Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2012 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 2013/ШЦТ/5

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 171/2012/08/Э/

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Уянга,

Улсын яллагч О.Доржмаа,

Хохирогч Т.Б.,

Хохирогчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Чинбат,

Шүүгдэгч Л.Н. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Л.Н.т холбогдох 201209000656 тоот эрүүгийн хэргийг 2012 оны 12 дугаар сарын 11-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Завхан аймгийн Яруу суманд 19.. оны . дугаар сарын ..-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ДНХК-нд будагчин ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын... дүгээр баг ... тоотод оршин суудаг, Завхан аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2006.3.3-ны өдрийн 25 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар 250 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгэгдэж байсан, Х овогт Л.Н. /ИХ-80050914/

Шүүгдэгч Л.Н. нь 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Дархан-Уул аймгийн ДНХК-ны үйлдвэрийн байранд хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Т.Б.той маргалдаж, химийн бодистой хувингаар Т.Б.ыг цохьсоны улмаас хохирогч Т.Б.ын толгой, хүзүү түлдэгдэж, түүний бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Л.Н.оос шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тэр өдөр их муухай юм болсон. Т.Б. намайг ирж боож аваад тэрнээс болсон юм. Хийсэн хэрэгтээ их гэмшиж байна. Гаргасан бүх зардлыг төлнө. Одоогоор хохиролд 300.000 төгрөг өгсөн, дахиад 824.000 төгрөгийг өгөх гээд аваад ирсэн байгаа. Би энэ байгууллагадаа 3 жил гаруй ажиллаж байна. Шоргоолжны хүчлийг түлдэг гэдгийг би мэднэ гэв.

Хохирогч Т.Б.ос шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр үдээс өмнө ажлаа хийгээд байж байтал Л.Н. миний хажууд байсан шоргоолжны хүчлийг задлахад хоолой ам боогоод хэцүү байсан. Тэгээд амыг нь цаашаа харуул гээд бид хоёр маргаж, би Л.Н.ыг заамдаж авсан. Гэтэл Л.Н. намайг барьж аваад 2 удаа цохисон. Эхнийх дээр нь асгараагүй, дахиад цохиход гар, толгой, хүзүү, хөл рүү асгарсан. Миний хүзүү толгой хуйх руугаа түлэгдсэн. Тэгээд 11 дүгээр сарын 17-нд эмнэлэгт хэвтсэн. Л.Н.оос эмчилгээний зардал, 28 хоногийн цалин нэхэж байна. Мөнгөн дүнгээр 300.000 төгрөгийг авсан байсан, сая 824.000 төгрөг

 

 

D:\2013 Uyanga\Sh.Ts togtool\05 Nyam-osor 98.1.doc

авч, нийт 1124.000 төгрөг авсан. Манай байгууллага долоо хоногийн хагас бүтэн сайн өдөр

ажилладаг юм. Иймд 28 хоногийн цалин 2012 оны 11 дүгээр сарын 16-наас 12 дугаар сарын 12-ныг хүртэл 1.189.132 төгрөг, эмнэлэгт хэвтэхэд авсан биеийн тамирын хослол фудволкны үнэ 76.000 төгрөг, ор хөнжлийн  даавуу 20.000, баавгайн тос 50.000 төгрөг, Сибирийн эрүүл мэнд төвөөс арьс болон үр ургуулж төлжүүлэх бүтээгдэхүүн 286.830 төгрөг, Өлзий амгалан эмийн сангаас эм авсан 70.600, Энхийн тун эмийн сангаас эм авсан 54.900 төгрөг, үзлэг хийхэд 3000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 300.000 төгрөг, бүгд 2.077.462 төгрөгийг нэхэмжилж байна гэв.  

