Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 542

 

 

 

 

 

 

  2020             4              30                                         2020/ДШМ/542

 

 

О.С-, Б.П- нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Ариунжаргал,

шүүгдэгч О.С-, түүний өмгөөлөгч Д.Тунгалаг,

шүүгдэгч Б.П-ын өмгөөлөгч С.Одгариг,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 2020/ШЦТ/401 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.П-ын өмгөөлөгч С.Одгариг, шүүгдэгч О.С-, түүний өмгөөлөгч Д.Тунгалаг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн О.С-, Б.П- нарт холбогдох эрүүгийн 1906043442095 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Боржигон овгийн О.С, 20.. оны 7 дугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ........... Их сургуулийн ...... дугаар дамжааны оюутан, ам бүл ........ хамт Баянгол дүүргийн ..........тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ................../;

2. Даруу овгийн Б.П, 20.. оны 3 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, .......дамжааны оюутан, ам бүл ....... хамт ............. тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ............./;

О.С-, Б.П- нар нь бүлэглэн 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 05 цагийн үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны дэвсгэрт байрлах Цэргийн хотхоны орчим хохирогч Г.Б-ийн хоолойг нь боож илээр хүч хэрэглэн довтолж гар утсыг нь хууль бусаар авч бусдад 200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: О.С-, Б.П- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч О.С-, Б.П- нарыг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэн, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.П-, О.С- нарт 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Б.П-, О.С- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч нар урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Г.Б- нь гар утсаа буцаан авсан, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэжээ.

Хохирогч Г.Б-ийн өмгөөлөгч С.Төмөрбаатар  гаргасан хариу тайлбартаа: “...Хохирогч Г.Б- 2020 оны 03 сарын 04-ний өдөр өмгөөлөгч надтай утсаар яриад өмгөөлөгчөөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан. Тэрээр гэрээ байгуулах үедээ өмгөөлөгчид хэргийн талаар дараах тайлбарыг хэлсэн. Г.Б- нь 2019 оны 07 дугаар сарын 21-ний өдөр ажлаасаа тараад явж байхад найз нартайгаа зааланд тоглож байгаад шагайгаа эвгүй болгосон байна. Бичилд найзынхаа машинд 8 сав Сэнгүүр пиво уусан байна. Тэгээд машиндаа унтсан байсан сэрээд харихаар алхсан. Анх 3 дугаар сургуулийн тэнд явж байхдаа С-, П- хоёртой таарсан. Тэр үед чихэвч зүүчихсэн явж байсан болохоор хүн мөрлөсөн гэдгээ ч мэдээгүй. Хойноос хүн ирээд юм ярих шиг болсон. Би чихэвчээ авсан чинь өөдөөс янз бүрийн юм яриад байсан. Тэгэхээр нь би урдаас нь уурласан чинь С- ирээд надаас уучлалт гуйсан. Уучлалт гуйхаар нь гар барьчихаад цаашаа явсан. Тэрээр цааш яваад Компьютер техник менежментийн сургуулийн автобусны буудал дээр С-, П- хоёртой дахин таарсан.С- түцэнд орж, П- Б- 2 маргалдаад явж байхад С- араас ирээд татах шиг болсон. Тухайн үед Б-ийн хөл муу байсан учраас өнхөрөөд уначихсан. Босоод цааш явахдаа утсаа үзсэн байгаагүй. Тэгээд С-, П- хоёртой байн байн таараад байсан учраас энэ хоёрыг авчихсан гэж бодоод цагдаа явж байхаар нь С-, П- хоёрыг бариад өгчихсөн. Б- цагдаа дээр очиж мэдүүлэг өгөх үедээ согтуу байсан. Тэгээд ууртай байсан учраас баахан юм нэмээд хэлчихсэн одоо заримыг нь мартсан байна, С-, П- нар түүнээс эд зүйл нэхээгүй гэсэн бөгөөд энэ талаараа мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөвөөр 1 удаа мэдүүлэг өгсөн байна. Хэрэг нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцахад мөрдөгчөөс Б-ийг “чамаас болж хэрэг буцлаа гэж загнаад өмнө өгсөн мэдүүлгийг уншиж өгөх байдлаар бичсэн байна.Иймээс өмгөөлөгч авч байгаа гэж тайлбарласан бодит байдлыг уламжилъя. Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс тайлбарлахад анх миний үйлчлүүлэгч Г.Б-ийг согтуу байхад нь хөтөлж мэдүүлэг авсан байна. Мөн шүүх хуралдаан дээр шүүгч болон улсын яллагчийн зүгээс хохирогч Г.Б-ийг бусдын нөлөөнд орж худал мэдүүлэг өгч байгаа эсэх, шүүгдэгч нараас мөнгө аваад мэдүүлгээ өөрчилсөн эсэх талаар удаа дараа асуухад тэрээр шүүх хуралдаан дээр гаргаж байгаа мөн мөрдөн байцаалтанд өгсөн 1 удаагийн мэдүүлгээ үнэн зөвөөр өгч байгаа талаараа болон шүүгдэгч нараас нөлөөлсөн зүйлгүй байгаа талаар тогтвортой мэдүүлсэн. Иймд энэхүү хэргийг шудрага ёсны зарчимд үндэслэн үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. Хохирогчийн зүгээс нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй болно. ...” гэжээ.

