Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 1718

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2018/00534

 

 

 

Д.У-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч М.Наранцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2018/02082 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Д.У-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч БЗГ-арт холбогдох

 

Мал эмнэлгийн эмийн сорилт баталгаажуулалтын улсын лобартори төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 7 000 000 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.А

Хариуцагч БЗГ-рын өмгөөлөгч Ж.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.У- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.У- нь 1995 оны 9 дүгээр сарын 15-ны 39 тоот тушаалаар Мал эмнэлгийн эмийн сорилт баталгаажуулалтын улсын лаборатори ТӨҮГ-т шалгагч их эмчээр орж 23 жил ажилласан. Гэтэл Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас миний контрактын гэрээг 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 430 дугаар тогтоолоор ажлаас чөлөөлсөн байсныг надад албан ёсоор гардуулаагүй тул ямар үндэслэлээр цуцласан болохыг 2018 оны 01 дугаар сарын 15-ны өдөр ажил хүлээлцэх үед олж мэдлээ. Би Мал эмнэлгийн эмийн сорилт баталгаажуулалтын улсын лаборатори ТӨҮГ-ын захирлын албан тушаалыг хууль болон контрактаар хүлээсэн үүргийнхээ дагуу чанартай гүйцэтгэж байсан. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.7, 131 дүгээр зүйлийн 131.1.3, контрактын 8.4а, 8.4в дэх заалтуудыг баримтлан тушаал гаргасан нь үндэслэлгүй.

Контракт болон Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлд заасан үйл баримт бүрдээгүй байхад хууль зөрчиж гаргасан. Уг тогтоолд Д.У- намайг Стандарчилал, тохирлын үнэлгээний тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль, Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Шилэн дансны тухай хуулийг тус тус зөрчсөн нь Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Дотоод аудитын хорооны 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 02 дугаар тогтоолоор тогтоогдсон гэсэн. Энэ нь нэг талаар надтай холбоотой зөрчлийг 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдөр илрүүлсэн гэж үзэх бөгөөд үүрэгт ажлаас чөлөөлсөн тогтоол нь 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр гарсан. Ийнхүү зөрчлийг илрүүлснээс хойш 6 сарын дараа надтай холбогдуулан тогтоол гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасан илрүүлсэнээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах заалтыг зөрчсөн.

Тогтоол контрактын 8.4.а, 8.4.в гэсэн заалтуудыг үндэслэсэн нь 2015 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн Контрактын 8.4.а-д захирал контрактад заасан үүргээ биелүүлээгүй бол, 8.4.в-д захирал хууль тогтоомж болон үйлдвэрийн газрыг удирдан зохион байгуулах үүргээ зөрчсөн, түүнд өгсөн удирдамж, зааврыг биелүүлээгүй гэсэн. Бодит байдалд 2017 оны 6 сард контрактыг дүгнэхэд хангалттай сайн үнэлгээтэй байсан ба оны төгсгөлд 2017 оны 12 дугаар сард Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас төрийн дээд одон медаль Алтангадас одонгоор шагнуулсан. Гэтэл хагас жилээр хангалттай сайн гэж дүгнээд оны төгсгөлд шагнуулсаар байтал үүргээ биелүүлээгүй гэж гэрээ цуцласан нь ойлгомжгүй.

Ажил хүлээлгэн өгөх өдөр болон ажлаас халагдах өдрийг шийдвэрээр тогтоогоогүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг зөрчсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт зааснаар ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хуульд заасан бол ажлаас халагдсаны тэтгэмжийг халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэй боловч өнөөдрийг хүртэл хөдөлмөрийн гэрээ цуцалсан шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хуульд заасан тэтгэмж өгөөгүй. Мөн хуулийн 43.2-д ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ гэж заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүлийн 129.2-д Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заасан байдаг. Харин надад хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай захирлын тушаалыг өгөх үүргээ биелүүлэлгүй өдийг хүрсэн тул хөөн хэлэлцэх хугацааг тоолох боломжгүй нөхцөл үүссэн.  Иймд ажлаас үндэслэлгүйгээр халагдсан болохыг тогтоож, Мал эмнэлгийн эмийн сорилт баталгаажуулалтын улсын лаборатори ТӨҮГ-ын захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилтийг хийлгэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч БЗГ-ар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

