Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2014 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 2014/ШЦТ/0100

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2014/0109/Э/

Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нямдорж,
Улсын яллагч О.Доржмаа,
Хохирогч *** ,
Хохирогчийн өмгөөлөгч Л.Жаргалсайхан,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цуурай,
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв. 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас ***д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201409000171 дугаартай эрүүгийн хэргийг 2014 оны 5 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** төрсөн, *** настай, ***  тусгай дунд боловсролтой, *** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд
-*** ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын  шүүхийн  *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2-т зааснаар 3 жил 1 сар хорих ял шийтгүүлж, хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан.

    Шүүгдэгч *** нь 2014 оны 3 дугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө 00 цагийн орчим Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр болох ***  улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3.а, 15.1.а, 9.1-д заасныг тус тус зөрчсний улмаас иргэн *** ыг мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
  
ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:
-Шүүгдэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2014 оны 3 дугаар сарын 2–ноос 3-нд шилжих шөнө аптекаас эм аваад гэртээ харих гээд явж байсан юм. Зам дээр явж байхад гэнэт машины урдуур нэг хүн гүйгээд гараад ирсэн юм. Би эхлээд эмнэлэг дуудаж дараа нь цагдаа дуудсан. Би тухайн үед 50 км цагийн хурдтай явж байсан. Хохирол төлбөрөө төлж барагдуулсан.” гэх мэдүүлэг,

D:\2014 Uyanga\Sh.Ts togtool\Shiitgeh togtool-Erdenebold-215.3.doc
-Хохирогч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Талийгаач бол миний төрсөн эгчийн хүүхэд юм. Ээж, аав нь эрт нас барж манай гэрт өсч хүмүүжсэн. Хөдөө амьдарч байгаад мал, ахуй нь шатаж устаад манайд ирсэн юм. 29 настай, гурлын үйлдвэрт ажилладаг байсан. Хохирол төлбөрт нийт 5.275.000 төгрөг авсан. Одоо бид нарт гомдол санал байхгүй. ***ын эхнэр нь төрөх гэж байгаа учир хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,
-Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 5-8 дахь тал/,
-Хохирогч *** ын хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 10-11, 23-24 дэх тал/,
-Бичиг баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 12-13 дахь тал/,
-Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, үнэлгээний тайлан /хэргийн 14, 16-19 дэх тал/,
-Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хэргийн 22 дахь тал/, 
-Автомашин худалдах, худалдан авах гэрээ /хэргийн 29 дэх тал/,
-Гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ”...Миний бие 2014 оны 3 дугаар сарын 2-ны шөнө 23 цаг өнгөрөөд 24 цаг болох гэж байхад “Баяр” супермаркетын урд талаар “Өнгөт” хороолол руу хүнтэй уулзах гээд ганцаараа явж байхад миний ард талд “пэр пар” гэх машин мөргөлдөж байгаа юм шиг хүчтэй чимээ гарахаар нь тэр даруйд нь би эргээд харахад цагаан цайвардуу өнгөтэй жижиг машин хүн мөргөчихсөн, мөргүүлсэн хүн нь машинаас наахан зам дээр уначихсан, хөдөлгөөнгүй хэвтэж байсан. Би 10 минут орчим хараад мөргүүлсэн хүн дээр хүмүүс ирэхгүй болохоор өөрийнхөө  *** дугаарын утаснаас Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн 7037102 дугаарын утас руу залгаж дуудлага өгчихөөд цаашаагаа яваад өгсөн.
...шүүхийн шийдвэр гүйцэтгэх албан ажилчдын байрнаас гарч ирдэг уулзвар орчим Тосгон чиглэлд машин явах урсгал дээр осол болсон байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 30 дахь тал/,
-Техникийн шинжээчийн дүгнэлт /хэргийн 37-38 дахь тал/
-Талийгаачийн гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 39-40 дэх тал/,
-Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан акт /хэргийн 41 дэх тал/,
-“2014 оны 3 дугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө 23 цаг 57 минутын үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг “Баяр” супермаркет дэлгүүрийн урд зам дээр тоёото карина маркийн *** улсын дугаартай автомашиныг жолооч *** нь жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.3.а-д “жолооч хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах үүрэг хүлээнэ”, мөн дүрмийн 15.1.а-д “хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно”, мөн дүрмийн 9.1.-д “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог  байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна.” гэсэн заалтыг зөрчсөн боловч явган зорчигч 29 настай иргэн Жигжидсүрэн овогтой Золбаяр нь мөн дүрмийн 3 дугаар бүлэг 3.9.а-д “явган зорчигч явган хүний гарцтай ба гарамтай /үзэгдэх хүрээнд/ хэсгийн гарцгүй, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарахыг хориглоно”, мөн бүлгийн 3.9.г-д “явган зорчигч өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн тул уг зам тээврийн осол, хэрэг гарсан гэж үзэж ослын дүгнэлт гаргав” гэх зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон дүгнэлт, зам тээврийн ослын бүдүүвч /хэргийн 42-43, 45-46 дахь тал/, 
-Согтуурал шалгасан тэмдэглэл /хэргийн 44 дэх тал/,
-Цогцост гадна үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 47 дахь тал/,
-Шинжээчийн дүгнэлт /хэргийн 49-52 дахь тал/,
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 61 дэх тал/,
-Нас барсны гэрчилгээ /хэргийн 72 дахь тал/,
-Төрсний гэрчилгээ /хэргийн 73 дахь тал/,
-Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх баримтууд /хэргийн 74-96 дахь тал/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч *** нь 2014 оны 3 дугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө 23 цаг 57 минутын үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг “Баяр” супермаркет дэлгүүрийн урд зам дээр тоёото карина маркийн *** улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.3.а-д “жолооч хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах үүрэг хүлээнэ”, мөн дүрмийн 15.1.а-д “хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно”, мөн дүрмийн 9.1.-д “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна.” гэсэн заалтыг тус тус зөрчиж, явган зорчигч ***ыг мөргөж, амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байх тул аймгийн прокурорын газраас түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн  зүйл, хэсэг зөв байна.
    
