Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2014 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 2014/ШЦТ/0093

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2014/0094/Э/

Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнгөнсүх, 
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Лхамсүрэн,  
Хохирогч *** *** *** , 
        Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв. 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ***т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201409000070 дугаартай хэргийг 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 
Монгол Улсын иргэн, *** -ний өдөр төрсөн*** нас *** хоногтой, *** , бүрэн дунд боловсролтой, *** тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй 

Шүүгдэгч *** нь давтан үйлдлээр 2013 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын “Өргөө” багт байрлах 16 байранд байдаг “***” кабелийн телевизийн байрнаас ажилтан *** ын багаж хэрэгсэлтэй цүнхийг хулгайлан 221850 төгрөгийн хохирол учруулсан, 2014 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Дархан-Уул аймаг Дархан сумын 13 дугаар багт байрлах Нэгдсэн эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт нөхрөө сахиж байсан *** ийн цүнхтэй эд зүйл болон 800000 төгрөг, куртикийг хулгайлан 1060000 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2014 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Дархан” их дэлгүүр дотор үйлчлүүлж байсан Х.Уянгын түрүүвчтэй 40000 төгрөгийг хулгайлж 200000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэн байдлаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүхийн хэлэлцүүлэгт:
-Шүүгдэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2014 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр тариа хийлгэх гэж эмнэлэг орсон. Тэр өдөр би маш их сэтгэл хямарсан байсан. Манай хүргэн архи ууж орж ирээд намайг цохисон. Эмнэлэг ороод тариагаа хийлгэчихээд явж байхад цүнх, туртик өлгүүрт байхаар нь авсан. Цүнхэн дотор түрийвч, гоо сайхны хэрэгсэл, түлхүүр, тэмдэглэлийн дэвтэр байсан. Түрийвчинд нь 680.000 төгрөг байсан. Дараа нь их дэлгүүр дотор


