Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 123/ШШ2019/0034

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Зоригтбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Г ХХК

Хариуцагч: Төв аймгийн З Д,

Нэхэмжлэлийн шаардлага: Төв аймгийн З Д нь түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгохдоо хуульд заасан хугацааны дагуу олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тухайн гэрчилгээг хуульд заасан хугацаагаар олгохыг хариуцагч Төв аймгийн З Д-д даалгах,

Шүүх хуралдаанд: Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батдэлгэр, хариуцагч Төв аймгийн З Д-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эрдэнэцогт шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баттөр нарыг оролцуулан хийв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Г ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: "Г" ХХК-нд 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн З Д-ын№А/390 тоот захирамжаар Төв аймгийн Алтанбулаг сумын Бөхөгийн 2-р дугаар багийн нутаг дэвсгэр Бөхөгийн даваа нэртэй газар Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохоор захирамжилсан. Гэсэн хэдий ч түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн гэрчилгээг бичилт хийж олгохгүй шалтаг, шалтгаан тоочсоор 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талаар мэдэгдсэн бөгөөд 2016 он, 2017 он, 2018 оны төлбөрийг төлүүлсэн. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т зааснаар төлбөр төлүүлээд Х16/022 дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээг Төв аймгийн З Д-аас 2019.01.03-ны өдөр бичилт хийж өгсний дагуу "Г" ХХК түгээмэл тархацтай ашигт малтмалын, хайгуулын үйл ажиллагаа явуулах эрх нээгдсэн боловч тус тусгай зөвшөөрөлд бидний хүсэлт гаргасан солбицлын цэгүүдийг алдаатай тогтоосон болохыг мэдсэн. Энэ талаар гомдол хүсэлт гаргаж Төв аймгийн З Д-ынTамгын газар, Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсээр тус тус хянуулан тусгай зөвшөөрлийнхөө булан солбицлын цэгүүдийг баталгаажуулан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс 2019 оны 3 сарын 22-ны өдрийн 7/1817 тоот албан бичгээр хариуг авсан. Ингээд булангийн цэгүүд баталгаажин тусгай зөвшөөрлийн хил хязгаарыг тогтоолгосны дараа Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд зааснаар байгаль орчныг хамгаалах болон геологи хайгуулын ажлын төлөвлөгөө гаргах хуульд заасан хугацааны дотор тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зүгээс үүргээ хэрэгжүүлэх боломжгүй болсон. Тус хуульд дээрх 2 төлөвлөгөөг гаргаж тусгай зөвшөөрлийг авснаас 60 хоногийн дотор батлуулах үүрэг хүлээлгэсэн байдаг. Ингээд тусгай зөвшөөрлийн булангийн цэгүүдээ тогтоолгож бүртгэл хийлгэсний дараа тусгай зэвшөөрлийн хугацаа 2019.07.05-ны өдөр дуусгавар болох тул холбогдох материалиудыг бүрдүүлж сунгуулах асуудлаар ажилласан боловч материал бүрдүүлэх ямар ч боломжгүй болох нь тогтоогдсон. Учир нь хугацааг сунгуулахдаа 3 жилийн хугацаанд тусгай зөвшөөрлийн төлбөр төлсөн баримт, төлөвлөгөө тайлангуудаа хийж ирсэн байдал, хайгуулын ажлын үр дүн, 3 жилийн хугацаанд гаргасан хайгуулын ажлын доод зардал гээд маш олон баримтууд шаардах болсон. Гэтэл манай компани 2019.01.03-аас 2019.07.05-ны өдөр хүртэл 6 cap л тусгай зөвшөөрөл эзэмших хугацаанд 3 жилийн хугацааны гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнг тайлагнан сунгалт хийлгэх ямар ч боломжгүй юм. Цаг хугацааны хувьд ч хайгуулын ажил гүйцэтгэх боломжгүй улиралд таарсан юм. Хайгуулын тусгай зөвшөөрлийн дээрх нөхцөлүүдийг сум орон нутагт танилцуулж, явсны эцэст Төв аймгийн З Д-д 2019 оны 06 дугаар сарын 19-ны өдөр 2019/027 тоот албан бичгээр Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-т заасныг баримтлан гомдол гаргасан. Уг гомдлын хариуг Төв аймгийн З Д-ынтамгын газраас 2019 оны 07 дугаар сарын 04-ны өдөр 07/1326 тоот албан бичгээр ..."Хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон шийдвэр 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр гарсан мөн эхний жилийн төлбөрийг 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр төлсөн нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т заасан хугацаанаас хэтэрсэн байгаа тул тусгай зөвшөөрлийг 2019 оны 01 сарын 03-ны өдрөөс 3 жилийн хугацаагаар олгох, хүчин төгөлдөр хугацааг түдгэлзүүлэх боломжгүй байна." гэсэн хариуг манай компанид өгсөн.

