Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 00405

 

2020 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 153/ШШ2020/00405

Жаргалант сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                             

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

нэхэмжлэгч: Ховд аймгийн Мянгад сумын Баянхошуу багт оршин суух, Зуутраг овогт Гэнэнгийн Б //-ы нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 153/2020/00388/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, нэхэмжлэгч Г.Б нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралаанд гаргасан тайлбартаа:...Би 1965 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Ховд аймгийн Мянгад сумын Цагаанбулан багт Гэнэнгийн ууган хүү болж мэндэлсэн. Ховд аймгийн Мянгад сумын Ерөнхий боловсролын сургуулийн 4 дүгээр ангийг төгсөөд, 1980 оноос эхлээд эцэг, эхийнхээ хамт нэгдлийн мал малласан.

Миний ээж 1984 оны 6 дугаар сард тэтгэвэрт гарсан бөгөөд аав нас барсан учраас нэгдлийн мал тушаагаад цэрэгт явсан. Дорнод аймагт 1984-1987 онуудад цэргийн алба хааж ирээд 1987 оноос Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Цагаан булан багийн “Үнээт” хэсэгт малчнаар тасралтгүй ажиллаж байгаад, сүүлийн хэдэн жил өөр суманд ажилласан.

Тэтгэвэрт гарах нас хүрсэн учраас шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан.

Иймд намайг Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Цагаанбулан бригадад Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Цагаанбулан бригадад 1981 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл малчнаар, 1987 оны 9 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал  малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....гэв.

 

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Б нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Б нь нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Цагаанбулан бригадад 1981 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл, 1987 оны 9 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Г.Б нь Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Цагаанбулан бригадад 1981 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл, 1987 оны 9 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 954  дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Мянгад сумын Цагаанбулан багийн 1981-1984, 1988 онуудын цалин хөлсний 70 дугаар дансны хуулбарууд, 1981 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Г.Бд олгосон Сайшаалын үнэмлэх, гэрч Ц.Баттулгын “....Г.Б нь 1984 онд цэргийн албанд татагдаж, 1987 онд цэргээс халагдаж ирсэн. Г.Б нь сургуульд бараг суралцаагүй, надтай адил 3 юм уу, 4 дүгээр ангиасаа сургуулиас гарсан. Г.Б нь эцэг эхийнхээ хамт л Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд мал маллаж байсан. Тухайн үед Г.Бы аав ээж нь настай хүмүүс байсан учир дахиж сургуульд явалгүйгээр мал дээр гарсан. Г.Б нь 1987 онд цэргээс халагдаж ирээд Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн ямаа, эмчилгээ тэжээлийн цэгт мал маллаж байсан....” гэх мэдүүлэг, гэрч О.Мөнхжаргалын “....1983 оны 10 дугаар сарын 03-ны өдөр намайг Л.Бямбадоржтой гэр бүл болоход Ховд аймгийн Мянгад сумын Цагаан өтөг гэх газарт Г.Бы аавынх нутаглаж, эцэг эхийнхээ хамт Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн мал маллаж байсан. Тухайн үед бид айл саахалт явж, нэг худгаас малаа усалдаг байсан. Г.Б нь 1984 онд цэргийн албанд татагдаж, 3 жилийн цэргийн алба хаасан шиг санагдаж байна. Г.Б нь цэргээс халагдаж ирээд тасралтгүй тус нэгдлийн мал малласан. Г.Б нь одоо ч гэсэн мал маллаж амьдарч байгаа юм....” гэх мэдүүлэг, Залуучуудын үнэн сонины залуучуудын хэвлэлийн нэгдсэн редакциас Ховд аймгийн Мянгад сумын Цагаанбулан бригадын малчин Г.Бд олгосон 1981 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 86 дугаар Талархалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгч Г.Бы Ажилладаг гэх хэсэгт Мянгад сумын Давшилт нэгдэл, ажилд орсон он гэх хэсэгт 1982, эрхэлдэг ажил гэх хэсэгт хоньчин, он, сар, өдөр гэх хэсэгт 1988.6.22 гэх бичвэртэй ХААТР-1/Б/ маягтын хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 5-9, 22, 32-34, 35-37, 41, 43 дугаар тал/

Нэхэмжлэгч Г.Б нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990 оноос 2000 оны хооронд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 1611000077 дугаартай баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, НАХЯ-ны сайдын 1984 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 474 дүгээр тушаалаар хугацаат цэргийн албанд татагдан, мөн сайдын 1987 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн б/325 дугаар тушаалаар цэргээс халагдсан тухай Тагнулын Ерөнхий газрын Тусгай архивын 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 08/1764 дугаартай лавлагаа тус тус хавтаст хэрэгт авагдсан болно. /хх-ийн 10, 21 дүгээр тал/

Хавтаст хэргийн 11-12 дугаар хуудсанд авагдсан иргэн Ч.Цэрэнлхам, Ц.Баттулга нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн, хавтаст хэргийн 13 дугаар хуудсанд авагдсан 1988 он, Залуучуудын уулзалт гэх тайлбартай гэрэл зургийг хэзээ, хаана авахуулсан болох нь тодорхойгүй буюу нотлох баримтаар үнэлэхэд эргэлзээтэй, хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудсанд авагдсан 1981 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн Сайшаалын бичиг, 1983 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Баярын бичиг зэрэгт нэхэмжлэгчийн нэр бичигдээгүй байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болно.

Нэхэмжлэгч Г.Бы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Зуутраг овогт Гэнэнгийн Б //-ы Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Цагаанбулан бригадад Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Цагаанбулан бригадад 1981 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл, 1987 оны 9 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Бы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

  

   

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        С.ОЮУНЖАРГАЛ