| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 128/2025/0275/З |
| Дугаар | 221/МА2026/0359 |
| Огноо | 2026-05-27 |
| Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 221/МА2026/0359
Б.М-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх хуралдаан даргалагч шүүгч М.Цэцэгмаа
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Баатархүү
Илтгэсэн шүүгч Б.Адъяасүрэн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А
Нэхэмжлэгч: Б.М
Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга
Нэхэмжлэлийн шаардлага: Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.2-т заасны дагуу олговол зохих гурван сарын нэг удаагийн тэтгэлэг 6,279,120 төгрөгөөс дутуу олгосон 1,662,120 төгрөгийг Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулах тухай
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Б.М
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр
Хэргийн индекс: 128/2025/0275/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Анх нэхэмжлэгч Б.М-ээс Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдуулан “Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.2-т заасны дагуу олговол зохих гурван сарын нэг удаагийн тэтгэмжийн зөрүүг Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. Анхан шатны шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Б.М нь нэхэмжлэлийн шаардлага дахь тэтгэмжийн зөрүүг “... олговол зохих нэг удаагийн тэтгэлэг 6,279,120 төгрөгөөс дутуу олгосон 1,662,120 төгрөгийг Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулах...” гэж тодруулжээ.
3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 128/ШШ2026/0350 дугаар шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.М-ээс гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Төрийн албаны тухай хуульд заасны дагуу олговол зохих гурван сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэлэг болох 6,279,120 төгрөгөөс дутуу олгосон 1,662,120 төгрөгийг гаргаж нэхэмжлэгчид олгохыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад даалгаж шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А-ийн давж заалдах гомдлын агуулга:
“Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-д “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тухайн байгууллагаас олгох” гэж заасан байдаг бөгөөд захиргааны байгууллагаас дээрх заалтын дагуу нэхэмжлэгч Б.Мд үндсэн цалингаар тооцож 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэлэг олгосон.
Ийнхүү тэтгэлгийг олгохдоо байгууллагын цалингийн зардлын сангаас бус тэтгэмжийн зардлын сангаас олгосон бөгөөд нийт захиргааны байгууллагууд дээрх байдлаар ажилтныг албан тушаалаас чөлөөлөхдөө цалингаас тооцож 3 сарын хугацаатай тэтгэлэг олгодог практик тогтсон байдаг.
Анхан шатны шүүхийн үндэслэл болгож буй шийдвэрлэсэн асуудлууд нь шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмж олгохдоо нэмэгдэл цалин хөлснөөс тооцоогүйтэй холбоотой маргааныг шийдвэрлэсэн тохиолдлууд байх бөгөөд нэхэмжлэгчийн хувьд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон шүүгчид өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмж олгохтой адилтган хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдврэлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасантай нийцээгүй байна.
Өөрөөр хэлбэл, шүүгчид өндөр насны тэтгэвэрт гаргахад олгох нэг удаагийн тэтгэмж олгох нь Шүүхийн тухай хуулиар тусгайлан зохицуулагдаж байгаа бөгөөд харин захиргааны албан хаагчдын хувьд 3 сарын цалинтай тэнцэх эсхүл 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг авах тохиолдолд нэмэгдэл цалинг тооцдоггүй практикийг шүүх анхаарч үзээгүй байна.
Хэрвээ энэхүү маргааныг дээрх байдлаар жишиг болгон шийдвэрлэх аваас төрийн байгууллагын татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан шалтгаанаар ажлаас чөлөөлөгдсөн нийт захиргааны албан хаагчид дээрх байдлаар маргах бүрэн боломжтой байх төдийгүй эдгээр чөлөөлөгдсөн албан хаагчдад олгох тэтгэлэг цалингийн санд тусгадаггүйг анхаарах шаардлагатай.