D:\2014 Uyanga\Sh.Ts togtool\Shiitgeh togtool-Tungalag 145.2.docx
 
явж байхад нэг охин хувцас үзээд зогсож байсан. Би хажууд нь зогсож байгаад энэ их гоё өмд байна. Охинд маань таарах болов уу гэхэд тэр охин таарах байх гэсэн. Тэгээд тэр охин хувцсаа өмсөх гээд цүнхээ орхиод явсан. Тэгэхээр нь би цүнхэн дотроос нь түрийвчийг нь авсан. Түрийвчин дотор 40.000 төгрөг, паспорт байхаар нь паспортыг нь хаясан. Дараа нь гандан орж хүүдээ ном уншуулчихаад явж байхад Нина гээд миний таньдаг хүн таараад намайг хүрээд ир би таньд хэдэн төгрөг өгье гэхээр нь би ажил дээр нь очсон. Ажил руу нь ороход нэг хүн сууж байхаар нь би Нина байна уу? гэж асуухад тэр хүн байхгүй тэтгэвэртээ гарсан гэж хэлсэн. Тэгээд гарах гэж байхад цүнх байхаар нь би авч гараад хажуу талын байрны 2 дугаар орцонд ороод үзэхэд бахь, балын харандаа, тэмдэглэлийн дэвтэр, маск, түлхүүр байсан. Тэр цүнхийг орцны дөрвөлжин саван дээр тавиад гараад явсан. Миний ач охин 5 настай, хойд эцэг нь архи уугаад зоддог болохоор нь би өөр дээрээ байлгадаг. Би дахиж хулгай хийхгүй. Хохирогч нарын хохирлыг 9 дүгээр сард миний группын зээл дуусна. Зээл дуусахаар төлнө гэж бодож байна.” гэх мэдүүлэг, 
-Хохирогч ***йн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Манай нөхөр хагалгаанд ороод сэхээн амьдруулах тасагт хэвтэж байхад нь би сахиад хоёр хонож байсан юм. Эмч нь нойл шөлөнд оруулах болчихсон байна гэхээр нь би хүүгээ шөл аваад ир гээд явуулсан. Манай нөхөр төлбөртэй хагалгаа хийлгэсэн юм. Төлбөрийг нь өгөх гээд тэр өдөр банкнаас 500.000 төгрөг авсан байсан. Түрийвчинд 300.000 төгрөг байсан. Яг хэд баясныг хэлж чадахгүй 850.000 төгрөг хангалттай байсан. Сэхээний тасаг үүднээс гадна тусдаа ахиад хаалгатай. Цүнхээ цааш нь тавих гэснээ болиод цүнхнээсээ утсаа аваад өлгүүрт цүнхээ эхэлж өлгөөд дээрээс нь хувцасаа өлгөсөн. Байж байгаад эргэж нэг харсан. Харахад цүнх маань байсан. Хараад 10 минут болоогүй байхад хувцас алга болчихсон байсан. Асрагч сувилагч нар нь байсан. Хоёр сувилагчаас асуухад улаан хувцастай, нүдний шилтэй авгай нэлээн удаан суусан гэсэн. Тэгээд цагдаа дуудсан. Миний цүнхэн дотор хадгаламжийн дэвтэр, карт, цахим үнэмлэх гээд миний бүх зүйл байсан. Эрэгтэй хүний мөнгөн бөгж, эмэгтэй хүний мөнгөн бөгж байсан. Эмэгтэй мөнгөн бөгжийг нь буцааж өгсөн. Миний куртикийг өмссөн байсан. Би 350.000 төгрөгөөр авсан. Аваад удаагүй байсан. Куртик, мөнгөн бөгжтэй буцааж өгсөн өөр зүйл өгөөгүй. Одоо ***с 910.000 төгрөг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг, 
-Хохирогч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би ***телевизэд ажилладаг байсан. Манай байгууллага техникчиддээ багаж хэрэгслийг нь хүлээлгэж өгдөг. Тэр өдөр гадуур ажилтай байгаад 12 цаг өнгөрч байхад ажил дээрээ ирээд цайндаа явах гэж байсан. Ажил руу ороход хоёр гурван хаалга байдаг, манай өрөө цаана нь байдаг байсан. Тэр өрөөний түлхүүр нэг нь надад, нэг нь няравт байдаг байсан. Ажлынхаа цүнхийг өөрийхөө суудаг сандал дээр тавиад хаалгаа цоожлоод цайндаа яваад ирсэн чинь нягтлан ирсэн байсан. Эхлээд цүнхийг анзаараагүй. Тэгээд ажилдаа гарах гээд цүнхээ харсан чинь байхгүй байсан. Тэгээд нярав эгчээс танийг байхгүйд хүн орж ирсэн үү? гэсэн чинь дээлтэй, цагаан малгайтай 50 гаруй насны хүн орж ирээд Нина гэж хүн байдаг уу? гэж асуусан гэсэн. Энэ хүн бас худлаа яриад байна. Манай ажил дээр орж ирээд асуухдаа тийм хүн байдаг уу? гэж асуусан гэсэн. Тэр цүнхийг яаж авсныг мэдэхгүй. Болороо эгч сүүлд хэлэхдээ сугандаа юм хавчуулчихсан юм шиг явж байсан гэсэн. Дотор нь кабель, салаалагч, багаж хэрэгсэл зэрэг зүйлүүд байсан. Тэр зүйлүүд нь байгууллагын эд зүйл байсан. 221.850 төгрөгийг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг, 

-Хохирогч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Дархан их дэлгүүрийн 3 давхарын лангуунаас шинэ бараа ирсэн гэхээр нь хувцас үзэх гэж очсон юм. Намайг орж ирсны дараа хувцас үзээд байж байхад нэг настай эгч би охиндоо танайхаас хувцас авч өгөх гээд охиноо хүлээж байна гээд зогсож байсан. Цүнхээ тавиад дээрээс нь хувцасаа тавьчихаад арын өрөөнд хувцас сольж өмсөх гээд ороод гараад ирсэн чинь наад өмд чинь онцгүй юм байна. Нөгөө өмд нь гоё юм байна гэж хэлсэн. Тэгээд ахиад өмд үзэх гээд арын өрөөнд ороод гараад ирэхэд нөгөө эгч байхгүй байсан. Тэгээд би цүнхээ үзсэн чинь түрийвч байхгүй байсан. Араас нь гүйсэн бол бариад авах байсан байх. Шууд доошоо камерын өрөө рүү орж бичлэг харсан. Тэр үед *** гуай гаднаас нь харахад боломжийн, энэ байдлаасаа шал өөр хүн байсан. Би санаатай л хулгай хийсэн байх гэж бодож байна. Түрийвийг 160.000 төгрөгөөр худалдаж аваад 5, 6 л хонож байсан. Түрийвчинд 40.000 төгрөг байсан. Нийт 200.000 төгрөг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг, 
-Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хэргийн 38 дахь тал/,
-Гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн сэхээний тасагт би сувилагч ажилтай бөгөөд 2014 оны 1 дүгээр сарын эхээр байх өдрөө сайн санахгүй байна. Нэг өдөр намайг өдрөөр ажил дээрээ ажиллаж байгаад 12 цагийн үед байх гэмтлийн тасаг руу оччихоод буцаад тасагтаа иртэл сэхээний эргэлтийн хаалганы дотор талд орчихсон нэг улаан куртиктэй, намхан нуруутай, хар царайтай эгч хана түшээд зогсож байхаар нь “та яасан бэ?” гэхэд “нааш ир” гээд дуудсан. Намайг яваад очтол тэр эгч “танайд Шарын голын Ганцэцэг гэж 47 настай эмэгтэй хэвтэж байна уу?” гэхлээр нь “манайд тийм хүн байхгүй” гэхэд цаашаагаа шатаар буугаад явчихсан. Түүний дараа удаагүй 30 минут орчмын дараа амралтын өрөөнд намайг сууж байтал нэг эгч орж ирээд “яана аа, миний цүнх, куртик өлгүүрт өлгөсөн байсан чинь алга болчихлоо” гэсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 47 дахь тал/,
-Гэрч Ш***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...харин намайг түүнээс өмнө 30 минут орчмын өмнө хог цэвэрлээд хамж байтал үүдний коридорт сандал дээр улаан куртиктэй, хар нүдний шилтэй авгай сууж байсан.
..ойр орчинд тэр улаан куртиктай авгайгаас өөр хүн байгаагүй учраас тэр эмэгтэйг л авсан байх гэж бодож байна.” гэх мэдүүлэг /хэргийн 48 дахь тал/,
-Гэрч С. ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2014 оны 1 сарын 9-ны өдөр манай дэлгүүрээс улаан өнгийн, дэлгэгддэг, загасны арьсан түрүүвч 160000 төгрөгөөр худалдаж авч байсан. Түүнээс хойш 4 хоногийн дараа Уянгаа түрүүвчээ алдчихлаа гээд ирж байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 49 дэх тал/,
-Гэрч Т. ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...5-10 минутын дараа нөгөө 50-60 орчим насны эмэгтэй гэнэт яарсан байдалтай гараад явчихсан. Түүнээс хойш 5 орчим минутын дараа нөгөө залуухан эмэгтэй хувцас солих өрөөнөөс гарч ирээд цүнхээ үзчихээд “миний түрүүвч алга болчихлоо” гэхлээр би хамт гараад нөгөө 50-60 орчим насны эмэгтэйг хайсан боловч олоогүй.” гэх мэдүүлэг /хэргийн 50-51 дэх тал/,
-Гэрч Я. *** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…би Дархан сумын Өргөө багт байрлах “***” телевизийнхээ салбарын байранд 2013 оны намар 10 сарын 19-ны өдөр байх, байж байтал гаднаас нэг настайвтар эмэгтэй орж ирэхээр нь “хэнтэй уулзах вэ?” гэтэл “Нина гэж хүн байна уу?” гэж асуучихаад явсан. Түүний дараа их удалгүй техникч Батболд орж ирээд “миний багажтай цүнх алга болчихлоо, сандал дээр орхисон байсан” гэсэн.
...тэр настайвтар эмэгтэй л авсан байх аа.  Өөр хүн тухайн үед орж ирээгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 52 дахь тал/,
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 71 дэх тал/,
-Үнэлгээний комиссын үнэлгээ /хэргийн 72, 73, 75-76 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч *** нь 2013 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын “Өргөө” багт байрлах 16 байранд байдаг “***”кабелийн телевизийн байрнаас ажилтан *** ын багаж хэрэгсэлтэй цүнхийг хулгайлан 221850 төгрөгийн хохирол учруулсан, 2014 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Дархан-Уул аймаг Дархан сумын 13 дугаар багт байрлах Нэгдсэн эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт нөхрөө сахиж байсан *** ийн цүнхтэй эд зүйл болон 800000 төгрөг, куртикийг хулгайлан 1060000 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2014 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Дархан” их дэлгүүр дотор үйлчлүүлж байсан *** ын түрүүвчтэй 40000 төгрөгийг хулгайлж 200000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг давтан үйлдсэн болох нь нотлогдож байх бөгөөд түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.    
    
