| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2020/01579/И |
| Дугаар | 01579 |
| Огноо | 2020-08-20 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 08 сарын 20 өдөр
Дугаар 01579
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Налайх дүүрэг, 7 дугаар хороо, 18-3а тоотод оршин суух, Сайн овогт Бадамхандын Бямбасүрэн /РЮ86060706/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар баг 4-11 тоотод оршин суух, Агар овогт Жамсрангийн Ууганбаатар /РГ86081614/-т холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Бямбасүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.Бямбасүрэн нь Ж.Ууганбаатартай 2005 онд танилцаж үерхээд 2006 оны 10 дугаар сарын 17-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Энэ үеэс эхлэн хамтран амьдарсан бөгөөд 2006 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүү Б.Батбилэг, 2007 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүү У.Мөнхбилэг нар төрсөн. Хамт амьдарсан 4 жилийн хугацаанд бид үзэл бодол, зан байдлын хувьд таарч тохирохгүй болж үргэлж хэрэлдэх болсон тул 2010 онд ярилцаад хүүхдүүдээ нэг нэгээр нь аваад тус тусдаа амьдарсан. Бид тусдаа амьдраад 10 жил болж байна. Хүү Батбилэг миний асрамжинд байдаг. Хүү Мөнхбилэг манай ээж Бадамхандтай 2017 оноос хамт амьдарч байгаа тул би 2 хүүхдээ өөрийн асрамжиндаа авмаар байна. Ж.Ууганбаатараас хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй болно.
Иймд 2006 оны 509 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ бүхий бидний гэрлэлтийг цуцлаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ж.Ууганбаатар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Б.Бямбасүрэнгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Бид 2006 онд гэр бүл болсон. 2006 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүү Б.Батбилэг, 2007 оны 06 дугаар сарын 15-ны өдөр бага хүү У.Мөнхбилэг нар төрсөн. Том хүү маань гэрлэлтээ батлуулаагүй байхад гарсан учир ээж Бямбасүрэнгээр овоглож гэрчилгээ авсан. Түүнээс миний төрсөн хүүхэд мөн юм. Бид хамт амьдрах хугацаандаа таарч тохирохгүй болж 2010 оноос хойш тус тусдаа амьдарч байна. Энэ хугацаанд том хүү Б.Батбилэг нь ээж Бямбасүрэнтэй, бага хүү У.Мөнхбилэг нь аав Ж.Ууганбаатартай тус тус амьдарч ирсэн. Одоо эвлэрэх боломжгүй, гэрлэлтээ цуцлуулна. Хоёр хүүхдээ ээж Б.Бямбасүрэнгийн асрамжинд үлдээхийг зөвшөөрч байна. Хүүхдийн тэтгэлэг төлөхгүй бид хоорондоо тохиролцсон. Гэхдээ хоёр хүүхэд маань аав дээрээ байна гээд хүрээд ирвэл өөр дээрээ байлгана. Хүүхдүүд маань эцэг эхийнхээ аль дуртай дээрээ л байна байх. Гэхдээ эцгийн хараа хяналтыг тавьж хүүхдийн тэтгэлэг төлөхгүй ч боломжоороо тусалж дэмжинэ. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн тайлбар хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Бямбасүрэн нь хариуцагч Ж.Ууганбаатарт холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Зохигч нь 2006 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр гэр бүл болсноо 2006 оны 10 дугаар сарын 17-ны өдөр иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн болох нь 0000214-509-рт дугаарт бүртгэсэн талаарх гэрлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, гэрлэгчдийн дундаас 2006 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүү Б.Батбилэг төрснийг 2006 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 172-рт бүртгэсэн 115/006331 дугаартай төрсний бүртгэлийн лавлагааны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2007 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүү У.Мөнхбилэг төрснийг 2007 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 309 дугаарт бүртгэсэн 115/006332 дугаартай төрсний бүртгэлийн лавлагааны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбараар тус тус нотлогдож байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас эрүүл мэнд, болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх энэ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална гэж заасан байх боловч гэрлэгчдийн хувьд гэрлэлтийг цуцлах дээрхи ноцтой шалтгаан байхгүй боловч нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2010 оноос хойш тус тусдаа амьдарч байгаа ба зохигч нь Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон зэрэг нөхцлийг харгалзан гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжинд үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй ...харилцан тохиролцож болно,
Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д Гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжинд үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох, хамтран өмчлөх дундын хөрөнгийг хуваах асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж тус тус заажээ.
Нэхэмжлэгч, хариуцагч нар нь хүүхдийн тэтгэлэг болон хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн асуудал дээр маргаагүй бөгөөд нэхэмжлэгч Б.Бямбасүрэн нь 2006 оны 03 дугаар сарын 06-ны өдөр төрсөн хүү Б.Батбилэг, 2007 оны 06 дугаар сарын 15-ны өдөр төрсөн хүү У.Мөнхбилэг нарыг өөрийн асрамжинд авах талаархи шаардлагыг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ гаргадаг.
Шүүх хүүхдэд тавих эхийн хайр, халамж, ээждээ ээнэгшин дассан байдал, мөн хүүхдийн санал, насны байдал зэргийг харгалзан, эцэг эхийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг үндэслэн 2006 оны 03 дугаар сарын 06-ны өдөр төрсөн хүү Б.Батбилэг, 2007 оны 06 дугаар сарын 15-ны өдөр төрсөн хүү У.Мөнхбилэг нарыг эх Б.Бямбасүрэнгийн асрамжинд үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүү Б.Батбилэг, У.Мөнхбилэг нарыг эх Б.Бямбасүрэнгийн асрамжинд үлдээсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ эцэг Ж.Ууганбаатарт хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглодог болохыг дурьдлаа.
Нэхэмжлэгч Б.Бямбасүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Ууганбаатараас эд хөрөнгийн бус үнэлж болохгүй нэхэмжлэлд төлөгдөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Б.Бямбасүрэн, хариуцагч Ж.Ууганбаатар нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч зохигчид шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлт ирүүлснийг хүлээн авч тэдний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Агар овогт Ж.У, Сайн овогт Б.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2006 оны 03 дугаар сарын 06-ны өдөр төрсөн хүү Б.Б,, 2007 оны 06 дугаар сарын 15-ны өдөр төрсөн хүү У.М, нарыг эх Б.Б-н асрамжинд үлдээсүгэй.
3. Зохигч нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргах маргаангүй, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг Ж.У-т, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Б.Б нарт тус тус даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.У-ас 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-д олгосугай
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Х.Заяад даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН