Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/862

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Нарансолонго,

улсын яллагч П.Итгэл /тээврийн прокурор/,

хохирогч *******, түүний өмгөөлөгч Ч.Мөнхбаяр,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2303004120383 дугаартай хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2000 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 22 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүү нарын хамт *******, “Москва” гудамжны 55/11-р байрны 85 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, *******, /РД: *******/.

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 20 цаг 25 минутын орчимд Баянгол дүүргийн 20-р хороо, “Хархорин” хотхоны хойд зогсоолын замд “Toyota Aqua” маркийн ******* УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 19.1-т заасан “Хорооллын дотор явган зорчигч нь явган хүний замаас гадна зорчих хэсгээр явж болно. Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй зорчих бөгөөд ингэхдээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч *******гийн зүүн хөлийг дайрч, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр ажлаа тараад хотхон руугаа орж явсан. Харагдах нөхцөл муу байсан бөгөөд хохирогч эмэгтэй гэнэт гараад ирсэн. Тэгээд мөргөсөн. Улмаар хүмүүс ухар гээд байсан тул ухарсан. Шүүхээс үнэн зөв хохирлын тооцоог гаргаж өгвөл төлөх болно...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ: “...Эрүүл мэндийн байдлын тухайнд манай хүүхэд болон миний бие шөнө унтаж чаддаггүй, удаан алхахаар хөл хавддаг. Сэтгэл санааны хохирол, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, өмгөөлөгчийн хөлс зэрэг нийт 16.751.634 төгрөгийг нэхэмжилж байна. Хохирол төлбөрөө гаргуулж авмаар байна. Гомдолтой байна...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

102 тусгай дугаарын утсанд дуудлага, лавлагааны хуудас /хавтаст хэргийн 4 дэх тал/, 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 5-10 дахь тал/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 120-121 дэх тал/,

Хохирогч *******н:

“...Тухайн үед буюу 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр орой 20 цагийн орчимд би “Хархорин” захаас гэр лүүгээ харих гээд “Хархорин”-гоос ертөнцийн зүгээрээ зүүн тийш яваад манай хүүхдүүд CU дэлгүүрт орсон байсан би 1 нас 3 сартай бага хүүхдээ тэврээд явган хүний шатаар уруудаад байрны хойд талын авто машины зогсоол хэсэг рүү орсон тэгээд байрны хойд зогсоол хэсгийн замаар гарах гэтэл миний зүүн талаас баруун чиглэлтэй хар өнгийн “Toyota Aqua” машин ирээд миний шагай хэсэг рүү машинаараа дээгүүр нь гарсан тэр үед би тэвэрч явсан хүүхдээ газарт унагаасан тэгээд тэр хавиар явж байсан хүмүүс манай хүүхдийг газраас авсан нөгөө хар машин миний зүүн хөлөн дээр зогсчихсон байсан жолооч нь бууж ирэхэд нь хүмүүс орилоод байсан чинь жолооч эмэгтэй урагш хөдөлсөн тэр үед нь “үгүй ээ хойшоо ухраач” гээд хүмүүс орилоод байсан тэгээд нөгөө жолооч ухрахдаа дахиад миний зүүн хөлөн дээгүүр машинтайгаа гарсан эргэж ухрахдаа тэгээд тэр мөргөсөн жолооч 102, 103-т дуудлага өгсөн. Миний зүүн хөлийн шагай дотор, гадар хэсгээрээ хугарсан, хөлийн савхан яс хугарсан хагалгаанд орж хөлөндөө 4-н хадаас хадуулсан маш их өвдөж байгаа байнга өвчин намдаагч хэрэглэж байгаа...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дахь тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 7783 дугаартай:

“...*******н биед зүүн шаант, тахилзуур ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр авто ослын үед үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 31-32 дахь тал/,

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлагч Э.Батжаргалын гаргасан 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 771 дугаартай “Мөрдөгчийн магадалгаа” /хавтаст хэргийн 45 дахь тал/,