Шүүгдэгч О.С- гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би 2019 оны 7 дугаар сарын 22-ны орой аав, ээж хоёроосоо таксинд явна гэж машиныг нь аваад найз П-ыг хамт яваад өгөөч гэж гуйсан. Үүрийн 05 цаг 30 минут хүртэл таксинд яваад 28.000 төгрөг хийсэн. Амрах гээд ундаа, идэх юм авахаар түц хайгаад явсан. 100 айлын автобусны буудал дээр зогсоод түц хайгаад явж байтал хохирогч Г.Б- найз П-ыг мөрлөсөн. Б- нь П- луу дайраад маргалдахаар нь би салгаад “та одоо ингээд явчих, бид хоёр асуудал хүсэхгүй байна. уучлаарай” гэж хэлэхэд Б- явсан. Онгорхой түц байхгүй байсан учир бид 2 цааш түц хайхаар явсан. ШУТИС-ын буудал дээр онгорхой түц байхаар нь би орж идэх юм авчихаад гарч ирэхэд П-тай Б- юм яриад цааш явж байсан. Би авсан юмаа машиндаа хийгээд араас нь явсан. Тэр 2 муудалцаад П-ыг заамдчихсан зогсож байсан. Манай найзыг зодох гэж байна гэж ойлгоод “хөөе болиоч ээ” гээд араас нь татахад газарт унасан. Тэгээд Б- босоод явсан. Цаана явж байсан цагдаа дээр очоод бид 2-ыг дуудсан. Доошоо харахад найз П-ын утас шиг адилхан хар утас хэвтэж байсан. П-аас “энэ чиний утас мөн үү” гэж асуухад “тийм байна” гэж хэлсэн. Газарт байсан утсыг аваад цагдаа руу явсан. Яваад очтол Г.Б- цагдаад “энэ 2 миний утсыг дээрэмдсэн” гэж хэлээд зогсож байсан. Би Б-эд утсыг өгөхөд Амар гэх цагдаа Б-ээс утсыг хурааж аван Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн цагдаад хүлээлгэн өгсөн. Үүрийн 06 цаг 30 минутад Б-ээс согтуу байхад нь цагдаа мэдүүлэг авч явуулсан. 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 12 цаг хүртэл П- бид 2-ыг суулгасан. Тухайн үед байцаагч бид 2-ыг “бороохойдоод байхад үнэнээ хэлэхгүй, та 2 яах вэ” гэж элдэв үгсээр айлгаж байсан. Тухайн үед байцаагчид хүн дээрэмдэх ямар ч зорилго байгаагүй гэж болсон бүх үнэнийг хэлэхэд байцаагч “чи Б-ийг хавсарч унагаасан биз дээ, гар утсыг нь карманаас нь гар утсыг нь аваад зугтаагаа биз дээ” гэж асуусаар байсан. Анх удаа цагдаад мэдүүлэг өгч байсан учраас айж сандарсан байсан. Сүүлд Б-ийн мэдүүлэгтэй уншиж танилцахад Б-ийн байцаалтад тулгуурлан надаас мэдүүлэг авсныг мэдсэн. Би бага байхаасаа эцэг эхийн хүмүүжлээр өссөн. Эцэг, эх маань намайг бага байхаас бусдыг өрөвдөх сэтгэлтэй, буруу зүйл ямар муу хор уршигтай болохыг ойлгуулж өсгөсөн. Дунд сургуульд суралцаж байхдаа бусдыг манлайлж тэргүүний сурагч удаа дараа болж 9-12 дугаар анги хүртэл ангийн дарга хийж жишиг хүүхдүүдийн нэг болж төгссөн. Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн бизнесс удирдлагын 3 дугаар дамжаанд суралцаж байгаа бөгөөд цаг заваараа спортоор хичээллэж өөрийгөө хөгжүүлж байсан. Дөнгөж саяхан 19 нас хүрсэн бөгөөд сайхан амьдарч аав, ээжийнхээ ачийг хариулна гэж мөрөөддөг байсан. Хоригдож байх хугацаандаа өдөр өнгөрөх тусам энэ мөрөөдөл минь алга болж байгаад харамсаж байна. Хийгээгүй хэргийнхээ төлөө энэ муухай газарт аавынхаа нэрийг өдөр бүр дуудуулж байгаад сэтгэл өвдөж байна. Надад ямар их санаа зовж байгаа бол гэж бодох тусам шөнө бүр нулимс гарах юм. П- бид 2 тэр өдөр тэр залуутай тааралдаагүй байсан бол хүсэл мөрөөдөлдөө хүрэхийн төлөө хичээх байсан. Анх удаа гэмт хэрэгт холбогдож яаж шалгуулах учраа олохгүй болохоор ийм байдалд хүрлээ. Анхнаасаа цагдаа нарт хүний эд зүйл, мөнгө авах зорилгогүй гэж удаа дараа хэлсээр байтал ял шийтгэл авахад хүрсэнд гомдолтой байна. Хэргийг үнэн зөвөөр шиийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч О.С-ийн өмгөөлөгч Д.Тунгалаг гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүхийн дүгнэлтэнд буюу шийтгэх тогтоолд заасан үндэслэлүүд нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тухайд-

