Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 142/ШШ2020/00480

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Дэнж баг, баруун дэнж 14-9А тоотод оршин суух С.Оийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, төв байранд байрлах Х-ХХК-Д холбогдох

500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч С.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: С.О миний бие “Эрдэнэт Ачит нар” ХХК-ний дотрын эмнэлэгт их эмчээр 21 дэхь жилдээ ажиллаж байна. Орхон аймгийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/726 дугаар захирамжаар “Эмч дэд хөтөлбөр”-ийн хүрээнд нийгмийн дэмжлэгт хамрагдаж 500 000 төгрөгийн тэтгэмж авах болсон. Гэтэл хариуцагч Х банкны теллер нь уг мөнгийг тус банкинд дахь миний эзэмшдэг 5090104177 тоот дансны дугаар руу шилжүүлэлгүй эзэмшигч нь нас барсан 5090104144 тоот дансанд шилжүүлсэн байсан. Үүнийг сүүлд олж мэдээд хариуцагч Х банкны Орхон аймаг дахь салбарын ахлах теллертэй олон удаа уулзсан ч “төв банкнаас шийдвэрлэж өгөөгүй. Хүлээх хэрэгтэй” гэж хүлээлгэсээр 1 жил 7 сар болсны эцэст Улаанбаатар хотын төв Х банкны зүгээс “уг мөнгийг олгох боломжгүй” гэсэн хариу өглөө гэсэн. Банкны тухай хууль тогтоомжийн дагуу мөнгөн гүйлгээ, үйлчилгээ явуулж ашиг олдог Хгаргасан алдаатай үйлдлийнхээ хариуцлагыг өөрсдөө хүлээж үйлчлүүлэгчийг хохиролгүй болгох нь зүй ёсны асуудал юм. Иймд Х банкнаас 500 000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч ХХХК-ийн Орхон салбар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа  болон итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Г шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн А.Өнөржаргал “Орон нутгийн санхүүжилтээр Хөх хот руу явах эмч нарын жагсаалтыг ирүүлж төрийн сангаас орж ирэх санхүүжилтийг тус бүрийн данс руу шилжүүлэх хүсэлт гаргаж" харилцагчийн даалгаварын дагуу зохих журмын дагуу гүйлгээ хийгдсэн.

Өөрөөр хэлбэл Орхон аймгийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн захирамжаар Эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнуудад дэмжлэг үзүүлж, тусламж олгох нэрс, тэтгэмжийн хэмжээг жагсаалт үйлдэн Х банкинд ирүүлсэн бөгөөд тухайн жагсаалтад бичигдсэн дансуудыг нэгтгэж олгох, тэтгэмжийн хэмжээгээр тус бүрийн дансанд гүйлгээг хийсэн. С.Оийн нэхэмжлэлд дурдсан Х банкны теллер данс андуурсан гүйлгээ хийхдээ санаатай өөр хүний дансанд тухайн мөнгийг шилжүүлсэн асуудал огт болоогүй. Зөвхөн жагсаалтад бичигдсэн 5090104144 дугаар дансанд тэтгэмжийг харилцагчийн даалгавараар гүйлгээ хийсэн болно. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т "Банк, төлбөр тооцооны үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь төлбөр хариуцагчаас ирүүлсэн төлбөрийн гүйлгээг тэр өдөрт нь багтаан гүйцэтгэх” үүрэгтэй тул хуульд заасан төлбөр тооцоог гүйцэтгэсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.О нь хариуцагч ХХХК-ийн Орхон салбарт холбогдуулан 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч Х банкны Орхон салбар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч мэтгэлцэж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Нэхэмжлэгч С.О нь “Эрдэнэт хотын өдөр”-ийг тохиолдуулан “Эмч дэд хөтөлбөр”-ийн хүрээнд зохион байгуулсан нийгмийн дэмжлэг авах тухай батламжийг гардан авсан бөгөөд уг хөтөлбөрөөр нэр бүхий 52 эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнуудад 500 000-1 000 000 төгрөгийн тэтгэмжийг олгохоор болж нэрсийг регистрийн дугаар, дансны хамтаар Х банкинд хүргүүлж, гүйлгээг даруй хийсэн байна.

Орхон аймгийн ЗДТГ-аас ирүүлсэн нэрсийн 50 дугаарт “Ачит эмнэлэг Сундуйжав Оюунгэрэл их эмч, ИЙ63121304 регистртэй, 5090104144 тоот данстай, дэмжлэгийн хэмжээ 500 000 төгрөг” гэж бичигдсэн байна. Гэтэл нэхэмжлэгч С.Оийн данс нь 5090104177 дугаартай байх бөгөөд сүүлийн 2 тоо нь андуурагдан бичигдсэн болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байна.

Харилцагчаас ирүүлсэн хүсэлтийн дагуу яаралтай үйлчилгээгээр мөнгийг шилжүүлсэн үүнд манай банкны буруу байхгүй, С.О нь Орхон аймгийн ЗДТГ-аас энэ мөнгөө шаардах эрхтэй гэж хариуцагчийн төлөөлөгч тайлбарладаг.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1-д Банк, төлбөр тооцооны үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээр дамжуулан хийгдэх мөнгөн хадгаламж, зээл, харилцах дансны орлого, зарлагын гүйлгээ нь бэлэн болон бэлэн бус хэлбэрээр байж болно. Мөн хуулийн 17 дугаар зүйлийн 1-д. Банк, төлбөр тооцооны үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь иргэн, хуулийн этгээд оролцсон төлбөр тооцоог гүйцэтгэхдээ уг төлбөр тооцооны баримтын бүрдүүлбэрийг шалгана.  Төлбөр тооцооны баримтын бүрдүүлбэрт уг баримтыг бичсэн он, сар, өдөр, төлбөр хүлээн авагч, төлбөр хариуцагчийн дансны дугаар, нэр, тэдгээрийг үйлчлэгч банкны нэр, гүйлгээний утга, мөнгөний дүнг тоо болон үсгээр бичиж, баталгаатай гарын үсэг зурж, тамга эсхүл тэмдэг дарсан байна гэж заасан байна.

Хариуцагч Х банкны ажилтан төлбөр тооцооны гүйлгээ хийхдээ төлбөр хүлээн авагчийн нэр, дансны дугаарыг шалгах ёстой байсан ба гүйлгээний захиалга зөрүүтэй тохиолдолд гүйлгээг нягтлан шалгаж холбогдох арга хэмжээг авах ёстой ба энэ үүргээ биелүүлээгүй гэж шүүх дүгнэв.

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т Иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байна гэж заасан тул нэхэмжлэгч С.О 500 000 төгрөгийн дэмжлэг авах батламж бүхий этгээдийн хувьд эрхээ хамгаалуулахаар шаардах эрхтэй.

Иймд хариуцагч ХХХК-ний Орхон салбараас 500 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Од олгож, улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрийг хуульд зааснаар шийдвэрлэв.