Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2014 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 2014/ШЦТ/0101

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2014/0092/Э/

Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Батболд,
Улсын яллагч Д.Энхтуяа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа, 
Шүүгдэгч ***  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв. 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас ***  т  холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201309000744 дугаартай эрүүгийн хэргийг 2014 оны 4 дүгээр  сарын 17-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** г, *** өдөр Ховд аймгийн Манхан суманд төрсөн, ***  настай, бүрэн дунд боловсролтой,   тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, 

    Шүүгдэгч *** нь 2013 оны 11 дүгээр сарын 16-ны орой 19 цаг 30 минутын үед Nissan Patrol маркийн  *** улсын дугаартай автомашиныг жолоодон яваад Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн нутаг Хас банкны өмнө байрлах асфальтан зам дээр Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2-т зааснаар “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчиж явган зорчигч *** ыг мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
  
ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:
-Шүүгдэгч *** ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Өөрийн гэм буруугаа ойлгож, гэмшиж байна. Хохирол төлбөрт 3.000.000 төгрөг төлсөн. Хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг, 
-Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлж авсан гэрэл зургууд, /хэргийн 3-6 дахь тал/ 
- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хэргийн 9-10 дахь тал/
- Туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хэргийн 17-22 дахь тал/, 
-Хохирогч *** гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Талийгаач *** нь миний дүү юм. Манайх *** байдаг байсан. Манай аав болох ***

талийгаачийг төрөнгүүт нь өргөж авсан юм. Энэ нь 1963 оны 11 дүгээр сар байсан юм, яг хэдний өдөр гэдгийг санахгүй байна. Ямар ч байсан туулай жилтэй, Талийгаач *** нь эрх танхи өссөн хүүхэд байсан. Тэгээд *** сумын 8 жилийн 1 дүгээр дунд сургуульд орж 4 жил гаруй сураад сургуулиасаа гарсан. 18 нас хүртлээ гэртээ буюу Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Суврага багт байж байгаад 1981 онд *** ангид 3 жилийн хугацаат цэргийн алба хаасан юм. Яг хэддүгээр цэргийн анги байсныг нь санахгүй байна. 1984 онд цэргээс халагдаж ирээд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын хөдөө аж ахуйн техникумд галчын ажлыг 1990 оныг хүртэл хийсэн шиг санагдаад байна. Талийгаач *** нь 1984 юм уу, 1985 онд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын хөдөө аж ахуй техникумд үйлчлэгч ажилтай  *** гэр бүл болсон юм. Эхнэр *** нь 1992 онд нас барсан. Тэдний дундаас 3 охин төрсөн юм. Том охин  *** нь 1986 онд төрсөн, дараагийн охин ***  1987 онд төрсөн, бага охин ***м нь 1989 онд төрсөн. Охин ***нар нь Турк улсад хөдөлмөр эрхэлдэг, бага охин *** нь Сэлэнгэ аймгийн Бугант тосгонд амьдардаг, төрөөд удаагүй, ирэх боломжгүй байгаа учраас би хохирогчоор тогтоогдсон. Талийгаач *** нь 2009 онд ээж ***өөд болоход гэртээ тогтохоо байгаад гадуур дэмий тэнээд явчихдаг байсан. Ер нь зөв талдаа хүн, хүнлэг нинжин сэтгэлтэй хүн байсан. Би  2009 оноос 2014 оны 2 сар хүртэл Канад улсад амьдарч байгаад ирсэн бөгөөд хамгийн сүүлд талийгаачтай 2009 онд уулзсан.” гэх мэдүүлэг /хэргийн 119-120 дахь тал/,
-Гэрч ***ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “18 цагийн үед эхнэр ***ийн нэр дээр байдаг *** улсын дугаартай Ниссан патрол маркийн машиныг эхнэр өөрөө унаад бид хоёр нөгөө материалуудаа ачаад Т***а дээр аваачиж өгчихөөд байж байтал 7 ширхэг тогтоогч материал дутахаар нь эхнэр бид хоёр буцаж байгууллага дээрээ очиж нөгөө дутсан зүйлүүдээ авчихаад эргээд Хуучин Дарханаас шинэ Дархан явах замдаа осол гаргаж хүн дайрсан. Зүүн гар талаас гэнэт хүн гараад ирсэн, зүүн талын гэрэл орчмын хэсгээр мөргөсөн” гэх мэдүүлэг /хэргийн 24 дахь тал/, 
- Гэрч *** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2013 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Ганбаа бид хоёр бирж дээр жаахан архи ууж байгаад орой 18 цаг өнгөрч байхад биржээс гараад Микрийн байруудын хогийн пункер үзчихээд зам хөндлөн гарч хоноглох траншейн руу явж байсан юм. Тэр үед Ганбаа гэх залуу миний урд явж байгаад гэнэт зам хөндлөн гараад явчихсан чинь пэд гэсэн чимээ гарч байсан. Тухайн замыг хөндлөн гарсан чинь нэг хар машин зогсчихсон байхаар нь би яваад очсон чинь Ганбаа гэх залуу машины хажууд газар асфальтан зам дээр доошоо харчихсан хэвтэж байсан. Толгой орчмоос нь нилээн цус гарчихсан байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 26 дахь тал/, 
-Ниссан патрол маркийн *** улсын дугаартай автомашины жолооч *** нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн нь хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт буюу фото зураг, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч буюу ослын схем зураг дээрээс тогтоогдож байна. Мөн 2014 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр хийсэн тээврийн хэрэгсэлд хийсэн туршилт дээр И.Патрол маркийн *** улсын дугаартай автомашиныг цагт 20-30 км цагийн хурдтай явуулж байгаад тормоз гишгэж зогсоох үед тухайн зам дээр автомашины тормозны мөр үүсэж байна. Иймд жолооч *** нь Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2-д заасан заалтыг зөрчсөн гэж үзэж байна.” гэх шинжээчийн 056 тоот дүгнэлт /хэргийн 38-44 дэх тал/,    
- “Талийгаачийн биед гавал тархины битүү гэмтэл, гавлын суурь ясны хугарал, Тархины 2 талын зулай, баруун духны зөөлөн бүрхүүл, доорхи цус харвалт, хуйхан доорх гавлын ясны дээд хальсан дахь цус хуралт, нүүрний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь зам тээврийн ослын үед хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь насанд шууд аюултай хүнд зэргийн гэмтэл болно. Талийгаач нь гавал тархины гэмтлээр нас баржээ. Талийгаачийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчин илэрсэнгүй, талийгаачийн цусанд 2.6 промиль этилийн спирт илэрсэн нь хүнд зэргийн согтолттой байсныг харуулна.” гэх шинжээчийн 101 тоот дүгнэлт /хэргийн 53-54 дахь тал/,       
-Согтуурал шалгасан тэмдэглэл /хэргийн 29 дэх тал/,
- Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгийн тодорхойлолт /хэргийн 51 дэх тал/
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 61 дэх тал/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч *** нь 2013 оны 11 дүгээр сарын 16-ны орой 19 цаг 30 минутын үед Nissan Patrol маркийн *** улсын дугаартай автомашиныг жолоодон яваад Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн нутаг Хас банкны өмнө байрлах асфальтан зам дээр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2-т зааснаар “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчиж явган зорчигч *** ыг мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байх тул аймгийн прокурорын газраас түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн  зүйл, хэсэг зөв байна.
    