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 401 дугаартай шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдоогүй, дүгнэлтэнд харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй, дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байгаа зэрэг байдлуудыг харгалзан үзээгүй байна. Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийг шүүх хүлээн авч хохирогч Г.Б-ийг оролцуулсан бөгөөд тэрээр шүүх хуралдаанд мэдүүлэг гаргахдаа ”... намайг дээрэмдээгүй, надаас эд зүйл мөнгө нэхээгүй, би согтуу явсан, тэр өдөр сагс тоглож байгаад хөлөө гэмтээсэн байсан, 3 найзтайгаа 8 сав шар айраг хувааж уусан, нэлээн соггуу явж байсан, ...тухайн өдөр би цагдаад мэдүүлэг гаргах үедээ эдгээр залуучуудтай муудалцсандаа буруу зөрүү юм ярьсан, мөн согтуугаар мэдүүлэг өгсөн” талаараа мэдүүлсэн. Хохирогчийн шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг нь мөрдөн шалгах ажиллагааны явцад түүний гаргасан мэдүүлгээр давхар нотлогдож тогтоогддог. / хх-50/

Тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад 3 удаа буюу 2019 оны 7 дугаар сарын 22-ны өглөө 06 цаг 50 минутанд эхний мэдүүлгийг согтуугаар /хх- 06-07 хуудас/, 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 2 дахь удаагаа гэмт хэрэг гараагүй талаар /хх-50 хуудас/, 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр 3 дахь удаагаа / х.х-99 хуудас / гэмт хэрэг гарсан талаар мэдүүлсэн. Шүүх хуралдаанд шүүгч хохирогчоос удаа дараа яагаад ийм зөрүүтэй мэдүүлэг гаргаж байгаа талаар асууж лавлахад хохирогч Г.Б- нь 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн өглөө 06 цаг 50 минутанд өгсөн мэдүүлгийг согтуугаар өгсөн бөгөөд тухайн үед эдгээр залуучуудтай маргалдсан ууртай байсан, мөн цагдаагийн байцаагчаас асуусан асуултанд тийм, үгүй гэх байдлаар хариулсан дараа нь эрүүл болсон хойноо 3 сарын дараа үнэн зөвөөр мэдүүлсэн, 3 дахь удаагийн мэдүүлгийг байцаагч авахдаа “...чамаас болж энэ хэрэг буцлаа чи эхнийхээ мэдүүлгээр байх ёстой...” гэж хэлсэн. Тэгээд байцаагч өөрөө мэдүүлгийг уншиж өгөөд би дагаад мэдүүлэг гаргасан. Өнөөдрийн мэдүүлгийг би бодит үнэнээ хэлж мэдүүлж байна гэж тайлбарлан мэдүүлсэн байхад шүүхээс энэхүү хохирогчийн удаа дараагийн тогтворгүй, хэргийн бодит байдалтай нийцээгүй зөрүүтэй мэдүүлгүүдийг хэрхэн яаж дүгнэсэн болох нь тодорхойгүй байна. Анхан шатны шүүхээс гэрч М.Амарын мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасан мэдүүлэг / х.х-101-102 хуудаст / нь түүний хавтас хэргийн 10 дугаар хуудаст авагдсан “илтгэх хуудас” -т бичигдснээс зөрүүтэй байхад энэ талаар мөн дүгнээгүй байна.

