| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 171/2014/0113/Э/ |
| Дугаар | 2014/ШЦТ/0105 |
| Огноо | 2014-05-14 |
| Зүйл хэсэг | 211.1., |
| Улсын яллагч | Д.Энхтуяа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2014 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 2014/ШЦТ/0105
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2014/0113/Э/
Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдорж,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг,
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *** т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201409000180 дугаартай хэргийг 2014 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** д төрсөн, э***, *** настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, *** тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй,
Шүүгдэгч *** нь 2014 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Дархан-Уул аймаг Хонгор сумын 2 дугаар баг Хүйтний голын эх Буурал уулнаас зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэж, 1.185.156 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэн байдлаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч *** ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2014 оны 2 дугаар сарын 13-ны өдөр дүү *** ийн хамт гэрт гал түлэх мод байхгүй байсан болохоор ойд 3 мод унагаагаад байж байх үед цагдаа ирсэн юм. Унаж явсан машин манай баз хүргэний машин байсан. Цахилгаан хөрөө найз *** х байсан. Энхтөрд 60.000 төгрөг төлсөн.” гэх мэдүүлэг,
- Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургууд /хэргийн 4-13 дахь тал/
- Хохирогч *** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Аймгийн иргэдийн хурлаас нэг жилд хэрэглэгдэх түлээ, хэрэглээний модны хэмжээг баталдаг юм. 2013 оны түлээний мод бэлтгэх хэмжээ нь дуусчихсан байсан. 2014 оны түлээний болон хэрэглээний
модны хэмжээг 2014 оны нэгдүгээр улиралд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталдаг. Тухайн үед буюу 2014 оны 2 сард Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас түлээний мод бэлтгэх хэмжээ нь батлагдаагүй байсан учраас манай байгууллагаас түлээний мод бэлтгэх эрхийг бичиг иргэдэд олгох эрх байхгүй, тийм учраас энэ хугацаанд ойгоос мод бэлтгэсэн иргэд, аж ахуй нэгжүүд хууль бусаар мод бэлтгэсэн гэж ойлгоно. *** нь хохирлоо төлсөн учир гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хэргийн 32 дахь тал/
Гэрч *** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2014 оны 2 дугаар сарын 13-ны өдөр би хүргэн ах *** ын гэрт нь Улаанбаатар хотоос ирчихсэн байсан. Гэтэл *** ах түлээний модонд явъя гээд миний төрсөн дүү *** бид хоёрыг дагуулаад хашаанд нь байсан 30-17 УБЯ улсын дугаартай хөх өнгийн бонго маркийн машинтай явахаар болсон. *** ах утсаар нэг хүн дуудсан. Тэр хүн нь *** ахын гэрт нь ирж, бид дөрөв хүйтний голын эхэнд байх модтой уулын хормойд очиж зогсож *** ах авч явсан цахилгаан хөрөөгөөр уулын араас гурван ширхэг хуурай ургаа мод унагааж, эхний унагаасан модыг 2 метрийн хэмжээтэй тайраад, тайрсан. Модноос 2 ширхэгийг буулгаад байж байтал цагдаагийн албан хаагч болон ойн байцаагч ирсэн. Би *** ахад ойгоос мод бэлтгэх зөвшөөрлийн бичиг байхгүй гэдгийг огт мэдээгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 39 дэх тал/,
