Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2014 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 2014/ШЦТ/0099

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2014/0106/Э/

Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр, 
Улсын яллагч Н.Дүүрэнжаргал,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Лхамсүрэн, 
Шүүгдэгч ***  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв. 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас ***д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201409000260 дугаартай хэргийг 2014 оны 5 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** -ны өдөр төрсөн, эрэгтэй, ***  настай, бага боловсролтой, ***  тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, 

    Шүүгдэгч *** нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2014 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр баг *** барны урд талын автомашины зогсоол дээр *** улсын дугаартай “Т.Криста” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7.а, 2.5.в, 2.3, 7 дугаар бүлгийн 7.17-д заасныг тус тус зөрчин иргэн ***ыг мөргөж зам тээврийн осол гарган ослын газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
 
ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

-Шүүгдэгч П*** ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Тэр өдөр би 2 шил пиво уусан байсан. Тэгээд ***  намайг бага согтсон байна, машин бариад өгөөч гэхээр нь барьсан. Хохирол төлбөрт 150.000 төгрөг төлсөн.” гэх мэдүүлэг,

-Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд /хэргийн 3-4 дэх тал/


-Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хэргийн 5-6 дахь тал/
“Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр баг “Ок” барны гадна автомашины зогсоол дээр жолооч *** нь Т.Криста маркийн *** улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно, мөн дүрмийн 2.5 зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурьдсан үүрэг хүлээнэ. В. Зам тээврийн ослын тухай цагдаагийн байгуулага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог, нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх, мөн дүрмийн 7.17-д бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй газарт аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан байна.” гэх Замын цагдаагийн тасгийн ахлах байцаагч Г.Сүхбаатарын гаргасан ослын дүгнэлт, 
      
Иргэний нэхэмжлэгч, гэрч *** ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2014 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 15 цагийн орчим хүүгээ дагуулаад Дархан сумын 4 дүгээр баг “Ок” барны урд талын автомашины зогсоолын хажуугаар өнгөрөөд явж байхад зогсоол дээр зогсож байсан  улсын дугаартай цагаан өнгийн суудлын жижиг тэрэг хойшоо ухарч хөдлөхдөө намайг мөргөсөн юм. Тэр үед би газар унаад босох гэхэд машин дотроос нэг залуу гарч ирээд яасан бэ? зүгээр үү гэж хэлэхэд нь зүгээргүй байна гэж уурлаад цагдаа дууд гэж орилоход машин дотор сууж байсан хүмүүс зүгээр л байна шүү дээ гэж хэлчихээд машинаа хөдөлгөөд явчихсан юм. Миний баруун өвдөг шалбарч, гарт зулгаралт үүсч, баруун талын бүсэлхий орчим хөндүүрлэх зэрэг гэмтэл учирсан байсан. Тухайн үед өмсөж байсан цэнхэр өнгийн женсэн өмд маань өвдөг хэсгээрээ урагдсан юм. Би 2014 оны 1 дүгээр сард 45.000 төгрөгөөр Улаанбаатар хотын хорооллын дэлгүүрээс худалдаж авсан юм. Мөн эмчилгээний зардал болох 100.000 төгрөг нэхэмжилж байна. Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, гэмтлийн зэрэг тогтоолгох шаардлага байхгүй.” гэх мэдүүлэг, /хэргийн 13, 15 дахь тал/, 
Гэрч *** ийг мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2014 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хамт ажилладаг *** *** нарын хамт архи ууж байхад найз ***  над руу утсаар яриад хүрээд ир хамт биллъярд тоглоё гэхээр нь тэгье гээд уулзаад бид нар төмөр замын 10 дугаар байрны биллъярдны газар биллъярд тоглонгоо 1 шил архи хувааж уусан юм. Тухайн үед Удаанжаргал жижиг суудлын автомашин жолоодчихсон байсан. *** биллъярднаас гараад *** ын машиныг жолоодож зогсоол дээрээс хөдлөхдөө хойд талд байсан нэг эмэгтэйг мөргөсөн гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 14 дэх тал/     

Гэрч *** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2014 оны 3 дугаар сарын 27-ны өдөр найз Нэргүйтэй тааралдаад 1, 2 цаг биллъярд тоглоё гэхээр нь би *** руу утсаар яриад дуудсан. Бид нар биллъярданд орохын өмнө 1 шил 0.75 л хараа архи, 2 лааз пиво аваад орсон юм. Тэгээд биллъярдны газар орж архи пиво ууцгаасан. Тухайн үед *** 2 лааз пиво уугаад  *** бид 3 нэг шил архиа хувааж уусан юм. Тэгээд бид нар биллъярд тоглож дуусчихаад “Ок барны урд талын автомашины зогсоол дээр тавьсан байсан миний жолоодож яваа  ***  улсын дугаартай машинд суусан. Тухайн үед би машинаас буугаад нөгөө эмэгтэйг зүгээр үү гэхэд нөгөө эмэгтэй цагдаа дууд гэж орилоход нь би айгаад буцаад машиндаа суугаад ***ийг машинаа хөдөлгөөд яв гэхэд *** машинаа хөдөлгөөд манай гэрийн хашаанд очиж машин байрлуулж тавьсан юм.” гэх мэдүүлэг /хэргийн 19 дэх тал/     

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 29 дэх тал/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн баримтуудаар шүүгдэгч *** нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2014 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр баг “Ок” барны урд талын автомашины зогсоол дээр *** улсын дугаартай “Т.Криста” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7.а-д заасан согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно, 2.5.в-д заасан Зам тээврийн ослын тухай цагдаагийн байгуулага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог, нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх, 2.3, 7 дугаар бүлгийн 7.17-д заасан бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй газарт аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй гэснийг тус тус зөрчин иргэн ***ыг мөргөж зам тээврийн осол гарган осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байх тул аймгийн прокурорын газраас түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн  зүйл, хэсэг зөв байна.

    Иймд шүүгдэгч ***ийг зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

    Иргэний нэхэмжлэгч *** д гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт нийт 150.000 төгрөг төлсөн байх гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн байна гэж үзлээ.

    Шүүгдэгч ***ийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хэргийн 29 дэх талд/ байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

    Шүүгдэгч *** нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж дүгнэлээ.

    Шүүгдэгч *** нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурьдав.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***ийг зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

    2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар шүүгдэгч ***д 1 жил 6 сар /нэг жил зургаан сар/ хорих ял шийтгэсүгэй.

    3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч *** д оногдуулсан 1 жил 6 сар /нэг жил зургаан сар/ хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

    4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1-т заасныг баримтлан шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

    5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар ***д оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн  хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

    6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар тэнсэгдсэн ***д хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэст хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг ***д мэдэгдсүгэй.

    7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.    

    8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***д авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ            Я.ТУУЛ