Мөн анхан шатны шүүхийн 401 дугаартай шийтгэх тогтоолд “Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн товч агуулга” хэсэгт шүүгдэгч нарыг “бүлэглэн...Цэргийн хотхоны орчим Г.Б-ийн хоолойг боож илээр хүч хэрэглэн довтолж...” прокурорын яллах дүгнэлтэнд бичигдснээр гэжээ. Гэтэл Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 112 тоот яллах дүгнэлтэнд Б.П-, О.С- нар “бүлэглэн ...Г.Б-ийн хоолой боож илээр хүч хэрэглэн...” гэж бичигдээгүй байхад яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсгээс зөрүүтэй бичснийг дурдаж байна. Анхан шатны шүүхээр хэлэлцэгдсэн бичгийн баримтууд нь шүүгдэгч О.С-ийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байдлыг харгалзан үзэх зайлшгүй шаардлагатай байна.

Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаар

Шүүгдэгч О.С- , Б.П- нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулаагүй байна. Хавтас хэрэгт авагдсан хохирогчийн /хх-50 хуудас/, мөн яллагдагч О.С-ийн /хх-40 - 41 хуудас/, Б.П-ын /хх-46-47 хуудас/ мэдүүлгүүд өөр хоорондоо зөрүүгүй байхаас гадна шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч болон шүүгдэгч нараас гаргасан мэдүүлгүүд зөрүүгүй байна. О.С- нь мөн өдөр Г.Б-тэй тааралдаж улмаар Б.П- нь түүнтэй маргалдахад тэрээр очиж уучлал гуйн гар бариад салсан байдаг. Ингээд шүүгдэгч нар ТҮЦ хайж явсаар дахин Г.Б-тэй тааралдсан бөгөөд О.С-ийг ТҮЦ орж идэх зүйл аваад гараад ирэхэд Б.П- нь түүнтэй зууралдсан, маргалдсан байдалтай Цэргийн хотхоны зүг явж байсан байна. О.С- нь найз Б.П-ыг зодох гэж байна гэж ойлгоод очиж Г.Б-ийн энгэрээс заамдах үед хохирогч газар унасан бөгөөд тэрээр өөрөө босоод цаашаа явсан байдаг. О.С-ийн энэхүү үйлдэл нь найзыгаа өмөөрсөн үйлдэл болохоос биш “дээрэмдэх” гэмт хэрэг үйлдэх зорилгоор хохирогчийн биед халдсан үйлдэл биш юм.

Мөн хохирогч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны

явцад / хх-50-51 / “ ...хөлөө гэмтээсэн байсан бөгөөд О.С- ирж заамдаж авахад би хөлөндөө орооцолдоод унасан, гар утсаа унасныг мэдээгүй…” гэж мэдүүлснээр давхар нотлогдоно.         

Шүүгдэгч нар Г.Б-ийн унасан газар гар утас байгааг хараад газраас аваад гартаа бариад зогсож байхад хохирогч, гэрч М.Амарын хамт ирж утсаа асуухад нь хохирогчид өгсөн байдаг. Хавтас хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч нарын хохирогчоос эд зүйл, мөнгө нэхэж, бусдын эд хөрөнгийг илээр авахаар хүч хэрэглэсэн хууль бус үйлдэл нь тогтоогдоогүй байна.