Иймд Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14-р зүйлийн 14.7-д Аймаг, нийслэлийн З Д ажлын таван өдөрт багтаан түгээмэл, тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг гурван жилийн хугацаагаар олгоно гэж заасны дагуу манай компанийн түгээмэл тархацтай ашигт малтмал хайгуулын Х16/022 тоот тусгай зөвшөөрлийн гэрчилгээнд 3-н жилийн хугацаагаар эзэмшин ажиллах хугацааг шинэчлэн тогтоолгож, мөн өдрөөс тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчныг хамгаалах болон геологийн хайгуулын ажлын төлөвлөгөөг батлуулан ажиллах талаарх зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр дээрх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ГХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батдэлгэр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14.7 дахь заалтад өргөдөл гаргасан этгээдэд эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 24.1 дэх заалтад заасан хугацаанд төлсөн бол аймаг нийслэлийн З Д ажлын 5 хоногийн доторт багтаан тусгай зөвшөөрлийн 3 жилийн хугацаатай олгоно гэж заасан. Гэтэл манай компанийн тусгай зөвшөөрлийг олгох аймгийн З Д-ынзахирамж 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр гарсан. Эрх олгох тусгай зөвшөөрлийн гэрчилгээг 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр олгохдоо 3 жилийн хугацааг нь захирамж гаргасан 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс эхэлж тооцож бичсэн. Үүнийг анх харахдаа механик алдаа гэж харсан. Гэтэл өөр зүйл болсон. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн гэрчилгээг олгосон гэх өдрөөс эхлээд манай компани хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах эрх бүрдээгүй. 2016-2018 оны хайгуулын ажил хийсэн тайлан бүрдэхгүй байгаа юм. Энэ нь өөрөө хууль зөрчиж байна. Тусгай зөвшөөрлийн гэрчилгээг олгосон өдрөөс эхлээд 3 жилийн хугацааг нь бодож өгнө үү гэдэг шаардлага, хүсэлтээ тавьж байгаа. Захиргааны байгууллага хуульд заасны дагуу үндэслэлтэй шийдвэр гаргах ёстой. Энэ хуулийн зарчим алдагдсанаас манай эрх ашиг хөндөгдөж байна. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна. Тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс 3 жилийн хугацааг бодуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. 2016 оны 07 дугаар сарын 05-наас өнөөдрийг хүртэл энэ хугацааг эрх зүйл зөрчилтэй буюу хууль бус гэж үзэж өгөхийг хүсч байна гэжээ.

