Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2014 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 2014/ШЦТ/0104

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2014/0114/Э/

Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг, 
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа,
Шүүгдэгч ***  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв. 
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ***т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201409000322 дугаартай хэргийг 2014 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 
Монгол Улсын иргэн, ***  төрсөн, *** ,  *** настай, бүрэн дунд боловсролтой, *** тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, 

Шүүгдэгч *** нь 2014  оны 4 дүгээр сарын 12-ны орой 22 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сум, *** тоотод нөхөр *** тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүн рүү шидсэн заазуур иргэн *** ийн гарыг зүсэж биед нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/ 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

-Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2014 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 17 цагийн орчимд нөхрийнхөө ажлынхантай  “Ок” бааранд орж, орой 19 цаг өнгөрч байхад манай дүүгийнд очсон. Тэднийхээс гараад би нөхрийнхөө хойно нь алхаж явсан.  Манай нөхөр гэртээ орчихоод буцаад гарсан ба би араас нь яваад олоогүй. Гудамжинд таарсан хүмүүсээс асуухад нэг залуу ийшээ орилоод явчихлаа гэсэн. Тэгээд явж байтал нэгдүгээр сургуулийн хажууд хоёр гурван залуу намайг хоргоосон. Тэд нараас салаад *** эгчийнд очиход манай нөхөр тэднийд сууж байхаар нь миний дургүй хүрээд харанхуй шөнө гудамжинд хүн хаяж явлаа гээд *** г цохитол *** чи яасан их хүн цохидог юм бэ гээд *** эгчийн хойд ор луу түлхээд унагасан. Би босоод юм аваад шидсэн. Тухайн үед юу авч шидсэнээ мэдэхгүй байна. Удаагүй *** эгч гар зүсчихлээ гээд босоод ирсэн. Тэгэхээр нь би миний шидсэн юм оночихлоо гээд *** эгчийг эмнэлэг авч явсан гэв” гэх мэдүүлэг, 


-Хохирогч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2014 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 19 цагийн орчим гэртээ буюу Дархан сумын  *** тоотод гал зуухны өрөөнд халуун тогоонд боорцог хийгээд байж байтал миний дүү болох Ганаа орж ирсэн. Би дүүтэйгээ ойр зуурын яриа өрнүүлээд байж байтал Ганаагийн гэр бүлийн хүн болох *** гаднаас орж ирээд чи ямар их хүнийг араасаа гүйлгэдэг юм бэ гээд манай дүүтэй хэрэлдээд түүний нүүрэн тус газар цохиод байсан. Тэгээд би бие засах гээд гараад эргээд ороод иртэл *** гартаа заазуур барьчихсан харагдсан. Манай хүүхдүүд ***ийн барьсан заазуурыг нь тавиулах гээд оролдсон боловч  заазуураа өгөхгүй байсан ба намайг халуун тогоонд  боовоо хуураад зогсож байтал гар луу нэг зүйлээр цохиход цус гарсан, эхлээд заазуур шидчихсэн гэж мэдээгүй. Дараа нь миний баруун гарын алганы хэсэгт зүсэгдсэн байсан тэгээд *** заазуур шидчихсэн байна гэж ойлгосон” гэх мэдүүлэг /хэргийн 12-13 дахь тал/ 

Гэрч ***ийн  мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “..2014 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр манай ажлын хамт олон есүүлээ цуг Дархан сумын 4 дүгээр багт байх “Ок” байранд орцгоосон юм. Ок бааранд нэг шил Чингис нэртэй архи хувааж уугаад би эхнэрийн хамт гараад явсан юм. Харих замдаа эхнэр бид хоёр хүргэн дүү  *** д очсон юм. Би *** тай хамт гурван баавгай нэртэй 2.5 литрийн пиво хувааж уугаад гарсан. Тэгээд харих замдаа эхнэртээ чи хариад байж бай би эгч Оюунцэцэгийнх үрүү явлаа гээд явсан юм. Тэгээд эгч *** д ирээд байж байтал араас удалгүй манай эхнэр *** орж ирээд над уруу урласан юм. Бид хоёр жаахан маргалдаад би эхнэрээ том өрөөний ор луу түлхсэн юм. Манай эхнэр *** юу шидсэнийг  ерөөсөө мэдээгүй эгч гараа барьчихсан гар зүсчихлээ ш дээ гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хэргийн 14 дэх тал/