    Иймд шүүгдэгч ***ыг бусдын эд хөрөнгө хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг давтан үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
    
    Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрөөс шүүгдэгч *** нь огт төлж барагдуулаагүй байх тул үнэлгээний комиссын гаргасан үнэлгээний дагуу шүүгдэгч ***аас нийт 1331850 /нэг сая гурван зуун гучин нэгэн мянга найман зуун тавин/ төгрөг гаргуулж, хохирогч ***  тоотод оршин суух *** д 910000 /есөн зуун арван мянга/ төгрөг, хохирогч *** тоотод оршин суух *** д 200000 /хоёр зуун мянга/ төгрөг, хохирогч “*** ” ХХК-нд  221850 /хоёр зуун хорин нэгэн мянга найман зуун тавь/ төгрөгийг тус тус олгох нь зүйтэй байна.
    
Шүүгдэгч ***ын үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, өөрийн гэсэн эд хөрөнгө байхгүй болох нь мөрдөн байцаалтын шатанд тогтоогдсон байх тул эд хөрөнгө хураах нэмэгдэл ял оногдуулахгүй байх нь зүйтэй гэж үзлээ.

    Шүүгдэгч *** нь нас барсан хүүгийнхээ 5 настай охинтой хамт амьдардаг гэх боловч энэ талаар гэрч *** л мөрдөн байцаалтын шатанд “...манай охин буюу түүний ач 5 настай охин Мөнхтунгалаг түр хамт байгаа. Тунгалаг нь бие муутай, ганцаардаад хамт байлгаач гээд байхаар нь *** гыг хамт байлгаж байгаа юм.” гэж мэдүүлсэн /хэргийн 65 дахь тал/ байна. Тэрээр ач охин *** ыг албан ёсоор үрчилж аваагүй, ач охиных нь эх ***  эх байх эрхээ хасуулаагүй байх тул түүний ач охин *** гын асрамжийн асуудлыг шийдвэрлэх шаардлагагүй байна.

Шүүгдэгч *** нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэв.
 
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283 дугаар зүйлийн 283.1, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297, 298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

    1. Шүүгдэгч ***ыг бусдын эд хөрөнгө хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг давтан үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
    
    2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч ***т эд хөрөнгө хураахгүйгээр 4 /дөрвөн/ сар баривчлах ял шийтгэсүгэй.

    3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298.1.2-т зааснаар шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

    4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч ***аас нийт 1331850 /нэг сая гурван зуун гучин нэгэн мянга найман зуун тавин/ төгрөг гаргуулж, хохирогч ***тоотод оршин суух ***д 910000 /есөн зуун арван мянга/ төгрөг, хохирогч *** тоотод оршин суух ***д 200000 /хоёр зуун мянга/ төгрөг, хохирогч “***” ХХК-нд  221850 /хоёр зуун хорин нэгэн мянга найман зуун тавь/ төгрөгийг тус тус олгосугай.

    5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ***т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

    6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.    

    7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ            Я.ТУУЛ