| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэнбаярын Энхжаргал |
| Хэргийн индекс | 171/2014/0105/Э/ |
| Дугаар | 2014/ШЦТ/0096 |
| Огноо | 2014-05-05 |
| Зүйл хэсэг | 216.2., |
| Улсын яллагч | Н.Дүүрэнжаргал |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2014 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 2014/ШЦТ/0096
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2014/0105/Э/
Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдорж
Улсын яллагч Н.Дүүрэнжаргал,
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т заасан гэмт хэрэгт ***т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201409000197 тоот эрүүгийн хэргийг 2014 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** ний өдөр төрсөн, *** настай, *** дээд боловсролтой *** тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй
Шүүгдэгч *** нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг, хуучин хорооллын 19 дүгээр байрны ертөнцийн зүгээр хойд талд байрлах зам дээр 2014 оны 3 дугаар сарын 08-ны шөнө 1 цаг 50 минутын орчимд *** ДАХ улсын дугаартай *** маркийн автомашиныг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8.2-т заасан эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно, 9 дүгээр бүлгийн 9.2-д зааснаар жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсох арга хэмжээ авна, 2 дугаар бүлгийн 2.5.в-д зааснаар зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага ажилтанд мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдох бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтан иртэл хүлээх, 2.1.а-д зааснаар тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхийг биедээ авч явна, мөн дүрмийн 2.7.а-д зааснаар согтуурах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахгүйгээр өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэсэн зөрчин иргэн ***ийн жолоодож явсан ***улсын дугаартай ***маркийн автомашиныг болон 1 дүгээр эгнээнд зогсож байсан иргэн ***рын *** улсын дугаартай *** маркийн автомашиныг , мөн иргэн *** жийн *** маркийн *** улсын дугаартай автомашинуудыг мөргөж зам тээврийн осол гаргаж, осол гаргасан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
-Шүүгдэгч ***ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2014 оны 3 дугаар сарын 7-ны өдөр орой 20 цагийн үед Улаанбаатар хотоос найзууд ирж бид нэг шил виски хувааж уусан юм. Би гадагшаа гарч пиво авах гэж гарсан юм. Би юу болсныг санахгүй байна. Би Баасандоржид 200.000 төгрөг, Болормаад 2.000.000 төгрөг, Цэцэгмаад 6.300 .000 төгрөгийн хохирол төлж барагдуулсан” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Манай эхнэр *** бид 4 нийлж 1 шил виски, 1 шил Болор архи уусан, ингээд би уух юм дууссан учир гадагш гарч ахин пиво, архи авахаар явсан, ингэж явахдаа өөрийн эзэмшлийн *** улсын дугаартай “*** ” маркийн автомашинаа барьж явсан. Тэгээд би хаагуур, хаагуур явснаа санахгүй байгаа бөгөөд нэг мэдэхэд нэг цагаан юм харагдаад тэгээд мөргөлдсөн байсан, тэгээд юу болсон юм мэдэхгүй нэг мэдэхэд гэртээ харьсан байсан.. гэх мэдүүлэг /хэргийн 82-83 дугаар хуудас/,
-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 3-8 дахь тал/,
-Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоогдсон байдал, осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хэргийн 9-10 дахь тал/,
- Зам тээврийн байдал дээр тогтоосон ослын дүгнэлт /хэргийн 10 дахь тал/
-Хохирогч, иргэний нэхэмжлэгч *** ийн мөрдөн байцаалтын шатан өгсөн: “...2014 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө эгч *** ийн эзэмшлийн *** улсын дугаартай *** маркийн автомашиныг жолоодоод дүүр *** ы хамт явсан. Комфорт зочид буудалд хүн буулгачхаад Номин тал уруу явж байтал өөдөөс 1 машин бид нарын явж байсан замын урсгалаар явж яг өөдөөс орж ирээд яах ийхийн зуургүй мөргөчихсөн юм. Машинаасаа буу гэсэн чинь миний талын хаалга онгойхгүй байсан бөгөөд дүүг буу гэж хэлэхэд дүү орилоод буж ирж чадахгүй байсан. Тэгээд би хаалгыг нь онгойлгож дүүг түлхэж машинаас гаргаад өөрөө араас нь гарсан... одоо энэ *** гээд байгаа залуу ганцаараа бууж ирээд тэгээд шууд цаашаагаа зугтаагаад явчихсан. Би араас нь хөөж гэж дуудсан боловч эргэж хараагүй. Миний хүзүү байнгын хөшсөн байдалтай, толгой байнга дүүрэлттэй байгаад байна. Зүүн хөл ямар нээн бүртэл гэмтэлгүй хир нээ хавагнаад байгаа..” гэх мэдүүлэг /хэргийн 12-13 дахь тал/,