Хариуцагч Төв аймгийн З Д-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Саран-Эрдэнэ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус компанийн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн гэрчилгээнд 3 жилийн хугацаагаар эзэмшин ашиглах хугацааг шинэчлэн тогтоох, мөн өдрөөс тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчныг хамгаалах болон геологийн хайгуулын ажлын төлөвлөгөөг батлуулан ажиллах талаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д Өргөдөл гаргасан этгээд эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 24.1-д заасан хугацаанд төлсөн бол аймаг, нийслэлийн З Д ажлын 5 өдөрт багтааж түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар олгоно гэж заасан байна. ГХХК-д Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг аймгийн З Д-ын2016.07.05-ны өдрийн А/390 дугаар захирамжаар олгосон байна. Өргөдөл гаргасан этгээд тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлөөгүй тул тусгай зөвшөөрөл олгогдоогүй байна. Гэсэн хэдийн ч түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн гэрчилгээг бичилт хийж олгохгүй шалтаг, шалгаан тоочсоор 2019.01.03-ны өдөр түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох талаар мэдэгдсэн бөгөөд 2016,2017,2018 оны төлбөрийг төлүүлсэн тухай уг захирамжаар ГХХК болон Кеестон ресурс Моторс ХХК зэрэг 2 аж ахуй нэгжид тусгай зөвшөөрөл олгосон байгаа ба шийдвэр гарсанаас хойш Кеестон ресурс Моторс ХХК 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр төлбөрөө төлж тусгай зөвшөөрлөө авч хайгуулын ажлаа хийж 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр ашиглалтын тусгай зөвшөөрлөө авсан байна. Хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсон 2 компанийн 1 нь үйл ажиллагааны хуулийн дагуу явуулаад ашиглалтын тусгай зөвшөөрөл авчихаад байхад тус компани тусгай зөвшөөрлөө тухайн онд буюу 2016 онд аваагүй байгаа нь тус компанийн санаачилга, хариуцлага, төлбөрөө төлөөгүй холбоотой гэж үзэж байна. ГХХК тусгай зөвшөөрлөө авахгүй байсан тул аймгийн З Д-ынорлогчийн 2018.03.19-ний өдрийн 01/514 тоотоор Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 заалт, 37 дугаар зүйлийн 37.1.2 дэх заалтыг үндэслэн X16/022 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдэл хүргүүлсэн. Үүний дараа ГХХК 2019.01.03-ны 01 тоотоор аймгийн З Д-д хүсэлт гаргаснаар аймгийн З Д-ын2016.07.05-ны өдрийн А/390 дугаар захирамжийг үндэслэн захирамж гарсан хугацаанаас тооцон, төлбөр төлсөн баримтыг үндэслэн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын X16/022 тусгай зөвшөөрлийг олгосон болно. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд хайгуулын тусгай зөвшөөрлийг тусгай зөвшөөрөл гарсан өдрөөс эхлэн төлбөр төлсний дараа Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ бичигддэг бөгөөд ГХХК үүнийг хүлээн зөвшөөрч 2019.01.03-ны өдрийн 01 тоотоор Манай компани 2016, 2017, 2018 оны хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрөө нөхөн төлж барагдуулсан болно. Аймаг орон нутагтаа ажлын байр гаргаж, нийгмийн даатгалын шимтгэл, татвар хураамжаа төлж ажиллахаар төлөвлөж байна. Иймд бидний түгээмэл тархацтай ашигт малтмалын X16/022 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг олгож өгнө үү гэсэн хүсэлт гаргасны дагуу 3 жилийн хугацааны төлбөрийг өөрсдөө төлж тусгай зөвшөөрлийн гэрчилгээ авсан болно. ГХХК-д тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох мэдэгдэл албан тоотоор хүргүүлснээс хойш 2018.03.19-ний өдрөөс хойш хугацаанд тус компанид байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, геологийн хайгуулын ажлын төлөвлөгөө боловсруулах, хайгуулын ажил хийх хангалттай хугацаа байсан гэж үзэж байгаа бөгөөд өөрийн компанийн үйл ажиллагаанаас хамаарч тусгай зөвшөөрлөө авахгүй удсан нь Тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг түдгэлзүүлэх үндэслэл болохгүй гэж үзэж байна. Хайгуулын тусгай зөвшөөрөл 2019 онд гараагүй, 2016 онд гарсан тул Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.6, 14.7 дахь заалтын дагуу тусгай зөвшөөрлийг 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс олгох боломжгүй тул ГХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эрдэнэцогт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 онд нэг захирамжаар 2 компанид тусгай зөвшөөрөл олгосон байдаг. Мөн 2018 оны 03 дугаар сард 01/514 тоот З Д-ын албан тоотоор Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 22.1, 37.1.2 дахь заалтуудыг үндэслэн хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцлах болсноо мэдэгдсэн. Үүнээс хойш тухайн компани чимээгүй байж байгаад 2018 оны жилийн эцсээр өөрийн биеэр ирж уулзсан. Ингэхдээ манай  компани тухайн шийдвэрийг хүлээж авснаас хойш өөрсдийн ажил явдлаас болоод авч амжсангүй одоо авчихъя, хэрэв шийдвэрлээгүй бол бид 3 жилийнхээ төлбөрийг төлчихье гэх тодорхой шалтгаан хэлж тусгай зөвшөөрлийг олгохыг хүсч мөн хайгуулаа хийж амжина гэсний үндсэн дээр олгосон. Иймээс тухайн компанийн 2019 оны 01 сарын 03-ны өдрөөс гэрчилгээ олгоно гэвэл дахиад З Д-ын захирамж гарах ёстой. Энэ нь хэрэв тухайн өдөр үнэхээр хүлээн зөвшөөрөхгүй байсан юм бол шууд 3 жилээрээ авах хүсэлтээ тухайн үед нь шийдүүлэх ёстой байсан. Үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14.5, 14.6, 14.7 дахь заалтуудын дагуу тусгай зөвшөөрлийг 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр олгох боломжгүй байгаа. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд зааснаар аймаг, нийслэлийн З Д тухайн талбайд түгээмэл тархацтай хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргаж, тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлөвлөгөөг энэ хуулийн 24.1 дэх заалтад заасан хугацаанд төлөх тухай өргөдөл гаргасан этгээдэд мэдэгдэнэ гэж байгаа. Уг хуулийн 14.6 дахь заалтад энэ хуулийн 14.5 дахь шийдвэр гарснаас хойш өргөдөл гаргасан этгээд нэг сарын дотор тусгай зөвшөөрлийг аваагүй эсхүл эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 24.1-т заасан хугацаанд төлөөгүй бол аймаг нийслэлийн З Д өргөдлийг бүртгэлээс хасч өргөдөл гаргасан этгээдэд энэ тухай бичгээр мэдэгдэж өргөдөл бүртгэх дэвтэрт тэмдэглэнэ гэж заасан. Уг хуулийн 14.7 дахь заалтад өргөдөл гаргасан этгээд эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 24.1-т заасан хугацаанд төлсөн бол аймаг нийслэлийн З Д ажлын 5 хоногт багтаан түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгоно гэж заасан. Гэтэл танай байгууллага гарснаас хойш энэ сарын дотор аваагүй хугацаа алдсан. 2016 оноос 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл тусгай зөвшөөрлөө ирээд авах бүрэн боломж нь байсан. Тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргахдаа аймгийн З Д-ын захирамжийг үндэслэн олгоно. Аймгийн З Д-ын шийдвэр гарч байж тусгай зөвшөөрөл олгогдож байгаа болохоос тусгай зөвшөөрөл гэж бичилт хийгдэж байгаа үнэт цаасыг тусгай зөвшөөрөл гэж ойлгож болохгүй. Тэр захирамжаа цуцлах болсныг мэдэгдье гэсэн мэдэгдлийг 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр өгсөн.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах талаар байгаа. Бид нар танай гаргасан хүсэлтийг хуульд заасны дагуу шийдвэрлэх ёстой. Үүнээс судалж үзэхэд танайхыг сунгах ямар ч боломжгүй байгаа гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч: Төв аймгийн З Д нь түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгохдоо хуульд заасан хугацааны дагуу олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тухайн гэрчилгээг хуульд заасан хугацаагаар олгохыг хариуцагч Төв аймгийн З Д-д даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Маргааны үйл баримтад холбогдох Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл [1]-ийг авч үзвэл, хариуцагч аймгийн З Д-аас нэхэмжлэгч Г ХХК-д Төв аймгийн Алтанбулаг сумын Бөхөгийн 2-р багийн нутаг дэвсгэр Бөхөгийн даваа нэртэй газарт 24,94 гектар талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын Х16/022 тоот тусгай зөвшөөрлийг 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийг дуустал хугацаагаар 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр бичиж, баталгаажуулан олгожээ.

