Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2012 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 2013/ШЦТ/3

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 171/2012/13/Э/

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Уянга,

Улсын яллагч О.Доржмаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Жаргалсайхан,

Шүүгдэгч Ц.Э. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Б овогт Ц.Э.т холбогдох 201209000576 тоот эрүүгийн хэргийг 2012 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Дархан-Уул аймгийн Дархан суманд 19... оны .. дугаар сарын 24-ны өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, эксковаторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын .. дугаар баг .. тоотод оршин суудаг, Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн 2008 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 181 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 3 жил 5 сар хорих ялаар шийтгэгдсэнийг Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 401 тоот тогтоолоор 2 жил 6 сар болгон өөрчилсөнийг биечлэн эдэлж байгаад Өршөөл үзүүлэх комиссын 2009 оны 7 сарын 22-ны өдрийн 1252 тоот тогтоолоор 10 сар 15 хоногийн хорих ял эдлэхээс өршөөн хэлтрүүлж байсан, Б овогт Ц.Э. /../

 

Шүүгдэгч Ц.Э. нь 2012 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө багийн нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Б.Б.ыг гараараа цохиж, толгойгоороо мөргөсний улмаас бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ц.Э.аас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2012 оны 10 дугаар сарын 07-ны өдөр би харих гээд явж байсан. Тэгээд Баагий ахтай таарсан. Сайн муу болоод мөнгө төгрөгний асуудал яриад өгнө гээд өнгөрөхөд өгөөд байх юм байхгүй гэсэн. Би нүүр рүү нь цохиогүй, түлхсэн. Тэгээд намайг цохиод авсан. Миний нэг чихэнд байсан монетан ээмэг алга болчихсан, фудволк, цамц урагдчихсан байсан. Гэтэл Баагий ах миний шүд хөдөлчихсөн байна гээд байсан. Би Баагий ахтай зууралдаагүй, Р ах зуураад тэвэрчихсэн байсан гэв.

 

Шүүгдэгч Ц.Э. нь 2012 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө багийн нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Б.Б.ыг гараараа цохиж, толгойгоороо мөргөсний улмаас бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

-Хохирогч Б.Б.

ын хэрэг бүртгэлийн шатанд өгсөн: “...би Ц.Э.аас мөнгөө нэхсэн чинь сүртэй шүү дээ, би өгчихнө шүү дээ гээд уурлаад байсан. Тэгэхээр нь чадахгүй юм бол чадахгүй гэдгээ хэлэхгүй гээд явах гэсэн чинь баруун гараараа зүүн шанаа руу цохьсон чинь О. ирээд Э.ыг болиулах гээд тэврээд зогсож байсан. Би босож ирээд Э.ыг яаж байгаа юм гээд зогсож байсан чинь шууд толгойгоороо дээд уруул руу мөргөчихсөн юм. Мөргөхөд амнаас жаахан цус гойжчихсон, хиймэл шүд маань газар уначихсан. ...Надад гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 10 дахь тал/ гэх мэдүүлэг,

 -Гэрч З.Ры хэрэг бүртгэлийн шатанд өгсөн: “...2012 оны 10 сарын 7-ны орой манай найз нар бөөнөөрөө нийлээд Батхуяг гэдэг найзынхаа байрны найранд орохоор Дархан сумын 4-р баг 1в байрны гадаа очсон юм. Тэгээд би эхнэрийн хамтаар дэлгүүр ороод буцаад гараад ирэхэд нэг залуу Б.ын нүүр рүү гараараа цохиод авч байсан.” гэх мэдүүлэг  /хэргийн 11 дэх тал/,

            - Хохирогч Б.Б.ын биед шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2012 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 875 дугаартай актад: ”Б.Б.ын биед 1 шүдний цууралт, хөдөлгөөн орсон байдал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсэх боломжтой, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно /хэргийн 16 дахь тал/ гэх дүгнэлт зэрэг болно.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч Ц.Э. нь 2012 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Б.Б.ыг гараараа цохиж, толгойгоороо мөргөсний улмаас бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байх бөгөөд аймгийн прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйчлэл тохирсон байна.

            Шүүгдэгч Ц.Э. нь Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн 2008 оны 6 сарын 16-ны өдрийн 181 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 3 жил 5 сар хорих ялаар шийтгэгдсэнийг Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн 401 тоот тогтоолоор 2 жил 6 сар болгон өөрчилсөнийг биечлэн эдэлж байгаад Өршөөл үзүүлэх комиссын 2009 оны 7 сарын 22-ны өдрийн 1252 тоот тогтоолоор 10 сар 15 хоногийн хорих ял эдлэхээс өршөөн хэлтрүүлж байсан байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.4-т зааснаар ялтай байдал нь дуусаагүй байна.

            Иймд шүүгдэгч Ц.Э.ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 11 сартай нялх хүүхэдтэй, түрээсийн байранд амьдардаг зэрэг ар гэрийн амьдралынх нь нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан ялын доод хэмжээгээр баривчлах ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хохирогч Б.Б. нь хэрэг бүртгэлтийн шатанд гомдол санал байхгүй гэсэн мэдүүлэг өгсөн байх бөгөөд ямар эмчилгээ хийлгэсэн талаар нотлох баримтаа ирүүлээгүй байх тул хохирогчийн хохирол төлбөр нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэлээ.

            Шүүгдэгч Ц.Э. нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь хохирол төлбөр нэхэмжилсэн нотлох баримтаа ирүүлээгүй байх тул хохирогчийн эмчилгээний зардал нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Э.т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэснийг дурьдаад

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283 дугаар зүйлийн 283.1, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297,298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б овогт Ц.Э.ын бусдын бие махбодид  хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар шүүгдэгч Б овогт Ц.Э.ыг 1 /нэг/ баривчлах ял шийтгэсүгэй.

 

            3. Шүүгдэгч Ц.Э. нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурьдаж, хохирогч Б.Б.ын эмчилгээний зардал нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн болохыг дурьдсугай.

 

            4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.      

 

            5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэх тогтоол биелүүлэх хүртэл Ц.Э.т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ялыг энэ өдрөөс эхлэн тооцсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Я.ТУУЛ