| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2020/00704/И |
| Дугаар | 142/ШШ2020/00678 |
| Огноо | 2020-05-22 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 142/ШШ2020/00678
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатарын нэрэмжит талбай 5, Гны төв байранд байрлах “Г” ХХК нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, 14 дүгээр баг, Говил баг 7 дугаар гудамж 73 тоот хаягт оршин суух С.Б-д холбогдох,
1 592 966.41 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “Г” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төрмөнх шүүх хуралдаанд тайлбарлахдаа: С.Б нь 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Гтай ЗГ/321831448 тоот кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ байгуулан 1 000 000 /нэг сая/ төгрөгийн зээлийг сарын бэлэн 3.5 хувь, бэлэн бус 2 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай авсан. Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин 18 сар зээлийн төлбөрөө төлөхгүй банкыг хохироож байгаа тул зээлдэгч С.Б /РД:ФА68060174/-д холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт зээлийн үндсэн төлбөр 1 003 730 төгрөг, зээлийн хүү 354 209.51 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 235 026.90 төгрөг, бүгд 1 592 966.41 /нэг сая таван зуун ерэн хоёр мянга есөн зуун жаран зургаан төгрөг, дөчин нэгэн мөнгө/ төгрөгийг Сандагдорж овогтой С.Баас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч С.С.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие “Уул, уурхай үндэсний олборлолт” ХХК-д ажиллаж байсан. Компаний үйл ажиллагаа доголдож цалингаа цаг тухай бүрт нь олгоогүй учраас 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Гны 321831448 тоот кредит карт эзэмших гэрээний заалт зөрчигдсөн. Зээлийг цаг хугацаанд нь төлөөгүй нь үнэн болно. Одоо “Түмэн их эрхт” ХХК-д ажиллаж байна. 2020 оны 10 дугаар сарын 30-ны дотор зээлийг бүрэн төлж барагдуулах учир энэ асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Г” ХХК нь хариуцагч С.С.Бд холбогдуулан кредит картны үндсэн төлбөр 1 003 730 төгрөг, хүүний төлбөр 354 209.51 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 235 026.90 төгрөг нийт 1 592 966.41 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч С.С.Б ажил олгогч цалингаа хугацаандаа тавьж олгоогүйгээс зээлийг хугацаа хэтрүүлсэн гэсэн тайлбараа ирүүлсэн боловч 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр зарласан шүүх хуралдааны товыг хүлээн авч, Говьд ажилладаг тул ажлаас чөлөө олгохгүй байна. Миний эзгүйд шүүх хуралдааныг хийх тухай хүсэлтийг шүүгчийн туслахад утсаар мэдэгджээ.
2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр ЗГ/321831448 дугаартай кредит карт эзэмших гэрээг талууд байгуулсан байх бөгөөд 1 000 000 төгрөгийн эрхтэй картыг 2 жил эзэмших хугацаатай, бэлэн бус гүйлгээний сарын хүү 2 хувь, бэлэн гүйлгээний сарын хүү 3.5 хувь, зээлийн эрх хэтрүүлсэний нэмэгдүүлсэн хүү 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсэний хүү 1 хувь, төлбөрөө сар бүрийн 15–ны өдрөөс өмнө эргэн төлөх нөхцөлтэйгөөр тохиролцон гарын үсгээ зурж баталгаажуулсан байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу Г шаардах эрхтэй.
Хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн зээлийн картны хуулга, хүү тооцооллын хүснэгтээс харвал хариуцагч С.С.Б нь зээлийн эрхтэй картнаас бэлэн болон бэлэн бус гүйлгээ хийж нийт 1 003 730 төгрөгийг авч ашигласан байх бөгөөд хугацаанд нь төлбөрөө төлөөгүй болох нь зохигчдын шүүхэд ирүүлсэн тайлбараар нотлогдож байна.
Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу хариуцагч нь үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй байна. Мөн Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2.-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй гэж заасан байдаг тул зээлийн хүүний 20 хувиас хэтрүүлэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүүг хариуцагчаас шаардах эрхтэй.
Иймд хариуцагч С.С.Баас үндсэн төлбөр 1 003 730 төгрөг, хүүний төлбөр 354 209.51 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 70 841.90 төгрөг нийт 1 428 781.41 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 164 185 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хариуцагч С.С.Б хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралд ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төрмөнх түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасныг харгалзан нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч С.С.Бы эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 40 438 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.С.Баас улсын тэмдэгтийн хураамжинд 37 811 төгрөг гаргуулан Г ХХК-д олгохоор заалаа.