Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 367

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Угтахбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч:           аймгийн           сумын Ерөнхий боловсролын дунд сургууль /РД:                 /

Хариуцагч:          аймгийн                сум,                 баг,              тоотод оршин суух, Б овогт А.Э, /РД:                        /

724 506 төгрөгийг гаргуулах  тухай нэхэмжлэлийг 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Ц, нарийн бичгийн дарга Ц.Анхбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.Э нь 2014 онд сургуулийн нягтлан хийж байх хугацаандаа 200 745 төгрөгийг ЕБСургуулийн цалингийн сангаас илүү олгосон цалин гаргаж өөр дээрээ авсан нь Өмнөговь аймгийн Санхүү хяналт, аудитын алба улсын ахлах байцаагчийн акт 2016.04.08-ны 16/30-02/15 тоот акт, 2014.10.03-ны 16/08/003/224 актаар илүү олгосон цалин 23 761 төгрөгийн акт тус тус тогтоогдсон болно. Мөн 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн цалингийн урьдчилгаа болох 500 000 төгрөгийг эргүүлэн төлөөгүй болно. Миний бие 2018.05.24-с тус сургуулийн захирлын ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд 2019.02.06-ны өдрийн төлбөр барагдуулах тухай актын дагуу 12 сард төлбөр барагдуулах албан тоот хүргүүлж нягтлан Д.М уулзсан боловч төлүүлж чадаагүй. 2020 оны 03 дугаар сард албан бичиг үйлдэж өөрийн биеэр очсон боловч эзгүй байсан. Удаа дараа залгасан боловч утас нь холбогдохгүй нэг бол авдаггүй болно. Иймд А.Э-өөс байгууллагын өр төлбөр болох нийт 724 506 төгрөгийн төлбөр гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага хэвээрээ. Би 2018 оноос хойш аудитын албан даалгаврыг заавал биелүүлэх үүрэгтэй болоод А.Э-тэй 2-3 удаа уулзах гээд чадаагүй. Нягтлан бодогчоо явуулахаар мэдэж байгаа, ойлгож байгаа, би үүнийг төлнө гэдэг. Ингээд 2018 оноос хойш бүтэн 2 жил болоод 2020 оны 02 дугаар сард би үүнтэй холбоотойгоор буюу энэ дүгнэлтийг биелүүлэхгүй байна гэдэг үндэслэлээр сануулах арга хэмжээ хүртэл авахуулсан байгаа. Сүүлдээ аудитаас надад шүүхэд ханд гэж зөвлөсөн. Тэгээд би материалуудаа бүрдүүлээд шүүхэд нэхэмжлэл гаргасан. А.Э хариу тайлбар дээрээ эргүүлэн төлөх боломжгүй, төлчихсөн гэсэн тайлбарыг өгсөн байна лээ. Үнэхээр төлчихсөн бол аудитаас надад тийм зүйл хэлэхгүй байсан байх. Би 2 жилийн хугацаанд энэ хүнээс энэ шаардлагыг биелүүлэхийг хүсээд яваад байгаа. А.Э өөрөө тийм ээ, би мэдэж байгаа, ойлгож байгаа гэж амаар хэлдэг боловч хариу тайлбартаа яагаад тэгж бичээд байгааг ойлгохгүй байна. Аман хэлэлцээрээр олон удаа энэ хүнтэй тохиролцсон. За барагдуулна гээд яваад байдаг. Манай байгууллагын зүгээс энэ хүнд төлөх цаг хугацааг боломжийнхоо хэрээр олгосон гэж үзэж байгаа. Аудитын дүгнэлтээр 2014 онд цалингийн зөрүү гэсэн зүйл гараад байгаа юм. Гэтэл өмнө нь ажиллаж байсан захирлын тушаал 2015 оны тушаал байгаа. Тийм учраас үүнийг би учир дутагдалтай нотлох баримт гэж үзэж байгаа. 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр гэсэн баримтыг бид нарт бас үзүүлж байсан. Тэр нь зөвхөн харьцсан дансны хуулга байсан болохоос төлсөн гэсэн баримт байгаагүй. Тийм  учраас надад цаг хугацаа хойшлуулах гэсэн санаатай байна гэсэн бодол төрөөд байгаа юм гэв.