Энэхүү тусгай зөвшөөрлийн 1 дүгээр хавсралтад 2016.07.05-нд олгов. 2019.07.05-нд дуусна. гэж, мөн зөвшөөрөл олгосон шийдвэр: Аймгийн З Д-ын2016.07.05-ны А/390 захирамж гэсэн, тусгай зөвшөөрлийн төлбөрийг эхний жилийн төлбөр 2016.07.05-2017.07.05 хүртэл, 2 дахь жилийн төлбөр 2017.07.05-2018.07.05 хүртэл, 3 дахь жилийн төлбөр 2018.07.05-2019.07.05 хүртэл гээд, төлбөрийг 2019.01.03-ны өдөр тус тус төлсөн болохыг тэмдэглэсэн. 2 дугаар хавсралтад тусгай зөвшөөрлийг 2016.07.05-нд олгов. 2019.07.05-д дуусна. Тусгай зөвшөөрөл олгох шийдвэрийн огноо: 2016.07.05 гэж тус тус бичжээ.

Шүүхэд нэхэмжлэгч аж ахуйн нэгжээс манай компани 2019.01.03-аас 2019.07.05-ны өдөр хүртэл 6 capын хугацаатай тусгай зөвшөөрөл эзэмших болсон, цаг хугацааны хувьд ч хайгуулын ажил гүйцэтгэх боломжгүй улиралд таарсан, мөн жил жилээр гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнг тайлагнах, улмаар сунгалт хийлгэх ямар ч боломжгүй болсон. Ингээд З Д-д тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар олгож өгнө үү гэсэн гомдол, хүсэлт гаргахад Төв аймгийн З Д-ынТамгын газраас 2019 оны 07 дугаар сарын 04-ны өдөр 07/1326 тоот албан бичгээр гомдлын хариунд ..."Хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон шийдвэр 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр гарсан мөн эхний жилийн төлбөрийг 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр төлсөн нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т заасан хугацаанаас хэтэрсэн байгаа тул тусгай зөвшөөрлийг 2019 оны 01 сарын 03-ны өдрөөс 3 жилийн хугацаагаар олгох, хүчин төгөлдөр хугацааг түдгэлзүүлэх боломжгүй байна гэсэн хариуг өгсөн гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...2016 онд тусгай зөвшөөрлөө аваагүй байгаа нь тус компанийн санаачлага, хариуцлага, төлбөрөө төлөөгүйтэй холбоотой гэж үзэж байна. ... Г ХХК-д аймгийн З Д-ын2016.07.05-ны өдрийн А/390 дугаар захирамжийг үндэслэн, төлбөр төлсөн баримтыг үндэслэн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын X16/022 тусгай зөвшөөрлийг захирамж гарсан хугацаанаас тооцон 2019.01.03-ны өдөр олгосон болно, Аймгийн З Д-ын2016 оны захирамж дээр хайгуулийн тусгай зөвшөөрөл олгосугай гэсэн байгаа. Тэгэхээр гэрчилгээ бичигдээгүй болохоос тусгай зөвшөөрөл олгогдсон гэж ойлгоно. Зөвшөөрлийг олгох шийдвэр гарсан өдрөөс тооцож 3 жилийн хугацаагаар олгосон. Тухайн компанид 2019 оны 01 сарын 03-ны өдрөөс тооцож зөвшөөрөл олгоно гэвэл дахиад З Д-ын захирамж гарах ёстой болно. Энийг хэрэв үнэхээр хүлээн зөвшөөрөхгүй байсан юм бол шууд 3 жилээрээ авах хүсэлтээ тухайн үед нь шийдүүлэх ёстой байсан гэж тайлбарлан түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олохдоо тусгай зөвшөөрлийн хугацааг зөвшөөрөл олгох шийдвэрийн хугацаанаас тооцох, тусгай зөвшөөрөл бичигдсэн хугацаанаас тооцох эсэх дээр тус тус маргаж, улмаар уг хугацааг тооцуулах асуудлыг шийдвэрлээгүй эсэх дээр эс үйлдэхүй гаргасан эсэхэд холбогдуулан маргажээ.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т Түгээмэл тархацтай ашигт малтмалын асуудлаар аймаг, нийслэлийн З Д доор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гээд, 11.2.5-д харьяалах нутаг дэвсгэрт нь хамаарах түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох гэж заасан эрх хэмжээний хүрээнд хариуцагч З Д-аас нэхэмжлэгч аж ахуйн нэгжид түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохдоо 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай А/390 дугаартай захирамж[2] -ийг гаргажээ. Улмаар хариуцагчаас нэхэмжлэгч аж ахуйн нэгжид тусгай зөвшөөрлийг бичиж олгохдоо 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр дээрх захирамжийн огноогоор буюу 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 3 жилийн хугацааг тооцож, нэхэмжлэгчид 6 сарын хугацаатай тусгай зөвшөөрөл олгосон, хугацааг буруу тооцсон нь үндэслэлгүй, хууль бус болох нь дараах байдлаар тогтоогдож байна.