Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 128/ШШ2019/0511

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж тус шүүхийн 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: А ТӨҮГ /РД:******/

Хариуцагч: Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн хяналтын улсын байцаагч Н.У.

Гомдлын шаардлага: ...2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн ******* дугаар шийтгэвэрийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.А, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, Д.Э, хариуцагч Н.У, гэрч Б.Б, М.Э нарыг оролцуулав.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагчаас шүүхэд гаргасан тайлбартаа: ...2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Б-ээс А ТӨҮГ-ын Захирал Б.Г танаа гэх хаягтайгаар ...Зөрчлийн ********* дугаар хэрэг үүсгэн шалгаж байна. Иймд тус зөрчлийн хэрэгт танай байгууллагыг төлөөлөх хууль ёсны төлөөлөгчийг 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн дотор томилж ирүүлнэ үү гэсэн ******** дугаар албан бичгийг ирүүлсэн.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2016 оны 55 дугаар тогтоолоор батлагдсан А ТӨҮГ-ын дүрмийн 6.11-д Захирал нь олгосон эрх, үүргийн хүрээнд үйлдвэрийн газрын нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр хэлцэл хийх, гэрээ байгуулах, үйлдвэрийн газрыг төлөөлөх зэрэг үйл ажиллагаа явуулна. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйл. Захирлын эд хөрөнгийн эрх үүрэг

1. Захирал дараах эрх, үүрэгтэй:

1/тухайн үйлдвэрийн газрыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх, итгэмжлэл олгох; гэж заасан байдаг.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай 3.5 дугаар зүйл.Хууль ёсны төлөөлөгч

2. Эрх бүхий албан тушаалтан дараахь хүнийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно.

1.2 Хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг. Гэж заасан байдаг бөгөөд тухайн зөрчил шалган шийдвэрлэж байгаа шийдвэрлэж байгаа эрх бүхий албан тушаалтан нь үйлдвэрийн газрын захирлыг шууд хариуцагчаар тогтоон мэдэгдэл өгч дуудан мэдүүлэг авах боломжтой байсан. Гэвч зөрчил шалган шийдвэрлэж байгаа эрх бүхий албан тушаалтан нь үйлдвэрийн газрын захирлын дүрэм болон хуулиар олгогдсон эрх хэмжээг хязгаарлаж танай байгууллагыг төлөөлөх хууль ёсны төлөөлөгчийг 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн дотор томилж ирүүлнэ үү гэсэн нь эрхээ хэрэгжүүлэх боломжийг хааж өгсөн.

Мөн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхээ хэрэгжүүлэх боломжийг хязгаарласнаас үйлдвэрийн газрыг төлөөлөх төлөөлөгч томилон явуулахад хугацаа шаардлагатай болсон тул итгэмжлэгдсэн төлөөлөгчийг 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр томилон хүргүүлсэн болно.

Мөн эрх бүхий албан тушаалтан нь Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйл. Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах

1.2 хуулийн ёсны дагуу шаардсан холбогдох мэдээ, мэдээллийг цаг хугацаанд нь гаргаж өгөөгүй, эсхүл санаатайгаар худал мэдээлэл өгсөн, эсхүл төөрөгдүүлсэн; гэх заалтыг үндэслэсэн байдаг гэвч эрх бүхий албан тушаалтныг зөрчил шалган шийдвэрлэх явцад ямар нэгэн мэдээ, мэдээлэл гаргаж өгөхийг шаардаагүй бөгөөд тус үйлдвэрийн газраас мэдээ, мэдээллийг цаг хугацаанд нь гаргаагүй үйлдэл байхгүй болно.

