Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/860

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Нарансолонго,

улсын яллагч Д.Батзаяа,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2305000001937 тоот дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1986 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, “*******” ХХК-д мужаан ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн **************** тоотод оршин суух,

- урд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2005 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 151 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан, *******, /РД: *******/.

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” ХХК-ны үйлдвэрийн удирдлагын байранд байрлуулсан бичгийн ширээ, өнгөт принтерийг “анхны үүсгэн байгуулагчаа тамхины иш шиг хаялаа” гэх шалтгаанаар хөлөөрөө өшиглөж дахин ашиглах боломжгүй болгон эвдэлж хохирогч “” ХХК-нд 1.493.910 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 29-34 дэх тал/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******:

“...2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 16 цагийн үед Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “” ХХК-ны үйлдвэрээс гараад гэр лүүгээ харьж явтал манай үйлдвэрийн нярав П.Чагцалмаа над руу утсаа залгаад “Жагаа, Энхдалай хоёр манай ажилтнуудтай муудалцаад байхаар нь хөөгөөд гаргасан чинь буцаж орж ирээд оффисын эд зүйлсийг өшиглөөд эвдчихлээ” гэж хэлсэн. Би буцаад үйлдвэр дээр очтол Жагаа, Энхдалай хоёр үйлдвэр дээр байхгүй явчихсан байсан. Би оффис руу ороход өрөөний 3 ширхэг ширээ, Ерsоn брэндийн өнгөт принтер, Аsus брэндийн нөүтбүүкийг шалан дээр унаад эвдэрсэн байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9 дэх тал/,

Гэрч *******:

“...Намайг 2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 16 цагийн үед Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах зөөврийн сууцны “” ХХК-н үйлдвэр дээр байж байхад өмнө нь манай үйлдвэрт мужаанаар ажиллаж байсан Жагаадорж, Энхдалай хоёр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай үйлдвэрийн хашаан дотор орж ирээд үйлдвэрийн ажилтнуудтай маргалдаж эхэлсэн. Маргалдаад байхаар нь хашаанаас хөөгөөд гаргасан. Тэгтэл тэр хоёр буцаж орж ирээд Энхдалай үйлдвэрийн оффис руу орж дотор нь байсан 3 ширхэг ширээ, Ерsоn брэндийн өнгөт принтер, ажилтнуудын цаг бүртгэлийн төхөөрөмж, нөүтбүүк зэргийг өшиглөж эвдэлсэн. Энхдалайг байгууллагын өмч эвдэлж байхад нь би айгаад гадаа цонхоор харж байсан. Жагаадорж Энхдалайд хандаж “болохгүй шүү дээ наадах чинь оффис шүү дээ” гэж хэлж байсан. Удалгүй тэр хоёр гараад явсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12 дэх тал/,

Гэрч *******:

“...2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 20-р хороо зөөврийн сууцны “” ХХК-ны ажлын байран дээрээ харуулын ажлаа хийж байхад үл таних хоёр залуу үйлдвэрийн хашаанд орж ирсэн. Уг залуучууд ямар ажлаар явж байгаа талаараа надад хэлээгүй. Өмнө нь манайд ажиллаж байсан юм шиг байсан. Тэгээд ажилтнуудтай уулзаж байгаад гараад явсан. Удалгүй нөгөө залуучууд эргэж орж ирээд хар өнгийн хувцастай залуу нь намайг “чи шинэ харуул юм уу” гэж хэлээд хар өгийн куртиктэй залуу улаан өнгийн куртиктэй залуутай хамт хашаанд орж ирээд агсам тавьсан. Тэгснээ хар өнгийн куртиктэй залуу оффис руу ороод эд зүйл эвдэлсэн. Харин улаан куртиктэй залуу нь тэр залууг болиулж байсан. Удалгүй тэр хоёр хашаанаас гараад явсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дэх тал/,

 

Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-н 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн БГ2-23-1515 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 37-40 дэх тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч ******* нь хохирогч “” ХХК-ийн эд хөрөнгийг санаатай гэмтээж бага хэмжээний дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч ******* нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй.

Шүүгдэгч ******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч *******н холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч ******* нь:

2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” ХХК-ны үйлдвэрийн удирдлагын байранд байрлуулсан бичгийн ширээ, өнгөт принтерийг “анхны үүсгэн байгуулагчаа тамхины иш шиг хаялаа” гэх шалтгаанаар хөлөөрөө өшиглөж дахин ашиглах боломжгүй болгон эвдэлж хохирогч “” ХХК-нд 1.493.910 төгрөгийн хохирол учруулж бусдын эд хөрөнгийг санаатай устгаж, гэмтээсэн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч , , нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-н 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн БГ2-23-1515 дугаартай шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Хууль зүйн хувьд “эд хөрөнгө гэмтээх” гэдэг ойлголтод эд зүйлс, өмч хөрөнгийн анхны байдал нь гэмт үйлдлээс шалтгаалан ашигтай байдал нь муудаж, чанар үр дүн нь алдагдсан, эсхүл тухайн эд хөрөнгийг зориулалтаар нь ашиглаж, хэрэглэх бололцоогүй болгосон нөхцөл байдлыг хамааруулна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд өмчлөгч, хууль ёсны эзэмшигчийн эд хөрөнгийг устгах, гэмтээх үйлдлийн улмаас өмчлөгч, хууль ёсны эзэмшигчид бага хэмжээнээс /300.000 төгрөг/ дээш хохирол учруулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг бөгөөд шүүгдэгчийн хувьд бусдын эд хөрөнгө буюу байгууллагын бичгийн ширээ, өнгөт принтерийг гэмтээж 1.493.910 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь нотлох баримтаар тогтоогдсон болно.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******г бусдын эд хөрөнгийг санаатай устгаж гэмтээх гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Энэ гэмт хэргийн улмаас “” ХХК-д 1.493.910 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч ******* нь хохирол төлбөрийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч *******тай эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч нь дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн болно.  

Шүүгдэгч ******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын санд 1 удаагийн бүртгэлтэй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Иймд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн прокурорын ялын төрөл, хэмжээний тухай саналыг тус тус зөвшөөрсөн байх тул шүүгдэгч *******н эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр прокурорын саналын хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Шүүгдэгч *******н цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2305000001937 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргасан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******г “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 450 /дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 /дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргасан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичихээс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргах эрхгүйг дурдаж, давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.ДАЛАЙХҮҮ