Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 95

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

          Нарийн бичгийн дарга Б.Батбаяр,

          Улсын яллагч Э.Оюунтунгалаг,

          Шүүгдэгч Э.Баасандорж, Г.Бат-Эрдэнэ, тэдгээрийн өмгөөлөгч А.Мөнхсайхан /0741/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Д танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанаар:

         

          Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Баасандорж, Г.Бат-Эрдэнэ нарт холбогдох 2016 2501 2789 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                         

          Шүүгдэгч нарын биеийн байцаалтын товч мэдээлэл:

          1. Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1997 оны 12 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 7, эцэг, эх, ах, бэр эгч, 2 дүүгийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Зангиатын 11 дүгээр гудамжны 18 тоотод оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан шагналгүй, Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 166 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6, 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 7 сарын хорих ял шийтгүүлж, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 184 дүгээр захирамжаар эдлээгүй үлдсэн 5 сар 28 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, бие эрүүл, ухаан бүрэн, Баска гэж дууддаг гэх, Хуваа овогт Энхтүвшингийн Баасандорж /РД:ЖЮ97121233/,

         

          2. Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1997 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн, 19 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ах, эгч, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 16-р хороо Согоотын 84-р гудамжны 1218 тоотод оршин суудаг, улсаас авсан шагналгүй, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1486 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, бие эрүүл, ухаан бүрэн, Бондгор гэж дууддаг гэх, Боржигон овогт Ганцэцэгийн Бат-Эрдэнэ /РД:УШ97091211/,

 

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн товч агуулга:

          Э.Баасандорж, Г.Бат-эрдэнэ нар нь бүлэглэн 2016 оны 07 дугаар сарын 02-ны шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” худалдааны төвийн өргөтгөл хэсгийн автомашины зогсоолд байсан 66-64 ӨМА улсын дугаартай ачааны автомашинаас хайрцагтай эм бэлдмэл хулгайлж, иргэн Д.Амартүвшинд 692.710 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Баасандоржийн өгсөн: “Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн тул өөр нэмж ярих зүйлгүй” гэх мэдүүлэг,

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Бат-Эрдэнийн өгсөн: “Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн тул өөр нэмж ярих зүйлгүй” гэх мэдүүлэг,

 

          Мөрдөн байцаалтанд хохирогч Д.Амартүвшингийн өгсөн: “... 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Нарантуул захын өргөтгөлийн Өмнөговь явдаг ачааны машинуудын зогсоол дээр өөрийн 66-64 ӨМА улсын дугаартай Исүзү маркийн машин дээр хүмүүсийн ачуулж Өмнөговь аймагт хүргүүлэх ачаануудыг өглөөнөөс орой хүртэл ачиж байгаад орой 23 цагийн үед Өмнөговь аймагт байрлах Оюу эмийн сангийн захиалсан 2 хайрцагтай эмнээс 1 хайрцагтай эмийг нь хулгайд алдсан. Тэгээд тэр хавиар авсан хүн байгаа эсэх талаар хайгаад олоогүй тэгээд буцаад ирчихээд ачаагаа татаж байсан чинь 2 эрэгтэй хүн хажуугаар өнгөрсөн тэгээд тэр хоёрыг сэжиглээд манай хажуу талын машины жолооч Мөнхөө, Батаа 2 араас нь дагаж явсан... тэгээд тэндээс салаад Нарантуул захын урдуур чигээрээ явахаар нь араас нь явсан чинь хогийн тэндээс нэг хайрцагтай юм аваад хашаа давуулаад таксинд суугаад яваад өгсөн тэгээд цагдаад дуудлага өгөөд өргөдөл гаргасан... 17 төрлийн 794560 төгрөгний эмнүүд жагсаалтанд байснаас дутсан” гэх мэдүүлэг...  /хх.14-15/,

 