Д.У-ыг Төрийн өмчийн хорооны 2015 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 336 дугаар тогтоолоор Мал эмнэлгийн эмийн сорилт, батгаажуулалтын улсын лаборатори төрийн өмчит аж ахуйн тооцоотой улсын үйлдвэрийн газар /МЭЭСБУЛ ТӨААТУҮГ/-ын захирлаар томилж, БЗГ-рын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 430 дугаар тогтоолоор ажлаас чөлөөлсөн. Д.У- нь төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлаар ажиллах хугацаандаа Стандарчилал, тохирлын үнэлгээний тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Шилэн дансны тухай хуулийг тус тус зөрчсөн нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Дотоод аудитын хорооны дүгнэлт болон төрийн өмчийн хорооны шалгалтаар тогтоогдсон тул үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

Ажлаас чөлөөлсөн шийдвэрийг танилцуулж, ажил хүлээлцэх гэж олон удаа тус үйлдвэрийн газарт очсон боловч Д.У- нь ажлын байрандаа байдаггүй, өөртэй нь утсаар яриад одоо очиж байна гэхэд ажил хүлээлцүүлэх ажлын хэсэг очиж байгаа сургаар гарч зугатдаг. Иймд түүнийг ажлаас чөлөөлсөн болохыг БЗГ-рын 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А-4/3394, 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А-4/3463 дугаар албан бичгээр мэдэгдэж, ажлын байрандаа байж байхыг хугацаа заан мэдэгдсэн боловч товлосон цагт ажлын байрандаа байдаггүй, утсаа унтраачихдаг байсан. Ажилтнуудаас нь асуухад дөнгөж сая гарсан гэдэг. Д.У- нь тухайн үед үүрэгт ажлаа гүйцэтгээд бичиг баримтууд дээр гарын үсгээ зураад ирсэн явсан бичгүүдтэйгээ танилцсан баримтууд тус үйлдвэрийн газарт байгаа гэж найдаж байна. Тиймээс нэхэмжлэлдээ ажлаас халсан шийдвэрийг гардаж аваагүй гэсэн боловч шийдвэрт тусгагдсан асуудлыг дурдан нэхэмжлэл гаргасан тул ажлаас халсан шийдвэр өөрийнх нь гар дээр байгаа нь нотлогдоно. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд Хөдөлмөрийн хуулийн 129.2 дахь хэсэгт заасан хугацаа хэтэрсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Д.У-ыг Мал эмнэлгийн эмийн сорилт баталгаажуулалтын улсын лобартори төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч БЗГ-раас ажилгүй байсан хугацааны олговорт 6 902 320 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.У-т олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар БЗГ-ар нь Д.У-ын нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгч Д.У- нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч БЗГ-раас 125 387 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй.

Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Нэхэмжлэгч ажлаас халагдсан шийдвэрээ өнөөдрийг хүртэл гардаж аваагүй гэж маргасаар байтал шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь заалтыг буруу тайлбарлаж, хэрэглэсэн. Д.У-ыг ажлаас чөлөөлөхдөө 11 дүгээр сарын 02-ны өдрөөр контрактын гэрээг дуусгавар болгож, ажил хүлээлцэхээр удаа дараа очсон боловч зугатааж, ажил дээрээ байгаагүй байсан. Тиймээс 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А-4/3394 дүгээр, 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А-4/3463 дугаар албан бичгүүдээр мэдэгдсэн. Энэ хугацаанд Д.У- нь цалингаа тооцуулан авч ажлаа хийж байсан. Ингэж явсаар 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ажил хүлээлцсэн Д.У-ын буруутай байдлыг шүүх зөвтгөж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэхгүйгээр Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн. Д.У- нь ажлаа хүлээлгэж өгсөн эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрийн бичилтээ хийлгэж, баталгаажуулсны дараа авахаар болсон ч тэр өдрөөс хойш байгууллага дээрээ ирээгүй, утсаа аваагүй. Ажил олгогчийн үйлдэлд ажилтан өөрөө саад учруулж, түүний буруугаас шийдвэр гарснаас хойш хэдэн сарын дараа ажил хүлээлцэж байгааг шүүх дүгнэсэнгүй. БЗГ-рын 2017 оны 430 дугаар тогтоолд ажил хүлээлцэх өдрийг заагаагүй ч 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А-4/3394 дүгээр албан бичигт 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 17 цагт ажил хүлээлцэхийг, 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А-4/3463 дугаар албан бичигт 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр ажил хүлээлцэхийг мэдэгдсэн.

