Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2014 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 2014/ШЦТ/0102

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс:171/2014/0109/Э/

Сумдундын 7 дугаар шүүхийн эрүүгийнхэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Т.Энхжаргал, Я.Туул нарын бүрэлдэхүүнтэй,
Иргэдийн төлөөлөгч *** , 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Батболд, 
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа, 
Хохирогч ***
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг, 
Шүүгдэгч ***нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв. 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ***т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201409000185 дугаартай хэргийг 2014 оны 5 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 
Монгол Улсын иргэн, *** -ны өдөр *** төрсөн, ***  бага боловсролтой***  тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй,  

Шүүгдэгч *** нь 2014 оны 2 дугаар сарын 27-ны өдөр Шарын гол сумын Санжинт багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *** хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар ***ыг зодож биед нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч ***ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2014 оны 2 дугаар сарын 27-ны өдөр нүүрсэнд явж ирээд *** 2-той таарсан. Тэгээд нэг юм хувааж ууя гээд дэлгүүр орсон. Дэлгүүрээс архи аваад хувааж уугаад, тэгээд би ***г яв яв гээд машинд суулгаад явуулсан. *** бид 2 дахиж нэг шил архи аваад тал дээр гарч уусан. Тэгээд *** хуучин эхнэрээс болж бид 2 маргаад зодолдсон юм. Тухайн үед *** надаас болоод салсан гээд урдаас дайраад байсан. Би *** түлхээд унагасан чинь босч ирээд хувцасаа тайлаад дайраад байсан. Бид хоёр хоёулаа адилхан


D:\2014 Uyanga\Sh.Ts togtool\Shiitgeh togtool-Umurbek 96.1.docx
зодолдсон. Тэгээд ноцолдоод дээр нь өвдөглөөд байж байхад ***ах нь ***  Кристан машинтай ирээд ***ыг аваад явсан. Хохиролд 340.000 төгрөг төлсөн.” гэх мэдүүлэг,

-Хохирогч ***ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би ажлаасаа тараад ***  бид 2 явж байсан юм. Тэгээд ***тэй таараад уулзаагүй удсан байна гээд нэг шил архи авч хувааж уусан. Б***г явуулчихаад ***  бид 2 дэлгүүрээс архи авах гээд байж байсан чинь манай салсан эхнэрийн эгч нь таарсан. Тэгээд эгчтэй нь уулзчихаад нэг шил архи хувааж уугаад согтсон, тэгээд хуучин эхнэрийн эгчийг харчихаад бид 2 яриа үүсгээд байж байсан юм. Салсан эхнэрийн талаар ярьж байгаад би хардсан юм хэлсэн. *** тэр хүүхэн уг нь сайн хүүхэн шүү дээ гэсэн чинь би хардаад согтуудаа маргасан байсан. Бид 2 уг нь ингэж маргаж байгаагүй.  Би хөмсөгөндөө 3 оёдол тавиулсан. Дотроо цус алдаад тэгээд хагалгаанд орсон. Одоо ажил төрлөө хийгээд зүгээр байгаа. Гомдол санал байхгүй. Хохирол төлбөрөө авсан.” гэх мэдүүлэг,

Хохирогч Х***ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…*** намайг өдөж чи баяжаад их болчихжээ гэж хэлээд над руу захирангуй харьцаад байхаар нь за би одоо харилаа гээд *** бид 2 хоёр тийшээ гэр лүүгээ алхаад явсан. Тухайн үед архи ууж байсан газар ***  ганцаараа үлдсэн юм. Тэгээд би гэр лүү явж байтал миний хойноос хүн явах чимээ гарсан. Тэгээд би эргээд харахад Өмөрбек миний зүүн дух хэсэг рүү цохих шиг болсон. Тэр үед би газар унаад ухаан алдчихсан байсан. Тэгээд цааш нь юу болсныг санахгүй байна. Нэг сэрэхэд Шарын гол сумын эмнэлэг дээр ирчихсэн эмч нар миний духанд оёдол тавьж байсан юм. 
…. Би юу гэж салсан эхнэрээ хүнтэй хардах вэ дээ, би тэгээгүй. Өмөрбек бид 2 урьд нь алтанд хамт явж байгаад шороон дээрээс болж хэрэлдэж маргалдаж байсан юм. тэгээд архи уусан байсан болохоор түүнийг ярьж байгаад маргалдаж муудалцаж зодолдсон юм.” гэх мэдүүлэг /хэргийн 15-16 дахь тал/ 

