Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2014 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 2014/ШЦТ/0094

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2014/0099/Э/

Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр, 
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дүүрэнжаргал,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Лхамсүрэн
Хохирогч *** ,
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв. 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас ***д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн 201409000230 дугаартай хэргийг 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ***, ***  төрсөн, *** , дээд боловсролтой, ***  тоотод оршин суух *** улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй,  

Шүүгдэгч *** нь 2013 оны 10 сард “ *** ” ХК-д худалдааны төлөөлөгчөөр ажилд ороод Орхон аймаг руу борлуулалт хийж ажиллаж байх хугацаандаа 2013 оны жилийн эцсийн 12 дугаар сарын тооллого тооцоо, 2014 оны 1 дүгээр сарын тооллого тооцоогоор өөрийн борлуулалтын хөрөнгө болох бэлэн мөнгөнөөс 1.721.793 төгрөгийг хувьдаа завшсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

- Шүүгдэгч *** ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2013 оны 10 дугаар сард “***” ХК-д ажилд орсон. Би бараг цалин авч байгаагүй, нэг удаа 150.000 төгрөг, дараа нь 70.000 төгрөг авч байсан. Өдрийн орлогоосоо бага багаар хэрэглэж байгаад ийм болсон. Тамхи, ундаа, гэртээ хоол унд гэж аваад байрны түрээсийн мөнгө нэг удаа өгч байсан. Сарын 180.000-200.000 төгрөгийн цалин авдаг байсан. Энэ мөнгө тэгээд өрөнд суутгагдаад дуусдаг. Тухайн үед хүүхдүүд маань бага байсан болохоор аваад хэрэглэчихдэг байсан юм. Цалингийн хэмжээг гэрээгээр тохирсон зүйл бол байхгүй. Анх намайг ажил асууж залгахад цалин 400.000-500.000 төгрөг гэж байсан. Сард 18.000.000 төгрөгийн борлуулалт хийх юм бол урамшуулал гэж цалин бодогдоно гэж хэлж байсан. Тэр нормонд хүрэхгүй байсан болохоор 200.000 төгрөг авч байсан юм. Хохирол төлбөрөө төлж барагдуулсан.” гэх мэдүүлэг. 
-Хохирогч ***ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2013 онд “ *** ” ХК-д хүний нөөцөөр ажиллаж байгаад энэ хүнийг сонгож авсан. Энэ хүн Эрдэнэт хотын борлуулагч байсан. Өглөө яваад хоноод маргааш нь амардаг байсан. 12 сард тооцоо хийхэд 500.000 төгрөг дутуу байсан, тэгээд өөрөө хүлээн зөвшөөрч байсан. Мөн зээл өгсөн гээд тэр дагуу шалгахад худлаа зээл байсан. Худалдагчтай нь хуйвалдаад явж байсан нь тогтоогдсон. Өөрийнх нь төлөх хугацааг өгсөн. Өр төлбөр нэмэгдээд байсан болохоор ажлаас нь халж, цагдаад хүсэлт гаргасан байгаа. Хохирол төлсөн болохоор гомдолгүй. Цалинг зарсан орлогоосоо хамаарч урамшуулалд хамрагддаг байсан. 18.000.000 төгрөгийн төлөвлөгөө биелүүлэх юм бол 200.000 төгрөг нэмж өгдөг байсан. Манай борлуулагч нар дундажаар 350.000-500.000 төгрөг  авдаг.” гэх мэдүүлэг. 

Хохирогч *** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “*** ХК-д ***  нь худалдааны төлөөлөгчөөр ажилд орж Орхон аймаг руу бараа бүтээгдэхүүнийг машинтай явж түгээлт хийдэг байсан. 2014 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс өр дутагдал гаргасан учраас ажлаас халсан. *** нь бараа бүтээгдэхүүнээ урд өдөр нь ажлын цагаар авч бэлдээд, маргааш өглөө нь явж борлуулалтаа хийж дуусаад орой нь ирээд *** гэж борлуулалт тооцооны нягтлантай баримтаараа тулгалт тооцоо хийгээд орлогын бэлэн мөнгөө орлого авдаг жижүүрүүдэд тушаадаг юм. 2013 оны 10 сараас ажилд ороод хөдөлмөрийн гэрээ байгуулаад ажиллаж байх хугацаандаа сар бүр янз бүрийн хэмжээгээр дутагдал гаргаад цалингаасаа төлдөг байсан. 2013 оны жилийн эцсийн тооцоогоор 483.155 төгрөгийн үлдэгдэл дутагдалтай гарсан. Тэгээд 2014 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар 1 дүгээр сарын өр дутагдал нь 1.176.088 төгрөг болсон байсан. Мөн үүн дээр нь ***ийн өмнөх борлуулаг болох ***ын зээлээр өгсөн 113.600 төгрөгийн бүтээгдэхүүний мөнгийг дэлгүүрээс нь авсан мөртлөө нягтлантай авсан талаараа тооцоо хийлгүй чимээгүй өөрөө ашигласан байсан. Ингээд нийтдээ 1.721.793 төгрөгийг хувьдаа ашиглаж байгууллагад хохирол учруулсан. Дотоод аудитын ажилтан *** өөрийн биеэр газар дээр нь очиж зээл тооцоотой нь тулгаж дээрх өр дутагдлыг нягтлан ***тай тулга гаргасан ирсэн тооцоо байгаа юм. ***  нь дээрх мөнгийг ашиглахдаа бэлнээр ашиглах буюу эсвэл бэлнээр борлуулалт хийчихээд түүнийгээ зээлээр өгсөн болгож хуурамч падаан бичээд мөнгийг нь хувьдаа хэрэглэх байдлаар ашиглаж байсан байна.” гэх мэдүүлэг /хэргийн 12-14 дэх тал/ 

Гэрч *** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Миний үндсэн ажил бол борлуулагч нартай өдөр бүр гар тайланг нь хүлээн авч тулгаад сарын эцэст борлуулагч бүртэй тооцоо нийлж акт үйлдээд хүн бүрээр гаргадаг. Уг актад өөрсдөөр нь гарын үсэг зуруулдаг юм. ***ийн тухайд 2013 оны 10 дугаар сард ажилд орсноос 2013 оны 12 дугаар сарын жилийн эцсийн тооцоо бодоход цалинг нь суутгаад 483.155 төгрөгийн өртэй үлдсэн. Энэ мөнгө нь дандаа сарын эцсийн тооцоогоор зээлийн үлдэгдлийг нь шалгаж үзэхэд хуурамч зээл болж гарч ирсэн өр юм. 2014 оны 1 дүгээр сары дундуур дахин шалгаж үзэхэд дахиад хуурамч зээлийн падаан бичиж орлогын мөнгийг хувьдаа ашигласан зөрчил илэрсэн. Ингээд 1 сарын 21-нээр тасалж тооцоо бодож акт үйлдэхэд өмнөх сарын үлдэгдэл нийлээд 1.721.792 төгрөгийг хувьдаа ашигласан зөрчил илэрсэн.
  
Гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “*** ийн тухайд Эрдэнэт чиглэлд борлуулалт хийдэг. 2013 оны 12 сарын байдлаар би Эрдэнэт явж шалгалт хийхэд надад гаргаж өгснөөр бол жижиг зээл гэж 1.755.350 төгрөг байснаас шалгалтаар 666.200 төгрөгийн баримт нь зээл биш хуурамчаар зээл гэж бичиж мөнгө ашигласан байсан. Энэ нь 12 сарын үлдэгдэл дутагдал гэж гараад 1 сарн 2-ны өдрийн байдлаар гаргаж өгсөн тооцоогоор зээл нь 1.089.150 төгрөг байсан. Үүнийг нь аваад 3-нд дахин явж шалгахад ямар нэгэн зөрчил нэмж илрээгүй. Үүнийн дараа 1 сарын 11-нд дахин явж шалгахад бас асуудалгүй байж байгаад 1 сарын 21-нд дахин явахад *** нь хамт явсан юм. Тэгээд шалгахад зээлтэй дэлгүүрүүд нь надад тооцоо хийж өгөөд байсан юм. Тэгээд эргэж хамт ирээд орлогоо тушаасан. Маргааш өглөө нь тооцоо шахаад үзэхэд бэлнээр байх ёстой мөнгөнөөс их дутагдсан. Тэгээд асууж шалгахад үрээгүй, хуурамч зээл байсныгаа хамт явах үедээ түрүүлж ороод орлогын мөнгөнөөсөө өгүүлээд зээлээ хаалгаад байсан. Энэ маягаар хуурамч зээл бичиж, мөн бэлэн мөнгөнөөсөө өөрөө ашиглах байдлаар нийтдээ 1.721.793 төгрөгийн дутагдал гарсан байсан. Би яг нийт орлого зарлагыг бодож гаргадаг хүн нь биш, гаргасан тооцоо баримтыг явж үнэн эсэхийг магадлан шалгадаг юм.” гэх мэдүүлэг, /хэргийн 17 дахь тал/          
- “***” ХК-ийн нягтлан бодогч *** нарын “Бараа материалын тооцоо бодсон акт” /хэргийн 5 дахь тал/ 
-    Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 30 дахь тал/,
- Эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх гэрээ, хөдөлмөрийн гэрээ /хэргийн 35-38 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч ***ийг “***” ХК-д худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа өөрийн борлуулалтын хөрөнгө болох бэлэн мөнгөнөөс 1.721.793 төгрөгийг завшсан гэмт хэрэгт холбогдуулан аймгийн прокурорын газраас яллагдагчаар татах тогтоол баталж, хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүгдэгч *** нь 2013 оны 10 сард “***” ХК-д худалдааны төлөөлөгчөөр ажилд ороод Орхон аймаг руу борлуулалт хийж ажиллаж байх хугацаандаа 2013 оны жилийн эцсийн 12 дугаар сарын тооллого тооцоо, 2014 оны 1 дүгээр сарын тооллого тооцоогоор өөрийн борлуулалтын хөрөнгө болох бэлэн мөнгөнөөс 1.721.793 төгрөгийг хувьдаа завшсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн баримтуудаар нотлогдож байх тул аймгийн прокурорын газраас түүний үйлдлийг  зүйлчилсэн  хуулийн  зүйл, хэсэг зөв байна.
    Иймд шүүгдэгч ***ийг байгууллагын эд хөрөнгийг итгэмжлэгдэн хариуцсан үедээ завшиж, үрэгдүүлсний улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
    Шүүгдэгч ***ийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хэргийн 30 дахь тал/ байх тул шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч ***1.721.793 төгрөгийг “***” ХК-д төлсөн болох нь хохирогч ***ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгээр нотлогдож байх бөгөөд шүүгдэгч *** нь хөнгөн  гэмт  хэрэг  анх  удаа  үйлдсэн,  хохирогч, 
шүүгдэгч нар сайн дураар эвлэрсэн, учруулсан хохирлоо бүрэн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-т заасныг баримтлан ***д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, П.Лхагвадэмбэрлийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

    Шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурьдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгохоор шийдвэрлэснийг дурьдаад

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283 дугаар зүйлийн 283.1, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297,298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

    1. Шүүгдэгч ***ийг байгууллагын эд хөрөнгийг итгэмжлэгдэн хариуцсан үедээ завшиж, үрэгдүүлсний улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

    2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар шүүгдэгч *** д холбогдох 201409000230 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, ***ийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

    3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1-т заасныг баримтлан *** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

    4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

    5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.    

    6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***д батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ            Я.ТУУЛ