| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 158/2025/0031/З |
| Дугаар | 221/МА2026/0338 |
| Огноо | 2026-05-20 |
| Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 221/МА2026/0338
Ц ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү
Илтгэсэн шүүгч Б.Адъяасүрэн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, Ч.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Э
Нэхэмжлэгч: Ц ХХК
Хариуцагч: Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Засаг дарга
Хариуцагч: Булган аймгийн Хутаг-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Нэхэмжлэлийн шаардлага: Ц ХХК-ийн Булган аймгийн Хутаг-Өндөр сумын “******” нэртэй газарт орших XY-****** тоот хайгуулын тусгай зөвшөөрөлтэй, 122.03 гектар талбайд байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахаас татгалзсан Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 01/201 дугаартай шийдвэр, тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 10 дугаартай “Газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай” тогтоолын хавсралтын нэхэмжлэгчийн талбайтай давхцаж буй хэсгийг тус тус хүчингүй болгуулж, байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахыг Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Засаг даргад даалгуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 158/ШШ2026/0015 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Э
Хариуцагч Ж.У
Хариуцагч Б.Б
Хариуцагчийн өмгөөлөгч Ч.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул
Хэргийн индекс: 158/2025/0031/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Анх нэхэмжлэгч Ц ХХК-иас Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Засаг даргад холбогдуулан “Ц ХХК-ийн Булган аймгийн Хутаг-Өндөр сумын ****** нэртэй газарт орших XY-****** тоот хайгуулын тусгай зөвшөөрөлтэй, 122.03 гектар талбайд байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахаас татгалзсан Хутаг-Өндөр сумын Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 01/201 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулж, байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахыг Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
1.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа Хутаг-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “Тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 10 дугаартай “Газар нутгийг орон нутгийг тусгай хамгаалалтад авах тухай” тогтоолыг хүчингүй болгох” гэж нэмэгдүүлсэн.
1.2. Мөн 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа “Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуралдааны 10 дугаартай “газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай” тогтоолын хавсралтын Ц ХХК-ийн Булган аймгийн Хутаг-Өндөр сумын ****** нэртэй газарт орших XV-****** тоот хайгуулын тусгай зөвшөөрөлтэй 122.03 гектар талбайтай давхцаж буй хэсгийг хүчингүй болгуулах” гэж тодруулсан.
2. Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 158/ШШ2026/0015 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.3, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлйин 3 дахь заалт, Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.5, 38 дугаар зүйлийн 38.1.3, 38.2-т заасныг тус тус баримтлан Ц ХХК-иас Хутаг-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, Ч.Э нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
3.1. Нэхэмжлэгч Ц ХХК нь Булган аймгийн Хутаг-Өндөр сумын ****** нэртэй газарт орших XV-****** дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг хуульд заасны дагуу эзэмшиж эхэлснээсээ хойш Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх хэсэг, 38.1.3 дахь хэсэгт заасан хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүргээ гүйцэтгэхээр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Засаг даргад байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар 2023 оноос хойш өнөөдрийг хүртэл удаа дараа хандсаар ирсэн.
Тийнхүү байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулах гэтэл хариуцагч Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Засаг даргын зүгээс эхэндээ "тус байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд миний саналыг аваагүй, тусгаагүй, шууд батлуулахаар илгээсэн" гэх үндэслэлээр манай Ц ХХК-ийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзаж байсан ба уг маргааныг Булган аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 сарын 03-ны өдрийн 158/12024/0023 дугаартай шийдвэрээр "байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд Засаг даргын саналыг тусгаж, улмаар батлуулах нь зүйтэй байна" хэмээн тогтоосон. Тус шүүхийн шийдвэрт тусгасан шүүхээс хийсэн дүгнэлтийн дагуу манай Ц ХХК-ийн зүгээс 2024 оноос 2025 онд хэрэгжүүлэх байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд сумын Засаг дарга болон бусад эрх бүхий этгээдийн саналыг авахаар Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Засаг даргад 24/014 тоот албан бичгээр 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хандсан. Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Засаг дарга дээрх албан бичгийг хүлээж аваад Булган аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газарт хандан "... XV-****** дугаар бүхий талбайд 2024 онд гүйцэтгэх хайгуулын ажлын байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг хянаж хариу мэдэгдэнэ үү" хэмээн хянуулсан байх ба тус Байгаль орчин аялал жуулчлалын газраас "... Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянах батлах, тайлагнах журмын дагуу төлөвлөгөөг боловсруулж ирүүлэх чиглэл өгч ажиллана уу" гэсэн байна.