Гэрч *** ны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би гэртээ харьчихаад 17 цагийн орчим үхэр маландаа өвс тавьж өгчихөөд хашаан дотроо байж байхад манай эхнэр ***р надад хэлэхдээ ***  нэг хүнтэй зодолдоод байх шиг байна, чи очоод аваад ир гэхэд нь би хашаанаас гараад харахад *** ***г газар унагачихсан өшиглөж харагдсан юм. Тэгээд би гүйж очиход ***ы дээр мордож суучихсан гараараа толгой хэсэг рүү нь цохиж байсан. Тухайн үед Б***ы толгой хэсэг нэлэнхүйдээ цус болчихсон байхаар нь *** ийг түлхэж Бауржанаас холдуулж салгахад ***  ухаан алдчихсан байсан. Тэгээд би Бауржаныг газраас босгоод гэр лүүгээ авч явахад цаанаас *** ийн эхнэр нэрийг нь мэдэхгүй зүс таних эмэгтэй ирээд *** ийг авч явна гэхэд “би Бауржаныг ална, гүйцээнэ” гээд Бауржан бид хоёрын хойноос яваад байсан. Тэр үед *** ийн эхнэр ***ийг авч явах гэхэд эсэргүүцээд байсан юм. Тэгээд ***ыг дагуулаад гэрт орж ирчихээд цагдаа, эмнэлэг хоёрт дуудлага өгсөн юм.” гэх мэдүүлэг /хэргийн 17 дахь тал/  
Гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2014 оны 2 дугаар сарын 27-ны өглөө хөдөө явчихаад орой 17 цагийн орчим гэртээ ирээд байж байхад ***ы эхнэр болох Дуяа над руу утсаар яриад түргэн тусламж яаралтай дуудаж өгөөч, ***ы бие муудаад байна гэж хэлсэн. Тэгээд би гэрээсээ гараад *** ы гэрт очиход *** цусаар бөөлжиж байхаар нь юу болсон юм бэ? гэж асуухад алтанд явж ирээд найз ***тэй таараад нэг шил архи хувааж уусан. Тэгээд намайг зодчихлоо гэхээр нь би түргэн тусламж дуудаж Х.Бауржаныг өгч явуулчихаад цагдаад дуудлага өгсөн юм.” гэх мэдүүлэг /хэргийн 18 дахь тал/ 
Гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…хүүхдээ цэцэрлэгээс авчихаад буцаж ирж явахад замын урд талд *** 2 хоорондоо барьцалдчихсан харагдсан юм. Тэгээд ойртож очиход ***ы ах нар нь ирээд ***ыг аваад явсан. Тэр үед би нөхөр ***ийг аваад гэр лүүгээ харьсан юм. *** , *** хоёрын хамраас нь цус гарчихсан нилээн согтчихсон байсан. Тухайн үед *** хамаг хувцсаа тайлчихсан байсан юм.” гэх мэдүүлэг /хэргийн 21 дэх тал/ 
- “*** ы биед хэвлийн хөндийн битүү гэмтэл, хэвлийн хөндий болон бага аарцгийн хөндийн цус хуралт, сэмжний судасны тасрал, зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.“ гэх шинжээчийн 278 тоот дүгнэлт /хэргийн 24 дахь тал/ 
- Хохирогч *** ы өвчний түүх /хэргийн 27-36 дахь тал/, 
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 50 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч *** нь 2014 оны 2 дугаар сарын 27-ны өдөр Шарын гол сумын Санжинт багийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ***тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар *** ныг зодож биед нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байх бөгөөд аймгийн прокурорын газраас түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.
    Иймд шүүгдэгч *** нь хохирогч ***ыг зодож биед нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
    Хохирогч *** нь шүүхийн хэлэлцүүлэгт “Одоо ажил төрлөө хийгээд зүгээр байгаа. Гомдол санал байхгүй. Хохирол төлбөрөө авсан” гэж мэдүүлсэн, мөн хэргийн 53 дахь талд ***д 345.000 төгрөгийг хүлээлгэж өгсөн баримт байх тул шүүгдэгч ***ийг гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн байна гэж үзэхээр байна. 

Шүүгдэгч ***ийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хэргийн 50 дахь тал/ байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч нь хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн, мөн түүний ар гэрийн амьдралын нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан ***ийн хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэн өөрчиллөө.
    
    Шүүгдэгч *** нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурьдаад

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283 дугаар зүйлийн 283.1, 286,290 дугаар зүйлийн 290.3, 294, 297, 298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

    1. Шүүгдэгч ***ийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
    
    2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар шүүгдэгч ***д 3 жил 4 сар 10 хоног /гурван жил дөрвөн сар арав хоног/ хорих ял шийтгэсүгэй.

    3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан 3 жил 4 сар 10 хоног хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч *** нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй,  эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

    6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.    

    7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                Б.МАНЛАЙБААТАР 

ШҮҮГЧИД                    Т.ЭНХЖАРГАЛ
        
                        Я.ТУУЛ