Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2014 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 2014/ШЦТ/0112

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2014/0123/Э/

Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдорж, 
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнгөнсүх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд,
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *** ,
Шүүгдэгч ***  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв. 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас *** д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.1-т зааснаар сэжигтэнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн 201409000345 дугаартай хэргийг 2014 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ***  төрсөн, *** , бүрэн дунд боловсролтой, ***  оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй
  
Шүүгдэгч *** нь Аксент маркийн *** улсын дугаартай авто машиныг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13 дугаар бүлгийн 13.2, 2 дугаар бүлгийн 2.5.б, 2.5.в-д заасныг зөрчиж *** ыг мөргөж зам тээврийн осол гарган, *** д яаралтай тусламж үзүүлээгүй, осол гарсан талаар зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдээгүй гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

-Шүүгдэгч *** ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2014 оны 2 дугаар сарын 21-ний өдөр би таксинд явч байсан. Гэрлэн дохио дээр нэг хүүхэд гарч амжаагүй байсныг анзаараагүй юм. Би хүүхдийг сүсэгтний холбооны байранд байдаг бариа заслын эмнэлэгт үзүүлэхэд жаахан улаалттай байна гэж хэлсэн. Тухайн үед хэргийн газраас хөдөлсөн гэж бодоод цагдаад мэдэгдээгүй  юм. Хохирол төлбөрт 100.000 төгрөг өгсөн.” гэх мэдүүлэг,
-Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *** ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Тухайн үед би өөрийн 2 сартай хүүхэдтэйгээ вакцин хийлгэх гээд


D:\2014 Uyanga\Sh.Ts togtool\Shiitgeh togtool-Munkhjargal 216.1.doc
*** г таксинд суугаад хүрээд ир гэж хэлсэн юм. Намайг утас руу нь залгах үед гэрлэн дохио гарах гэж байна гэж хэлж байсан. Мөн 10 минутийн дараа залгахад “очиж байна” гэсэн. Дахиад 30 минутын дараа залгахад “очиж байна, удах юм шиг байна” гэсэн. *** нэг цагийн дараа гэртээ орж ирээд би мөргүүлчихлээ гэж хэлсэн. Тэгээд харахад ташаандаа улаалттай байсан. Одоо биеийн байдал нь хэвийн байгаа. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг,
-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 5-6, 8 дахь тал/,
“… 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Дархан-Уул аймаг Дархан сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт *** нь Аксент маркийн *** улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13 дугаар бүлэг явган гарц нэвтрэх 13.2 Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа /аюулгүйн зурвастай тохиолдолд түүнийг өнгөрч яваа буюу түүнд хүрээгүй яваа/ явган зорчигчид зам тавьж өгнө, гэсэн заатыг зөрчсөнөөс явган зорчигч ***г мөргөж зам тээврийн осол гаргасан, мөн дүрмийн 2.5 зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурьдсан үүрэг хүлээнэ. б/ тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлэгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлэгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэж ослын дүгнэлтийг гаргав.” гэх дүгнэлт /хэргийн 7 дахь тал/,    

