Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2026/0337

 

 

 

 

 

 

 

 

 

 

М.Б-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Хонинхүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч М.Цэцэгмаа

Илтгэсэн шүүгч Б.Адъяасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.П

Нэхэмжлэгч: М.Б

Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын Засаг дарга

Гуравдагч этгээд: Б.Б

Нэхэмжлэлийн шаардлага: Улаангом сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 18/15 дугаар тогтоолын хавсралтын маргаан бүхий газарт холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгох, Улаангом сумын Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/401 дугаар бүхий “Газар эзэмших эрхийн дуудлага худалдааг явуулах тухай” захирамжийн маргаан бүхий газарт холбогдох хэсгийг болон 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 124/ШШ2026/0011 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.У

Хариуцагч Увс аймгийн Улаангом сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б

Хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А

Гуравдагч этгээд Б.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг

Хэргийн индекс: 124/2025/0008/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 1. Анх нэхэмжлэгч М.Б-оос 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулагдсан газар эзэмших эрх олгох дуудлага худалдааг хүчингүй болгож, дахин дуудлага худалдаа зохион байгуулахыг Улаангом сумын Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа “Улаангом сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 18/15 дугаар тогтоолын хавсралтын маргаан бүхий газарт холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгох, Улаангом сумын Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/401 дугаар бүхий “Газар эзэмших эрхийн дуудлага худалдааг явуулах тухай” захирамжийн маргаан бүхий газарт холбогдох хэсгийг болон 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дуудлага худалдааг хүчингүй болгуулах” гэж өөрчилсөн.  

 3. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 124/ШШ2026/0011 дүгээр шийдвэрээр Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 4 дүгээр зүйлийн 4.1.3, 4.1.7, 20 дугаар зүйлийн 20.1.7, 21 дүгээр зүйлийн 21.3.2, 31 дүгээр зүйлийн 31.1.12 дахь заалтуудыг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Бын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

 4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.П-ын давж заалдах гомдлын агуулга:

 “Тухайн газар инженерийн шугам сүлжээ бүхий газар бөгөөд Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-т аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ гэж заасны дагуу уг асуудлыг шийдвэрлэхэд тухайн сумын Засаг даргын саналыг авсан байна гэж заасны дагуу аймгийн ИТХ-аар хэлэлцүүлэн аймгийн Засаг даргын захирамжаар шийдвэрлэх шаардлагатай байсан гэж шийдвэрлэсэн нь хууль зөрчиж байна.

 Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-т аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэхдээ тухайн сумын Засаг даргын саналыг авсан байна гэж заасан байдаг. Энэ нь Улаангом сумын Засаг даргын захирамжаар газар эзэмшүүлж болохгүй гэсэн ойлголт биш гэж үзэж байна. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг боловсруулахдаа Улаангом сумын Засаг даргаас тухай бүр санал авдаг мөн инженерийн шугам, сүлжээ гэх ойлголтод Авто зам, Цахилгааны шугам, шилэн кабель, цэвэр усны шугам, бохирын шугам, дулааны шугам зэрэг бүх шугам хамаарагддаг. Иймд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэхээр зөвшилцсөнөөс бусад газрыг Улаангом сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.2-т Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх гэж заасны дагуу шийдвэрлэх бүрэн боломжтой.

 Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар шийдвэрлэх боломжтой инженерийн шугам сүлжээ бүхий газрыг зааглаж гаргасан хурлын тогтоол албажиж гараагүй байдаг.

 Газрын дуудлага худалдааг газрын цахим биржийн mle.mn сайтаар зохион байгуулагддаг аймгийн Засаг дарга дуудлага худалдаа зарлах, сумын Засаг дарга дуудлага худалдаа зарласан ч дуудлагын процесс ажиллагаанд өөрчлөлт орохгүй. Дуудлага худалдааны орлого нь аймгийн хэмжээнд аймгийн төрийн сангийн дансанд төвлөрдөг.

 Улаангом сумын Засаг дарга өөрөө биечлэн өгсөн саналыг харгалзан үзэх талаар шүүх ажил хийгээгүй шууд шийдсэн байдаг. Шүүгч хэргийг олон талаас нь нотлох баримтыг цуглуулж шийдэж байгаад шийдэх байтал тэгж ажилласангүй.

 Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэж дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ. 

ХЯНАВАЛ:

 

             1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэр тус хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

             2. Нэхэмжлэгч М.Боос анх нэхэмжлэлийн шаардлагаа “2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулагдсан газар эзэмших эрх олгох дуудлага худалдааг хүчингүй болгож, дахин дуудлага худалдаа зохион байгуулахыг Улаангом сумын Засаг даргад даалгах” гэж тодорхойлсон.

2.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч М.Б-оос Увс аймгийн Улаангом сумын Засаг дарга, тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус холбогдуулан “Улаангом сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 18/15 дугаар тогтоолын хавсралтын маргаан бүхий газарт холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгох, Улаангом сумын Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/401 дугаар бүхий “Газар эзэмших эрхийн дуудлага худалдааг явуулах тухай” захирамжийн маргаан бүхий газарт холбогдох хэсгийг болон 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дуудлага худалдааг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн.

            3. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 124/ШШ2026/0011 дүгээр шийдвэрээр Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 4 дүгээр зүйлийн 4.1.3, 4.1.7, 20 дугаар зүйлийн 20.1.7, 21 дүгээр зүйлийн 21.3.2, 31 дүгээр зүйлийн 31.1.12 дахь заалтуудыг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Бын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

            4. Хэргийн үйл баримтын тухайд,

            4.1. 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Улаангом сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай” 18/15 дугаартай тогтоолоор маргаан бүхий 0.009 га буюу 91 м.кв газрыг дуудлага худалдаагаар эзэмшүүлэхээр баталсан.

            4.2. Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/401 дүгээр захирамжаар Улаангом сумын 12 дугаар багийн нутагт захын дотор 91 м.кв газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар нээлттэй дуудлага худалдааны зарчмаар эзэмшүүлэхээр шийдвэрлэн, захирамжийн хавсралтаар 91 м.кв газрын дуудлага худалдааны анхны үнийг 728,000 төгрөгөөр тогтоосон байна.

            4.3. Тус маргаан бүхий газарт нэхэмжлэгч М.Б нь 2003 онд “М Б” нэртэй гэр ахуй, жижиг барааны дэлгүүрийн барилга барьж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авч, 23 жил дэлгүүрийн үйл ажиллагаа явуулж байгаа болох нь тогтоогдсон.

            4.4. Маргаан бүхий газрыг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр газар эзэмшүүлэх дуудлага худалдаа газрын биржийн MLE.MN цахим системээр зохион байгуулагдаж, иргэн Б.М, Б.Б, М.Б нар оролцож, Б.Б 54,978,000 төгрөгийн санал гаргаснаар ялагч болж, түүнд Улаангом сумын Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/06 дугаар захирамжаар 91 м.кв газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн.

            5. Хууль зүйн зохицуулалтын тухайд.

            5.1.Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “газар эзэмших" гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг” ойлгохоор, 6 дугаар зүйлийн 6.1-т “Газрыг Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн /цаашид "иргэн" гэх/, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуульд заасны дагуу эзэмшиж ашиглана”, 20 дугаар зүйлийн 20.1-т “Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газрын харилцааны талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 20.1.2-т “тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах”, 20.2-т “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 20.2.1-т “нутаг дэвсгэртээ газрын талаар төрөөс явуулах нэгдсэн бодлого, газрын тухай хууль тогтоомж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж хангах” гэж,

           5.2. Мөн Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-т “Аймгийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 21.3.2-т “аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд тухайн сумын Засаг даргын саналыг авсан байна”, 33 дугаар зүйлийн 33.1.1-т “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу аймаг, сум, нийслэлийн Засаг дарга гаргана”, 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар … газар эзэмшүүлэх асуудлыг аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ…” гэж тус тус заасан.

             6. Хэрэгт авагдсан баримтаар маргаан бүхий газар нь инженерийн шугам, сүлжээ бүхий газар болох нь тогтоогдсон бөгөөд уг газрыг эзэмшүүлэх асуудлыг Газрын тухай хуульд зааснаар сумын Засаг даргын саналыг үндэслэн гагцхүү аймгийн Засаг дарга шийдвэрлэх эрхтэй байна.