Шүүгдэгч Л.Н. нь 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Дархан-Уул аймгийн ДНХК-ны үйлдвэрийн байранд хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Т.Б.той маргалдаж, химийн бодистой хувингаар Т.Б.ыг цохьсоны улмаас хохирогч Т.Б.ын толгой, хүзүү түлдэгдэж, түүний бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

-Шүүгдэгч Л.Н.ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Хийсэн хэрэгтээ их гэмшиж байна. Гаргасан бүх зардлыг төлнө. Хохиролд 1124.000 төгрөг өгсөн, хөнгөн ял шийтгэж өгнө үү. гэх мэдүүлэг,

-Хохирогч Т.Б.ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр үдээс өмнө ажлаа хийгээд байж байтал Л.Н. миний хажууд байсан шоргоолжны хүчлийг задлахад хоолой ам боогоод хэцүү байсан. Тэгээд амыг нь цаашаа харуул гээд бид хоёр маргаж, би Л.Н.ыг заамдаж авсан. Гэтэл Л.Н. намайг барьж аваад 2 удаа цохисон. Эхнийх дээр нь асгараагүй, дахиад цохиход гар, толгой, хүзүү, хөл рүү асгарсан. Миний хүзүү толгой хуйх руугаа түлэгдсэн. Тэгээд 11 дүгээр сарын 17-нд эмнэлэгт хэвтсэн. Хохиролд 2077462 төгрөгийг нэхэмжилж байна. гэх мэдүүлэг,

            -Гэрч Б.Б.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Л.Н. давхарлаад тавьсан байсан 1 тонны савтай шоргоолжний хүчлийг онгойлгоод түүнээс хувинд хийгээд авч байсан юм. Түүнийг би хальт харсан чинь хажууд нь Б. зогсож байсан юм. Би тэгээд ажлаа хийгээд байж байсан чинь Н. гэнэт яаж байнаа гээд орилохоор нь эргээд харсан чинь Н. гартаа барьсан байсан цэнхэр өнгийн хувингаа Бат-Соёмбо руу далайгаад савахад хувин дотор байсан зүйл Бат-Соёмбын толгой дээр асгарч, хувин нь газар унасан юм. Би тэгээд гүйж очоод Н.ыг салгасан ба хүчил үнэртээд байхаар нь юу үнэртээд байгаа юм бэ? гэж Бат-Соёмбоос асуухад хүчил юм шиг байнаа хорсоод байна гэж хэлэхээр нь би Баянмөнхийг хүйтэн ус нээгээдэх гэж хэлээд хүйтэн усаар толгойг нь угаасан юм.

            ... Б. Н.ыг боож байхыг нь би хараагүй. Намайг харахад Б. Н.ын хажууд бага зэрэг тонгойсхийгээд зогсож байсан. Тэгээд нэг харахад Н. хувингаа Б. руу савж байсан юм. гэх мэдүүлэг /хэргийн 16 дахь тал/,

            -Гэрч Ч.Ц.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...тухайн үед би цех дотроо явж байсан ба хүмүүс хоорондоо хэрэлдэж байгаа чимээ гараад байхаар нь би яваад очиход Б. нь энэ Н. над руу хүчил цацчихлаа гэж хэлээд зогсож байсан ба Б.ын хүзүү нь улайчихсан байхаар нь би түүнийг чи явж хүйтэн усаар наадахаа угаа гэж хэлээд явуулсан юм. Харин тухайн үед Н. Б.той маргалдаад зогсож байхаар нь чи яаж байгаа юм бэ? гэж асуусан чинь Н. хариуд нь намайг зүгээр ажлаа хийж байхад хүчил үнэртүүллээ гэж хэлээд намайг боож авсан. Би тэгэхээр нь хувингаараа цохьсон чинь хувин дотор байсан хүчил түүн рүү үсэрчихлээ гэж хэлж байсан юм. гэх мэдүүлэг /хэргийн 18 дахь тал/,

            -Гэрч Б.Б.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...тэгсэн чинь удалгүй Н. цэнхэр хувинд хүчил хийгээд тосоод зогсож байсан. Тэр үед Б.той хэрэлдэж байснаа цаашаа 2,3 алхаж байсан. Тэгсэн чинь Б. Н.ын хүзүү рүү гараараа түлхэх шиг харагдаж байсан. Хариуд нь Н. хүчил хийчихсэн хувинтай гараараа Б.ыг нэг удаа цохьсон ба тэр нь Б.ыг оноогүй юм. Тэгээд л тэр 2 хоорондоо бие биедээ цохилдоод зодоон болсон ба тэр үед Н. Б.ыг хүчилтэй хувингаараа цохьсон чинь толгой дээр нь хүчил хувингаас асгарч Б. хүчилд түлэгдэхээр нь би очиж салгасан юм. гэх мэдүүлэг /хэргийн 19 дэх тал/,