Ийнхүү, Ц ХХК нь Булган аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газраас тавьсан шаардлагын дагуу Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянах, батлах, тайлагнах журмын дагуу байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулах шаардлагатай байгаа тухай Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 01/443 тоот албан бичгийг хүлээн авснаар мэдсэн. Уг албан бичгийг авсан даруй Ц ХХК-иас байгаль орчны менежментийн төлөвлөгөөг засан боловсруулж дахин хянуулж, санал авч, батлуулахаар 2024 оны 10 сарын 22-ны өдрийн 24/018 тоот албан бичгээр төлөвлөгөөг хүргүүлсэн бөгөөд тус төлөвлөгөөг Булган аймгийн Байгаль орчны газар хянаад 2024 оны 11 сарын 07-ны өдрийн албан бичгээр "... төлөвлөгөөнд тусгах санал байхгүй болно" хэмээн Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Засаг даргад хүргүүлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.
Үүнээс хойш Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Засаг даргын зүгээс манай байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгах санал байгаа эсэх, тус төлөвлөгөөг батлах эсэх талаар огт хариу өгөөгүй тул тус төлөвлөгөөнд санал тусгах, батлах эсэх талаар хариу ирүүлэхийг хүссэн 24/019 тоот албан бичгийг 2024 оны 12 сарын 09-ний өдөр дахин Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Засаг даргад илгээсэн. Уг албан бичгийн хариу болгож Хутаг-Өндөр сумын Засаг даргаас 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 01/27 тоот албан бичгээр "2024 оны 12 сарын 18-ны өдөр сумын Тамгын газрын иргэний танхимд зохион байгуулсан хэлэлцүүлэгт Тээл 4-р багийн ****** орчимд амьдардаг 57 иргэн оролцож хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий газарт хайгуулын ажлын байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахгүй байх шаардлагыг иргэдийн 100 хувийн саналаар сумын Засаг даргад уламжлаад байна... Мөн иргэдийн дунд зохион байгуулсан хэлэлцүүлгээс дараах шаардлага, саналууд гарсныг уламжлан хүргэж байна. Үүнд: Тус газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах асуудлыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцүүлэн зохих газарт уламжлан шийдвэрлүүлэх" гэх зүйлсийг дурдсан байдаг.
Уг нөхцөл байдлыг тодорхой болгох үүднээс дахин 2025 оны 02 сарын 17-ны өдөр 25/003 тоот албан бичгээр хандсан байдаг. Ингээд үүссэн асуудлыг шийдвэрлүүлэхээр Ашигт малтмал, газрын тосны газар, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Засаг даргад хандсаар байсан боловч асуудлыг шийдвэрлэх дорвитой арга хэмжээ авахгүй байсаар 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 01/201 тоотоор хариуцагч сумын Засаг дарга нь "... экологийн хувьд ач холбогдолтой ****** орчмын газрыг 2024 оны 12 сарын 31-ний өдөр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар орон нутгийн тусгай хамгаалалтад авч, уул уурхайн кадастрын бүртгэлийн системд бүртгэгдэж, орон нутгийн тусгай хамгаалалтад орсон тул байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлах боломжгүй" гэсэн мэдэгдлийг ирүүлсэн.
Уг татгалзалтай холбоотой Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Булган аймгийн Засаг даргад хандаж улмаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2 дахь хэсэгт заасан хугацаанд багтааж Булган аймаг дахь Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Өөрөөр хэлбэл, дээд шатны байгууллага гомдол гаргасан хугацааг хэтэрсэн гэж үзээгүй байхад анхан шүүх хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар гомдол гаргах хугацааг дуусгавар болчихсон гэж үзэх нь үндэслэлгүй байна.