Насанд хүрээгүй гэрч Б. *** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2014 оны 2 дугаар сарын 13-ны өдөр хүргэн ах *** миний төрсөн ах *** бид хоёрыг түлээний мод бэлдээд ирье цуг явъя гэж хэлсэн. Тэгээд бид гурав ахын киа бонго маркийн машинтай модонд явсан. Замаасаа *** ах мод бэлтгэхэд туслах нэг хүн суулгасан. Бид нар Хүйтний голын эх гэх газар руу явж модтой ууланд очсон. *** ах цахилгаан хөрөөгөөр 3 ширхэг мод унагааж эхний унагаасан модыг 2 метрийн хэмжээтэй тайрч бэлдээд уг бэлдсэн модноос 2 ширхэгийг уулнаас буулгаж байтал цагдаагийн алба хаагч нар болон байгаль хамгаалагч нар ирсэн. Би түүнээс түлшний мод бэлтгэх зөвшөөрлийн бичигтэй эсэхийг асуугаагүй ээ. Учир нь би ойгоос түлшний мод бэлтгэхэд хаанаас ямар, ямар зөвшөөрлийн бичиг авдаг талаар мэддэггүй.” гэх мэдүүлэг /хэргийн 41 дэх тал/
Гэрч *** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2014 оны 2 дугаар сарын 13-ны өдөр бирж дээр явж байтал *** над руу утасдаад та түлээний модонд цуг явах уу? би танд 10.000 төгрөг өгье гэж хэлэхээр нь би зөвшөөрч *** тай цуг явахаар болсон. *** хөх өнгийн бонго маркийн машинтай ирж намайг авч явсан. Тэр хадам дүү нарын хамт явж байсан. Бид нар хүйтний голын эхэнд байх модтой уулын хормойд очиж зогсож *** авч явсан цахилгаан хөрөөгөөр уулын араас гурван ширхэг хуурай ургаа мод унагааж, эхний унагаасан модыг 2 метрийн хэмжээтэй тайраад, тайрсан модноос буулгаад байж байтал цагдаагийн албан хаагч болон ойн байцаагч нар ирсэн. Би түүнийг зөвшөөрлийн бичигтэй гэж бодоод түүнээс энэ талаар нэг ч зүйл асууж тодруулаагүй.” гэх мэдүүлэг /хэргийн 43 дахь тал/
Гэрч *** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Эрүүгийн хэрэгт мэдүүлэг газар дээр нь шалгах ажиллагаа явуулж байна, таны хариуцсан нутаг дэвсгэрээс мод бэлтгэсэн байна, та мэргэжилтнээр оролцоно уу гэсэн хүсэлт гаргаж ирсэний дагу би цагдаагийн алба хаагч нартай цуг Хонгор сумын 2 дугаар баг Хүйтний голын эх Буурал уулын хойд аманд очиход *** улсын дугаартай хөх өнгийн бонго маркийн машин тэвшин дээрээ модны үртэс хог ачсан байдалтай зогсож байсан бөгөөд өөд өгсөн цааш явахад 4 иргэн ууланд мод бэлтгэж байсан. Тэдгээр хүмүүстэй уулзаж мод бэлтгэх зөвшөөрлийн бичиг авсан эсэхийг шалгахад тэд нарт ямар нэгэн бичиг баримт байгаагүй. Ууланд бэлтгэж тайрсан модыг заалгаж үзлэг хийхэд 3 ширхэг хуурай нарсанд мод тайрч унагасан, үүний нэгийг үзүүрээс нь тайрч бэлдэж уулнаас буулгаж байсан. Ойн санг хамгаалалтын бүсийн ой, ашиглалтын бүсийн ой гэж ангилдаг. Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт ашиглалтын бүсийн ой байхгүй, Буурал уул гэх газар нь хамгаалалтын бүсийн ойд хамаарна.” гэх мэдүүлэг /хэргийн 47 дахь тал/
Гэрч *** ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “… 2014 хавар *** улсын дугаартай хөх өнгийн Киа бонго маркийн машиныг хувьдаа худалдан авч унаж хэрэглэж байгаад 2012 оны 12 дугаар сард энэ машиныг манай эхнэр *** Хас банкны барьцаанд тавьж банкнаас 6 сая төгрөг зээлсэн. Өвөл болохоор машинаа уналгүй гражид тавьчихдаг байсан. 2013 оны 12 дугаар сард хадам дүү *** ын гражид гуйж тавиад чи наад машинаа ойр зуур хэрэглэвэл хэрэглэж байгаарай гэж хэлж байсан. Гэтэл *** миний машиныг өөрийн баз хүргэн *** ын дүү болох Дарханд амьдардаг *** гэж залууд түр хэрэглэж бай гэж хэлээд өгсөн байна лээ. Миний машинаар *** гэдэг залуу ойгоос хууль бусаар мод бэлтгэнэ гэдгийг би мэдээгүй байсан болохоор би машинаа буцаан авах хүсэлтэй байна.” гэх мэдүүлэг /хэргийн 49 дэх тал/