    Иймд шүүгдэгч ***ыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж, бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
    
    Хохирогч *** нь хохирол төлбөр, өмгөөлөгчийн хөлс зэрэгт нийт 5275000 төгрөг нэхэмжилж холбогдох нотлох баримтаа ирүүлсэн бөгөөд шүүгдэгч *** нь нэхэмжилсэн 5275000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан байна.

    Шүүгдэгч *** нь гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн байх тул ***ын хөргөгч, угаалгын машин, тоос сорогч, телевизор, будаа агшаагч зэрэг эд хөрөнгийг битүүмжилсэн мөрдөн байцаагч Г.Хатанзоригийн 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 469 дугаартай тогтоолыг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

    Шүүгдэгч *** нь урьд *** -ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2-т зааснаар 3 жил 1 сар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж хянан харгалзсан 1 жилийн хугацаанд /хэргийн 66-68 дахь тал/ шинээр гэмт хэрэг үйлдээгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-т зааснаар ялтай байдал нь дууссан байна. Иймд шүүгдэгч ***ыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

    Шүүгдэгч *** нь анх удаа хүндэвтэр төрлийн гэмт хэрэг болгоомжгүй үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, хохирогч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “хохирол төлбөрөө авсан тул ямар нэгэн нэхэмжлэх зүйлгүй, ***ын эхнэр нь төрөх гэж байгаа учир хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг, талийгаач  овогтой *** нь Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлэг 3.9.а-д “явган зорчигч явган хүний гарцтай ба гарамтай /үзэгдэх хүрээнд/ хэсгийн гарцгүй, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарахыг хориглоно”, мөн бүлгийн 3.9.г-д “явган зорчигч өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн нь гэмт хэрэг гарахад тодорхой хэмжээгээр нөлөөлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж дүгнэлээ.

    Энэ хэрэгт эд  мөрийн баримтаар хураагдаж ирсэн талийгаачийн өмсөж явсан малгайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч ***т буцаан олгох нь зүйтэй байна.

    Шүүгдэгч *** нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй болохыг дурьдаад

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***ыг тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж, Ж.Золбаярын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар *** д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын /нэг жил зургаан сар/ хугацаагаар хасч, 3 жил 6 сар /гурван жил зургаан сар/ хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ***од оногдуулсан 3 жил 6 сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1-т зааснаар шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохиролд 5275000 төгрөг төлсөн болохыг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар мөрдөн байцаалтын шатанд ***ын өмчлөлийн хөргөгч, угаалгын машин, тоос сорогч, телевизор, будаа агшаагч зэрэг эд хөрөнгийг битүүмжилсэн мөрдөн байцаагч Г.Хатанзоригийн 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 469 дугаартай тогтоолыг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан өнгийн саравчтай, цэнхэр өнгийн малгай 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч ***т олгосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар ***од оногдуулсан 3 жил 6 сар хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар ***од хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт тус тус хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг ***од мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар ***од оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохыг дурьдаж, ***ын *** дугаартай жолоочийн үнэмлэхийг Замын цагдаагийн газарт шилжүүлсүгэй. 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

            11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ***од авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
      
        

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ            Я.ТУУЛ