Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2022/00821

 

 ****ийн нэхэмжлэлтэй

                                                                                   иргэний хэргийн тухай

  

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, Н.Баярмаа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2020/01745 дугаар шийдвэр, 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1678 дугаар магадлалтай, 

****ийн нэхэмжлэлтэй,

“ **** **** ****” ХХК-д холбогдох 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 63,000,000 төгрөг, барьцаалан зээлдүүлэх газрын хүүд төлсөн 1,427,215 төгрөг, нийт 64,427,215 төгрөг гаргуулах үндсэн,

Гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн доголдлыг арилгах зорилгоор гарсан зардал 63,813,844 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хулангоогийн гаргасан гомдлоор   

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ****, түүний өмгөөлөгч Ө.Одончимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хулангоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

1. **** нь “ **** **** ****” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 63,000,000 төгрөг, барьцаалан зээлдүүлэх газрын хүүд төлсөн 1,427,215 төгрөг, нийт 64,427,215 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч марган, гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн доголдлыг арилгах зорилгоор гарсан зардал 63,813,844 төгрөг гаргуулах тухай сөрөг гаргажээ. 

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2020/01745 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан хариуцагч “ **** **** ****” ХХК-аас 44,761,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ****т, нэхэмжлэгч ****ээс 14,338,395 төгрөг гаргуулан хариуцагч “ **** **** ****” ХХК-д тус тус олгож, үндсэн нэхэмжлэлээс 19,665,625 төгрөгт холбогдох хэсгийг болон сөрөг нэхэмжлэлээс 49,475,449 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн 480,086 төгрөг, хариуцагч “ **** **** ****” ХХК-ийн 477,019 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн данснаас илүү төлсөн 1,054 төгрөг, хариуцагч “ **** **** ****” ХХК-аас 381,757 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч ****т, нэхэмжлэгч ****ээс 229,642 төгрөг гаргуулан хариуцагч “ **** **** ****” ХХК-д тус тус олгож, зохигч талууд шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрчээ. 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1678 дугаар магадлалаарБаянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2020/01745 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 44,761,500 төгрөг гэснийг 52,379,000 төгрөг гэж, 19,665,625 төгрөг гэснийг 12,048,125 гэж өөрчилж, 2 дахь заалтын 381,757 төгрөг гэснийг 419,845 төгрөг гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хулангоо хяналтын журмаар гаргасан гомдолдоо“...давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэж заасан үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Магадлалаар хариуцагчийг Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-д заасны дагуу ажлын хөлс төлөх үүрэгтэй гэж үзсэн. Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-д “гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх” гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн гэж үзэж буй гэрээт ажлууд нь талуудын харилцан тохиролцсон гэрээт хугацааны дотор гүйцэтгэгдээгүй байхын сацуу ажлын үр дүнг хариуцагчид хүлээлгэж өгөөгүй. Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2-т “гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт тохирч байвал ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэнэ” гэж заасан бөгөөд магадлалын 10 дугаар нүүрт “гэрээт ажлын гүйцэтгэлийн байдлыг харгалзан нэхэмжлэгчийн нэхэмжилсэн үнийн дүнгийн 20 хувиар тооцоолон” хариуцагчид 12,495,000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын үр дүн нь биет байдлын доголдолтой болохыг тодорхойлж байна. Иймд нэхэмжлэгч гүйцэтгэсэн ажлын үр дүнг хариуцагчид хүлээлгэн өгөөгүй байхад, мөн гүйцэтгэсэн гэх ажлууд нь биет байдлын доголдолтой байхад Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжилсэн мөнгөн дүнг бүхлээр нь хангаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна.

4.1. Мөн Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-т “доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх” гэж заасан ба хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын доголдлыг арилгахад зарцуулсан зардалтай холбогдолтой нотлох баримтыг шүүх үнэлсэн хэдий ч хариуцагчийн гаргасан зардлыг нэхэмжлэгчийн нэхэмжилсэн дүнгийн 20 хувиар тооцож шийдвэр гаргасныг эс зөвшөөрч шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. Хариуцагчийн нэхэмжлэгчид төлсөн 4,000,000 төгрөгийн урьдчилгаа төлбөрийг Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2-т заасныг үндэслэн хэрэгсэхгүй болгосныг шүүх тус хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн. Учир нь нэхэмжлэгч болон хариуцагчийн хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээнд төлбөр хүлээн авагчийн мэдээлэл байхгүй бөгөөд нэхэмжлэгчийн гэрчүүд мэдүүлэгтээ уг ажлыг Жаргалсайхан гэх инженер ахлан гүйцэтгэж байсныг мэдүүлсэн. Иймд Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2-т дурдсан хүлээн авах эрхгүй этгээд гэдэгт бригадыг ахалж ажил гүйцэтгэж байсан Жаргалсайхан гэх инженерийг хамааруулах нь үндэслэлгүй. Төлбөр хүлээн авсан этгээд нь төлбөр хүлээн авах эрхгүй этгээд биш. Нэхэмжлэгч нь ажлын гүйцэтгэлийг актаар хүлээлгэн өгөөгүй тул нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын хэмжээг тодорхойлсон эргэлзээгүй баримт хэрэгт авагдаагүй тул магадлалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д зааснаар хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан болон давж заалдах шатны шүүхэд буцааж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ: 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хулангоогийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. 

6. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан хариуцагч “ **** **** ****” ХХК-аас 44,761,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ****т, нэхэмжлэгч ****ээс 14,338,395 төгрөг гаргуулан хариуцагч “ **** **** ****” ХХК-д тус тус олгож, үндсэн нэхэмжлэлээс 19,665,625 төгрөгт холбогдох хэсгийг болон сөрөг нэхэмжлэлээс 49,475,449 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 44,761,500 төгрөг гэснийг 52,379,000 төгрөг гэж, 19,665,625 төгрөг гэснийг 12,048,125 гэж өөрчилж, 2 дахь заалтын 381,757 төгрөг гэснийг 419,845 төгрөг гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ. 

7. Давж заалдах шатны шүүхээс ****ийннэхэмжлэлийн шаардлагаас 12,048,125 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосонд нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргаагүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмын дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дүгнэлт хийнэ.

8. Хоёр шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, зохигчийн хоорондох эрх зүйн маргаанд хэрэглэгдэх хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.              

Тодруулбал: 

9. Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2, 196 дугаар зүйлийн 196.1.1-д тус тус зааснаар хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх замаар шүүхээс талуудын хүсэл зоригийг тайлбарлаж, хүчин төгөлдөр байдалд дүгнэлт хийдэг. 

10. Зохигчийн хооронд 2019.07.25-ны өдөр барилгын 1-5 давхрын шалны плита, чулууны ажил гүйцэтгэх, барилгын 1-5 давхрын багана, лифт, хананы плита, чулууны ажил гүйцэтгэх, барилгын 1-5 давхрын 00-ын өрөөний хана, шалны плита, пантус, гадна шат довжооны чулууны ажил гүйцэтгэх, 2019.06.25-ны өдөр барилгын 1-10 давхрын шатны марш, эргэлтийн чулууны ажил гүйцэтгэх, 2019.07.22-ны өдөр барилгын 1-5 давхрын гипсэн хана, таазны ажил гүйцэтгэх гэрээг тус тус байгуулагджээ. 

Дээрх гэрээнүүдийн дагуу нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй үйлчилгээний цогцолбор бүхий барилгын 1-5 давхрын шалны плита, чулууны ажлыг 94,222,500 төгрөгөөр, 1-5 давхрын 00-ын өрөөний хана, шалны плитаны ажлыг 1 м.кв-ыг 25,500 төгрөг, пантус, чулууны ажлыг 1 м.кв-ыг 60,000 төгрөг, гадна шат довжооны ажлыг 1 м.кв-ыг 28,000 төгрөг, 1-10 давхрын шатны марш, эргэлтийн чулууны ажлыг 16,984,800 төгрөгөөр чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэх, хариуцагч нь ажлын хөлс төлөхөөр харилцан тохиролцсон байна. 

10.1. Шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ гэж зөв тодорхойлж, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл, гэрээг хуулийн хүрээнд гэрээний чөлөөт байдлыг хангасан эсэх, уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэлтэй дүгнэлт хийжээ. 

Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг хүлээнэ. 

10.2. Талуудын хооронд гэрээнүүдийн хүчин төгөлдөр байдал, 3 гэрээний ажлыг дутуу гүйцэтгэсэн, 2 гэрээ нь хэрэгжээгүй талаар маргаагүй, харин гүйцэтгэсэн ажлын дагуу хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүрэгтэй болох, ажлын үр дүн доголдолтой эсэх нь маргааны зүйл болжээ. 

11. Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2-т “Гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт тохирч байвал ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэнэ” гэж зохицуулсан бөгөөд мөн хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.1-352.2.3-т зааснаар гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол ажил гүйцэтгэгчийн саналаар түүний зардлаар уг доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэх, доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх, доголдлын улмаас ажлын үр дүнгийн үнэ нь буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг бууруулах шаардлагыг захиалагч гаргах эрхтэй. 