Хариуцагч А.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ханхонгор сумын ЕБС-ийн 724 506 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч танилцлаа. Нэхэмжилсэн 724 506 төгрөгийн миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна. 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 16/08/003/224 актаар тогтоосон илүү цалин болох 23 761 төгрөг, мөн 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 16/30/-02/15 тоот актаар тогтоосон 200 745 төгрөгийн актыг хүлээн авах боломжгүй. Миний бие 2014-2015 онуудад ЕБС, Цэцэрлэг, Соёлын төв хариуцсан нягтлангаар ажиллаж байхдаа төсвийн захиргааны гаргасан 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 52 дугаар тушаалаар гаргасан TV-8 зэргээр цалин урамшуулал авч байсан болно. 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн цалингийн урьдчилгааг эргүүлэн төлсөн учир тус тус хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх хэрэгт цугларсан бичмэл нотлох баримт болох 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б/30 дугаартай Өмнөговь аймгийн Засаг даргын захирамж, 9050132 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 16/08/003/224 дугаартай мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн актын хуулбар, 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 16/30-02/15 дугаартай Өмнөговь аймгийн санхүүгийн хяналт, аудитын алба улсын ахлах байцаагчийн актын хуулбар, 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн илүү олгосон цалингийн хуулбар, А.Э-тэй холбоотой авлага, 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 49/Б дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаал, 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 58 дугаартай ажилд томилох тухай тушаал, хариуцагчийн хариу тайлбар зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Ерөнхий боловсролын дунд сургууль нь хариуцагч А.Э-д холбогдуулж 724 506 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч А.Э нь 2013 онд Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Ерөнхий боловсролын дунд сургуульд ажиллаж байх хугацаандаа давхар ажил хавсран гүйцэтгэсний нэмэлт цалин 724 506 төгрөгийг авсан нь талуудын тайлбараар нотлогдож, зохигчид энэ талаар маргаагүй, дээрхи мөнгийг хариуцагч буцаан төлөх үндэслэлгүй гэж маргажээ.

Талуудын тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаас дүгнэхэд хариуцагч А.Э-өөр 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 16/08/003/224 дугаартай мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн актаар 23.761 төгрөг, 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 16/30-02/15 дугаартай санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн актаар 200.745 төгрөгийг тус тус төлүүлэхээр тогтоожээ. 

Дээрх улсын байцаагчийн актуудаар тогтоогдсон төлбөрийг хариуцагчаар төлүүлэхээр шаардсан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4 дэх хэсэгт бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа таван жил байхаар заасан ба нэхэмжлэгч нь 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 16/08/003/224 дугаартай мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн актаар 23.761 төгрөг төлүүлэхээр акт тогтоогдсон гэдгийг мэдсэн атлаа шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргахаас өмнө хариуцагчид тогтоогдсон актыг биелүүлэх талаар шаардлага гаргасан нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдохгүй, түүнчлэн хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй, цалингийн урьчилгаа 500.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага нт хэдий хугацааны, ямар учраас урьчилгаа олгогдох ёсгүй байсан тухай нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байх тул нэхэмжлэлийн дээрх шаардлагуудыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж зааснаар  2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 16/30-02/15 дугаартай санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн актаар тогтоогдсон 200.745 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б/30 дугаартай Өмнөговь аймгийн Засаг даргын захирамж, 9050132 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 16/08/003/224 дугаартай мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн актын хуулбар, 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 16/30-02/15 дугаартай Өмнөговь аймгийн санхүүгийн хяналт, аудитын алба улсын ахлах байцаагчийн актын хуулбар, 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн илүү олгосон цалингийн хуулбар, А.Э-тэй холбоотой авлага, 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 49/Б дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаал, 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 58 дугаартай ажилд томилох тухай тушаал зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө ... “ гэж заасан шаардлагыг хангасан нотлох баримт байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

Хариуцагч А.Э-д шүүх хуралдааны товыг хуульд зааснаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй ба нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэг, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.2, 116, 118, дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.Э-өөс 200.754 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Ерөнхий боловсролын дунд сургуульд олгосугай.

2. Нэхэмжлэгчийн 523.752 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар  нэхэмжлэгч Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Ерөнхий боловсролын дунд сургуулийг улсын тэмдэгтийн хураамжинд 21 938 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч А.Э-өөс 6.672 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Л.УГТАХБАЯР