          Мөрдөн байцаалтанд гэрч Ү.Үнэнбатын өгсөн: “... 2016 оны 07 сарын 02-ны шөнө 23 цагийн орчим Амартүвшин ах машин дээрээ ачаагаа ачиж байхаар нь би очиж тусалсан, тэгээд ачаа хамт ачиж байтал ачсан байсан ачааны дундаас нэг хайрцагтай юм алга болчихсон байна гэж Амартүвшин ах хэлсэн, тэгээд би очоод харсан чинь нээрээ нэг цаасан хайрцагтай бараа байхгүй байсан. Тэгээд би хайх зорилгоор машинаас буугаад Чандмань зочид буудлын хажуугаар урд төв зам руу гараад харсан, ойр хавьд харагдах зүйл байгаагүй тэгээд би буцаад машин дээр нь очсон, тэгсэн хажуугаар 2 залуу өнгөрсөн тэр 2-г энэ хоёр биш байгаа гээд Амараа ахтай ярилцаж байгаад нөгөө залууг явахаар нь би бас Өмнөговь руу тээвэрт явдаг Мөнхөө гэдэг жолоочтой араас нь дагасан тэгсэн тэр 2 залуу Чандмань төвийн араар нь гараад Өргөтгөлийн баруун хаалгаар гарч явсан тэгээд хойноос нь явсан чинь хурдан, хурдан алхаад эргэж хараад яваад байхаар нь сэжигтэй санагдаад араас нь дагасан чинь тэр 2 Нарантуул захын хашаан дотор явж байгаад хоёулаа салаад намхан биетэй залуу нь төв зам руу гараад такси барьсан нөгөө залуу нь чигээрээ баруун тийшээ гүйгээд явсан тэгээд захын урд байдаг хогийн цэгийн цаагуур нь гүйгээд орчихсон, тэгсэн нөгөө такси барьсан залуу нь такситайгаа хогийн цэгийн тэндээс хайрцагтай юм бариад машинд суухаар нь бид 2 араас нь хөөгөөд замаас такси бариад хөөсөн боловч нөгөө машин уулзвараар хойшоо эргээд явсан, бид 2 гэрлэн дохион дээр амжихгүй үлдээд алдчихсан. Машины номерыг харж амжаагүй зайтай байсан болохоор улаан шар өнгийн суудлын тэрэг байсан... Хоёулаа залуухан өндөр намхан 2 хүмүүс байсан, нас нь ойролцоогоор 19-20 орчим, намхан нь 160 см орчим өндөртэй, өндөр нь 177 см орчим өндөртэй хүн байсан царай төрх, хувцасыг нь анзаараагүй...” гэх мэдүүлэг /хх.27-28/,

 

          Мөрдөн байцаалтанд гэрч Б.Алтанцэцэгийн өгсөн: “... 2016 оны 10 дугаар сарын эхээр байна уу, дундуур байна уу Бат-Эрдэнэ, Мөнхбатын гэрт ирээд би Нарантуул зах дээр хулгайн хэргээр шалгагдаж байгаа гэж хэлсэн байсан... Одоо миний санаж байгаагаар 2016 оны 08 дугаар сарын сүүлээр түрээсийн хашаанаас нүүх гээд байж байхад манай түрээсийн хашааны хогон дээр бананы цаасан хайрцагт эм байсан. Миний харахаар аскорутины хүчил байх шиг байсан. Тэгээд машиндаа хогоороо яах гээд байгаа юм бэ гэж хэлээд хаяуулсан юм. Мөн түрээсийн хашаанаас нүүхээс өмнө манай хашаагаар боодолтой аскорутины хүчил хаа сайгүй байсан юм. Энэ цаасан хайрцагтай эд зүйлийн талаар Бат-Эрдэнээс асуухад Баасандоржтой хамт явж байгаад хулгай хийсэн гэж байсан. Хаанаас хулгайлсан талаараа надад хэлээгүй...” гэх мэдүүлэг /хх.81/,

 

