| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00404/И |
| Дугаар | 00410 |
| Огноо | 2020-06-16 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 00410
| 2020 оны 06 сарын 16 өдөр | Дугаар 153/ШШ2020/00410 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар,
нэхэмжлэгч: Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хонгио багт оршин суух, Оорцог овогт Мэхээгийн Бор //,
хамтран нэхэмжлэгч: Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хонгио багт оршин суух, Солон овогт Цын Г // нарын нэхэмжлэлтэй,
хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 153/2020/00404/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгч М.Бор, хамтран нэхэмжлэгч Ц.Г, гэрч Б.Хандсүрэн, М.Оюун нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Бор нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хоёр 1993 онд танилцаад 1993 оны 4 дүгээр сарын 25-ны гэр бүл болсон. 1996 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр том охин Г.Мягмарсүрэн, 1998 оны 6 дугаар сарын 10-ны өдөр бага охин Г.Мягмарнаран төрсөн. 1994 онд анхны хүүхэд төрөөд эндэж байсан. Ц.Г бид хоёр1993 оны 4 дүгээр сараас хойш одоог хүртэл хамт амьдарч байна. Хөдөө байдаг учраас гэрлэлтээ батлуулахаа мартсан байсан. Тэтгэвэрт гарах болоод бичиг баримтаа бүрдүүлэхэд гэрлэлтийн гэрчилгээ шаардлагатай болсон. Бид хоёр 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Иймээс Ц.Г, М.Бор нарыг 1993 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү....Тэтгэвэрт гарах гэхэд гэрлэлтийн баталгаа заавал хэрэгтэй болсон....Том охин 1996 онд төрсөн. Би 1994 онд анхныхаа хүүхэд гаргаад эндсэн учраас манай хадмууд намайг нутагтаа очоод хүүхдээ гаргаад ир гээд би Баян-Өлгий аймаг явж байсан юм....гэв.
Хамтран нэхэмжлэгч Ц.Г нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1993 онд М.Бор бид хоёр танилцаад 1993 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хуримаа хийсэн. 1996 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр том охин Г.Мягмарсүрэн, 1998 оны 6 дугаар сарын 10-ны өдөр бага охин Г.Мягмарнаран төрсөн. Ц.Г, М.Бор нарын 1993 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү....Гэрлэлтээ бүртгүүлэх талаар материал өгч байгаагүй....гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Бор нь хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран нэхэмжлэгчээр Ц.Гийг татан оролцуулсан байна.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.Бор, хамтран нэхэмжлэгч Ц.Г нар нь нэхэмжлэлийн шаардлагаа М.Бор, Ц.Г нарын 1993 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоолгох гэж тодруулав.
Нэхэмжлэгч М.Бор, хамтран нэхэмжлэгч Ц.Г нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар шаардах эрхтэй байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч М.Бор, хамтран нэхэмжлэгч Ц.Г нар нь 1993 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсан болох нь нэхэмжлэгч, хамтран нэхэмжлэгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хонгио багийн Засаг даргын 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 103 дугаартай “ тоот регистрийн дугаартай Мэхээ овогтой Бор ,ам бүл 4, нөхөр Ц овогтой Г, тоот регистрийн дугаартай, охин Г.Мягмарсүрэн, охин Г.Мягмарнаран нарын хамт амьдардаг. 1993-2020 оны хооронд Хонгио багт мал маллаж байгаа нь үнэн болно” гэх бичвэртэй албан бичиг, Ц.Гийн 2010-2017 онуудын Мал тоологын баримтын хуулбарууд, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 1421 дүгээр албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хонгио багийн иргэн Ц.Гийн 1997-1999 онуудын Мал тоологын баримтын хуулбарууд, Архивын Ерөнхий газрын Үндэсний төв архивын 2000 оны хүн амын тооллогын лавлагаа, гэрлэлтээ бүртгүүлсэн 126/002984 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, гэрч Э.Ганцоожийн “....Ц.Гийг бага байхаас нь мэднэ. Би Ц.Гийг хэзээ гэр бүлтэй болсныг нь мэдэхгүй. Ц.Гийн эхнэрийг Мэхээгийн Бор гэдэг бөгөөд 2 хүүхэд төрүүлж өсгөсөн. Ц.Г нь бага байхаасаа мал маллаж амьдарч байгаа хүн юм. Миний мэдэхийн Ц.Гийн эхнэрийг Мэхээгийн Бор гэдэг. Өөр байдлын талаар мэдэхгүй....” гэх мэдүүлэг, гэрч М.Оюуны шүүх хуралдаанд өгсөн “....Ц.Г миний төрсөн дүү М.Бортой айл гэр болсон. М.Бор миний гар дээр байж байгаад 1993 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хуримаа хийсэн. Ц.Гийнх хоёр охинтой ам бүл дөрвүүлээ амьдардаг. Ц.Г, М.Бор нар айл гэр болоод хоёр охин төрсөн. Охидуудыг нь Мийгаа, Нараа гэдэг. 1993 оноос хойш тасралтгүй хамт амьдарч байгаа....” гэх мэдүүлэг, гэрч Б.Хандсүрэнгийн шүүх хуралдаанд өгсөн “....Ц.Г, М.Бор нар 1993 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр гэрлэсэн. Тэр цагаас хойш Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хонгио багт малчин хийж байгаа. Хоёр охин төрүүлсэн. Охин Г.Мягмарсүрэн Анагаах ухааны их сургууль төгсөөд эмч хийж байна. Бага охин Г.Мягмарнаран ШУТИС-д сурдаг. Охидуудыг нь Мийгаа, Нараа гэж дууддаг. Ц.Г, М.Бор нар 1993 оноос хойш өнөөдрийг хүртэл хамт мал маллаж амьдарч байна....” гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 8, 9, 19-20, 21-28,33, 35-38 дугаар тал/
Иймд шүүхээс нэхэмжлэгч М.Бор, хамтран нэхэмжлэгч Ц.Г нарын 1993 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоох нь үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч М.Борын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар Солон овогт Цын Г //, Оорцог овогт Мэхээгийн Бор // нарын 1993 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 09-ны өдрийг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч М.Борын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