-Хохирогч, иргэний нэхэмжлэгч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Хараа зочид байдлын гадаа хүнээ буулгачхаад Дархан номин худалдааны төвийн чиглэл үрүү явж байтал урдаас 1 машин ирж явсан юм. Тэгээд тэр машин өөдөөс дөхөөд ирэхэд нь харахад бид хоёрын машины яг өөдөөс тэр машин бид нарын явж байсан урсгал уруу ороод ирчихсэн чигээрээ явж байсан. Тэгээд яах ийхийн зуургүй ирээд тэр машин мөргөчихсөн. Тэгээд юу болсон би сайн санахгүй байгаа юм. Нэг мэдэх намайг машинаас гаргаад замын хажуу талд байх модны хажууд аваачиж хэвтүүлсэн байсан.... Бид нарын өөдөөс ирсэн машины жолооч талаас нэг өндөр нуруутай залуу ганцаараа бууж ирээд тэгээд бид нар дээр ирэлгүй шууд яваад өгсөн. Би хаашаа явж байгааг нь харж чадаагүй, тэр жолооч машинаасаа буугаад явахдаа гуйваад согтуу байдалтай, алхаад явсан, тэр машинаас өөр хүн бууж харагдаагүй...” гэх мэдүүлэг /хэргийн 15-16 дахь тал/,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч *** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би 23-58 УБӨ улсын дугаартай *** маркийн автомашинтай юм. 2014 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих манай дүү гэрийнхээ гадаа миний машиныг зам дээр тавьсан байсныг машин ирж мөргөсөн байсан. Миний машины Куперийн зүүн урд хэсэг хагарч цуурсан, мөн зүүн талын гэрэл дохио хагарсан, Карло чихэгдэж дээд хэсэгт нь байрлах гэрэл хугарсан байсан. 240 000 төгрөгийн хохирол учирсан Өгөөмөр өөрөө төлж барагдуулсан. Одоо миний хувьд нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг / хэргийн 18-19 дүгээр тал/
Хохирогч, ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би өөрийн эзэмшлийн *** улсын дугаартай *** маркийн автомашиныг 2014 оны 3 дугаар сарын 07-ны орой 22-23 цагийн орчим өөрийн байрны урд талын замын 1-р эгнээнд байрлуулсан тавьсан. Ингээд шөнө унтаж байхад манай нөхөр намайг дуудаж сэрээгээд гадаа машиныг машин мөргөсөн байна. Хоёулаа гаръя гэж хэлсэн, ингээд бид 2 хамт гадаа гарахад 2 цаг болж байсан. Тэгээд очиход манай машины жолоочийн эсрэг талын ар багааж, хаалга хэсгээр *** маркийн машин мөргөөд манай машины бөгс хэсэг хашлага даваад, Ист-тэй наалдаад зогссон. Тэгээд цаад талд нь нэг Кроун маркийн машин “Крестай” –ын урдаас очоод жоохон мөргөөд зогссон байсан. Тэгээд тэр “Ист” дотор явса гэх 2 ах байсан тэгээд анх мөргөлдөхийг нь харсан гээд нэг ах байсан. Тэгээд “Кроун”-ны жолооч бол байхгүй байсан. Миний машины жолоочийн хэсэг талын арын хаалга, хаалганы орчмын хэсэг багааж уруугаа цөмөрч ороод, хойд талын доод гар зэрэг нь гэмтсэн байсан. Нийт учирсан хохирлыг Өгөөмөр бүрэн барагдуулж өгсөн... гэх мэдүүлэг / хэргийн 20-21 дүгээр хуудас/
Иргэний нэхэмжлэгч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би уг тээврийн хэрэгслээ өөрөө эзэмшдэг юм. Өөрөө машин тэрэг барьж чадахгүй болохоороо дүү ***д бариулахаар өгсөн байсан юм. Манай дүү *** миний машинаар Улаанбаатар хот дотор халтуур хийдэг байсан юм. Ингээд Дархан-Уул аймагт 2014 оны 3 дугаар сарын 07-ны өдөр ирээд явж байгаад шөнө зам тээврийн осолд орсноос миний машинд хохирол учирсан байна.. гэх мэдүүлэг / хэргийн 23-24 дугаар хуудас/
-Гэрч Д***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ Би *** ахын эзэмшлийн *** улсын дугаартай креста маркийн автомашиныг нь түр гуйж аваад унаж байсан юм. Ингээд 2014 оны 3 дугаар сарын 07-ны 21 цаг өнгөрч байхад гэрийн цонхны хуралдаа төв засмал замын 1 дүгээр эгнээнд машинаа тавьсан юм. Ингээд би Шөнө унтаж байхад гадаа зам дээр машины дохиод дуугараад байхаар сэрсэн Цонхоор харахад зам дээр дөрвөн машин мөргөлдсөн байсан, тэгээд гараад харахад *** улсын дугаартай “Кроун” маркийн автомашин *** улсын дугаартай автомашиныг мөргөснөөс болоод 1 дүгээр эгнээнд тавиатай байсан *** улсын дугаартай фуго маркийн автомашин, тэгээд манай ахын *** улсын дугаартай “Крестай” маркийн авто машиныг мөргөсөн байсан. Тэгэхэд *** улсын дугаартай Ист маркийн машинд явсан гэх 2 залуу *** улсын дугаартай автомашины ирж мөргөчхөөд тэгээд жолооч нь машинаасаа буугаад зугаатчхлааа гэж хэлж байсан. *** дугаарын автомашины жолооч ирээгүй. Бид нарыг сүүлд цагдаа дээр ирээд байцаалт өгч байхад гэрийнх нь хаягаар очоод олоод аваад ирлээ нэрийг нь Өгөөмөр гэдэг залуу байна гэж ярьж байсан” гэх мэдүүлэг / хэргийн 30 дахь тал/