Мөн шүүгч нь маргааны бодит нөхцөл байдал, маргаан бүхий захиргааны актыг үндэслэл бүхий байсан эсэхэд гүйцэд дүгнэлт өгөөгүй атлаа хариуцагчийн 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 01/201 тоотыг Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан Захиргааны акт биш гэж үзсэн нь илтэд үндэслэл муутай.
Өмнөх хэсэгт дурдсанчлан, манай компани нь тусгай зөвшөөрөл авснаас хойш Хутаг-Өндөр сумын Засаг даргад 2023 он болон 2024 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар удаа дараа хандсан боловч 2025 оны 05 сарын 16-ны өдөр тухайн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй талаар татгалзлаа албан ёсоор мэдэгддэг. Өөрөөр хэлбэл, манай компани нь төрийн байгууллагын тодорхойгүй байдлын улмаас үүдэн тусгай зөвшөөрлийн хүрээнд нэг ч удаа үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд 2023 болон 2024 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан ажил, арга хэмжээ өөрчлөгдөөгүй хэвээр байна. Гэтэл шүүгч нь дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр хэргийг шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьсан гэж үзэж байна.
Нөгөөтэйгүүр 2024 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй гэх шийдвэрийг 2025 оны 05 сард гаргасан нь хариуцагч байгууллагын Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт "Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ" гэж заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Хариуцагч Хутаг-Өндөр сумын Засаг дарга нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлаагүй үндэслэлээ иргэдийн эрс эсэргүүцэл болон тусгай зөвшөөрөл бүхий газар нь орон нутгийн тусгай хамгаалалтад хамаардаг зэргээр тайлбарладаг. Засаг дарга нь "Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах" журмын 3.3-т заасан үндэслэл үүсвэл тус төлөвлөгөөг батлахаас татгалзах эрхтэй байна. Гэтэл манай компанийн 2024 оны бичгээр хүргүүлсэн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Булган аймгийн Байгаль орчны газар хянаад 2024 оны 11 сарын 07-ны өдрийн албан бичгээр "... төлөвлөгөөнд тусгах санал байхгүй болно" гэж мэдэгдсэн байдаг. Өөрөөр хэлбэл, 2024 оны төлөвлөгөөг мэргэжлийн байгууллага хянаж "Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах" журамд нийцсэн буюу санал байхгүй гэх хариуг хүргүүлсэн байна.
Мөн Газар нутгийг орон нутгийн хамгаалалтад авах тухай журмын 3.3-т "Орон нутгийн хамгаалалтад авсан газар нутагт дараахь дэглэмийг хэрэгжүүлж болно:" гээд 5/-т "судалгаа шинжилгээний ажил явуулах, сонгосон талбайд ашигт малтмалын хайгуул хийх" гэж заасан байна. Тодруулбал, тусгай зөвшөөрөл бүхий газар нь орон нутгийн тусгай хамгаалалтад хамрагдсан гэх үндэслэл нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзах хууль зүйн үндэслэл болохгүй юм.
Захиргааны байгууллага нь шийдвэр гаргахдаа эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа, хөндөгдөж болзошгүй этгээдийг тодорхойлон, тайлбар, саналыг авахаар байна. Манай компани нь Ашигт малтмалын тухай хуулийн 21.1.3 дахь хэсэгт "энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасны үндсэн дээр хайгуулын талбайн аль ч хэсэгт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг онцгой эрхийнхээ дагуу авах" гэж заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийнхээ хувьд ашиглалтын тусгай зөвшөөрлийг онцгой эрхийн дагуу авах эрхтэй. Нөгөөтэйгөөр Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлд сонсох ажиллагааг хийхгүй байх нөхцөлүүдийг тусгасан бөгөөд хариуцагч Хутаг-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь сонсох ажиллагааг хийхгүй байх нөхцөл үүссэн эсэх талаар шүүх хуралдаанд тайлбарладаггүй, түүнтэй холбоотой баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байдаг.