-Насанд хүрээгүй гэрч *** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2014 оны 4 дүгээр сарын 12-ны орой 21 цагийн орчим гэртээ ээж *** болон найз *** нарын хамт байсан юм. Тэр үед ээж үүдний өрөөнд халуун тогоон дээр боорцог чанаад байж байсан ба гаднаас *** орж ирээд намайг гүйлгээд байхдаа яахав дээ гээд *** ахыг гараараа цохиод байсан юм. Дараа нь хамар уруу нь цохисон чинь хамраас нь цус гарсан юм. Намайг боорцогны гурил сууж байсан чинь *** эгч гурилын модны хажууд байсан заазуурыг аваад нөхөр рүүгээ шидэх гээд байсан. Тэгээд найз *** бид 2 заазуурыг авах гэтэл өөдөөс заазуураар чичлээд эндээс холд өгөхгүй гээд байсан. Удалгүй ээж гаднаас орж ирээд үргэлжлүүлээд боорцогоо хийсэн юм. Тэгтэл ***  эгч барьж байсан заазуураа нөхөр рүүгээ буюу *** ах уруу шидтэл Тооройхүү ахын цаана сууж байсан ээжийн гарыг оночихсон” гэх мэдүүлэг, /хэргийн 16 дахь тал/

-Насанд хүрээгүй гэрч *** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2014 оны 4 дүгээр сарын  12-ны өдөр найз *** ын гэрт нь байж байсан чинь орой 21 цагийн орчим гаднаас нэг ах орж ирээд эгчийнхээ боорцгийг иднэ гээд юм яриад байж байтал гаднаас нөгөө ахын эхнэр нь гэх эмэгтэй орж ирээд  архи ууж олон хоногоор явлаа гээд нөхрийгөө цохиод хамраас нь цус гаргачихсан юм. Тэгээд тэр хоёр хоорондоо хэрэлдээд байсан юм. *** ын ээж нь гал тогооны өрөөнд боорцгоо хийгээд байж байсан юм. Тэгтэл нөгөө эгч уурандаа гурилын модны дороос заазуур аваад нөгөөх ах уруу ална хядна гээд дайраад байхаар  нь *** бид хоёр заазруурыг нь авах гэсэн чинь тэр эгч заазуураараа далайгаад өгөхгүй гээд байсан. Тэр үед ***ын ээж нь гаднаас орж ирээд боорцогоо хийгээд суусан ба нөгөө эгч нөхөртэйгөө хэрэлдээд заазуураа шидчихсэн чинь *** эгчийн гарыг нь оночихсон юм” гэх мэдүүлэг / хэргийн  17 дахь тал/,

-Шүүх эмнэлгийн шинжээчийн 431 тоот “***ийн биед баруун сарвууны 3 дугаар хурууны шөрмөсний тасрал, баруун, зүүн сарвуунд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтэл тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хэргийн 17 дахь тал/ хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч *** нь 2014  оны 4 дүгээр сарын 12-ны орой 22 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сум, 6 дугаар баг, Тээвэрчдийн 1 дүгээр гудамж 2 тоотод нөхөр *** хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүн рүү шидсэн заазуур иргэн ***г онож гарыг зүсэж биед нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн  нь нотлогдож байх бөгөөд түүний үйлдлийг Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Иймд шүүгдэгч ***ийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
 Шүүгдэгчийн хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж, шударгаар хүлээн мэдүүлсэн, учруулсан хохирол төлбөрөө төлсөн, хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн хувийн байдал зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх заалтуудад заасан  ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан түүнд хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж үзлээ.
 Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон
хоноггүй, энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав. 
    Шүүгдэгч *** нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хэргийн 44 дахь талд/ байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч *** нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг шар өнгийн иштэй 30 см урттай заазуурыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар дурьдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283 дугаар зүйлийн 283.1, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297,298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд
заасыг удирдлага болгон ТОГТООХ нь: 

    1. Шүүгдэгч *** г бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
    
    2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар шүүгдэгч ***т 1 жил  /нэг/ хорих ял шийтгэсүгэй.

    3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан 1/нэг/ хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
    
    4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1-т зааснаар ***гт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй  болохыг тус тус дурдсугай

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан 1/жил/ хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн  хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ***т урьд бусдын даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.        

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-т заасныг баримтлан энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн иштэй, 30 см урттай заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

    8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар тэнсэгдсэн ***т засрал хүмүүжилд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт хариуцуулсугай. 
    
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.    

    10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шүүхийн тогтоолд   ялтан, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 

11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар шүүхийн тогтоолд  гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелэгдэх хүртэл ***т урьд хувийн батлан даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ            Т.ЭНХЖАРГАЛ