Улсын Дээд шүүхийн "Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай" 2006 оны 33 дугаар тогтоолын 19-т "ажил олгогчийн шийдвэрт заасан хугацаа ажилтны буруугаас хэтэрвэл уг шийдвэрт заасан өдрийг ... ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдөр гэж үзнэ" гэж заасан. Шийдвэрийн үндэслэх хэсэгт "нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, учир нь Д.У- нь шинэ захиралтай хамтран ажиллах хүсэлт гаргасан байсан ...эвлэрээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан" гэсэн үндэслэл тайлбарыг нотлох баримтаар хэрэгт байхгүй, дүгнэлт хийх боломжгүй үндэслэлгүй асуудлыг гаргаж байгаа нь шийдвэр үндэслэл бүхий байх анхан шатны шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтыг үндэслэх талаарх хуулийн заалтыг зөрчсөн. БЗГ-ар нь Д.У-тай Хөдөлмөрийн тухай хуулийн 22 дугаар зүйлээс гадна Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-т аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын захиралтай байгуулах гэрээнд тусгах нөхцлүүдийг хуульчилсан ба үүнд "хөдөлмөрийн харилцааг шууд зогсоож гэрээг цуцлах талаар заавал тусгана" гэсэн нөхцөл байхгүй. ХХААХҮЯ-ны Дотоод аудитын хорооноос Д.У- гэдэг хүн ажил авснаас хойш 2013 онд гарсан дотоод аудитын зөвлөмжийг биелүүлээгүйгээс Стандартчлал тохирлын үнэлгээний тухай хуулийг зөрчиж, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдал хохирол учруулж болзошгүй аюулыг чанар стандартын дагуу илрүүлэх, хяналт явуулах, баталгаажуулах ажлыг хууль бусаар хийсэн зөрчлийг Дотоод аудитын хорооны 02 тоот тогтоолд тодорхой тусгасан. Үүгээр тогтохгүй, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, ТБОНӨХБАҮХА тухай хууль, татварын хууль, Шилэн дансны тухай хууль зэрэг маш олон хууль тогтоомж зөрчсөнийг илрүүлсэн. Энэ нь контрактын 1.2, 3.1, 3.15, 3.20, 5.2, 5.4, 5.6, 5.7 зэрэг заалтуудыг зөрчсөн тул 8.4-ийн а, в дэх хэсгийн нөхцөл бүрдсэн. Контрактын 8.4а, 8.4в гэсэн нөхцөлүүдийг контракт цуцлах үндэслэл гэдгээ Д.У- мэдэж тохироод гэрээгээ байгуулсан. Нөгөө талаар шүүхийн үндэслэл болгосон Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.7-д заасан үндэслэл бий болсон тул 430 дугаар тогтоолыг хууль зөрчсөн гэж үзэхгүй. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт "ажлаас чөлөөлсөн" тушаалыг хүчингүй болгох нь зүйтэй" гэж үзсэн хэрнээ Тогтоох хэсэгт үүнийг шийдээгүй, тушаалыг хүчинтэй эсэхийг шийдэрлээгүй хэрнээ нэхэмжлэгчийг ажилд буцаан томилсон нь үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Д.У- нь хариуцагч БЗГ-арт холбогдуулан өмнө нь эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 7 000 000 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэн дэвтэрт бичилт хийхийг даалгах нэхэмжлэл гаргасныг хариуцагч  эс  зөвшөөрч, маргажээ.

