Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 1716

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2018/00534

 

 

 

Ш.Ш-, Ш.С-, Ш.Ө-, Б.Д-,

Д.О- нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч М.Наранцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2018/01205 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Ш.Ш-, Ш.С-, Ш.Ө-, Б.Д-,  Д.О- нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч З.М-ад холбогдох

 

Барилга байгууламжийг албадан буулгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгч Ш.Ш-, Ш.С-, Ш.Ө-, Д.О- нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ш.Ш-, Ш.С-, Ш.Ө-, Б.Д-,  Д.О- нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд бүтцийн хяналтын хэлтсээс Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Виктория центр төвийн урд талд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй, батлагдсан зураг төсөлгүй барилга угсралтын ажил гүйцэтгэж байгаа асуудалд 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1.5, мөн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар 1702000019 дугаартай зөрчлийн хэрэг нээж, хэрэг бүртгэлтийн ажиллагааг тус хэлтсийн Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Т.Батцэнгэл явуулан иргэн З.М-ыг барилга байгууламжийн баримт бичгийн шаардлагад нийцээгүй барилга байгууламж буюу зохих байгууллагын зөвшөөрөл, зураг төсөлгүйгээр хууль бусаар барилга барьж байгааг тогтоож Зөрчлийн хуулийн дагуу 500 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан. Хэрэг бүртгэлтийн шатанд 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 02 дугаартай прокурорын тогтоолоор тухайн барилга угсралтын ажлыг зөрчлийн үр дагаврыг арилгах хүртэл хугацаанд зогсоох шийдвэр гаргасан боловч өнөөдрийг хүртэл барилгын ажлыг үргэлжлүүлж зоорийн болон нэг давхрын барилга угсралтын ажлыг дуусган цахилгаан, дулааныг хууль зөрчин авч, үйл ажиллагаа явуулахаар тоног төхөөрөмжөө суурилуулж байна.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд энэхүү хууль бус барилга угсралтын ажлыг зөрчлийг арилгах хүртэлх хугацаанд зогсоохыг даалгасан 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 02 дугаартай прокурорын тогтоолыг албадан гүйцэтгүүлэх шийдвэр гаргуулах хүсэлт гаргасны дагуу эрх бүхий албан тушаалтны даалгаврыг албадан гүйцэтгүүлэх тухай Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 128/Ш32017/7091 дугаартай шийтгэврийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж гарч гүйцэтгэх хуудас бичигдсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл уг хууль бус барилгын барилга угсралтын үйл ажиллагаа явагдсаар үйл ажиллагаагаа огт зогсоохгүй явуулж байгаа бөгөөд энэхүү хууль бус барилга угсралтын ажлын зөрчлийг арилгах хүртэлх хугацаанд бүхэлд нь зогсоох тухай эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг албадан гүйцэтгэх ажлаа эрчимжүүлэх хүсэлтийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргаад байна. Энэхүү зөрчлийн хэргийн хохирогч, уг барилгын 2, 3, 4 дүгээр давхрын өмчлөгч иргэд бид урьд нийтийн эзэмшил, ногоон байгууламжийн зориулалтаар ашиглаж байсан авто зогсоолын талбайд хууль бусаар баригдсан дээрх барилгыг албадан буулгуулах шийдвэрийг зохих албан тушаалтнаар гаргуулан буулгуулах хүсэлтэй байна. Зөвшөөрөлгүй баригдсан барилгаас болж бидний өмчлөлийн хөрөнгө үнэгүйдэж, 1 000 000 ам.доллараар авсан хөрөнгө маань 500 000 000 төгрөгийн ханштай болж үнэ буурсан, мөн түрээслэгч иргэд, байгууллага гэрээгээ цуцалж, бид орлого олох боломж хомсдож, улмаар банкны зээлээ төлж чадахгүй нөхцөл байдалд хүрсэн. Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.7-д ...барилга байгууламжийн баримт бичгийн шаардлагад нийцээгүй барилга байгууламжийг шүүхийн шийдвэрийг үндэслэн Нийслэлийн Засаг дарга нь албадан буулгах арга хэмжээг авч, холбогдох зардлыг буруутай этгээдээр төлүүлэх... бүрэн эрхтэй гэж заасан.