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д Аймаг, нийслэлийн З Д тухайн талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргаж, тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 24.1-д заасан хугацаанд төлөх тухай өргөдөл гаргасан этгээдэд мэдэгдэнэ гэж мэдэгдэх ажиллагааг үүрэг болгон хуульчлан заасан бөгөөд хариуцагч захиргааны байгууллага, албан тушаалтнаас тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргасан эсэх талаар нэхэмжлэгч хуулийн этгээдэд мэдэгдээгүй гэж нэхэмжлэгч тал маргаж байхад, хариуцагч тал мэдэгдсэн талаар ямар нэгэн баримт байхгүй гэж шүүх хуралдаанд тайлбарлаж байгаа тул хариуцагч захиргааны байгууллагыг дээрх мэдэгдлийг нэхэмжлэгчид өгөөгүй гэж үзэх үндэслэл тогтоогдож байна. Мөн хариуцагчаас тусгай зөвшөөрөл эзэмших хүсэлт гаргасан этгээдэд дээрх мэдэгдлийг хуульд зааснаар мэдэгдсэн бол тухайн үедээ хуулийн энэ зүйлийн 14.6-д Энэ хуулийн 14.5-д заасан шийдвэр гарснаас хойш өргөдөл гаргасан этгээд нэг сарын дотор тусгай зөвшөөрлийг аваагүй, эсхүл эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 24.1-д заасан хугацаанд төлөөгүй бол аймаг, нийслэлийн З Д өргөдлийг бүртгэлээс хасаж өргөдөл гаргасан этгээдэд энэ тухай бичгээр мэдэгдэж, өргөдөл бүртгэх дэвтэрт тэмдэглэнэ гэж заанаар өргөдлийг буцаан шийдвэрлэх үр дагавартай байх атал 2019 оныг хүртэл асуудлыг шийдвэрлээгүй, харин тусгай зөвшөөрлийг бичиж олгосон нь хариуцагч өөрийн эрх мэдлийн хүрээнд асуудлыг шийдвэрлэж, 2018 онд нь мэдэгдлийг өгч, 2019 оны 1 дүгээр сард тусгай зөвшөөрлийг олгох болсон гэж үзэх үндэслэлтэй юм. Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д Өргөдөл гаргасан этгээд эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 24.1-д заасан хугацаанд төлсөн бол аймаг, нийслэлийн З Д ажлын таван өдөрт багтаан түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг гурван жилийн хугацаагаар олгоно, 14.9-т Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлд түүнийг олгосон он, сар, өдөр, эзэмшигчийн нэр, олгогдсон талбайн булангийн цэгийн солбицлуудыг тэмдэглэх бөгөөд уг тусгай зөвшөөрөлтэй холбоотой өөрчлөлтийг тусгах зориулалт бүхий хавсралттай байна гэж заасан тул хариуцагч тусгай зөвшөөрлийг бичиж олгогдсон өдрийг тус тусгай зөвшөөрөлд заавал бичих хуулийн шаардлага байхаас гадна бичиж олгогдсон өдрөөс 3 жилийн хугацааг тооцож, хавсралтад дуусах хугацааг тогтоож өгөх ёстой байна. Тодруулбал, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл гэж энэ хуульд заасны дагуу ашигт малтмал хайх эрх олгосон баримт бичгийг ойлгохоор хуульчилсан бөгөөд тусгай зөвшөөрөл гэх нэр томъёо нь эрх олгож баталгаажуулсан баримт бичиг тул үүнийг 3 жилээр бичиж олгох болж байна. Харин дээрх хуулийн зүйлд зааснаар гурван жилийн хугацааг тусгай зөвшөөрлийг олгохоор шийдвэрлэсэн захирамж гарсан өдрөөс тоолох бус тусгай зөвшөөрөл эзэмшигчдээ олгогдсон өдрөөс нь тооцохоор хуульчилсан байх тул хариуцагчаас нэхэмжлэгчид тусгай зөвшөөрлийг бичиж олгохдоо захирамж гарсан өдрөөс тооцож, 6 сарын хугацаатай ашигт малтмал хайх эрх олгосон баримт бичиж олгосон нь хууль бус болох нь тогтоогдож байна.