Нөгөөтэйгүүр, Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т “...эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний...” гэж тодорхой хуульчилсан байхад анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ” гэж заасантай адилтган дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Учир нь төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагддаг тохиолдолд чөлөөлөгдөх албан тушаалтанд 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгоно гэдгийг Төрийн албаны тухай хуулиар тодорхой хуульчилсан атал цалин хөлс гэх нэршлийг энэ хуулийн цалин гэдэг үгтэй хамаатуулан Хөдөлмөрийн тухай хуулийг тайлбарлан хэрэглэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.
Иймд анхан шатны шийдвэрийг хэрэгсэхгүй болгож хариуцагчийн гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэр тус хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Б.Мгээс Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдуулан “Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.2-т заасны дагуу олговол зохих гурван сарын нэг удаагийн тэтгэмжийн зөрүүг Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.
2.1. Анхан шатны шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Б.М нь нэхэмжлэлийн шаардлага дахь тэтгэмжийн зөрүүг “... олговол зохих нэг удаагийн тэтгэлэг 6,279,120 төгрөгөөс дутуу олгосон 1,662,120 төгрөгийг Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулах...” гэж тодруулжээ.
3. Анхан шатны шүүх “...Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх заалтад заасан “...цалинтай...” гэснийг тодорхойлохдоо “Цалин хөлсний” хэмжээгээр гэж агуулгын хувьд ойлгох нь хууль болон төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх зарчимд нийцэхээр байна...” гэж дүгнэн нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
4. Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн “Б.Мд нэг удаагийн тэтгэлэг олгон, төрийн албанаас чөлөөлөх тухай” Б/353 дугаар тушаалаар Нийслэлийн Улсын бүртгэлийн газар татан буугдаж, чиг үүрэг нь дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст шилжин бүтэц зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбоотой ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан ....Архивын хэлтсийн мэргэжилтэн Б.Мг 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс үүрэгт ажлаас чөлөөлөн, 3 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэлэг олгохоор шийдвэрлэжээ.
5. Дээрх тушаалын дагуу Б.Мд гурван сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэлэг олгохдоо нэг сарын цалинг үндсэн цалингаар 1,539,000 төгрөг гэж тооцон нийт 4,617,000 төгрөгийг олгосон.
6. Нэхэмжлэгч Б.Мгээс гурван сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тухайн байгууллагаас олгохоор шийдвэрлэхдээ сарын цалинг үндсэн цалингаар тооцон олгосныг эс зөвшөөрч, албан тушаалын цалин, нэмэгдэл зэрэг цалин хөлсний бүрдэл хэсгийг хамруулсан хэмжээнээс тооцох ёстой гэж маргасан.
7. Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-т “Төрийн жинхэнэ албан хаагч энэ хуулийн 61.1-д зааснаас гадна дараахь баталгаагаар хангагдана”, 62 дугаар зүйлийн 62.1.4.”төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тухайн байгууллагаас олгох” гэж тус тус заасан.
8. Харин Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т “Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна…” гэж зааснаас үзэхэд төрийн албан хаагчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгоход “үндсэн цалингийн” дунджаас тооцохоор харин 62.1.4-т заасан нэг удаагийн тэтгэлгийг гурван сарын “цалинтай” тэнцэх хэмжээний гэх ялгаатай байдлаар хуульчилсан байгааг анхаарах нь зүйтэй байна.
9. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 1.4-д “Цалин хөлсний бүрэлдэхүүн тус бүрийг дор дурдсан утгаар ойлгоно” гээд, 1.4.1-1.4.5-д “үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшуулал” хамаарахаар заасан бөгөөд анхан шатны шүүх “…нэхэмжлэгч Б.Мд 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг олгохдоо 1,539,000 /үндсэн цалин/, 20 хувийн төрийн албан хаагчийн зэрэг дэвийн нэмэгдэл, 16 хувийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл, нийт 2,093,040 төгрөгөөс бодон тооцож олгох үндэслэлтэй…” гэж дүгнэсэн нь зөв байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 128/ШШ2026/0350 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ М.ЦЭЦЭГМАА
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН