал бодит байдлаас эрс өөр буюу сахилгын зөрчлөөр ажлаас халагдсан нь миний эрх ашиг эсрэгээр хохиролтойгоор шийдэгдсэнд гомдолтой байна. Иймд хэргийг хянаж, шийдвэрт өөрчлөлт оруулж миний нэхэмжлэлийг хангаж өгнө үү.” гэв.        

ХЯНАВАЛ:       

          1. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.П-гаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.                      

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.          

 

2.1. Эрдэнэт хотын Ардын хурлын гүйцэтгэх захиргааны цагдаагийн хэлтсийн даргын 1995 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 116 дугаар тушаалаар[1] нэхэмжлэгч Б.П г цагдаагаар томилж, Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын даргын 2005 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 1/57 дугаар тушаалаар[2] “2005 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс ажлын байраа орхин явж ажил тасалсан, тасгийн дарга, ахлах байцаагч нар нь удаа дараа холбоо барих гэсэн боловч өөрөө олдохгүй байсан, Солонгос  явна гэсэн яриатай, Замын цагдаагийн тасгийн даргын санал, газрын зөвлөлийн 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн хурлын шийдвэрийг” үндэслэн Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрмийн 11-р зүйлийн Д-д зааснаар нэхэмжлэгч Б.П г 2005 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн Замын цагдаагийн тасгийн цагдаагийн үүрэгт ажлаас халжээ.  

2.2. Анхан шатны шүүхээс “...цагдаагийн албан тушаалаас биеийн эрүүл мэндийн шалтгааны улмаас өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн гэдэг нь тогтоогдохгүй байна.” гэж дүгнэн нэхэмжлэгч Б.П гаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

2.3. Монгол Улсын Цагдаагийн байгууллагын тухай хуулийн /1993/ 29 дүгээр зүйлийн 10-д “Цагдаагийн алба хаагчийг албанаас халагдахад нь чөлөөнд гаргана. Дараахь тохиолдолд чөлөөнд гаргалгүй цолыг хураан халж болно”, 1/сахилгын зөрчил удаа дараа гаргасан, 2/хууль тогтоомж, цагдаагийн алба хаагчийн ёс зүйн шаардлагыг ноцтой зөрчсөн, 3/гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон.”, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн /1994/ оны 8 дугаар зүйлийн 2-д “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацааг хангаагүй боловч 10-аас доошгүй жил цэргийн алба хаасан цэргийн алба хаагч дор дурдсан шалтгаанаар халагдсан бол цэргийн алба хаах насны хязгаарт хүрээд цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож авах эрхтэй: ...2/ биеийн эрүүл мэндээр...”, Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрмийн 11 дүгээр зүйлд “Сахилгын зөрчил гаргасан цагдаагийн алба хаагчид дор дурдсан сахилгын шийтгэл оногдуулна: ...Д.“албанаас халах”...” гэж тус тус заажээ.

2.4. Орхон аймгийн Цагдаагийн газрын 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 42/1387 дугаар албан бичигт “тус цагдаагийн газрын архиваас иргэн Б.П-ийн  2005 онд ажиллаж байсан албан тушаалын цалингийн мэдээллийг шүүж үзэхэд 1-3 дугаар сард ажилласан цалингийн карт байгаа бөгөөд 4 сард цалин олгоогүй, 5 дугаар сараас эхлэн өөр алба хаагч ажилласан цалингийн мэдээлэл байна. Мөн уг хугацаанд өвчтэй, чөлөөтэй, тэтгэмж олгосон баримт тус газрын архивд байхгүй байна.”, Орхон аймгийн Нийгмийн даатгалын газрын 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 121 дүгээр албан бичигт “Б-ын П нь хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон болон хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолгон авч байсан тухай баримт байхгүй байна.” гэж тус тус дурджээ.

2.5. Эрүүл мэндийн шалтгааны улмаас нэхэмжлэгч Б.П  нь албан үүргээ гүйцэтгэх боломжгүй байсан талаар эрх бүхий байгууллага болох эмнэлгийн болон нийгмийн даатгалын байгууллагын шийдвэр гарч байгаагүй байх төдийгүй энэ нь 2005 оны цалингийн тооцооны карт[3], Орхон аймгийн Нийгмийн даатгалын газрын 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 121 дүгээр албан бичиг[4] болон бусад хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.   

2.6. Тодруулбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариу тайлбарын үндэслэлийн талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх ба гаргаж өгөх боломжгүй, түүнчлэн шүүхэд мэдэгдээгүй нотлох баримтын эх сурвалжийг заах үүрэгтэй.” гэж заасны дагуу нэхэмжлэгч Б.П  нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох эрүүл мэндийн шалтгаантай байсан талаарх эрх бүхий байгууллагын дүгнэлт, шийдвэрээр нотлоогүй, гэрч Ц.Г, И.Ч нарын бичгийн тайлбараас өөрөөр эрүүл мэндийн шалтгаантай байсан нь тогтоогдоогүй энэ тохиолдолд Орхон аймгийн Цагдаагийн газрын даргын 2005 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 1/57 дугаар тушаалд "биеийн эрүүл мэндийн шалтгаанаар өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн” гэдэг өөрчлөлт оруулахыг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэх үндэслэлгүй.  

2.7. Өөрөөр хэлбэл бусад нотлох баримтаар нотлогдохгүй байгаа үйл баримтыг нэхэмжлэгчийн “...гэртээ хувь бариа хийлгэж ... эмнэлгийн баримтууд устсан талаарх баримтуудад огт үнэлэлт дүгнэлт хийгээгүй ... тушаалын үндэслэл нотлогдохгүй ... бодит байдлаас эрс өөр буюу сахилгын зөрчлөөр ажлаас халагдсан нь миний эрх ашиг эсрэгээр хохиролтойгоор шийдэгдсэнд гомдолтой байна...” гэх давж заалдах гомдлын дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй, ач холбогдолтой талаас нь үнэлж, хэргийн үйл баримт, бодит нөхцөл байдлыг зөв тодорхойлсон, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.       

      

   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 119/ШШ2026/0021 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.П гаас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.            

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.    

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.  

 

 

 

 

                                ШҮҮГЧ                                               Г.БИЛГҮҮН     

 

                     ШҮҮГЧ                                                Г.МӨНХТУЛГА      

 

ШҮҮГЧ                                               Ц.САЙХАНТУЯА

 

[1] Хавтаст хэргийн 8 дахь тал

[2] Хавтаст хэргийн 9 дэх тал

[3] Хавтаст хэргийн 73-75 хуудас

[4] Хавтаст хэргийн 83 дахь тал