             7. Гэтэл тус инженерийн шугам, сүлжээ бүхий газрыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны “Улаангом сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөө”-д нээлттэй дуудлага худалдааны зарчмаар бусдад эзэмшүүлэхээр тусгаж, тус газрыг эзэмшүүлэх эрхгүй этгээд болох Улаангом сумын Засаг даргаас нээлттэй дуудлага худалдаа зохион байгуулан эзэмшүүлсэн нь хуульд нийцээгүй.

            8. Түүнчлэн Засгийн газрын 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 121 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын 1.3-т “Энэ журамд заасан газрын гэрчилгээ олгох болон бүртгэх асуудлыг доор дурдсан дарааллыг баримтлан энэ журамд заасны дагуу шийдвэрлэнэ”, 1.3.1-т “хүсэлт хүлээн авах”, 1.3.2-т “хүсэлтийг судлах, нягтлан шалгах”, 1.8 дугаар зүйлд “Газрын алба нь хүсэлтэд дурдсан газрын байршил, хэмжээг мэдээллийн сангаар дамжуулан авч сансрын зурагтай давхцуулан нягталж, хил заагийн дагуу бусдын эзэмшил, ашиглалт болон хориглолт, хамгаалалтын бүс, улсын тусгай хэрэгцээний газар, хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайтай давхцаж байгаа эсэхийг шалгана” гэж зохицуулсан.

            9. Дээрх хууль, журмын зохицуулалтаас үзэхэд, газар эзэмшүүлэх эрх бүхий албан тушаалтан өөрийн хуульд заасан эрх хэмжээний хүрээнд газар эзэмшүүлэх хүсэлтийг шийдвэрлэхдээ бодит нөхцөл байдлыг шалган тогтоосны үндсэн дээр хуульд заасан нөхцөл журмын дагуу эзэмшүүлэх ёстой. Гэтэл өөрт олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлж, маргаан бүхий газарт 2003 оноос дэлгүүр барьж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ авсан иргэний өмчлөх эрхэд халдах байдлаар бусдад газар эзэмших эрх олгосон нь хууль бус болжээ.

            10. Энэ талаарх анхан шатны шүүхийн “...дуудлага худалдааны ялагчид эрхийн доголдолгүй, эрх зүйн ямар нэгэн маргаангүй, ... үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авсан үл хөдлөх хөрөнгө байрлах газрыг нээлттэй дуудлага худалдаагаар бусдад эзэмшүүлсэн нь дээрх хуулийн зохицуулалттай нийцээгүйгээс гадна Газрын тухай хуульд заасан газар дээрх үл хөдлөх хөрөнгө нь тухайн газрын бүрдэл хэсэг байх зарчмыг зөрчсөн байна...” гэх дүгнэлт үндэслэлтэй.

           11. Нэхэмжлэгч талын “...Эрчим хүчний тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан холбогдох журмын заалтыг зөрчсөн” гэх тайлбарын тухайд:

           11.1. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 97 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм”-д зааснаар хамгаалалтын зурвасыг цахилгаан дамжуулах 1 кв хүртэлх шугамнаас 1-1.5 метр, дулааны шугамнаас 500 мм хүртэлх голчтой тохиолдолд 5 метрийн зайтай байхаар тус тус тогтоосон.

           11.2. Хэрэгт авагдсан баримт болон үзлэг хийсэн тэмдэглэлээр маргаан бүхий газарт байрлаж буй үл хөдлөх хөрөнгийн дээгүүр цахилгаан дамжуулах 0.4 кв агаарын шугам 1.09-1.14 метрийн зайтай, дулааны шугамнаас 5.9-6 метрийн зайтай байгаагаас үзэхэд эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэмд заасан хамгаалалтын бүстэй давхцаагүй талаарх анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

  Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 124/ШШ2026/0011 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

          ШҮҮГЧ                                                Н.ХОНИНХҮҮ

 

    ШҮҮГЧ                                                М.ЦЭЦЭГМАА

 

                          ШҮҮГЧ                                                Б.АДЪЯАСҮРЭН