| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ё.Ринзаан |
| Хэргийн индекс | 171/2012/0183/Э/ |
| Дугаар | 161 |
| Огноо | 2012-08-31 |
| Зүйл хэсэг | 098.1., |
| Улсын яллагч | У.Солонго |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2012 оны 08 сарын 31 өдөр
Дугаар 161
2012 оны 08 сарын 31 өдөр Дугаар 161 Дархан
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2012/0183/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Ринзаан даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваадорж,
улсын яллагч У.Солонго нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасан гэмт хэрэгт Б.О-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201209000471 дугаартай хэргийг 2012 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б.О- /РД:/, 1980 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, эрэгтэй, 32 настай, бүрэн дунд боловсролтой, замчин мэргэжилтэй, ажил эрхэлдэг, ам бүл 4, эцэг, эх, ах нарын хамт ************* тоотод оршин суудаг, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй.
Шүүгдэгч Б.Б.О- нь 2012 оны 7 дугаар сарын 18-ны орой Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутаг дэвсгэрт байрлах Төмөр замын 52 дугаар точикийн зам дээр иргэн Н.Н.Х-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүний нүүрэн тус газар нь цохиж бие мах бодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Б.О- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...”2012 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 52 дугаар точикт ажиллаж байгаад орой ажлаа тараад буцах замдаа хохирогч Н.Х-гийн эзэмшдэг машины путекэнд сууж явах үед миний таньдаг зам дээр гараа өргөөд зогсож байхад нь машинаа зогсоох зорилгоор уг машины кабины дээд хэсгийг гараараа цохисон юм. Тэгтэл жолооч Н.Х- машинаасаа уурлан бууж ирээд намайг машинаас буулгаж миний нүүр орчимд гараараа нэг удаа цохиход нь би уурлаад түүнийг бас нэг удаа гараараа цохисон юм. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиж хүн цохихгүй гэв.
Шүүгдэгч Б.Б.О- нь 2012 оны 7 дугаар сарын 18-ны орой Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутаг дэвсгэрт байрлах Төмөр замын 52 дугаар точикийн зам дээр иргэн Н.Н.Х-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүний нүүрэн тус газар нь цохиж бие мах бодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь:
D:\My Office flie\Шийтгэх тогтоол\Шийтгэх тогтоол 2012\Б.Отгонжаргал-98.1-161.doc
хохирогч Н.Н.Х-гийн:...”2012 оны 7 дугаар сарын 18-ны өдөр өөрийн албан газрынхаа эзэмшлийн ЗИЛ-130 маркийн машинтайгаа төмөр замын 52 дугаар точикний ажилчдаа орой 17 цагийн үед машиныхаа путекэн дээр суулгаад тосгон руу явж байх замд машины кабины дээд талыг хүчтэй нүдэх чимээ гарсан юм. Тэгээд би машинаа зогсоогоод бууж харах үед замчин Б.О- байсан юм. Тэгээд би түүнд хандан “чи яагаад машин эвдэх гээд байгаа юм бэ, буугаад ир” гэж хэлэхэд Б.О- машинаас бууж ирсэн. Тэгээд би хонх байхад дарахгүй яасан юм бэ гэж хэлээд түүний шанаа орчимд нь хальт цохисон юм. Тэгтэл Б.О- миний баруун шанаа орчимд гараараа цохиход нь миний эрүү хөндүүрлээд сонин болчихсон юм. Тэгээд би Б.О-д хандан “чи миний эрүү рүү цохичихлоо, эрүү сонин болчихлоо” гэж хэлэхэд Б.О- надад хандан “за за уучлаарай” гэж хэлэхэд нь бид хоёр эвлэрсэн юм. Тэгтэл миний эрүү зүгээр болохгүй байхад нь зургийг нь авахуулахад баруун эрүү маань хугарсан байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 4-6 дахь тал/,