“Toyota Aqua” маркийн ******* УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчийн лавлагаа, /хавтаст хэргийн 114 дэх тал/,

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Б.Энхтуулын:

“...Гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...Манай дүү Мөнхтуулын буруу гэж тогтоогдвол төлж барагдуулна...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 20, 26 дахь тал/,

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 04/3483 дугаартай албан бичиг, түүний хавсралт /хавтаст хэргийн 116-118 дахь тал/,

Иргэний нэхэмжлэгч Д.Гантуяагийн:

“...Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч ******* нь эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 1.958.000 төгрөгийн зардал гарсан болох нь албан бичиг, баримтаар тогтоогдож байна. Дээрх тусламж үйлчилгээний зардлыг *******аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дахь тал/,

Хохирогч *******гөөс гаргаж өгсөн хохирлын баримтууд /хавтаст хэргийн 66-91 дэх тал/,

Шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаа /хавтаст хэргийн 113 дахь тал/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд болон хохирлын баримтууд зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч ******* нь Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч *******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулж, шүүгдэгчээс хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 7.150.000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох, хохирогчийн зүгээс ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон бусад зүйлийг нэхэмжилж байгаа нь үндэслэлтэй байна” гэсэн дүгнэлтийг,

Хохирогчийн өмгөөлөгч “Зам тээврийн ослын улмаас миний үйлчлүүлэгчийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирч бөгөөд уг гэмтлийн улмаас эмчилгээ хийлгэсэн үлдэгдэл төлбөрт 2.801.634 төгрөг, олох ёстой байсан орлого буюу ажилгүй байсан хугацааны цалин 6.000.000 төгрөг, өмгөөллийн хөлс 800.000 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршигт 7.150.000 төгрөг зэрэг гэм хорын хохирол төлбөрт нийт 16.751.634 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд болгоомжгүйгээр хохирол учруулсан. Эрүүл мэндийн даатгалын төлбөр болон хохирогчид эмчилгээний төлбөрт 1.842.500 төгрөгийг нөхөн төлж барагдуулсан. Хохирогчийн гаргаж өгсөн эм тарианы баримтаас 1.558.870 төгрөгийн баримт нь хамааралгүй тул хасаж тооцуулах мөн хохирогч нь зайлшгүй өмгөөлөгчтэй оролцох заалтгүй бөгөөд өөрийн эрхийн хүрээнд өмгөөлөгч авч оролцсон байх тул өмгөөлөгчийн зардлыг гаргуулах үндэслэлгүй байна. Мөн сарын 1.200.000 төгрөгийн цалин хөлс авдаг гэсэн бөгөөд цалингийн эх үүсвэр авсан талаарх санхүүгийн баримт тогтоогдохгүй байна. Сэтгэцэд учирсан хохирол шинжилгээний байгууллага тогтооно гэж заасан тул шинжилгээний байгууллагаар тогтоолгох хүсэлтэй байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч *******д холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч ******* нь:

2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 20 цаг 25 минутын орчимд Баянгол дүүргийн 20-р хороо, “Хархорин” хотхоны хойд зогсоолын замд “Toyota Aqua” маркийн ******* УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 19.1 -т заасан “Хорооллын дотор явган зорчигч нь явган хүний замаас гадна зорчих хэсгээр явж болно. Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй зорчих бөгөөд ингэхдээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч *******н зүүн хөлийг дайрч, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч *******н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 7783 дугаартай шинжээчийн дүгнэлт, Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлагч Э.Батжаргалын 2023 оны 08 дугаар сарын 02-ны 771 дугаартай мөрдөгчийн магадалгаа, иргэний нэхэмжлэгч Б.Энхтуул, Д.Гантуяа нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр зэргийн гэмтлийг учруулсан үйлдэл байдаг бөгөөд гэмт үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байна.

Нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч *******ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй байна.    

Гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийн “урьдчилан мэдэх ёстой” гэсэн ойлголт нь агуулгаараа субъект үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирч болохыг мэдэх үүрэгтэй, урьдаас ухамсарлан бодож болгоомжлох ёстой, нөгөө талаас мэдэх боломж бүрэн байсан боловч хэнэггүй, хайхрамжгүй, анхаарал болгоомжгүй, үл тоомсорлон хандсан зэрэг нөхцөл байдалтай шууд холбоотой байдаг.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******ыг “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар заасан.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан бөгөөд “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зохицуулсан.

Дээрх зам тээврийн осол хэргийн улмаас хохирогч *******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь энэ гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол болох бөгөөд учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ үйлчилгээ, асаргаатай холбоотойгоор хохирогчоос гарч буй болон гарах зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршиг болно.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч *******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд эмчилгээ хийлгэсэн зардал, бусад хохирол төлбөрт баримтаар 3.450.645.08 төгрөгийн баримтыг ирүүлсэн байх ба үүнээс хууль ёсны үндэслэл бүхий шаардлага хангаагүй буюу терминалын мөнгөн дүн бүхий баримтууд, кофе шопын баримт болох 16.800 төгрөг, хүнсний баримт болох 10.573 төгрөг нийт 118.573 төгрөгийг хангах боломжгүй.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн үеэс хойш хохирогчийн эрүүл мэндийн эмчилгээний төлбөрт 1.842.500 төгрөгийг төлсөн байх тул хохирогч *******гийн эмчилгээ хийлгэсэн зардал, бусад хохирол төлбөрт 1.489.572.08 төгрөг, ажилгүй байсан хугацааны олох ёстой байсан орлого 6.000.000 төгрөгийг гаргуулах нь үндэслэлтэй байна.

Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаал болон Улсын Дээд шүүхийн Нийт Шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын 3 дахь хэсгийн 3.6 дахь заалтад “Шинжилгээний байгууллага Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн гэмт хэргээс “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” /Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйл/ гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийн шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заасан тул холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ” гэжээ.

Иймд дээрх хамтарсан тушаалын хавсралтад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас учирсан хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгтийн “гуравдугаар зэрэглэл”-д хамаарч байх тул Улсын Дээд шүүхийн Нийт Шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын 4 дэх хэсэгт заасан “Нөхөн төлбөр тооцох жишиг аргачлал”-д “Хүндэвтэр хохирлын улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэгийг 9-15% тогтоож, нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлснээс 22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээгээр тогтооно” гэж заасан байна. 

Хавтаст хэрэгт авагдсан Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 7783 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “хохирогч *******гийн эрүүл мэндэд биед зүүн шаант, тахилзуур ясны хугарал гэмтэл бүхий эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр гэмтэл учирсан” гэж, мөн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өөрийн эрүүл мэнддээ учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, сөрөг үр дагавар, гомдол, санал болон шүүгдэгчийн гэм буруу, гэм буруугаа гэмшиж, хохирол төлбөр төлсөн байдал зэргийг харгалзан хүндэвтэр хохирлын улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэгийг 9 хувиар тогтоож, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 10 дугаар тогтоолоор улсын хэмжээнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 550.000 төгрөг байхаар тогтоосон байх бөгөөд 13 дахин нэмэгдүүлэн шүүгдэгчээс 7.150.000 төгрөгийг гаргуулж хохирогч *******д олгохоор шийдвэрлэв.

Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар заасан байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөллийн хөлсөнд 800.000 төгрөг нэхэмжилснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад заасан зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг мөн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Засгийн газар батлахаар хуульчилсан байх ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь өөрийн хүсэл зоригоо илэрхийлж хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд өмгөөлөгч, сонгон авч, хууль зүйн туслалцаа авахдаа талуудын хоорондоо харилцан тохиролцсон төлбөр нь гэмт хэргийн улмаас учирсан шууд хохиролд тооцогдохгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зайлшгүй зардалд хамаарахгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгов.

Түүнчлэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргасан өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авсны зардалд нэхэмжилсэн 800.000 төгрөгийн тухайд хохирогч нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх зүйн туслалцаа авч өмгөөлүүлэх эрхээ эдэлж, өмгөөлөгчийг сайн дураар сонгон авч, хууль зүйн туслалцаа авах гэрээний үндсэн дээр өмгөөлөгчөөр үйлчлүүлсний төлөө /өөрөөр хэлбэл өмгөөлөгч, үйлчлүүлэгч хоёрын хооронд Иргэний хуульд заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан/ төлсөн төлбөр нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болоод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд орж тооцогдохгүй юм.

Өмгөөллийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Өмгөөлөгч хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэхдээ үйлчлүүлэгчээс хөлс /цаашид “өмгөөллийн хөлс” гэх/ авах бөгөөд хэмжээг өмгөөлөгч, үйлчлүүлэгч гэрээгээр харилцан тохиролцож тогтооно” гэж заасан ба өмгөөлөгч авах эсэх нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн эрхийн асуудал бөгөөд энэ хэргийн тухайд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан заавал өмгөөлөгч авах нөхцөл шаардлагад хамаарахгүй учир өмгөөллийн зардлын 800.000 төгрөгийн шаардлагыг шүүх хангах эрх зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн.

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчийн тогтоолоор “Тоёота Акуа” маркийн ******* УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшигч Б.Энхтуулыг иргэний хариуцагчаар татаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь хууль зөрчөөгүй байна.

Иймд хохирогч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоос эмчилгээний баримт, ажилгүй байсан хугацааны олох ёстой байсан орлого, өмгөөллийн хөлс, сэтгэцэд учирсан хохирол төлбөрт төгрөг гэм хорын хохирол төлбөрт нийт 16.751.634 төгрөг нэхэмжилсэн боловч ажилгүй байсан хугацааны олох ёстой байсан орлого болон гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтэлтэй холбоотой эмчилгээ хийлгэсэн, эм тариа авсан баримт, болон сэтгэцэд учирсан хор уршиг зэрэг хохирол төлбөрт баримтаар тогтоогдож байгаа нийт 14.639.572 төгрөгийн хохирлыг хуульд заасны дагуу гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд болох иргэний нэхэмжлэгч, хариуцагч Б.Энхтуул, шүүгдэгч ******* нараас хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч *******д олгож, хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.112.062 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Харин хохирогч ******* нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдав.

Мөн иргэний нэхэмжлэгч, хариуцагч Б.Энхтуул нь өөрт учирсан гэм хорын зардлыг гэм буруутай этгээд болох *******аас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Миний үйлчлүүлэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түр хугацаагаар ажлаасаа чөлөөлөгдсөн байгаа, хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлж байгаа зэрэг байдлыг харгалзан торгуулийн ялын доод хэмжээ болох 450.000 төгрөгийн торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг,

Хохирогчийн өмгөөлөгч “Шүүгдэгч нь хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зүйл байхгүй байна. Эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохисон байх бөгөөд хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх чухал шаардлагатай байдаг бөгөөд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүхээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч ******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүхээс шүүгдэгч *******ыг “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тус тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал буюу анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учирсан хохирол төлбөрөөс тодорхой хувийн төлж барагдуулсан, цаашид гарах төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа зэрэг нөхцөл байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 төгрөгийн торгох ял шийтгэв.

Шүүгдэгч *******ын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2303004120383 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******ыг “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар иргэний нэхэмжлэгч, хариуцагч Б.Энхтуул, шүүгдэгч ******* нараас хувь тэнцүүлэн 14.639.572 төгрөгийг гаргуулж, хохирогч *******д олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч *******н нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.112.062 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч ******* нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, иргэний нэхэмжлэгч, хариуцагч Б.Энхтуул нь өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэйг дурдсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ДАЛАЙХҮҮ