Иймд Зөрчлийн тухай хуулийн 15.2-ын 1.2 дахь заалтаар тус үйлдвэрийн газрыг торгож шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй байх тул Зам тээврийн хөгжлийн яамны Автотээврийн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн ******* дугаар шийтгэвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: ... Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ Үйлдвэрийн газрын захирлын дүрэм болон хуулиар олгогдсон эрх хэмжээг хязгаарлаж танай байгууллагыг төлөөлөх хууль ёсны төлөөлөгчийг 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн дотор томилж ирүүлнэ үү гэсэн нь эрхээ хэрэгжүүлэх боломжийг хааж өгсөн гэсэн нь зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.5-д зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах гэж заасан зөрчил шалган шийдвэрлэх явцад хэрэгжүүлэх бүрэн эрхийн хүрээнд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1.2-т хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг гэж заасны дагуу 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн ******** дугаар албан бичиг хүргүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөн ********* дугаартай зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахад А ТӨҮГ-т дээрх ******** тоот албан бичгээр хууль ёсны төлөөлөгчийг 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр томилж ирүүлэх тухай Төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор шаардсан мэдээллийг гаргаж өгөөгүй нь Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.2-т хууль ёсны дагуу шаардсан холбогдох мэдээ, мэдээллийг цаг хугацаанд нь гаргаж өгөөгүй. Гэсэн заалтыг зөрчиж байгаа нь А ТӨҮГ-ын 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 1/2361 тоот албан бичгээр нотлогдож байх тул хуулийн 1.2-т заасны дагуу зөрчлийн ******* дугаартай хэрэг нээж, зөрчилд ******* дугаар шийтгэл оногдуулсан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.2 хууль ёсны дагуу шаардсан холбогдох мэдээ, мэдээллийг цаг хугацаанд нь гаргаж өгөөгүй, эсхүл санаатайгаар худал мэдээлэл өгсөн, эсхүл төөрөгдүүлсэн гэх заалтыг үндэслэсэн байдаг гэвч эрх бүхий албан тушаалтныг зөрчил шалган шийдвэрлэх явцад ямар нэгэн мэдээ, мэдээлэл гаргаж өгөхийг шаардаагүй бөгөөд тус үйлдвэрийн газраас мэдээ, мэдээллийг цаг хугацаанд нь гаргаагүй үйлдэл байхгүй болно. Иймд Зөрчлийн тухай хуулийн 15.2-ийн 1.2 дахь заалтаар тус үйлдвэрийн газрыг торгож шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй байх тул Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн ******* дугаар шийтгэвэрийг хүчингүй болгож өгнө үү гэж тусгасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.4-д шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах гэсэн заалтыг зөрчсөн байна.

Учир нь зөрчлийн ******* дугаартай хэрэгт хавсаргасан холбогдогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э*******аас 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр авсан мэдүүлэгт улсын байцаагчийн тавьсан шаардлагын хүрээнд хууль ёсны төлөөлөгч томилох асуудал цаг хугацаанаас хоцорсон зүйл байгаа. Цаг хугацаа алдсаныг хүлээн зөвшөөрч байна. Итгэмжлэгдсэн төлөөлөгчөө 1, 2 хоногтоо томилоогүй л юм байна гэж дурдсан нь тухайн албан бичгээр шаардсан мэдээллийг цаг хугацаанд нь гаргаагүй гэдгийг нотолж байна.

Иймд А ТӨҮГ нь Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянах шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.4-т заасныг тус тус зөрчиж байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, ******* дугаар шийтгэлийн хуудсаар оногдуулсан шийдвэрийг албадан гүйцэтгүүлж өгөхийг хүсье гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Гомдол гаргагч А ТӨҮГ нь Зам тээврийн хөгжлийн яамны Автотээврийн хяналтын улсын байцаагч Н.Уын 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн ******* тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд хуульд заасан журмаар хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Гомдол гаргагчаас ...тухайн зөрчил шалган шийдвэрлэж байсан эрх бүхий албан тушаалтан нь үйлдвэрийн газрын захирлыг шууд хариуцагчаар тогтоон мэдэгдэл өгч дуудан мэдүүлэг авах боломжтой байтал зөрчил шалган шийдвэрлэж байгаа эрх бүхий албан тушаалтан нь үйлдвэрийн газрын захирлын дүрэм болон хуулиар олгогдсон эрх хэмжээг хязгаарласан хугацаа хэтрүүлсэн зүйл байхгүй... гэж, хариуцагчаас ...зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахад А ТӨҮГ-аас тогтоосон хугацаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч томилж ирүүлээгүй, төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор шаардсан мэдээллийг гаргаж өгөөгүй ... гэж тус тус маргажээ.

Маргаан бүхий захиргааны акт болох Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн хяналтын улсын байцаагч Н.Уын 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн ******* тоот шийтгэлийн хуудсаар гомдол гаргагч А ТӨҮГ-ыг мэдээг цаг хугацаанд нь гаргаагүй гэх зөрчил гаргасан гэж үзэн 500.000 төгрөгийн шийтгэл ногдуулсан байна.