Талуудын хооронд 1995 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр контрактын гэрээ байгуулагдсанаар хөдөлмөрийн эрх зүй, гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд хариуцагч байгууллагын дарга 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.7, 131 дүгээр зүйлийн 131.1.3, контрактын гэрээний 8.4а, 8.4в заасныг үндэслэн Д.У-ыг Мал эмнэлгийн эмийн сорилт баталгаажуулалтын улсын лабортори ТӨҮГазрын захирлын үүрэгт ажлаас нь чөлөөлж, контрактын гэрээг дуусгавар болгох 430 тоот тогтоол гаргасан  үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байна. /хх-4-7, 11 дэх тал/ Анхан шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон байна.

Зохигчид гэрээ дуусгавар болгосон үндэслэл, сахилгын шийтгэл ногдуулах болон гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар маргажээ.

1.Хариуцагч БЗГ-ар нь нэхэмжлэгч Д.У-т  2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 430 дугаар тогтоолыг Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт заасны дагуу гардуулж өгснөө баримтаар нотлоогүйн гадна хариуцагчаас мэдэгдсэн гэх 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А-4/3394, 12 дугаар сарын 05-ны өдрийн А/4/3463 тоот албан бичгийг /хх-43-44 дэх тал/ хэн хэзээ хүлээж авсан нь хэргийн 164 дүгээр хуудасны ар талд авагдсан ирсэн бичгийн бүртгэлээр тогтоогдоогүй байна.

Шүүх дээрх үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн ажлаа хүлээлгэн өгсөн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан гомдол гаргах нэг сарын хугацааг тоолсоныг буруутгах үндэслэлгүй. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаар гаргасан гомдлыг хангах боломжгүй байна.

2.Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.7-д зааснаар контрактад заасан үндэслэл буй болсон буюу ажилтантай байгуулсан контрактын гэрээгээр тохирсон үндэслэлийн аль нэг бий болсон тохиолдолд гэрээг цуцалж болохоос бөгөөд уг зөрчил нь тогтоогдсон, мөн ногдуулж буй сахилгын шийтгэл нь хуулиар тогтоосон хугацаанд байхыг шаардана.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамны дотоод аудитын хорооны 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн “Мал эмнэлгийн эмийн сорилт, баталгаажуулалтын улсын лаборатори ТӨҮГазрын үйл ажиллагаанд хийсэн дотоод аудитын тайланг хэлэлцсэн тухай” 02 тоот тогтоолоор Мал эмнэлгийн эмийн сорилт, баталгаажуулалтын улсын лабораторийн захирлын гаргасан зөрчил дутагдлуудад дотоод хяналт тавьж ажиллагаагүй байгууллагын удирдлагад хариуцлага тооцох асуудлыг судалж шийдвэрлэхийг Төрийн захиргаа удирдлагын газрын даргад, мөн тус лабораторийн санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой гарсан асуудлуудыг дүгнэлт, зөвлөмжид тусгаснаар холбогдох хууль, тогтоомж, дүрэм журмуудад нийцүүлэн хариу арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн дотор ирүүлэхийг нэхэмжлэгч Д.У-т тус тус үүрэг болгожээ. /хх-27-28 дахь тал/

Хариуцагч БЗГ-рын дарга уг тогтоолыг үндэслэн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 430 дугаар тогтоолоор нэхэмжлэгч Д.У-т Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасан ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь мөн зүйлийн 131.2 дахь хэсэгт заасан хугацааг зөрчсөн байна.

Иймээс хариуцагч байгууллагыг ажилтантай байгуулсан контрактын гэрээг хууль бусаар цуцалсан гэж үзнэ. Хариуцагч байгууллагын нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаал нь үндэслэлгүй боловч шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр цаашид эрх зүйн үр дагавар үүсгэхгүй учир шүүх уг тушаалыг хүчингүй болгох шаардлагагүй юм.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт нийцжээ.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн           167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2018/02082 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Н.БАТЗОРИГ

           

                                             ШҮҮГЧИД                                  М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                                                                 Ч.ЦЭНД