-Хохирогч *** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би тэр өдөр хичээлээ тараад сургуулиас гараад явж байтал ээж маань хурдан хүрээд ир гээд утсаар залгасан. Тэгээд би автобусанд суух гээд зам хөндлөн гарч байтал нэг машин ирж намайг мөргөсөн. Би Оюуны ирээдүй сургуулийн Б байр талаас А байр тал руу автобусны буудал руу явж байсан. Тухайн үед явган хүний гарцаар гарахдаа ногоон гэрэл асахаар нь гараад явж байтал миний баруун гар талаас жижиг цагаан машин ирж мөргөсөн юм. Тэгээд тэр ах намайг машиндаа суулгаж авч яваад гэрийн гадаа хүргэж өгөөд буулгаад явсан.” гэх мэдүүлэг /хэргийн 15 дахь тал/,
-Гэрч *** н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би тэр өдөр нийгмийн даатгалаас гарч ирээд хуучин дархан явах автомашинд суусан. Тэгээд тэр машин 17-р сургуулийн өмнөх гэрлэн дохион дээр ирээд зогсож байгаад хөдөлсөн. Энэ үед урдуур нь нэг жаахан хүүхэд гарч ирж машинд шүргүүлсэн. Жолооч буугаад тэр хүүхдийг аваад машиндаа суулгаад хуучин дархан 18-р явсан. Тухайн үед би тэр хүүхдийг өвөр дээрээ аваад суусан. Би тэр хүүхдээс миний хүүхдийн бие зүгээр биз хаана нь өвдөж байна гэж асуухад зүгээр өвдөөгүй гэсэн. Ингээд би 18-ийн буудал дээр машинаас буугаад явсан. Тэр охин машинд жолоочтой хамт үлдсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 17 дахь тал/,  
-“*** н “биеийн ерөнхий байдал хөнгөн, ухаан санаа саруул, асуусан асуултанд хариулна. Хүүхэн хараа 2 талд ижил, дугираг, гэрлийн урвалд жигд оролцоно, хамар уруулын нугалаас 2 талд ижил, Ромбергийн сорилд тэнцвэртэй, хамар хурууны сорилд алдахгүй, см.Манна /-/. Дагзны булчингийн хөшингөгүй. Биед ил харагдах гэмтэлгүй. ***ийн биед гэмтэл тогтоогдсонгүй.” гэх 2014 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 472 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 19 дэх тал/,
- CD дискэнд хийсэн үзлэгийн тэмдэглэл /хэргийн 12 дахь тал/, 
- Согтуурал шалгасан тухай тэмдэглэл /хэргийн 22 дахь тал/,
- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 34 дахь тал/, 
-Хохирогч ***н хууль ёсны төлөөлөгч ***ийн “…охины биед гэмтэл, шарх байхгүй тул гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх хүсэлт /хэргийн 37 дахь тал/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч *** нь 2014 оны 2 дугаар 

сарын 21-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт автомашины зам дээр *** улсын дугаартай Аксент маркийн автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13 дугаар бүлгийн 13.2 Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа /аюулгүйн зурвастай тохиолдолд түүнийг өнгөрч яваа буюу түүнд хүрээгүй яваа/ явган зорчигчид зам тавьж өгнө, 2 дугаар бүлгийн 2.5.б/зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлэгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, 2.5.в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх/  гэсэн заалтуудыг зөрчиж 8 настай Б***г мөргөж зам тээврийн осол гарган, ***д яаралтай тусламж үзүүлээгүй, осол гарсан талаар зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдээгүй гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байх тул аймгийн прокурорын газраас түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

    Иймд шүүгдэгч ***ыг зам тээврийн ослын үед жолооч үүргээ биелүүлээгүй  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

    Шүүгдэгч ***ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хэргийн 34 дэх талд/ байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

    Хохирогч *** хууль ёсны төлөөлөгч *** нь “…охины бие одоо хэвийн байгаа гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх тайлбар шүүх хуралдаанд гаргаж байх бөгөөд шүүгдэгч  *** нь  хөнгөн  гэмт  хэрэг  анх  удаа  үйлдсэн,  хохирогч, шүүгдэгч нар сайн дураар эвлэрсэн, учруулсан хохирлоо бүрэн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-т заасныг баримтлан *** д  холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, *** г эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

    Шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурьдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол батлан даалтад өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгохоор шийдвэрлэснийг дурьдаад

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283 дугаар зүйлийн 283.1, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

    1. Шүүгдэгч *** г зам тээврийн ослын үед жолооч үүргээ биелүүлээгүй гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

    2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар шүүгдэгч *** д холбогдох 201409000345 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, *** г эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

    3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1-т заасныг баримтлан *** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

    4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-т заасныг баримтлан энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэгтэй сиди-г уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр үлдээсүгэй.

    5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *** д авсан батлан даалтад өгөх  таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

    6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.    

    7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл *** д авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ            Я.ТУУЛ