Иймд барилга байгууламжийн баримт бичгийн шаардлагад нийцээгүй хууль бусаар баригдаж байгаа дээрх барилга байгууламжийг буулгах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч З.М- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Виктория центр нь өөрөө Гранд Моторс ХХК-ийн барьсан барилга. Орчны газар нь мөн тус компанийн эзэмшлийнх. Энэ төвийн 1 давхрыг З.М- худалдаж авч, өмчилдөг. Түүний барьсан өргөтгөлийн барилгын доорх газар нь Гранд Моторс ХХК-ийн эзэмшлийнх учир тус компанитай тохиролцож, уг газрыг худалдаж авсаны үндсэн дээр 2017 оны 7 дугаар сараас эхлэн өргөтгөлийн барилга барьсан. Энэхүү барилга нь нийтийн эзэмшлийн талбайд ороогүй бөгөөд Гранд Моторс ХХК-ийн эзэмших эрхтэй байсан талбайд багтсан нь тогтоогдсон. Гранд Моторс ХХК нь 2010 онд 5 жилийн хугацаагаар газар эзэмших эрх авсан бөгөөд 2015 онд хугацаа нь дууссан. Гэхдээ газар эзэмших эрхээ сунгуулах хүсэлтийг 2017 оны 12 дугаар сард Газрын албанд өгсөн ба одоогоор хариу өгөөгүй, сунгасан шийдвэр гараагүй байгаа. Газар эзэмших эрхийг сунгах бол З.М-ын барьсан өргөтгөлийн барилгад шаардлагатай зөвшөөрлийг зохих газрууд өгөхөд татгалзахгүй гэдгээ хэлсэн. З.М- өргөтгөл барьснаас болж нэхэмжлэгч нарын өмчлөлийн барилгын үнэ цэнэ буурсан, өмчлөгчдийн орлого буурсан гэх баримтгүй тул нэхэмжлэгч нарын шаардлага үндэслэлгүй.

Виктория центр-ийн өмнөх өргөтгөл барьсан талбайд өмнө нь Гранд Моторс ХХК-ийн захирал М.Мөнхбат, М.Мөнхбатын дүү нар машинаа тавьдаг байсан болохоос өмчлөгч болон үйлчлүүлэгч нар хэзээ ч машин тавьж байгаагүй. Нийтийн эзэмшлийн талбай, ногоон байгууламж байсан гэж үзэх үндэслэлгүй. Мөн З.М- дангаараа хариуцагч болох үндэслэлгүй, Гранд Моторс ХХК-ийг хариуцагчаар татах ёстой. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасныг баримтлан зөвшөөрөлгүй баригдсан өргөтгөлийн барилгыг буулгуулах тухай З.М-ад холбогдуулан гаргасан Ш.Ш-, Ш.С-, Ш.Ө-, Б.Д-, Д.О- нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч нараас төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Ш.Ш-, Ш.С-, Ш.Ө-, Д.О- нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй.

Шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн үндсэн шаардлага болох зохих зөвшөөрөлгүй баригдсан барилгыг албадан буулгуулах утга санааг шүүх хуралдааны явцад хариуцагчаас нэхэмжлэгч талаас асуусан зөвхөн учирсан хохирлыг тооцсон эсэх байдлыг харгалзан нэхэмжлэгч нарт бодит хохирол учраагүй гэсэн. Шийдвэрийн үндэслэлийг Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсгийг үндэслэн тайлбарласан нь нэхэмжлэлийн үндсэн шаардлагатай огт хамааралгүй. Учир нь хариуцагч талыг өмчлөгч болгон хуулийн дээрх заалтыг буруу тайлбарласан нь хуулийг илтэд буруу хэрэглэсэн.

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт нийслэлийн Засаг даргаас газрын харилцааны талаар хэрэгжүүлэх бүрэн эрхийг зааж өгсөн бөгөөд 21.2.3 дах заалтаар ...нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна... гэсэн. Гэвч хариуцагч маргаан бүхий барилга баригдсан газрыг Гранд Моторс ХХК-аас худалдан авсан гэж тайлбарласан ч эрх бүхий байгууллага албан тушаалтнаас маргаан бүхий газрыг эзэмших эрхийг сунгасан шийдвэргүй бөгөөд худалдан авсан гэх Гранд Моторс ХХК-ийн эзэмшил газар нь өөрөө газрын тухай хуулиар эзэмших эрхийн хугацаа нь 2015 онд дууссан байгаа нь нотлогдоно. Түүнчлэн шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагч З.М-ыг хууль бусаар барилгын өргөтгөлийг барьж байгааг шүүх өөрөө тайлбарласан бөгөөд ямар нөхцөл байдлаас хариуцагчийг өмчлөгч гэж үзсэнээ ойлгомжгүй тайлбарласан.

