Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/861

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Нарансолонго,

улсын яллагч Б.Тэгшбаяр,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ц.Цэрмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 2305008281078 тоот дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2004 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 5, эцэг, эх 2 дүү нарын хамт *******,******* тоотод оршин суух хаягтай,

- урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 458 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн, ******* /РД: *******/.

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт хохирогч ******* эзэмшлийн “*******” цахим тоглоомын газраас intel i5-10400f маркийн срu, Аресег брендийн 8gb 2 ширхэг ram, Asus брэндийн RТХ2060 6gb график карт зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.660.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Компьютерын эд зүйлийг авч, зарсан нь үнэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр бүртгэлийн Г-1261 дугаартай гомдлыг хүлээн авсан талаарх тэмдэглэл /хавтаст хэргийн 06 дахь тал/,

Хохирогч *******:

“...Би Баянгол дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт “*******” цахим тоглоомын газрын компьютероос intel i5-10400f маркийн срu, Аресег брэндийн 8gb 2 ширхэг рам, Asus брэндийн RТХ2060 6gb график карт гэх эд зүйлүүд хулгайд алдагдсан асуудал гарсан тул би цагдаагийн байгууллагад хандаж өргөдөл гомдол гаргасан байсан ба би тухайн үед компьютер ланд руу очиж цахим тоглоомын төвөөсөө алдсан эд зүйлсээ очиж асууж хайж үзтэл миний компьютерын эд анги худалдан авдаг Ууганаа гэх залуу дээр Аресег брэндийн 8gb 2 ширхэг рамыг 130.000 төгрөгөөр зарсан байсан ба би Ууганаагаас ямар хүнээс авсан талаар асууж тодруулахад 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр нэг хар куртиктэй, цагаан масктай залуу орж ирээд 2 ширхэг рам 130.000 төгрөгөөр зараад мөнгөө Голомт банкны ******* гэсэн дансаар тохиролцсон тооцоогоо аваад явсан гэж хэлсэн. Тэгээд Ууганаад 130.000 төгрөгийг өгч өөрийн Аресег брэндийн 2 ширхэг 8gb 2 ширхэг рамыг эргүүлэн авсан тэгээд цагдаагийн байгууллагаас миний гаргасан гомдол, мэдээллийг шалгаж манай цахим тоглоомын газраас алдагдсан эд зүйлд үнэлгээ хийлгэхэд 1.660.000 төгрөгийн хохирол учирсан байсан. ...Би анх цахим тоглоомын төвөө ажиллуулахаар нээж байхдаа компьютер бүрд нэг бүрчлэн угсарч байсан юм тэр үедээ буюу 2020 оны 10 дугаар сард тухайн компьютерын эд ангиудаа хятад улсаас захиалж авч байсан intel i5-10400f маркийн срu-г 480.000 төгрөгөөр, Аресег брэндийн 8gb 2 ширхэг рамыг 1 ширхгийг нь 100.000 төгрөгөөр, Asus брэндийн RТХ2060 6gb график картыг 1.000.000 төгрөгөөр худалдан авч байсан. ...Манай цахим тоглоомын төвөөс хулгайд алдагдсан Аресег брэндийн 2 ширхэг 8gb 2 ширхэг рамыг миний танил буюу компьютерын эд зүйл худалдан авдаг Ууганбаярт 130.000 төгрөгөөр зарж борлуулсан гэх үл таних хүн Голомт банкны ******* тоот дансаар төлбөрөө авсан байсан учир би уг данс эзэмшигч этгээдийг сэжиглэж байна. ...Манай тоглоомын төв хяналтын камертай гэхдээ тухайн өдөр буюу 2023 оны 01 дүгээр сарын 31-ний засвартай байсан тул ажиллахгүй байсан ба тэр залуу манайхаас хулгайлсан эд ангиа компьютер ланд дээр Ууганбаярт зарж байгаа дүрс бичлэгийг би тухайн үед өөрийн гар утсан дээр бичиж авч байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 15-17 дахь тал/,

Гэрч *******:

“...:Би тухайн өдөр өөрийн ажиллуулдаг компьютер молл худалдааны төвийн лангуу болох 1011 тоот лангуун дээр өөрийн биеэр ажиллаж байсан. ...Намайг 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр өөрийн ажиллуулдаг лангуун дээрээ сууж байхад 13:30 цагийн үед манай лангуун дээр үл таних 20 насны орчим цагаан масктай, хар малгайтай эрэгтэй хүн ирээд “компьютерын 2 ширхэг рам байна авах уу” гэж асуухаар нь би тухайн компьютерын эд ангийг шалгаж үзээд худалдаж авсан юм. ...Би тухайн хүнд тохирсон төлбөр тооцоо болох 130.000 төгрөгийг өөрийнх нь хэлсэн Голомт банкны ******* тоот данс руу шилжүүлж төлсөн. ...Надад ямар нэгэн гомдол, санал хүсэлт байхгүй учир нь тэр этгээдээс худалдан авсан компьютерын 2 ширхэг раммыг дараа нь эзэн болох миний танил залуу Мөнхжаргал хайж ирээд надад 130.000 төгрөг төлж өөрийнхөө 2 ширхэг компьютерын рамыг аваад явсан учир надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 дахь тал/,

“Ашид билгүүн” ХХК-ын Хөрөнгө, даатгалын компьютерын эд анги 1.660.000 төгрөг болохыг тодорхойлсон хохирлын үнэлгээний тайлан тэмдэглэл /хавтаст хэргийн 28-31 дэх тал/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд, хохирогчид хохирол төлбөр төлж барагдуулах талаарх баримт /хавтаст хэргийн 35-38 дахь тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч ******* нь “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч” хохирогч Б.Мөнхжаргалд 1.660.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хичээлийнхээ бусад цагаар цагийн ажил хийж, хохирол төлбөрийг төлж барагдуулсан” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч *******ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч ******* нь:

2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт хохирогч ******* эзэмшлийн “*******” цахим тоглоомын газраас intel i5-10400f маркийн срu, Аресег брендийн 8gb 2 ширхэг ram, Asus брэндийн RТХ2060 6gb график карт зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.660.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Б.Мөнхжаргал, гэрч Б.Ууганбаяр нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, ”Ашид билгүүн” ХХК-ын хөрөнгийн үнэлгээний тайлан, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн эзэмшилд байгааг мэдсээр байж өмчлөгч, эзэмшигчид мэдэгдэлгүйгээр авч, бусдад бага хэмжээнээс /300.000 төгрөг/ дээш хохирол учруулж, эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч ******* нь уг үйлдлийг хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэй байна.

Иймд шүүгдэгч *******ыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Мөнхжаргалд 1.660.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогчид учирсан хохирол төлбөрийг шүүгдэгч ******* нь төлж барагдуулсан байх тул энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, мөн өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх нийт ялыг 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоох” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Миний үйлчлүүлэгчид ял шийтгэл оногдуулахдаа түүний хувийн байдал болон ар гэрийн байдлыг нь харгалзаж үзнэ үү. Улсын яллагчийн саналыг дэмжиж байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч ******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 1 удаагийн бүртгэлтэй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Иймд шүүхээс шүүгдэгч *******ыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 458 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй байх тул уг ялыг энэ тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял дээр нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч *******т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2305008281078 дугаартай хэрэгт хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 458 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй байх тул нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 480 /дөрвөн зуун наян/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ДАЛАЙХҮҮ