Мөн анхан шатны шүүхээс “...шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн санаатай хэлбэртэй. Шүүгдэгч нарын гэмт үйлдэл болон тус гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хуулийн тусгай ангид заагаагүй үйлдэл, хохирол, хор уршиг, гэм буруугийн шинжийг төсөөтэй хэрэглэж гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасныг баримтлан шийдвэрлэх бүрэн боломжтой байсан.

Өөрөөр хэлбэл, О.С-ийн үйлдэл нь дээрэмдэх гэмт хэргийн шинжийг агуулаагүй, шууд санаагүй, шунахай зорилгогүй, бусдын эд зүйл, мөнгийг авахаар илээр хүч хэрэглээгүй байх бөгөөд хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн болох нь эргэлзээтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтай байдлаар хэргийг шийдвэрлэх боломжтой юм. Иймд анхан шатны шүүхийн 2020 оны 03 сарын 06-ны өдрийн 401 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож О.С-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.П-ын өмгөөлөгч С.Одгариг гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж бол “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон...” гэж тодорхойлжээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд хохирогч Г.Б-ийн “...П-тай муудалцаад явж байсан чинь С- ирээд намайг татах шиг болохоор нь хөлөнд нь тээглээд унасан, утсаа үзсэн чинь утас байхгүй байсан, тэр залуучуудтай муудалцаж, зодолдсон бөгөөд миний утсыг авчихсан байхаар нь намайг дээрэмдэж байна гэж бодсон учраас өмнөх мэдүүлэгтээ нэг залуу нь намайг хавсарч унагаад халаасанд байсан утсыг авч зугатаасан гэж мэдүүлсэн...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч О.С-, Б.П- нар нь “...маргалдсан хохирогч хөлөнд тээглэж унасан, утас нь газар уначихсан байхаар нь авсан...” гэж мэдүүлсэн зэргээс үзэхэд шүүгдэгч О.С-, Б.П- нар нь Г.Б-ийн гар утас буюу эд хөрөнгийг хүч хэрэглэн авахаар довтлоогүй, хоорондоо маргалдсаны улмаас хохирогч хөлөнд нь тээглэж унах үед нь гар утас нь газар унасан байхад нь авсан байхаар байна.

Хэрвээ шүүгдэгч нар нь хохирогч Г.Б-ийн эд зүйлийг хүч хэрэглэн авахаар довтолсон бол зөвхөн гар утсаар хязгаарлахгүй, өөр бусад түрийвч болон хүнд хэрэг болох юу байна бүгдийг нь авах санаа зорилготой байх ёстой байтал энэ талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад ямар нэгэн үйлдэл тогтоогдоогүй байхад шүүгчдэгч нарыг өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгч нарын гэмт үйлдэл болон тус гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна гэсэн нь учир дутагдалтай байна.Тэгээд ч шүүгдэгч нарын үйлдлийг зөвхөн хохирогчийн өгсөн мэдүүлгийг үндэслэн дээрмийн гэмт хэрэг гэж үзээд байгаа боловч түүний мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй, шүүгдэгч нар нь утсыг нь газар унасан байхад нь авсан гэсэн мэдүүлгүүд нь тухайн үйлдлийг дээрмийн гэмт хэрэг гэж үзэхэд эргэлзээтэй байна.

Хохирогчийн мэдүүлэгт гар утас хармаанаас аваад зугтсан гэж мэдүүлсэн боловч аль хармаанд нь утас байсан, түүнээс нь яаж хүч хэрэглэж авсан нь тодорхойгүй, гар утас аваад зугатаасан гэх боловч эргүүлийн цагдаа мэдүүлэхдээ шүүгдэгч нарыг зугатаагаагүй зогсож байсан гэж мэдүүлсэн зэрэг байдлууд нь дээрмийн гэмт үйлдэл болсон байдлуудыг үгүйсгэж байгааг шүүх анзаараагүй байна.Ийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч нарын зүйлчлэлийг хөнгөрүүлэн хорих ялыг тэнсэж өгнө үү. ... “ гэв.