Хайгуулын талбай бүхий газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авснаараа тухайн газарт ТХГНтХ хэрэгжиж, улмаар дэглэм хамгаалалтын горимыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шийдвэрлэхээр байгаа тул нэхэмжлэгч Ашигт малтмалын тухай хуульд заасан хайгуулын ажил хийх эрхээ баталгаатай эдлэхгүй болж байна. Өөрөөр хэлбэл сонгосон талбайд хайгуулын ажил хийх боломжтой байгаа ч иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хайгуул хийлгэхгүй байх тухай шийдвэр гарахыг үгүйсгэхгүй.
Иймээс хайгуулын тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаа явуулах боломжгүй байдалд хүргэж, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг үндэслэлгүйгээр татгалзахын сацуугаар Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа явуулалгүйгээр тусгай зөвшөөрөл бүхий газрыг орон нутгийн тусгай зөвшөөрөл бүхйи газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан хариуцагч нарын хууль бус үйлдэлд туйлын гомдолтой байна.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Энхжавхлангийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
Сумын Засаг даргын 2025 оны 01 сарын 16-ны өдрийн 01/27 тоот албан бичиг нь асуудлыг төгс шийдвэрлээгүй, үндэслэл тодорхойгүй, менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан эрх зүйн үр дагавар үүсгээгүй, зөвхөн иргэдийн саналыг уламжилсан, иргэдээс эсэргүүцэл ирж байгаа тул батлах боломжгүй тухай дурдсан албан бичиг байдаг. Тиймээс нэхэмжлэгчээс асуудлыг шийдвэрлүүлэх талаар дахин хандсан нөхцөл байдлыг буруутгах боломжгүй юм. Мөн өмнө дурдсан захиргааны байгууллагын удаа дараагийн хууль бус, үргэлжилсэн шинжтэй үйл ажиллагаа болохыг анхаарах шаардлагатай.
Засаг даргын 2025 оны 01 сарын 16-ны өдрийн 01/27 тоот албан бичиг нь тусгай хамгаалалтад авснаар менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзаж буй агуулгатай, үндэслэл тодорхой, эрх зүйн үр дагаврыг үүсгэсэн байна. Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т заасан захиргааны актын шинжийг хамаарч байна. Захиргааны байгууллага хариу өгч (Сумын ЗД-ын 05.16-ны өдрийн хариу), уг хариунд Захиргааны ерөнхий хуульд заасан журмаар урьдчилсан шийдвэрлэх ажиллагаа хийсэн, уг хугацаанаас шүүхэд хандах хугацаа хэтрүүлээгүй болно. Гэтэл шүүхээс захиргааны байгууллагын хариу өгсөн, урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийсэн нөхцөл байдлыг дүгнэх нь захиргааны байгууллагын эрх хэмжээнд халдсан нэхэмжлэгчийн шүүхэд мэдүүлэх эрхийг зөрчсөн зүйл болж байна. Дээрх байдлаар Засаг даргын 2025 оны 01 сарын 16-ны өдрийн хариу нь захиргааны акт бөгөөд нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлээгүй тул энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болж чадаагүй байна. Нөгөөтээгүүр шүүхээс нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлсэн, захиргааны акт биш гэж дүгнэлт хийсэн атлаа нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлээгүй нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болон шийдэл өөр болгож байна. Улмаар шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангахгүй байна.