Гэрч *** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2014 оны 2 дугаар сарын 12-ны өдөр миний найз *** манай гэрт ирээд гэртээ мод хөрөөдөх гэсэн юм. Цахилгаан хөрөөгөө өгч байгаа ч гээд миний Хятад улсад үйлдвэрлэгдсэн цахилгаан хөрөөг гуйж авч явсан юм. Гэтэл Өсөхбаяр ойгоос хууль бусаар мод бэлтгэсэн гээд миний хөрөөг цагдаагийн байгууллагад хураалгасан байсан. Би түүнийг миний хөрөөгөөр хашаандаа мод хөрөөдөх гэж байна гэж ойлгосон.” гэх мэдүүлэг /хэргийн 50 дахь тал/
Гэрч *** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Манайх түлээний модгүй болсон байсан. 2014 оны 2 дугаар сарын 13-ны өдөр манай нөхөр *** түлээний мод бэлдэж ирнэ гээд миний төрсөн дүү нар болох *** нарыг дагуулаад *** улсын дугаартай хөх өнгийн бонго маркийн машинтай явсан, надад хаашаа явсан талаар хэлээгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 51 дахь тал/
Иргэний нэхэмжлэгч *** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “*** улсын дугаартай киа бонго маркийн машиныг манай банк барьцаат зээлийн гэрээгээр өөрийн өмчлөлд шилжүүлсэн байна. Зээлдэгч *** нь 2014 оны 2 дугаар сарын 6-ны өдөр банкнаас авсан зээлээ бүрэн төлж дууссан, харилцагч *** гэрээний дагуу уг автомашиныг өөрийн өмчлөлд шилжүүлэх ёстой байдаг боловч шилжүүлээгүй байна. Эрүүгийн хэрэгт автомашиныг битүүмжилсэнтэй холбогдуулж манай банкны зүгээс ямар нэгэн санал хүсэл байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 38 дахь тал/
Байгаль орчны газрын “Модны экологи, эдийн засгийн үнэлгээ тооцсон тухай” үнэлгээ /хэргийн 56-57 дахь тал/
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хэргийн 81 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч *** нь 2014 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Дархан-Уул аймаг Хонгор сумын 2 дугаар баг Хүйтний голын эх Буурал уулнаас зохих зөвшөөрөлгүй хуурай нарс мод бэлтгэж, ойн тухай хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байх бөгөөд аймгийн прокурорын газраас түүний үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.
Иймд шүүгдэгч *** ыг зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж, ойн тухай хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж дүгнэлээ.
Модны экологи, эдийн засгийн үнэлгээгээр гэмт хэргийн улмаас учирсан хохирол нь 395052 төгрөг байх бөгөөд шинжээч *** нь “2012 оны 5 дугаар сарын 17-ны өдөр батлагдан гарсан Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулинд зааснаар байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхдээ ойн санд учирсан хохирлыг ойн экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлүүлнэ” гэж мэдүүлсэн байна.
Гэтэл хохирогч *** ийн мөрдөн байцаалтын шатанд “*** нь ойн санд учруулсан хохирлоо сайн дураараа төлсөн байна. Иймд нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч *** ыг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн гэж үзэхээр байна.
Шүүгдэгч *** ын гэмт хэрэг үйлдэх үедээ унаж явсан гэх *** улсын дугаартай Киа бонго маркийн тээврийн хэрэгсэл нь Хас банкны өмчлөлийн эд хөрөнгө болох нь хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хэргийн 85 дахь тал/-аар нотлогдож байна.