Түүнчлэн нэхэмжлэгч талаас хариуцагчид хандан энэхүү тусгай зөвшөөрлийн хугацааг хуульд нийцүүлэн зөвтгүүлэх гэсэн хүсэлт, гомдлыг хариуцагч хүлээн авалгүй 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Гомдлын дагуу хариу хүргүүлэх тухай 07/1326 дугаартай албан бичиг[3]-ээр ... 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 3 жилийн хугацаагаар олгох, хүчин төгөлдөр хугацааг түдгэлзүүлэх боломжгүй байна гэсэн хариу өгсөн байгаа баримтаар хариуцагч захиргааны байгууллагаас нэхэмжлэгч хуулийн этгээдийн гаргасан гомдлын дагуу тусгай зөвшөөрлийн хугацааг зөвтгөн шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй гаргасан болох нь тогтоогдож байх бөгөөд өмнөх дүгнэлтээр захиргааны байгууллага албан тушаалтан тусгай зөвшөөрлийн хугацааг хууль бусаар тооцсон болох нь тогтоогдсон учир хариуцагчаас нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаанд холбогдуулан гаргасан гомдлыг хуульд нийцүүлэн шийдвэрлээгүй эс үйлдэхүй нь хууль бус эс үйлдэхүй гэж үзэх үндэслэл тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д хайгуулын талбайн хилийн дотор энэ хуулийн дагуу зөвхөн түгээмэл тархацтай ашигт малтмал хайх эрхээ гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэх эрх нь зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3-д байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг энэ хуулийн 29 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт, 16.1.4-т хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгахаас өмнөх үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт зэрэг хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаагаа сунгуулахад шаардагдах баримтыг гаргах, шаардагдах үйл ажиллагааг явуулах цаг хугацаанд холбогдох нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол нь бодит нөхцөлд зөрчигджээ.