    Иймд шүүгдэгч ***йг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж, бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
    
Хохирогч *** нь “хохирол төлбөртөө 3.000.000 төгрөг авсан, цаашид гаргах санал хүсэлт байхгүй, *** нь хохирлыг бүрэн барагдуулсан, болгоомжгүй байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзаж хөнгөн ял шийтгэлж өгнө үү” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн байна. 

    Шүүгдэгч  *** нь гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн байх тул ***ийн эзэмшлийн Nissan Patrol маркийн *** улсын дугаатай хар өнгийн суудлын жип автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагч ***ийн 2014 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 113 дугаартай тогтоолыг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

    Шүүгдэгч *** нь анх удаа хүндэвтэр төрлийн гэмт хэрэг болгоомжгүй үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, хохирогч *** гийн шүүхэд ирүүлсэн “*** нь хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан, болгоомжгүй байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзаж хөнгөн ял шийтгэлж өгнө үү” гэх хүсэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж дүгнэлээ.

    Шүүгдэгч ***  нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, энэ хэрэгт эд  мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурьдаад

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *** ийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж, *** ын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар *** т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил /хоёр жил/-ийн хугацаагаар хасч, 4 жил /дөрвөн жил/ хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ***т оногдуулсан 4 жил хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохиролд 3000000 төгрөг төлсөн болохыг тус тус 
дурьдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар мөрдөн байцаалтын шатанд ***ийн эзэмшлийн Nissan Patrol маркийн *** улсын дугаатай хар өнгийн суудлын жип автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагч ***ийн 2014 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 113 дугаартай тогтоолыг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, хэргийн хамт ирүүлсэн *** дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч ***т буцаан олгосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар ***т оногдуулсан 4 жил хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар ***т хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт тус тус хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг ***т мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар М.Эрдэнэчимэгт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохыг дурьдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ***ийн *** дугаартай жолоочийн үнэмлэхийг Замын цагдаагийн газарт шилжүүлсүгэй. 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

            10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ***т авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
      
        

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ            Я.ТУУЛ