Шүүгдэгч *** нь бусдад төлөх төлбөргүй, мөн унаж явсан тээврийн хэрэгсэл нь ХАС банкны өмчлөлийн эд хөрөнгө болох нь мөрдөн байцаалтын шатанд тогтоогдсон байх тул Хас банкны өмчлөлийн *** улсын дугаартай Киа бонго маркийн автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагч Г.Төгөлдөрийн 2014 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 571 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, *** ын өмчлөлийн *** дугаар гэрчилгээтэй Дархан сумын 1 дүгээр баг *** тоот гэр бүлийн хэрэгцээний 552 м2 газрыг битүүмжилсэн мөрдөн байцаагч Г.Төгөлдөрийн 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 690 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй.
Мөн ***ын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн цахилгаан хөрөө нь *** ийн эд хөрөнгө болох нь тогтоогдож, тухайн хөрөөний үнэ болох 60000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч *** д төлсөн баримтыг шүүхэд ирүүлсэн байх тул энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цахилгаан хөрөөг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ***т буцаан олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд хураасан 2 метр 20 см урттай 38 см өргөнтэй, 2 метр 17 см урттай, 35 см өргөнтэй, хуурай нарсан тайрдасууд, мөн Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар баг Хүйтний голын эх Буурал уулны ойн хамгаалагч *** рт хариуцуулж хүлээлгэж өгсөн 75 см урттай 43 см өргөнтэй, 2 метр 10 см урттай, 42 см өргөнтэй тайрдас, 16 метрийн урттай 60 см өргөнтэй, 22 метр 60 см урттай, 40 см өргөнтэй тайрсан хуурай нарсан моднуудыг хурааж улсын орлогод оруулах нь зүйтэй.
Шүүгдэгч *** нь 22-23 м урттай 4.7 м куб хуурай нарс модны үнэ 395052 төгрөгийг мөрдөн байцаалтын шатанд төлж баргдуулсан, энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдоогүй болохыг дурьдав.
Шүүгдэгч *** т ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр төрлийн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан хохирол болох 395052 төгрөгийг сайн дураар нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний хөдөлмөрийн чадвараа 60 хувиар алдсан эрүүл мэндийн байдал, ар гэрийн амьдралын нөхцөл зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзахаар тогтов.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297,298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *** ыг зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, ойн тухай хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-т зааснаар шүүгдэгч *** т 1 жил /нэг жил/ хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч *** т оногдуулсан 1 жил хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1-т зааснаар шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд хураасан 2 метр 20 см урттай 38 см өргөнтэй, 2 метр 17 см урттай, 35 см өргөнтэй, хуурай нарсан тайрдасууд, мөн Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар баг Хүйтний голын эх Буурал уулны ойн хамгаалагч *** т хариуцуулж хүлээлгэж өгсөн 75 см урттай 43 см өргөнтэй, 2 метр 10 см урттай, 42 см өргөнтэй тайрдас, 16 метрийн урттай 60 см өргөнтэй, 22 метр 60 см урттай, 40 см өргөнтэй тайрсан хуурай нарсан моднуудыг хурааж улсын орлого болгосугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар Хас банкны өмчлөлийн *** улсын дугаартай Киа бонго маркийн автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагч Г.Төгөлдөрийн 2014 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 571 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, *** ын өмчлөлийн *** дугаар гэрчилгээтэй Дархан сумын 1 дүгээр *** тоот гэр бүлийн хэрэгцээний 552 м2 газрыг битүүмжилсэн мөрдөн байцаагч Г.Төгөлдөрийн 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 690 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цахилгаан хөрөөг М.Өсөхбаярт буцаан олгосугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-т зааснаар *** т оногдуулсан 1 жил хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар тэнсэгдсэн *** т хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг *** т мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *** т батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл *** т авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Я.ТУУЛ