Дээрхээс үзвэл хариуцагч З Д-аас нэхэмжлэгч аж ахуйн нэгжид түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын Х16/022 тоот тусгай зөвшөөрлийг 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр бичиж олгохдоо тус тусгай зөвшөөрлийг бичиж олгогдсон өдрөөс хуульд заасан гурван жилийн хугацаагаар олголгүй хууль бусаар 6 сарын хугацаагаар олгосон болох нь тогтоогдож байх бөгөөд улмаар уг тусгай зөвшөөрлийн хугацааг хуульд нийцүүлэн зөвтгөж шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн түгээмэл тархацтай ашигт малтмал хайх эрхээ хуулиар олгогдсон хугацаагаар хэрэгжүүлэх, хайгуулын ажлын тайлан, төлөвлөгөөг журмын дагуу батлуулах, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах зэрэгт холбогдох баримтыг хуульд заасан журмын дагуу гаргах эрхийг хангах үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгч аж ахуйн нэгжийн тус тусгай зөвшөөрлийг хуульд зааснаар гурван жилийн хугацаагаар бичиж олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6, 14 дүгээр зүйлийн 14.5, 14.7, 14.9, 15 дугаар зүйлийн 15.1.1, 16 дугаар зүйлийн 16.1.3, 16.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г ХХК-иас Төв аймгийн З Д-д холбогдуулан гаргасан Төв аймгийн З Д нь түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгохдоо хуульд заасан хугацааны дагуу олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тухайн гэрчилгээг хуульд заасан хугацаагаар олгохыг хариуцагч Төв аймгийн З Д-д даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Төв аймгийн З Д-аас нэхэмжлэгч Г ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын Х16/022 тоот тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгохдоо хуульд заасан хугацаагаар бичиж олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын Х16/022 тоот тусгай зөвшөөрлийн гэрчилгээг хуульд заасан хугацаагаар дахин бичиж олгохыг хариуцагч Төв аймгийн З Д-д даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шүүхийн энэхүү шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОРИГТБААТАР.

 

 

 

 


[1] Хавтаст хэргийн 9-11 дэх тал

[2] Хавтаст хэргийн 63 дахь тал

[3] Хавтаст хэргийн 14 дэх тал