            -Гэрч Б.Д.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...- тэр өдөр ажил дээрээ 11 цаг өнгөрч байхад Б., Баянмөнх нарын хамтаар өнгөлгөөний ажлаа хийгээд байж байхад Б. Н. нар хүчил үнэртүүллээ гэдэг асуудлаас болж хоорондоо маргалдсан юм. Тэгсэн чинь Н. хүчлээ аваад цаашаа явж байсан чинь Б. араас нь очоод түүнийг заамдаад авсан чинь Н. цэнхэр өнгийн задгай савтай хүчлээ Б. руу цацсан чинь Баянмөнх очиж тэр 2-ыг салгаж байсан. гэх мэдүүлэг /хэргийн 20 дахь тал/,

            - Хохирогч Т.Б.ын биед шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 971 дугаартай актад: Т.Б.ын биед толгой хүзүүний химийн бодисын 1-2-р зэргийн түлэгдэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь химийн бодисын үйлчлэлээр үүсэх боломжтой, эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно /хэргийн 22 дахь тал/ гэх дүгнэлт зэрэг болно.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч Л.Н. нь 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Дархан-Уул аймгийн ДНХК-ны үйлдвэрийн байранд хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Т.Б.той маргалдаж, химийн бодистой хувингаар Т.Б.ыг цохьсоны улмаас хохирогч Т.Б.ын толгой, хүзүү түлэгдэж, түүний бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байх бөгөөд аймгийн прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйчлэл тохирсон байна.

            Шүүгдэгч Л.Н.  нь Завхан аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2006 оны 3 сарын 3-ны өдрийн 25 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар 250 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгэгдэж байсан байх бөгөөд түүний ялтай байдал нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн /2006 оны 6 сарын 23-ны өдрийн/ 6 дугаар зүйлийн 6.1.1-т зааснаар өршөөлд хамрагдсан байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэстэй.

            Хохирогч Т.Б. нь хохирол төлбөрт нийт 2077462 төгрөг нэхэмжилж, нотлох баримтаа ирүүлжээ. Хохирогч Т.Б. нь нэг өдрийн дундаж цалин 42469 төгрөг гэсэн тодорхойлолт ирүүлсэн байх бөгөөд тэрээр 2012 оны 10 сард 12 хоног ажиллаж 368361 төгрөг, 11 сард 12 хоног ажиллаж 509628 төгрөгийн цалин авсан болох нь нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар, ДНХК-ны 2012 оны 12 сарын 6-ны өдрийн 1/626 тоот албан бичгээр /хэргийн 61 дахь тал/ нотлогдож байна.

             Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 сарын 5-ны өдрийн 55 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох тухай журам-ын 6-т хэрэв ажилтан дундаж цалин хөлсийг тодорхойлох хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаанаар /өвчтэй, чөлөөтэй байсан гэх мэт/ бүрэн ажиллаагүй, эсхүл ажилтны ажилласан хугацаа нь дундаж цалин хөлс тодорхойлохоор заасан хугацаанд хүрэхгүй тохиолдолд тухайн хугацаанд авсан цалин хөлсний нийлбэр дүнг ажилтны жинхэнэ ажилласан өдөр /цаг/-ийн тоонд хувааж, нэг өдөр /цаг/-ийн дундаж цалин хөлсийг тодорхойлно гэж заасны дагуу тооцож үзэхэд хохирогч Т.Б.ын нэг өдрийн дундаж цалин хөлс 368361+509628=877989/24=36582.8=36583 төгрөг байна.

            Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-т долоо хоногийн ажлын цаг нь 40 хүртэл байна, 70 дугаар зүйлийн 70.2-т ердийн ажлын өдрийн үргэлжлэл 8 хүртэл цаг байна. гэж заасан боловч ДНХК нь ажлын онцлогоос шалтгаалан 2012 оны 10 сараас хойш ямар ч амралтгүй ажиллаж байгаа, хохирогч Т.Б. нь 2012 оны 12 сарын 13-ны өдөр ажилдаа орсон болох нь шүүгдэгч, хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр нотлогдож байна. Хохирогч Т.Б. нь 2012 оны 11 сарын 17-ны өдөр эмнэлэгт хэвтэж, 2012 оны 11 сарын 27-ны өдөр эмнэлгээс гарч, 2012 оны 11 сарын 28-ны өдрөөс 2012 оны 12 сарын 12-ны өдрийг дуустал эмнэлгийн хуудсаар ажлаас чөлөөлөгджээ.

            ДНХК нь 2012 оны 10 сараас хойш ямар ч амралтгүй ажиллаж байгаа гэх тул хохирогч Т.Б. нь 2012 оны 11 сарын 17-ны өдрөөс 2012 оны 12 сарын 12-ны өдрийг дуустал нийт 26 хоногийн ажлын хөлс авч чадаагүй бөгөөд нийгмийн даатгалын сангаас хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж аваагүй байна. /хуульд заасан болзол хангаагүй учир/

            Иймд Т.Б.д ажилгүй байсан хугацааны цалинд 36538x26=951158 төгрөг, эм тариа авсаны үнэ 70600+54900=125500 төгрөг, шүүх эмнэлэгт үзүүлсэн 3000 төгрөг, бүгд 1079658 төгрөгийг шүүгдэгч Л.Н. төлөх үндэстэй.

            Хохирогч Т.Б.ос ирүүлсэн амбулторийн карт нь нэр байхгүй ч регистрийн дугаар, нийгмийн даатгалын дэвтэрийн дугаар нь Т.Б.ынх мөн байх тул түүний амбулторийн карт гэж үзэх үндэстэй. Уг картанд тосон түрхлэг түрх гэсэн заавар бичихдээ цайрын исэл түрх гэсэн байх тул баавгайн тосны үнэ 50000 төгрөг, С, Ц, Ч гэсэн хүн Сибирийн эрүүл мэндийн бүтээгдэхүүн худалдан авсан байх тул түүний үнэ болох 286830 төгрөг, эрүүл мэндэд гэм хор учирсантай холбогдон гарсан зайлшгүй зардал биш байх тул биеийн тамирын хувцас, футболк авсан 76000 төгрөг, цагаан хэрэглэл авсан 20000 төгрөг, сайн дураараа өмгөөлөгч сонгон авсаны хөлс 300000 төгрөг, бүгд 732830 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хохирогч нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол, бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй гэж үзлээ.

            Мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч нь хохирогчид 1124.000 төгрөг өгсөн байх тул гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн гэж үзэх үндэстэй байна.

            Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр төрлийн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаасаа гэмшиж байгаа зэрэг нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

            Иймд шүүгдэгч Л.Н.ыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар 1 жил 6 сар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Л.Н. нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурьдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цэнхэр өнгийн 1 ширхэг хувинг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

Шүүгдэгч Л.Н. нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзсан түүнд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт даалгахаар шийдвэрлэснийг дурьдаад

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283 дугаар зүйлийн 283.1, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297,298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Х овогт Л.Н.ыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар шүүгдэгч Х овогт Л.Н.ыг 1 /нэг/ жил 6 /зургаан/ сар хорих ял шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч Л.Н.т оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

            4. Шүүгдэгч Л.Н. нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурьдсугай.

 

            5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Л.Н. нь хохирогчид 1124.000 /нэг сая нэг зуун хорин дөрвөн мянга/ төгрөг төлсөн болохыг дурьдаж, иргэний нэхэмжлэлээс 732830 /долоон зуун гучин хоёр мянга найман зуун гучин/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            6. Хохирогч Т.Б. нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол, бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

 

            7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цэнхэр өнгийн 1 ширхэг хувинг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

            8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар Л.Н.т оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн  хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

 

            9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар тэнсэгдсэн ялтан Л.Н.т хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг Л.Н.т мэдэгдсүгэй.

 

            10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.      

 

            11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Л.Н.т урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Я.ТУУЛ