гэрч С.С.Э-ын:...”Шарын гол руу буцах замд нэг хүн машинд гараа өргөөд зогсож байхад нь Н.Х- жолооч зогсохгүй явахад нь Б.О- миний таньдаг хүн байна гээд машины кабиныг гараараа нүдэж цохисон юм. Тэгтэл машин зогсоод Н.Х- Б.О-д хандан “чи буугаад ир машин эвдчих гээд яах гээд байгаа юм” гэж хэлэхэд нь Б.О- машинаас бууж түүн рүү очсон юм. Тэгтэл Н.Х- Б.О-ын нүүр рүү гараараа нэг удаа хальт цохиход нь Б.О- зөрүүлээд Н.Х-гийн баруун шанаанд нь нэг удаа цохисон юм. Тэгтэл машины кабинаас Баясгалан ах бууж ирээд тэдний салгаад тэр хоёр хоорондоо гар бариад салцгаасан” гэсэн мэдүүлэг /хэргийн 7 дахь тал/,
гэрч Д.Б-:...”Би жолоочтой машины кабинд суугаад ажилчид машины ачаан дээрх путект сууж явсан. Тэгээд явж байхад машины кабины дээд хэсгийг хүчтэй нүдэж цохисон юм. Тэгтэл жолооч машинаа зогсоох үед машин дээрээс манай замчин Б.О- бууж ирсэн. Энэ үед Н.Х- Б.О-д хандан “чи яагаад машин эвдчих гээд байгаа юм бэ, хонх дарахгүй яасан юм” гэж хэлээд түүний нүүр орчимд нь гараараа хальт цохиход нь Б.О- зөрүүлээд Н.Х-гийн баруун шанаа орчимд нь нэг удаа цохисон. Тэгэхэд нь би машинаас бууж тэднийг салгасан юм. Тухайн үед Б.О- Н.Х- хоёр хоорондоо эвлэрээд бид цаашаа Шарын гол сум руу явсан. Хэд хоногийн дараа Н.Х- ам ангайхгүй өвдөөд, хоол идэж юм ярьж болохгүй байна гэж байсан. Тэгээд Дархан руу явж эмнэлэгт үзүүлсэн чинь эрүү хугарсан байна гэж ирсэн” гэсэн мэдүүлэг /хэргийн 8 дахь тал/,
шүүгдэгч Б.Б.О-ын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад өгсөн:...”2012 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 52 дугаар точикт ажиллаж байгаад орой ажлаа тараад буцах замдаа хохирогч Н.Х-гийн эзэмшдэг машины путекэнд сууж явах үед миний таньдаг зам дээр гараа өргөөд зогсож байхад нь машинаа зогсоох зорилгоор уг машины кабины дээд хэсгийг гараараа цохисон юм. Тэгтэл жолооч Н.Х- машинаасаа уурлан бууж ирээд намайг машинаас буулгаж миний нүүр орчимд гараараа нэг удаа цохиход нь би уурлаад түүнийг бас нэг удаа гараараа цохисон юм” гэсэн мэдүүлэг /хэргийн 19-21 дахь тал/,
Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2012 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 675 тоот актын
1. “Н.Н.Х-гийн биед эрүү ясны хугарлын гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно” гэсэн дүгнэлт /хэргийн 12 дахь тал/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Иймд Б.О-ыг бусдын бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч Б.Б.О- нь бусдын эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд хохирогчид 200,000 төгрөгийг төлсөн байх бөгөөд хохирогч Н.Н.Х- нь “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлтийг бичгээр ирүүлсэн тул энэхүү тогтоолоор нэмж гаргуулах хохирол төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Б.Б.О- урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь Цагдаагийн Ерөнхий газрын “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар” тогтоогджээ. /хэргийн 24 дахь тал/.
Шүүгдэгч Б.Б.О- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг хэргийн болон хувийн нөхцөл байдлыг харгалзан үзэж түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б.О-ыг бусдын бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар Б.О-д 1 /нэг/ жил 6 /зургаа/ сар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Б.Б.О-д оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дүгээр зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч Б.Б.О- нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар Б.Б.О-д энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан Б.Б.О-д хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг Б.Б.О-д мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Б.О-д авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгасугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Б.О-д авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Ё.РИНЗААН