Маргаан бүхий барилгыг хууль шүүхийн байгууллага, төрийн хяналт шалгалт явуулах эрх бүхий байгууллага, төрийн албаны бусад байгууллагуудаас ямар нэгэн өмчлөл, эзэмшил бүхий газарт барилгын ажил явуулаагүй болохыг удаа дараа нотолсон захиргааны шийдвэрүүд, баримт нотолгоонууд гарч хавтаст хэрэгт авагдсан. Бид мөн адил эрх тэгш байж хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах Үндсэн хуульд заасан эрхээ хууль ёсны дагуу эдэлж явахад хариуцагч талаас хууль дүрэмгүй улсад байгаа мэт авирлаж төрийн хууль тогтоомжийг үл хүндэтгэн бидний эрх ашигт илтэд нөлөөлсөн барилгыг зохих зөвшөөрөлгүй барьж барилгын зөвшөөрлөө нөхөн шийдвэр гаргуулна гэж байгаад гомдолтой байгаа юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой бус байхад хэргийг шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Ш.Ш-, Ш.С-, Ш.Ө-, Б.Д-, Д.О- нар хариуцагч З.М-ад холбогдуулан барилга байгууламжийг албадан буулгуулах нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “... З.М- зохих байгууллагын зөвшөөрөл зураг төсөлгүйгээр ... Виктория центр төвийн нэг давхарт өргөтгөл барьснаар уг барилгын 2-4 давхрын өмчлөгч нар нийтийн эзэмшил, ногоон байгууламжийн зориулалтаар ашиглаж байсан автозогсоолын талбайг ашиглах боломжгүй болсон, ... үүний улмаас хөрөнгө үнэгүйдэж, түрээслэгч нар гэрээгээ цуцалсан, улмаар банкны зээлээ төлж чадахгүй хохирч байна ” гэж тодорхойлсон байна. Хариуцагч З.М- нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “... өргөтгөлийн барилга нийтийн эзэмшлийн талбайд орохгүй, ... уг барилгын газар эзэмших эрхийг “Гранд моторс” ХХК эзэмшиж байсан, ... дангаараа хариуцагч болох үндэслэлгүй” гэж маргажээ.

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ өөрөө тодорхойлох үүрэгтэй боловч нэхэмжлэл тодорхой бус, ойлгомжгүй байгаа тохиолдолд шүүх тодруулснаар эрх зүйн маргаантай харилцааг зөв тодорхойлж, холбогдох хуулийн зохицуулалтыг зөв хэрэглэх ач холбогдолтойн гадна тухайн харилцааны оролцогч, эрх нь зөрчигдөж болзошгүй этгээдийг, улмаар маргааны талуудыг зөв тогтоох боломжтой болно.

Гэтэл шүүх нэхэмжлэгч нарын гаргасан тодорхой бус нэхэмжлэлийг тодруулах ажиллагаа явуулахгүйгээр Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй байна. Тодруулбал, Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-т заасан барилга байгууламжийн байршил тогтоох, газар олголт, загвар зураг батлах болон техникийн нөхцөл олгох үйл ажиллагааг зохион байгуулж, нэгдсэн бүртгэл хөтлөх, хадгалах, мэдээлэл түүний аюулгүй байдлыг хангах, мэдээллийн сангийн байнгын үйл ажиллагааг эрхлэх, хяналт тавих, 35.1.7-д заасан барилга байгууламжийн баримт бичгийн шаардлагад нийцээгүй барилга байгууламжийг улсын хяналт хэрэгжүүлэгч байгууллагын ерөнхий байцаагчийн дүгнэлт болон шүүхийн шийдвэрийг үндэслэн албадан буулгах арга хэмжээг авч, холбогдох зардлыг буруутай этгээдээр төлүүлэх эрхийг Аймаг, Нийслэлийн Засаг дарга хэрэгжүүлэх тул нэхэмжлэгч нар энэ талаар шаардлага гаргах эрхгүй болно. Хэрвээ хөршийн нөлөөлөлтэй холбоотой нэхэмжлэл гаргаж байгаа бол уг эрх зүйн харилцаатай холбоотой зохицуулалтыг хэрэглэх эсэхийг шүүх шийдвэрлэнэ.

Түүнчлэн шүүх хариуцагчийн хамтран хариуцагч оролцуулах хүсэлттэй холбогдуулан нэхэмжлэгчээс тодруулж, уг хүсэлтээс татгалзаагүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт заасан ажиллагааг явуулах учиртай.

Иймд талууд Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасан болон 135 дугаар зүйлд заасан асуудлаар анхан шатны шүүхэд мэтгэлцээгүй тохиолдолд давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2018/01205 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шатны шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Н.БАТЗОРИГ

 

                                      ШҮҮГЧИД                                М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                                                       Ч.ЦЭНД