| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шарын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 147/2020/00156/и |
| Дугаар | 290 |
| Огноо | 2020-04-28 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 290
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг Залуус хотхоны ......... тоотод оршин суух Б.Я/ рд: ............./ -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: СҮА ШШГГ-т холбогдох
Хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2020 оны 02 дугаар сарын 14-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Я, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, гэрч Ц.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч Б.Я шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Шүүхийн шийдвэрт 15 224 728 төгрөгийн өр төлбөртэй байгаа бөгөөд миний өөрийн эзэмшлийн .............. тоот дугаартай Баруун-Урт сумын 7 дугаар багт Шаргын ....... тоотод байрлах үйлчилгээний төвийг маань намайг эзгүйд үнэлгээ хийж, 32 908 33 төгрөгөнд үнэлсэн байсан. Би энэ үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Би энэ байрыг авч 2 давхарт гарах шат гаргаж маш их засвар хийсэн. Зах зээлийн ханшаар үйлчилгээний төв байршлаасаа хамаарч м кв нь 2 000 000-3 000 000 төгрөг байна. Миний өөрийн үнэлгээгээр 80 000 000 төгрөгөнд байраа үнэлж байгаа. Миний байрыг маш багаар үнэлсэнд маш гомдолтой байгаа тул энэ үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч САШШГГ даргын шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийдвэрээр Б.Я-ээс 16 631 704 төгрөгийг гаргуулан хуулийн этгээд болон иргэнд олгохоор шийдвэрлэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдлийг өгсөн боловч тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй тул эзэмших эрхийн Ү-121300162 тоот дугаартай Баруун-Урт сумын 7 дугаар багт Шаргын 36 тоотод байрлах 27.5 м кв үл хөдлөх хөрөнгийг 2019 оны 12 дүгээр сарын 23-ны өдрийн 19170380, 19170362, 19170156//04 дугаартай хураах тогтоол үйлдэн хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар төлбөр төлөгч, төлбөр авагч талууд үнэлгээг харилцан тохиролцож тогтоогоогүй тул хөндлөнгийн шинжээчээр тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн үнэлгээчин Ц.Э-ыг томилон зах зээлийн үнийг тогтоолгосон.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар шинжээч Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтлан дүгнэлт гаргасан.
Шинжээчийн тогтоосон үнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр төлбөр төлөгч, төлбөр авагч талуудад танилцуулж тэмдэглэлээр баталгаажуулсан.
Иймд Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанд хариуцагчийн хүсэлтээр гэрчээр оролцсон Линзийн-Өгөөж ХХК-ийн үнэлгээчин Ц.Э мэдүүлэхдээ: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тогтоолд Я-н үйлчилгээний нэг өрөө байрны үнийг тогтоож өгнө үү гэсэн асуулттай байсан. Би Си Си дэлгүүрт очиж газар дээр нь үзлэг хийсэн. Намайг очиход Я байгаагүй, дүү охин нь байсан. Ингээд хоёр давхрын объектод хэмжилт хийсэн. Миний хэмжилтээр хийсэн 27 метр квадрат нь тухайн эд хөрөнгийн гэрчилгээнд бичигдсэн метр квадраттай тохирч байсан. Үнэлгээчингийн хувьд гэрээт ажлын бодит нөхцөлд тааруулж, үнэлгээний аргыг хэрэглэх ёстой. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1 дэх хэсэгт заасны дагуу онцлог байдал, шинж, зориулалтаас шалтгаалж хөрөнгийн үнэлгээг өртгийн хандлага, зах зээлийн хандлагаар үнэлж, харьцуулах замаар хийнэ гэсэн аргыг сонгосон. Өртгийн хандлага бол төсөвт өртгөөр үнэлдэг. Барилга хот байгуулалтын сайдын 2016.12.27-ны өдрийн 203 дугаар тушаалын хавсралтуудыг хэрэглэдэг. Зах зээлийн хандлага нь зэх зээлд байгаа үнэ ханшийг судалж хэрэглэдэг. Ингэхдээ нийтэд худалдаалагдах жишиг үнийн аргыг сонгож хэрэглэсэн. Энэ аргыг хэрэглэхдээ үнэлэгдэж байгаа хөрөнгөтэй ижил төсөөтэй, нийтэд арилжаалагдах жишиг үнийг ашигласны дагуу үнэлгээчин уг аргыг хэрэглэж болно гэсний дагуу Сүхбаатар аймагт байгаа, бидний хэлж сурснаар хуучин Шарга зочид буудал буюу одоо нийтийн орон сууцны журмаар хүмүүс ашигладаг. Я-н барилгын хувьд үйлчилгээний зориулалттай гэсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй байсан. Тиймээс эхлээд зах зээлийн үнийг орон сууцны байдлаар судалсан. Өртгийн хандлагыг судлахдаа орлуулах өртгийн хандлагыг хэрэглэсэн. Үнэлгээнд сонгож авсан жишиг 1, 2, 3 гэсэн үл хөдлөх эд хөрөнгөнүүдийг харьцуулж үзсэн. Үнэлгээг тогтоохдоо үйлчилгээний зориулалтаар шилжүүлж бодсон. 