Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 00408

 

2020 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 153/ШШ2020/00408

Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                      

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Ховд аймгийн Зэрэг сумын Бураа багт оршин суух, А овогт Нийн Э //-ийн нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 153/2020/00402/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгч Н.Э нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Би 1965 онд Ховд аймгийн Зэрэг суманд Нийн 4 дэх хүүхэд болон төрсөн. 1982 онд Ховд аймгийн Зэрэг сумын 8 жилийн дунд сургуулийн 8 дугаар анги төгссөн. 1983 онд Зэвсэгт хүчний 123-р ангид цэргийн албанд татагдаж 1986 онд цэргийн алба хаасан. 1987 оноос хойш мал маллаад өдийг хүртэл малчин хийж байна. Хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэрт гарах гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Иймд намайг Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Бураа бригадад 1982 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл малчнаар, 1986 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл малчнаар, Хөдөлмөр ХК-д 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....Манай эцэг, эх намайг 9 настай сургуульд оруулсан байсан. Би 9 дүгээр ангид сурч байгаад цэрэгт явсан...Би цэргээс ирээд Ховд аймгийн Зэрэг сумын Худалдаа бэлтгэлийн ангид 5 сар манаач хийгээд тэгээд гэр бүл болоод малчин хийсэн...Намайг Н.Э гэдэг. Манай ах, дүү нар бас Баасандорж гэж нэрийг мэдэхгүй. Манай эцэг, эх анх Баасандорж гэж бүртгүүлсэн байсан. Би өөрөө ийм нэртэйгээ мэдэхгүй явж байгаад саяхан мэдсэн...гэв.

           

Нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Э нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.Э нь нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Бураа бригадад 1982 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл, 1986 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл тус тус малчнаар, Хөдөлмөр ХК-д 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Н.Э нь Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Бураа бригадад 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл малчнаар, Хөдөлмөр ХК-д 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 1110 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Бураа бригадын 1987-1992 онуудын цалин хөлсний 70 дугаар дансны хуулбарууд, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 200 дугаартай “...Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэл нь 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Хөдөлмөр ХК болж улсын бүртгэлд бүртгэгдсэн...” гэх бичилттэй лавлагаа зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 4, 9-14, 23 дугаар тал/

Харин нэхэмжлэгч нь Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Бураа бригадад 1982 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл, 1986 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байгаагүй болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан “...Манай эцэг, эх намайг 9 настай сургуульд оруулсан байсан. Би 9 дүгээр ангид сурч байгаад цэрэгт явсан...Би цэргээс ирээд Ховд аймгийн Зэрэг сумын Худалдаа бэлтгэлийн ангид 5 сар манаач хийгээд тэгээд гэр бүл болоод малчин хийсэн...” гэж тайлбараар тогтоогдож байна

Иймд нэхэмжлэгчийн Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Бураа бригадад 1982 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл, 1986 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Н.Э нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1993 оноос 2000 оныг дуустал ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 1607000424 дугаартай баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Батлан хамгаалах яамны сайдын 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн н/227 дугаар тушаалаар хугацаат цэргийн албанд татагдан, мөн сайдын 1986 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн н/309 дүгээр тушаалаар 1986 оны 6 дугаар сарын 15-ны өдөр цэргээс халагдсан тухай Батлан хамгаалахын төв архивын 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 4851 дугаартай лавлагааны хуулбар зэрэг нь хавтаст хэрэгт авагдсан болно. /хх-ийн 10, 27 дугаар тал/

Хавтаст хэргийн 5-8 дугаар хуудсанд авагдсан Ховд аймгйин Зэрэг сумын Бураа бригадын 1981, 1993 онуудын цалин хөлсний хуулбар нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, 1982-1986 онуудын цалин хөлсний 70 дугаар дансны хуулбаруудад нэхэмжлэгчийн нэр бичигдээгүй, хавтаст хэргийн 16-17 дугаар хуудсанд авагдсан иргэн М.Хуягаа, Д.Дагийранз нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болно.

Нэхэмжлэгч Н.Эийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч А овогт Нийн Э //-ийн Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Бураа бригадад 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл малчнаар, Хөдөлмөр ХК-д 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Бураа бригадад 1982 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл, 1986 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Эийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

   

   

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               С.ОЮУНЖАРГАЛ