          Мөрдөн байцаалтанд Э.Баасандоржийн сэжигтнээр өгсөн: “... 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Нарантуул захын ард гудамжинд байрлах Мөнхбатын гэрт нь зарах шорлогны мах Бондгор гээд найзтайгаа хамт чанаж байгаад орой гадаа харанхуй болж байхад махаа чанаж дууссан, тэгээд мах чанаж байхдаа Бондгор бид 2 нэг шил 0,5 граммтай Монгол стандарт архи хувааж уусан, тэгээд бид 2 махаа чанаж дууссан тул гэрт хийх юм байхгүй байсан болохоор Цэцэрлэгт хүрээлэн дээр шорлог зарж байгаа найзууд дээр очихоор Мөнхбатын гэрээс гараад Нарантуул захын хойд хаалгаар ороод урагшаа явж байгаад Өргөтгөлөөр орж үзье гээд Өргөтгөл рүү орсон, тэгээд тэр хавиар явж байгаад хөдөөний машины дундуур орсон, тэгээд Чандмань төвийн зүүн урд нь байдаг том ачааны машинуудын дундуур явж байгаад баруун тийшээ хараад зогсчихсон ачаан дээр бараа ачиж байсан машины жолоочийн эсрэг талын хаалга буюу баруун талын хаалганы чанх ард талд ачсан байсан ачаанаас нэг хайрцагтай юм авсан, тэгсэн хүн ирж байхаар нь яг хойд талынх нь машины доогуур хийсэн тэгээд Бондгор бид 2 бүх машиныг тойроод буцаж ирээд нөгөө доогуур хийсэн хайрцагтай юмаа аваад Чандмань төвийн урд талаар гараад Нарантуул захын хашаа руу орсон, тэгээд баруун тийшээ явсаар байгаад Нарантуул захын урд зогсоол дээр байдаг хогийн цэг дээр очоод нөгөө хайрцагтай юмаа задлаад үзсэн чинь дотор нь баахан эм байхаар нь тэнд нуучихаад бид 2 хамт зам уруу гараад такси барьсан, тэгээд таксинд Бондгор үлдээд би хогийн цэг дээр нуусан хайрцагтай юмаа авч ирсэн. Тэгээд такситайгаа Халдвартын эцэс ороод Мөнхбатын гэрт нь очсон, тэгээд хашааг нь давуулж хогон дээр нь тавиад буцааж аваад гэрийнх нь зүүн хойно нууж тавьсан тэгээд бид 2 хүрээлэн дээр байж байсан чинь бид нараар шорлог заруулдаг Улаанаа эгч ирээд Бондгорыг архи уучихсан байна гээд машиндаа суулгаад аваад явсан. Тэгээд бид нар шорлогнуудаа зарж дуусаад Мөнхбатын гэрт очиж унтсан...” гэх мэдүүлэг /хх.62-63/,

 

          Мөрдөн байцаалтанд Г. Бат-Эрдэнийн сэжигтнээр өгсөн: “... 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдөр найз Баасандоржийн хамт найз Өөжийгийн гэрт нь шорлогны мах чанаж байхдаа бид 2 хамт 1 шил 0,5 граммтай архи хувааж уусан, тэгээд махаа чанаж дуусчихаад Өөжийгийн гэрээс гараад бид 2 Цэцэрлэгт хүрээлэн орохоор явж байсан, тэгээд бид 2 Нарантуул худалдааны төвийн хойд талын хаалгаар орж ирээд явж байгаад Баасандорж Өргөтгөл орж жоохон бильяард харья хүн байна уу гээд бид 2 Өргөтгөл орсон чинь хүн байгаагүй, тэгээд бид 2 цаашаагаа хөдөөний ачаа ачдаг том машинуудын тийшээ явсан том машинууд дунд явж байгаад Баасандорж надад машин дээр ачсан байсан 1 хайрцагтай юмыг аваад надад өгсөн, тэрийг нь би авсан чинь хүн ирж явахаар машины доогуур нь хийсэн, тэгээд тэр хүнийг явахаар нь машинуудыг тойрч ирээд нөгөө машин доороос авсан хайрцагтай юм аа аваад урагшаа зам руу гараад зам дагаж баруун тийшээ алхаж байгаад захын машин ордог гардаг хаалган доогуур шургаад захын хашаан дотор байдаг хогийн цэг дээр очоод нөгөө хайрцагтай юмаа үзсэн чинь олон тооны эмнүүд байсан, тэгээд Баасандорж такси барьж ирээд би эмийг хашаан дээгүүр давуулж өгөөд тэгээд таксиндаа суугаад Нарантуулын ард байдаг шорлогны мах чанаж байсан найз Өөжийгийн гэрийн гадаа очоод нөгөө хайрцагтай эмээ гэрийнх нь ард талд хаяанд нь тавьчихаад Цэцэрлэгт хүрээлэн дээр шорлог зарж байсан найзууд дээрээ очсон, тэгээд тэнд байж байсан чинь Улаанаа гээд эгч ирээд яагаад архи уугаад байгаа юм бэ гэж загнаад намайг машиндаа суулгаад гэр лүүгээ авч явсан...” гэх мэдүүлэг /хх.101-102/,

 

          Г.Бат-Эрдэнийг сэжигтнээр тооцох тогтоол /хх.71/,

          Г.Бат-Эрдэнийг сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх.72-74/,

          Хохирогч Д.Амартүвшинг хохирогчоор дахин байцаасан тэмдэглэл /хх.80/,

          Иргэний нэхэмжлэгчээр Д.Оюунбаясгаланг байцаасан тэмдэглэл /хх.82/,

          Гэрч С.Амарсайханг байцаасан тэмдэглэл /хх.90-91/,

Хохирлын мөнгө хүлээн авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх.129/,

