| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэнбаярын Энхжаргал |
| Хэргийн индекс | 171/2014/0100/Э/ |
| Дугаар | 2014/ШЦТ/0107 |
| Огноо | 2014-04-30 |
| Зүйл хэсэг | 150.1., |
| Улсын яллагч | О.Доржмаа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2014 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 2014/ШЦТ/0107
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2014/0100/Э/
Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэгэрэл,
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас ***д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн 201409000229 дугаартай хэргийг 2014 оны 4 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, *** суманд төрсөн, *** настай, *** , бүрэн бус дунд боловсролтой, *** тоотод оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй,
Шүүгдэгч *** нь 2014 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөс 17-ны хооронд “***” ХК-д худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байх хугацаандаа өөрийн борлуулалтын мөнгөнөөсөө 3 356 740 төгрөгийг хувьдаа завшсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч *** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн. “.... Би 2013 оны 6 дугаар сард зарын дагуу *** ХК дээр очиж анкет бөглөөд борлуулагчаар ажилд ороод 2014 оны 1 дүгээр сар хүртэл ажилласан. Энэ ажиллах хугацаандаа 2013 оны 12 дугаар сарыг дуусталх жилийн эцсийн байдлаар байгууллагатай ямар нэгэн тооцоогүй байсан. Харин 2014 оны 1 дүгээр сард 3 548 028 төгрөгийн дутагтал гаргасан нь үнэн. Би өөртэйгээ холбогдуулж гаргасан санхүүгийн акттай танилцсан. Уг актанд дурьдагдсан 3 548 028 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа юм. Мөнгө хувьдаа ашиглах болсон учир шалтгаан нь манай нөхөр болох *** нь 2013 оны 7 дугаар сард зодооны хэрэгт холбогдон. Бусдыг зодож гэмтэл учруулсан бөгөөд хэргийг нь шийдвэрлэхэд мөнгө их хэрэгтэй болоод хэрэглэчихсэн юм. *** бид 2 гэр бүлийн батлахгүй хамтран амьдарч байсан дундаасаа нэг хүүхэд гаргасан юм. Хэрэг нь 2013 оны 12 дугаар сарын сүүлээр шийдэгдсэн бөгөөд би хувь хүмүүсээс мөнгө зээлээд хэрэглэсэн байсан. Гэтэл 1 дүгээр сард тэр хүмүүс бүгд мөнгөө нэхээд байхаар нь байгууллагаас цалингийн зээл авья гэхэд зөвшөөрөөгүй 7 хоногийн дараа больё гэсэн юм. Тэгэхэд нь би 7 хоногийн дараа цалингийн зээл төлчихье гэж бодоод өөрийн борлуулалтын мөнгөнөөсөө аваад хэрэглэчихсэн юм. Гэтэл цалингийн зээлч өгөөгүй, би ажлаасаа халагдчихсан юм. Түүнээс өмнө нь би их хэмжээгээр мөнгө ашигласан дутагдуулсан зөрчил гаргаагүй байсан юм. Би мөнгө авахдаа дандаа орлогын мөнгөнөөсөө бэлэн мөнгө авч ашиглаж байсан. Хуурамч зээлийн падаан бол бичээгүй. Би өмнөхөн нь борлуулалт муу хийгдсэн болохоор нь өөрийнхөө цалин буусан өдөр нь өөрийнхөө мөнгөнөөсөө нэг дэлгүүрийн зээлийг хаачихсан юм. Тэгээд ажлаас халагдахаараа тэр дэлгүүр дээрээ очиж өөрийнхөө мөнгийг авсан юм. Түүнээс биш авах ёсгүй мөнгө бол аваагүй юм. Өөр иймд тохиолдолд байхгүй нэг удаа л тэгсэн. Яг одоогоор би эрхэлсэн аижлгүй төлөх боломжгүй байна...” гэх мэдүүлэг хэргийн 28-30 дугаар хуудас
-Хохирогч *** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Өдөр болгон орлогоо санхүүгийн нягтланд өгч, сар бүр тооцоо нийлдэг. Сар бүр тооцоо нийлэхэд 6 дугаар сард 545.000 төгрөг, 7 дугаар сард 54.000 төгрөг, 8 дугаар сард 150.000 төгрөг, 10 дугаар сард 160.000 төгрөг, 11 дүгээр сард 93.000 төгрөгийн өр төлбөр гаргаж байсан. Тухайн үед өөрөө цалингаасаа төлөөд цаашид ажиллъя гээд ажиллаж байсан. 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Б.Учралтай тооцоо нийлсэн. Энэ өдөр 3.548.058 төгрөгийн өр төлбөр гарсан. *** нь 3.356.640 төгрөгийн өр төлбөрөө барагдуулбал манай байгууллага гомдолгүй 2013 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэж ажилласан....” гэх мэдүүлэг,