Зам, тээврийн хөгжлийн яамны 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн ******** тоот албан бичгээр А ТӨҮГ-ын захирал Б.Гд ...зөрчлийн хэрэгт танай байгууллагыг төлөөлөх хууль ёсны төлөөлөгчийг 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн дотор томилж ирүүлнэ үү гэсэн байх бөгөөд А ТӨҮГ-ын 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 1/2361 тоот албан бичгээр итгэмжлэгдсэн төлөөлөгчөө томилон Зам, тээврийн хөгжлийн яаманд хүргүүлж, Зам, тээврийн яам 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авсан болох нь тус яамны 05/4483 дугаар албан бичгээр тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл тус шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанд талууд ...2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 14 цагт А ТӨҮГ-аас итгэмжлэл ирсэн, 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 16 цаг 40 минутад зөрчлийн хэрэг нээсэн гэх тайлбарыг гаргасан бөгөөд үүнээс үзэхэд итгэмжлэлээ авсаны дараа зөрчлийн хэрэг нээсэн гэж үзэхээр байна.

Хариуцагчаас шүүхэд гаргасан тайлбартаа .... зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулахад А ТӨҮГ-т албан бичгээр хууль ёсны төлөөлөгчийг 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр томилж ирүүлэх тухай төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор шаардсан мэдээллийг гаргаж өгөөгүй нь Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.2-т заасныг зөрчсөн байгаа нь тогтоогдсон тул ******* тоот зөрчлийн хэрэг нээж, зөрчилд шийтгэл ногдуулсан гэж тайлбарласан байна.

Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.2-т Хууль ёсны дагуу шаардсан холбогдох мэдээ, мэдээллийг цаг хугацаанд нь гаргаж өгөөгүй, эсхүл санаатайгаар худал мэдээлэл өгсөн, эсхүл төөрөгдүүлсэн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заажээ.

Зам, тээврийн хөгжлийн яамны 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 10а/3279 тоот албан бичгээр ...********* тоот зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд хууль ёсны төлөөлөгч томилох, нэмэлт ажиллагаа явуулах шаардлагатай тул ... хугацааг 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүртэл сунгасан болно... гэсэн, А ТӨҮГ-аас 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр уг зөрчлийн хэрэгт хууль ёсны төлөөлөгчөө томилон ирүүлсэн байтал 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр зөрчлийн хэрэг нээсэн болох нь хэрэгт авагдсан 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол болон Зам, тээврийн хөгжлийн яамны 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 05/4483 тоот албан бичгээр тус тус тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл, Зам тээврийн хөгжлийн яамнаас сунгасан хугацаанд буюу 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр А ТӨҮГ-аас зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааны хууль ёсны төлөөлөгчөө ирүүлсэн байтал тогтоосон хугацаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч томилж ирүүлээгүй, төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор шаардсан мэдээллийг гаргаж өгөөгүй гэж шийтгэлийн хуудсаар торгох шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй байна.

Мөн Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн ******** тоот албан бичгээр А ТӨҮГ-ын захирал Б.Гд зөрчлийн хэрэгт тус байгууллагыг төлөөлөх хууль ёсны төлөөлөгчийг 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн дотор томилж ирүүлэх талаар мэдэгдсэн, өөрөөр хэлбэл 3 хоногийн дотор хууль ёсны төлөөлөгч томилж ирүүлэх талаар мэдэгдсэн нь цаг хугацааны хувьд тус байгууллагад уг асуудлыг шийдвэрлэх ердийн боломжит хугацаа олгоогүй гэж үзэх үндэслэлтэй.

Түүнчлэн Зам, тээврийн хөгжлийн яамнаас А ТӨҮГ-ийн захирал Б.Гд хууль ёсны төлөөлөгч томилох талаар албан бичиг хүргүүлсэн атлаа А ТӨҮГ-т шийтгэл ногдуулсан нь ойлгомжгүй байгааг дурдахын зэрэгцээ зохих этгээдэд шийтгэлийн хуудсаар арга хэмжээ авахад уг шүүхийн шийдвэр хязгаарлахгүй болно.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр гомдол гаргагч А ТӨҮГ-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн хяналтын улсын байцаагч Н.Уын 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн ******* тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч А ТӨҮГ-аас Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн хяналтын улсын байцаагч Н.Уд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Зам тээврийн хөгжлийн яамны Автотээврийн хяналтын улсын байцаагч Н.Уын 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн ******* тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ Ц.ОДМАА