Эд зүйлийн үнэлгээ /хх.130-131/ зэрэг болно.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

          Мөрдөн  байцаалтад  гүйцэтгэвэл  зохих  ажиллагаа  бүрэн хийгдсэн, шүүхээс

хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шаардлагыг мөрдөн байцаалтын шатанд ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

          Э.Баасандорж, Г.Бат-эрдэнэ нар нь бүлэглэн 2016 оны 07 дугаар сарын 02-ны шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” худалдааны төвийн өргөтгөл хэсгийн автомашины зогсоолд зогсож байсан 66-64 ӨМА улсын дугаартай ачааны автомашинаас хайрцагтай эм бэлдмэл хулгайлж, иргэн Д.Амартүвшинд 692.710 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдлоо.

 

          Иймд шүүгдэгч Э.Баасандорж, Г.Бат-Эрдэнэ нарыг бусдын эд хөрөнгийг бүлэглэн хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

          Шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч Э.Баасандорж, Г.Бат-Эрдэнэ нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан бодит хохирлыг сайн дураар нөхөн төлж гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн ял хөнгөрүүлэх нөхцөл байдлууд, хохирогч Д.Амартүвшин нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, иргэний нэхэмжлэгч Д.Оюунбаясгалан нь гомдол саналгүй гэсэн, гэмт этгээдийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч нарыг нийгмээс тусгаарлаж хорих ял биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шийдвэрлэв.

         

          Э.Баасандорж нь Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 166 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6, 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 7 сарын хорих ял шийтгүүлж, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 184 дүгээр захирамжаар эдлээгүй үлдсэн 5 сар 28 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан боловч 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх заалтын дагуу ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацаа нь хэрэгсэхгүй болсон, Г.Бат-Эрдэнэ нь Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1486 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан учир шүүгдэгч нарын ялтайд тооцогдох хугацааг тус тус дууссан гэж үзнэ.

          Шүүгдэгч Э.Баасандорж, Г.Бат-Эрдэнэ нар нь эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогогүй байх тул тэдгээрт эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй байна.

 

          Бичиг үсэг мэдэхгүй, боловсрлогүй Г.Бат-Эрдэнээс анх сэжигтнээр мэдүүлэг /хх.70-71/ авахдаа өмгөөлөгч заавал оролцуулалгүй Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 40 дүгэр зүйлийн 40.1.3 дахь заалтыг ноцтой зөрчсөн байх боловч дараа нь түүнээс сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэг авахдаа өмгөөлөгч оролцуулсан байх тул сэжигтнээр авсан анхны мэдүүлгийг нь үнэлэлгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой юм.

 

          Э.Баасандорж, Г.Бат-Эрдэнэ нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, Э.Баасандорж нь хохирогч Д.Амартүвшинд хохирлын 350.000 төгрөгийг нөхөн төлсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдвал зохино.

 

          Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 286 дугаар зүйлүүд, 290 дүгээр зүйлийн 290.3 дах хэсэг, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Хуваа овогт Энхтүвшингийн Баасандорж, Боржигон овогт Ганцэцэгийн Бат-Эрдэнэ нарыг бусдын эд хөрөнгийг бүлэглэн хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Баасандорж, Г.Бат-Эрдэнэ нарт эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар, Э.Баасандорж, Г.Бат-Эрдэнэ нарт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

 

          4. Э.Баасандорж, Г.Бат-Эрдэнэ нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, Э.Баасандорж нь хохирогч Д.Амартүвшинд хохирлын 350.000 төгрөгийг нөхөн төлсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4, 61.5 дахь хэсэгт тус тус зааснаар, Э.Баасандорж, Г.Бат-Эрдэнэ нарт тус бүр оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/  жилийн хугацаагаар хянан харгалзаж, Э.Баасандоржийн засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Дорнод аймгийн Хэрлэн сумын Цагдаагийн хэлтэст, Г.Бат-Эрдэнийн засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст тус тус даалган, тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.

          6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлд заасан эрх бүхий этгээд нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, тус шийтгэх тогтоолыг гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

          7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол Э.Баасандорж, Г.Бат-Эрдэнэ нарт урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         

          8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь давж заалдах гомдол гаргаагүй, эсэргүүцэл бичээгүй тохиолдолд хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.ӨСӨХБАЯР