-Гэрч *** ын мөрдөн байцалтын шатанд өгсөн: Ингээд машинаасаа буугаад хаалгаа хаагаад үйлчилгээний төв талаас 1 машин эргэж хуучин хорооллын зам уруу орж ирсэн. Тэгээд тэр машин их хурдтай явсан бөгөөд харж байтал яг өөдөөсөө ирж явсан нэг жижиг тэргийг очоод мөргөчихсөн. Тэгээд тэр 2 машины 2 тийш болоод замынхаа 1 дүгээр эгнээнд зогсож байсан 2 машиныг очоод мөргөчихсөн юм. Мөргөсөн машины жолооч машинаасаа буугаад ертөнцийн зүгээр баруун зүг үрүү хуучин хорооллынхоо байрнуудын тийшээ яваад өгсөн. Тэр залууг харахад өндөр, нуруутай, махлагдуу биетэй залуу хүн шиг харагдсан... гэх мэдүүлэг / хэргийн 32 дугаар хуудас/
- Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 017 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зураг /хэргийн 46-47 дахь тал/
-Согтуурал шалгасан тухай тэмдэглэл /хэргийн 91 дэх тал/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл шүүгдэгч *** нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг, хуучин хорооллын 19 дүгээр байрны ертөнцийн зүгээр хойд талд байрлах зам дээр 2014 оны 3 дугаар сарын 08-ны шөнө 1 цаг 50 минутын орчимд *** улсын дугаартай Т.Кроун маркийн автомашиныг согтуугаар жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8.2-т заасан “эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, 9 дүгээр бүлгийн 9.2-д зааснаар “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсох арга хэмжээ авна”, 2 дугаар бүлгийн 2.5.в-д зааснаар “зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага ажилтанд мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдох бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтан иртэл хүлээх”, 2.1.а-д зааснаар “тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхийг биедээ авч явна”, мөн дүрмийн 2.7.а-д зааснаар “согтуурах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахгүйгээр өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчин иргэн *** ийн жолоодож явсан *** улсын дугаартай Т.Ист маркийн автомашиныг, иргэн *** ын *** улсын дугаартай N.FUGO маркийн автомашиныг , мөн иргэн *** ийн Т.Креста маркийн улсын дугаартай автомашинуудыг тус тус мөргөж зам тээврийн осол гаргаж, осол гаргасан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байх тул аймгийн прокурорын газраас түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.Өөрөөр хэлбэл шүүгдэгч *** зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан нь зам тээврийн осол гарсан үйлдлээ нуух, хариуцлагаас зайлсхийх зорилгоор ослын газрыг явганаар санаатай орхиж явснаар гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцогдоно.
Иймд шүүгдэгч *** нь зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хэргийн хохирогч *** болон иргэний нэхэмжлэгч *** нараас “нэхэмжлэх хохирол, гомдол, санал байхгүй” гэсэн, шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “хохирлоо авсан, гомдол санал байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн хариу өгсөн тул шүүгдэгч *** гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байна гэж үзэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч ***ийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хэргийн 89 дэх талд/ байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч *** нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүгдэгч *** нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурьдав.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *** ыг Зам тээврийн ослын үед зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар шүүгдэгч ***т 2 /хоёр/ жил хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан 2 /хоёр/ жил хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1-т зааснаар шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогч иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1,61.4-д зааснаар ***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэлгүй тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.
6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол ***т авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***т авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