203 дугаар захирамжийн 2 дугаар хавсралтад нийтийн зориулалттай юу?, үйлчилгээний зориулалттай юу? гэж заасны дагуу энэ байр нь нийтийн зориулалттай биш, үйлчилгээний зориулалттай гэж үзээд үнийн өсөлтийг 0.25 хувиар өсгөж бодсон. Зах зээлийн хандлагаар үнэлээд, жишиг хөрөнгийн үнийг бодоод үнэлсэн. Энэ барилга 1960 онд ашиглалтад орсон. Тиймээс ашиглах хугацаа дууссан боловч хүн амьдарч байгаа, үйл ажиллагаа явуулж байгаа учраас өртгийн хандлагыг хэрэглэсэн. Элэгдэл хорогдлыг тооцох ёстой. Энэ байр дээврээсээ гоождог. Зарим айлуудын хүмүүстэй нь уулзсан. Манай улсад барилгыг 60 жил ашиглах хугацаатай. Гэтэл энэ барилгыг 59 жил ашигласан. Өртгийн хандлага нь 7,009,830 төгрөг гарсан. Тиймээс өртгийн хандлагыг ашиглаж болохгүй юм байна гэсэн дүгнэлт хийж зах зээлийн хандлагыг ашигласан гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Я нь хариуцагч СҮА ШШГГ-тхолбогдуулан Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багт Шаргын .... тоотод байрлах 27.5 м кв үл хөдлөх хөрөнгийг 32 908 330 /гучин хоёр сая есөн зуун найман мянга гурван зуун гуч/ төгрөгөөр үнэлсэн Линзийн-Өгөөж ХХК-ийн шинжээч Ц.Э-ын гаргасан 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 1Ү/20/03/02 дугаартай хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Б.Я-ээс Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 802 дугаар шүүгчийн захирамжаар 8 600 000 төгрөгийг Б.Н-д, 2019 оны 7 дугаар сарын 19-ны өдрийн 335 дугаартай шүүгчийн захирамжаар 2 324 728 төгрөгийг Э.Н-д, 5 706 976 төгрөгийг Нийгмийн даатгалын хэлтэст тус тус гаргуулан олгохоор шийдвэрлэсний дагуу дээрхи төлбөрүүдийг барагдуулах үүргийг Сүхбаатар аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хүлээжээ.
Төлбөр төлөгч Б.Я нь шүүхийн шийдвэрүүдийг сайн дураар биелүүлээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2017.12.23-ны өдөр №19170380/04, 19170156/04, 19170362/04 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоол гаргаж, шүүхийн шийдвэрүүдийг биелүүлэх хугацаа зааж өгч, биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг заажээ. Заасан хугацаанд төлбөр төлөгч Б.Я төлбөрөө төлөөгүй байх тул Баруун-Урт сумын 7 дугаар багт Шаргын ..... тоотод байрлах үйлчилгээний зориулалтаар эзэмших эрхийн ............... дугаар гэрчилгээтэй 27.5 м кв байрыг үнэлүүлэхээр шинжээчээр Линзийн Өгөөж ХХК-ийн шинжээч Ц.Э-ыг томилж, үнэлүүлэх ажиллагаа хийжээ. / хх 34 /
Хөрөнгийн үнэлгээний тайланд үнэлж буй жишиг хөрөнгийг харьцуулж, зах зээлийн хандлагаарх нийтэд арилжаалах жишиг үнийн аргаар зах зээлийн үнийг тодорхойлж 32 908 330 /гучин хоёр сая есөн зуун найман мянга гурван зуун гуч/ төгрөг, үнэ цэнийг тооцож, барилгын өртгийн аргаар үнийг тооцоолж 7009.83 /долоон сая есөн мянга найман зуун гуч/гэж тооцож, байрын үнэ энийг 32 908 330 /гучин хоёр сая есөн зуун найман мянга гурван зуун гуч/ төгрөгөөр тогтоожээ.
Баруун-Урт сумын 7 дугаар багт Шаргын ...... тоотод байрлах үйлчилгээний зориулалт бүхий байр нь 27.5 м кв болох нь уг байрыг эзэмших эрхийн ................. дугаар гэрчилгээгээр нотлогдож байхад шинжээч уг байрыг хэмжилт хийхэд 27 м кв байсан 3х9 м тайлбайтай байр байсан гэж шүүхийн хэлэлцүүлэг дээр мэдүүлж байгаа боловч үнэлгээний тайланд яагаад 27 м кв болж байгаа, ямар аргаар хэмжилт хийсэн талаар тусгагдаагүй байна.
27.5, 27 м квын үнээс шалтгаалан уг байрны үнэлгээ өөр өөр гарах тул м кв зөрүү гарч байхад уг зөрүүг яаж шийдвэрлэсэн талаараа үнэлгээний тайландаа тусгаагүй үнэлгээг хийжээ.
Иймд үнэлгээг зөв хийгдсэн гэж үзэх боломжгүй байх тул Баруун-Урт сумын 7 дугаар багт Шаргын .... тоотод байрлах үйлчилгээний зориулалтаар эзэмших эрхийн .............. дугаар гэрчилгээтэй 27.5 м кв байрыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан Линзийн-Өгөөж ХХК-ийн 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 1Ү/20/03/02 дугаартай хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Я-т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ ....................... Ш.ОЮУНГЭРЭЛ