-Хохирогч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....2013 оны 12 дугаар сарын байдлаар буюу оны эцсийн байдлаар тооцоо хийж шалгахад ямар нэгэн өр дутагдалгүй бүх зээл тооцоо нь хэвийн байсан. Тэгээд 2014 оны гараад эхний 17 хоногийн байдлаар л энэ бүх дутагтал тооцоо гарч ирсэн. Гэхдээ энэ тооцоонд нь түүний байгууллагаас зээлээр авсан махны үнэ болох 82 000 төгрөг, цалингийн илүү бодолт болох 109 288 төгрөг орчихсон байгаа юм. Энэ нь байгууллага зээлээр ажилчидаа мах олгосон, бас урьдчилгаа цалин олгосон байсан бөгөөд, түүний ажиллаж байгаад халагдахад ажилласан хоног нь авсан цалиндаа хүрээгүй илүү цалин бодогсдон байсан. Энэ мөнгөнүүдийг хасаж тооцохоор 3 356 740 төгрөгийг дур мэдэн завшиж ашигласан байна” гэх мэдүүлэг, /хэргийн 15-17 дах тал/
-Гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...***н тухайд 2013 оны 6 дугаар сард ажилд орсноос хойш байнга бага баг дутагдал гаргадаг байсан. 2014 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2014 оны 1 дүгээр сарын 17-ны хооронд дутагдал нь 3 548 028 төгрөгийн дутагтал гаргасан байна.
...зээлийн үлдэгдэл их, өдөр тутмын тооцоог бодоод үзэхээр өдөр тутмын дутагдал нь илт ихээр дутаад эхэлсэн. Тэгээд би өөрөө ***ийн хамт явж баримтуудаар нь тулгаж шалгасан. Ингээд 2014 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар тэр хүн байгууллагад 3 548 028 төгрөгийн дутагдал өртэй гарсан. Энэ нь борлуулт хийгээд хувьдаа ашигласан бэлэн мөнгөний тооцоо юм. Энэ 3 548 028 төгрөгөөс түүний ажиллах хугацаандаа зээлээр байгууллагаас авсан махны үнэ 8 200 төгрөг, илүү бодож олгосон цалингийн өр 109 288 төгрөг зэргийг хасаад 3 356 740 төгрөгийг цэвэр хувьдаа ашигласан тооцоо гарч байгаа юм” гэх мэдүүлэг, /хэргийн 21 дэх тал/
***” ХК-аас гаргасан тооцоо бодсон акт, санхүүгийн баримтууд, /хэргийн 5-10 дахь тал/,
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /хэргийн 32 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч *** нь *** ХК-нд худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байх хугацаандаа 2014 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс 17-ны өдөр хүртлэх хугацааны борлуултын орлогоос 3 356 740 төгрөгийг завшиж, үрэгдүүлсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байх бөгөөд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллагдагчаар татах тогтоол батлаж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.
Иймд шүүгдэгч Б***г аж ахуйн нэгж байгууллагын эд хөрөнгийг итгэмжлэгдэн хариуцсан үедээ завшиж, үрэгдүүлсний улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүхээс ***д ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, одоо жирэмсэн байгаа зэрэг нөхцөл байдлуудыг ял шитйгэл оногдуулахдаа нь харгалзан үзэх нь зүйтэй бөгөөд түүнд нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж үзлээ.
Шүүгдэгч *** гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулаагүй байх бөгөөд нийт хохирол 3 356 740 төгрөгийн хохирлоос түүний ***ХК-ийн эрсдлийн санд оруулсан 100 000 төгрөгийг хасаж үлдэгдэл 3 256 740 төгрөгийг Дархан-хүнс ХК-нд олгох нь зүйтэй.
Шүүгдэгч ***нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурьдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Учиралд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297,298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ***г аж ахуйн нэгж байгууллагын эд хөрөнгийг итгэмжлэгдэн хариуцсан үедээ завшиж, үрэгдүүлсний улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.1-д зааснаар шүүгдэгч ***г тодорхой албан тушаал эрхлэх буюу тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг хасахгүйгээр хөдөлмөр хөлсний доод хэмжээг 7 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1 344 000 /нэг сая гурван зуун дөчин дөрвөн мянган/ төгрөгөөр торгосугай.
3.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй,шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч ***аас 3 256 740 төгрөгийг гаргуулж *** ХК-нд олгосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3-т зааснаар торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл торгох ялыг хорих ялаар солихыг ***д мэдэгдсүгэй.
6. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1дэх хэсгүүдэд тус тус зааснаар ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
8. Давж заалдах гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч ***д авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай .
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