Прокурор Д.Ариунжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Өмгөөлөгч нарын зүгээс бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэж, довтолж авсан зүйл байхгүй гэж байна. Хохирогч гэмт хэрэг гарсан өдөр буюу 2019 оны 7 дугаар сарын 22-ны өглөө 6 цагт Цагдаагийн байгууллагад ирж мэдүүлэг өгөхдөө болсон асуудлын талаар бүгдийг нь ярьсан. Дараа нь дахин хохирогчоос мэдүүлэг авахад өөрөөр мэдүүлсэн байсан. Мэдүүлгийн зөрүүг гаргахаар 3 дахь удаагаа мэдүүлэг авахад “миний анхны өгсөн мэдүүлэг үнэн зөв. Одоо би нэрийг нь мэддэг болчихсон. О.С-, Б.П- 2 нь ийм ийм үйлдэл гаргасан” гэж хохирогч үйлдэл тус бүрээр нь тодорхой мэдүүлсэн. “О.С- нь намайг хавирч унагаад гар утас авсан. Б.П- нь миний нүүр рүү нэг удаа алгадчихаад араас нь гүйгээд явчихсан” гэдэг. Тухайн хэрэг гараад жижүүрийн офицер Амар нь илтгэх хуудас бичихдээ андуураад хохирогчоос утсыг гарч ирсэн гээд биччихсэн байсан. Үүнийг залруулахаар Амараас мэдүүлэг авахад “хохирогч Б- утсаа алдчихлаа гээд надтай таарсан” гэж байсан. О.С-ээс “найзаасаа чиний утас мөн үү гэж асуухад мөн гэхээр нь би аваад явж байсан. Тэгээд цагдаа дээр ирээд утсыг нь би шууд өгсөн” гэж давж заалдах гомдолдоо дурдсан байна. Гэтэл цагдаагийн албан хаагчийн өгсөн мэдүүлэгт “утсыг нь гаргаж өг гэж шаардлага тавихад өндөр биетэй залуу халааснаасаа утсыг нь гаргаж өгсөн” гэдэг. Хохирогч 2 удаа мэдүүлэг өгөхдөө “надад хүч хэрэглэсэн. Хавсарч унагаад гар утас халааснаас авсан. Б.П- нь дараа нь нүүр рүү цохиод араас нь явсан” гэдэг. Хохирогч хавтас хэрэгт 3 удаа мэдүүлэг өгөхдөө “би энэ 2 залууг өрөвдөөд тэгж мэдүүлэг өгсөн юм. Түүнээс миний анхны буюу 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр өгсөн мэдүүлэг үнэн зөв” гэсэн байсан. Мөн хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар О.С-, Б.П- нар нь илээр, хүч хэрэглэн довтолж хохирогчийн утсыг авсан болох нь тогтоогдож байгаа учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:            

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч О.С-, Б.П- нар бүлэглэн 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 05 цагийн үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны дэвсгэрт байрлах Цэргийн хотхоны орчим хохирогч Г.Б-ийг араас татах, хавсарч унагах зэргээр хүч хэрэглэн довтолж, Самсунг галакси А-8 маркийн гар утсыг нь дээрэмдэн авч, 200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Г.Б-ийн “...С- нь түрүүлж миний дэргэд хүрч ирээд надаас гал асуусан, тухайн үед би тамхийг нь асааж өгсөн. Тэгтэл С- нь “танайх энд байдаг юм уу” гэхэд нь “тиймээ” гэж хэлсэн. Тэгтэл С- нь “тэгвэл гурвуулаа танайд ганц юм хуваагаад ууя” гэхэд би татгалзсан. Тэгтэл С- нь шууд намайг хавирч унагаасан бөгөөд халаасанд байсан утас авч гүйсэн. Харин намайг газар хэвтэж байх үед П- нь баруун гараараа нүүрэн тус газар нэг алгадсан” гэсэн мэдүүлэг /хх 50/,