Шүүх тусгай хамгаалалтад авсан хайгуулын талбайд хайгуулын ажил хийх боломжтой байгаа тухай зөв дүгнэсэн. Сумын Засаг даргын үндэслэл болгож буй хэрэгт авагдсан иргэдийн уулзалт, хурлын тэмдэглэлүүд яг адилхан байгаа нь тухайн баримтын талаар үндэслэл бүхий эргэлзээг бий болгож байгааг анхан шатны шүүх анхаарсангүй. Хариуцагчийн 2025 оны төлөвлөгөөний тухай тайлбар үндэслэлгүй. Энэхүү тайлбар нь зөвхөн нэхэмжлэгчийг яаж хайгуулын ажлыг нь хийлгэхгүй байх вэ, яаж маргаандаа унахгүй байх вэ гэдэг үүднээс гаргаж буй арга ядсан тайлбар юм.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх ёстой. Мөн нэхэмжлэгч төлөвлөгөөг батлуулахаар удаа дараа олон удаагийн албан бичиг хүргүүлсэн. Энэхүү маргаан нь байгаль орчны төлөвлөгөөг батлахгүй байгаа үндэслэл нь тусгай зөвшөөрөл бүхий талбайг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан тухай юм. Өөрөөр хэлбэл орон нутгийн тусгай хамгаалалтад авснаараа нэхэмжлэгчийн төлөвлөгөөг батлахгүй байх үр дагавар үүсэх эсэх тухай юм. Нөгөөтээгүүр захиргааны байгууллагын үргэлжилсэн үйлдэл байна. Тиймээс 2025 оны төлөвлөгөөг хүргүүлээгүй гэх үндэслэлээр "даалгах нэхэмжлэлийн шаардлага"-ыг хэрэгсэхгүй болгох нь буруу. Түүнчлэн шүүхээс даалгаж шийдвэрлэснээрээ нэхэмжлэгч төлөвлөгөөгөө батлуулж, ажлаа хийх боломж нөхцөл бүрдэх буюу энэ нь шүүхээс нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоож явдал болно.
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолын тухайд, хайгуулын талбай бүхий газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авснаараа тухайн газарт уг хууль хэрэгжиж, улмаар дэглэм, хамгаалалтын горимыг иргэдийн Төлөөлөгчдийн хурал шийдвэрлэхээр байгаа тул нэхэмжлэгч Ашигт малтмалын тухай хуульд заасан хайгуулын ажил хийх эрхээ баталгаатай эдлэхгүй болж байна. Өөрөөр хэлбэл сонгосон талбайд хайгуулын ажил хийх боломжтой байгаа ч хайгуул хийлгэхгүй байх тухай шийдвэр гарахыг үгүйсгэхгүй. Газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авахдаа хууль тогтоомжид заасан шаардлага хангаагүй тухай нэхэмжлэгчийн үндэслэлийг өмгөөлөгчөөс дэмжиж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянаж, дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Ц ХХК-иас Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Засаг дарга, тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус холбогдуулан гаргасан “Ц ХХК-ийн Булган аймгийн Хутаг-Өндөр сумын “******” нэртэй газарт орших XY-****** тоот хайгуулын тусгай зөвшөөрөлтэй, 122.03 гектар талбайд байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахаас татгалзсан Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 01/201 дугаартай шийдвэр, тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 10 дугаартай “Газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай” тогтоолын хавсралтын нэхэмжлэгчийн талбайтай давхцаж буй хэсгийг тус тус хүчингүй болгуулж, байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахыг Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Засаг даргад даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 15 дугаар шийдвэрээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.
3. Маргаан бүхий Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 01/201 тоот албан бичигт “...танай компанийн хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбай нь “Орон нутгийн тусгай хамгаалалт”-д орсон тул “Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө”-г батлах боломжгүй болсныг мэдэгдэж байна...” гэж,
Булган аймгийн Хутаг-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн “Газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай” 10 дугаар тогтоолоор “...Байгалийн өвөрмөц тогтоц, ховор амьтан ургамал, рашаан ус бүхий хамгаалах шаардлагатай экологийн хувьд чухал ач холбогдолтой ****** орчмын 11464.53 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтанд авсугай...” гэжээ.
4. Нэхэмжлэгч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Булган аймгийн Хутаг-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 10 дугаар “Газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай” тогтоолын хавсралтын нэхэмжлэгчийн Булган аймгийн Хутаг-Өндөр сумын “******” нэртэй газарт орших XY-****** тоот хайгуулын тусгай зөвшөөрөлтэй, 122.03 гектар талбайтай давхцаж буй хэсгийг тус тус хүчингүй болгуулах” гэж тодруулсан энэ тохиолдолд орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газрын аль хэсгээр нэхэмжлэгчийн XY-****** дугаар хайгуулын тусгай зөвшөөрөлтэй, 122.03 гектар талбай давхцалтай болохыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй.