11.1. Хэрэгт авагдсан ****, “ **** **** ****” ХХК нарын хооронд байгуулсан гэрээ, ажил гүйцэтгэлийн акт, захиалагчийн хохирлын хэмжээг тогтоосон актууд, ажлын доголдлыг арилгах гэрээ, ажил хүлээн авсан акт, төлбөрийн нэхэмжлэх, шаардах хуудас, кассын зарлагын ордер, шүүхээс барилгын талбарт хийсэн үзлэгийн тэмдэглэл, ажлын гүйцэтгэлийн талаарх гэрэл зураг, гэрчийн мэдүүлэг, гүйцэтгэсэн ажлын тайлан зэрэг нотлох баримтууд зэргийг үндэслэн нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын хэмжээ, хөлс, барилгын 1-3 давхрын шалны плита чулууны ажлын доголдолтой холбоотой зардлын талаар хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй. 

11.2. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ ажил гүйцэтгэх гэрээний дагуу барилгын 2, 3 дугаар давхарт 185 м.кв талбайд чулуу наасан, хуулсан, цэвэрлэсний хөлс 7,617,500 төгрөгийг хасаж тооцооны алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх залруулсныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хэрэгжүүлсэн гэж үзнэ. 

Давж заалдах шатны шүүхээс шатны марш эргэлтийн чулууны ажлын хөлс 16,940,000 төгрөг, барилгын 1-3 давхрын шалны плита чулууны ажлын хөлс 62,475,000 төгрөг, гадна довжооны ажлын хөлс 5,964,000 төгрөг, нийт 85,379,000 төгрөгөөр тооцож, “ **** **** ****” ХХК-аас 2019.07.09-ний өдөр 8,000,000 төгрөг, 2019.08.07-ны өдөр 25,000,000 төгрөг, нийт нэхэмжлэгчид төлсөн 33,000,000 төгрөгийг хасаж хариуцагчийн төлбөл зохих ажлын хөлсний хэмжээг 52,379,000 төгрөгөөр тогтоосон нь Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-д заасантай нийцжээ. 

12. Хариуцагч “ **** **** ****” ХХК “...ажлын урьдчилгаа төлбөрт 4,000,000 төгрөг өгсөн... гэж нэхэмжлэгчтэй маргасан хэдий ч хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд уг нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Энэ нь хариуцагч тайлбарын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нотолж чадаагүй байна. 

Хоёр шатны шүүх Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2-т заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, уг төлбөрийг хариуцагчийн гэрээний үүрэгт тооцох үндэслэлгүй гэж дүгнэснийг буруутгах боломжгүй. 

13. “ **** **** ****” ХХК-аас нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн  доголдлыг арилгуулахаар иргэн Д.Батсүрэн, Э.Отгонбаатар нартай гэрээ байгуулж, ажлын хөлс төлсөн баримтуудыг маргаан бүхий ажлын гүйцэтгэлтэй хамааралтай гэж үзэхэд эргэлзээтэй талаар хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ. 

Түүнчлэн анхан шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын хэн аль нь ажлын хэмжээг тусгай зөвшөөрөл бүхий этгээдээр тодорхойлуулахад цаг хугацаа, зардал шаардлагатай үндэслэлээр шинжээч томилуулах хүсэлт гаргахгүй гэх тайлбарыг үндэслэж талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтын хэмжээнд хэргийг үйл баримтын талаар дүгнэлт хийснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ”, мөн зүйлийн 6.5-д “Зохигч гагцхүү бодит байдалд нийцсэн тайлбар өгөх, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй” гэсэн мэтгэлцэх зарчмыг хангасан байна. 

14. Давж заалдах шатны шүүх талуудын хүсэл зоригийн илэрхийлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд холбогдох хуулийн зохицуулалтай уялдсан байдлаар дүгнэж, “ **** **** ****” ХХК-аас 52,379,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ****т, нэхэмжлэгч ****ээс 14,338,395 төгрөг гаргуулан хариуцагч “ **** **** ****” ХХК-д тус тус олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасан зохицуулалтын агуулга, шаардлагад нийцжээ. 

Иймд давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэж хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь оновчтой болсон байх тул магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хулангоогийн “...хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан болон давж заалдах шатны шүүхэд буцааж өгнө үү...” гэх агуулга бүхий хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1678 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хулангоогийн гомдлыг хангахгүй орхисугай.  

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг үндэслэн хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 419,845 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ЦОЛМОН

                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Г.АЛТАНЧИМЭГ

                                            ШҮҮГЧИД                                      Г.БАНЗРАГЧ

                                                                                                   Н.БАЯРМАА

                                                                                                   С.СОЁМБО-ЭРДЭНЭ