гэрч М.Амарын “...Цэргийн хотхоны орчим явж байсан 20 орчим насны өөрийгөө Б- гэсэн залуу над руу ирээд “ахаа тэр хоёр залуу миий гар утсыг дээрэмдчихлээ” гэсэн. Би тэр хоёр залууг дуудаад нэрийг нь асуухад О.С-, Б.П- гэсэн бөгөөд сайн дураараа авсан утсаа гаргаж өгөхийг шаардахад өндөр залуу нь халааснаасаа утас гаргаж өгсөн” /хх 101/,

яллагдагч О.С-ийн “...П- түрүүлж очоо тэр залуутай муудалцсан. Тэгэхээр нь би “чи яагаад байгаа юм бэ” гээд цамцнаас нь бариад автал намайг түлхэж байгаад газар унасан. Тэр үед П- тэр залуугийн шилэн хүзүүнээс бариад “хөөе чи босооч” гэсэн чинь босоод явсан. Бид хоёр тамхи татаад зогсож байгаад газар руу харахад гар утас нь байхаар ... би аваад халаасандаа хийсэн. Тэр үед Б- нэг цагдаагийн хамт ирэхэд би “энэ чиний утас байна” гээд өгсөн” /хх 40/,

яллагдагч Б.П-ийн “С- араас ирээд “чи яагаад байгаа юм бэ” гэж хэлээд цамцнаас нь бариад автал тэр залуу С-ийг түлхэж байгаад газарт унасан. Тэр үед би тэр залуугийн шилэн хүзүүнээс бариад “хөөе чи босооч” гэсэн. Тэгээд ... газар утас байхаар нь С- аваад халаасандаа хийсэн” /хх 46/,

Дамно ХХК-ийн 2019 оны БЗД2-19-485 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар Самсунг галакси А-8 маркийн гар утсыг 200.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /хх 31/,

эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл /хх 8-9/ зэрэг хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, тэдгээрийг үндэслэн шүүгдэгч нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Мөн шүүгдэгч О.С-, Б.П- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Харин анхан шатны шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тэдний оролцоо, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан ялгамжтай байдлаар ял оногдуулалгүй, хоёр шүүгдэгчид ижил хэмжээний буюу 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна” гэсэнтэй нийцээгүй байна.  

Иймд давж заалдах шатны шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон үүрэг, оролцоог харгалзан шүүгдэгч Б.П-т анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг зохих хэмжээнд багасгах нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хохирогч Г.Б-ийг шүүгдэгч О.С- хавсарч унагаж, улмаар гар утсыг нь авсан, шүүгдэгч Б.П- нь хохирогч Г.Б-ийн шилэн хүзүүн тус газар нь нэг удаа цохьсон нөхцөл байдал тогтоогдсон байна. 

Шүүгдэгч О.С- “хохирогч Г.Б- манай найз Б.П-ийг мөрлөснөөс болж маргалдсан болохоос түүний эд хөрөнгийг авах гэсэн санаа зорилго байгаагүй тул хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү”,

шүүгдэгч О.С-ийн өмгөөлөгч Д.Тунгалаг “О.С-ийн үйлдэл нь дээрэмдэх гэмт хэргийн шинжийг агуулаагүй тул хэргийг нь хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү”,

шүүгдэгч Б.П-ийн өмгөөлөгч С.Одгариг “хэрэгт авагдсан баримтуудаар дээрмийн гэмт үйлдэл болсон гэх байдлуудыг үгүйсгэж байгааг шүүх анхаараагүй тул зүйлчлэлийг хөнгөрүүлэн хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус гаргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, шүүгдэгч О.С-, Б.П- нарын зүгээс хохирогч Г.Б-ийн эсрэг хүч хэрэглэсэн үйлдэл эхэлж, улмаар хохирогчийн 200.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг авсан болох нь тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул шүүгдэгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдсан гомдлуудыг хүлээн авах хууль зүйн боломжгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 2020/ШЦТ/401 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.П-, О.С- нарт 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.С-т 2 жил 6 сар, шүүгдэгч Б.П-т 2 жил хорих ял тус тус шийтгэсүгэй” гэж,

3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.С-, түүний өмгөөлөгч Д.Тунгалаг, шүүгдэгч Б.П-ийн өмгөөлөгч С.Одгариг нарын гаргасан давж заалдсан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МЯГМАРЖАВ

 

ШҮҮГЧ                                                                        О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧ                                                                        Б.ЗОРИГ