5. Өөрөөр хэлбэл маргаан бүхий тогтоолоор нэхэмжлэгчийн XY-****** дугаар хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий 122.03 гектар талбайг орон нутгийн тусгай хэрэгцээнд авахдаа бүхэлд нь эсхүл хэсэгчлэн авсан эсэх нь тодорхойгүй байхад энэ талаарх баримт нотолгоог бүрдүүлж, тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэх боломжгүй байна.
6. Мөн хэрэгт авагдсан Ашигт малтмал, газрын тосны газрын 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 11/170 тоот албан бичгээр маргаан бүхий тогтоолыг Уул уурхайн кадастрын бүртгэлийн системд бүртгэсэн талаар мэдэгдсэн байдаг боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдолд дурдагдсан Ашигт малтмал, газрын тосны газрын 2026 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 10/1535 тоот албан бичгээр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Засаг даргад хандан “ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэхэд төрийн захиргааны байгууллага, албан тушаалтны үйлдэл, эс үйлдэл, эсхүл нутгийн захиргааны байгууллагын удирдлага, төрийн бус байгууллага, иргэдийн зүгээс хууль бус үндэслэлээр зогсоож хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллахад саад учруулсан бол тухайн аж ахуйн нэгж нь … буруутай этгээдээр учирсан гэм хохирлоо төлүүлэх эрхтэй байгааг анхаарч … тус компанийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталж, үйл ажиллагааг дэмжин хамтарч ажиллана уу” гэх хариуг хүргүүлжээ.
7. Түүнчлэн нэхэмжлэгч талаас нэхэмжлэлдээ хавсаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 1/03 тоот албан бичгээр “Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Засаг даргад хандан Ц ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй, ...хэрэв ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийг хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэхэд төрийн захиргааны байгууллага, албан тушаалтны үйлдэл, эс үйлдэхүй, эсхүл нутгийн захиргааны байгууллагын удирдлага, төрийн бус байгууллага, иргэдийн зүгээс хууль бус үндэслэлээр зогсоож хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллахад саад учруулсан бол тухайн аж ахуйн нэгж нь холбогдох хуулийн хүрээнд буруутай этгээдээр учирсан гэм хохирлоо төлүүлэх эрхтэй байгааг анхаарч ажиллах” талаар дурдсан байхад анхан шатны шүүх уг албан бичгийн дээрх агуулгыг хэрхэн дүгнэсэн нь тодорхойгүй.
8. Үүнээс үзэхэд, маргаан бүхий Булган аймгийн Хутаг-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 10 дугаар “Газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай” тогтоолоор нэхэмжлэгч Ц ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авч, улмаар тус сумын Засаг даргаас нэхэмжлэгчийн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахаас татгалзсан, мөн тус маргаан бүхий тогтоол гарахаас өмнө сумын Засаг даргаас нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг цуцлуулахаар Ашигт малтмал, газрын тосны газарт хандахад тус газраас ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байх талаар мэдэгдсэн гэх зэрэг нь захиргааны байгууллагуудын шийдвэр, үйл ажиллагаа хоорондоо зөрчилдөөнтэй байгааг тодорхойлж буй энэ тохиолдолд тэдгээрийн байр суурийг тодруулах, холбогдох тайлбар, нотлох баримтуудыг бүрэн цуглуулсны үндсэн дээр уг асуудалд дүгнэлт өгөх шаардлагатай байна.
9. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 32 дугаар зүйлийн 32.1, 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2-т заасан зохицуулалтын дагуу хэргийн оролцогчдын маргаж буй шаардлага, татгалзлын үндэслэлийн хүрээнд маргааны үйл баримтад ач холбогдол бүхий дээрх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоосны үндсэн дээр маргаан бүхий захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх, хариуцагчийн татгалзал нь хууль зүйн үндэслэлтэй эсэх талаар хууль зүйн бүрэн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.
10. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж залруулах, хэрэг хянан шийдвэрлэх тодорхой ажиллагааг нөхөн гүйцэтгэж, нотлох баримтыг бүрдүүлж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 158/ШШ2026/0015 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН