| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэнбаярын Энхжаргал |
| Хэргийн индекс | 171/2014/0118/Э |
| Дугаар | 2014/ШЦТ/0118 |
| Огноо | 2014-05-20 |
| Зүйл хэсэг | 099.1., 261.1., |
| Улсын яллагч | Д.Энхтуяа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2014 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 2014/ШЦТ/0118
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2014/0118/Э
Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гоомарал,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа,
Хохирогч ***
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Лхамсүрэн
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, 261 дүгээр зүйлийн 261.1-д заасан гэмт хэрэгт *** д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201309000753 тоот эрүүгийн хэргийг 2014 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын харъяат, эрэгтэй, *** өдөр *** төрсөн, *** настай *** бүрэн бус дунд боловсролтой, *** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал үгүй, *** ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-д зааснаар 3 жил 6 сарын хорих ял оногдуулж, хорих ялыг тэнсэж 2 жил хянан харгалзсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай
*** нь 2013 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 14 цагийн орчим Дархан-Уул аймаг, Дархан сумын 7 дугаар баг *** дүгээр гудамжинд *** ртой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүнийг зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан, мөн хэрэг бүртгэлийн шатанд 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр гадагш явж болохгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа хэрэг бүртгэлийн ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2013 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хадам аавындаа очиж хүүтэйгээ уулзахаар явж байтал Миигаа дэлгүүрийн ойролцоо *** гэрлүүгээ явж байгаа харагдсан. Би хадам ааваас түрүүлж гэрт нь очих гээд урдуур нь гартал намайг хойноос дуудаад чи манайд хүүхэд дээрээ очиж болохгүй гэсэн. Би тэгэхээр нь уурлаад түлхчихээд эгчийхрүүгээ гүйгээд орсон. Эгчийнд ороод хүүхэдтэй нь шатар тоглож байтал хадам аав ээж 2 орж ирсэн. Би тэгээд харисан” гэв.
Хохирогч *** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2013 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 16 цагийн үед гэррүүгээ явж байсан. *** тэй таарахад халамцуу байсан юм. Тэгээд би сайн уу миний хүү хаа хүрч яваа юм бэ гэхэд хүүтэйгээ уулзах гээд явж байна гэхээр нь эрүүл болоод ирээрэй гэтэл намайг заамдаж аваад нүүр рүү мөргөсөн юм” гэх мэдүүлэг
Хохирогч *** мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “2013 оны 11 дүгээр сарын 1-ны өдөр 10 цагийн орчим Мэндээ гээд манай танил дүү бид 2 буйн зах дээр явж байгаад нэг шил архи хувааж уучихаад гэрлүүгээ явж байсан чинь захын арын зам дээр эхнэр *** тай таарсан чинь манай эхнэр *** энд согтуу явж байна. Одоо манайд очиж хүүхдээ авна гэх байх гээд бид 2 гэрлүүгээ явсан. Мийгаа нэртэй дэлгүүрийн ойролцоо манай эхнэр би түрүүлээд гэрт очиж байя гээд яваад өгсөн тэгэхээр нь би *** дээр очоод чи яагаад дандаа согтуу хүүхэд дээрээ ирж байдаг юм эрүүл ирээд хүүхдээ аваад явж болдоггүй юм уу гэсэн чинь *** та нарт ямар хамаатай юм би үр хүүхдээ авч болдоггүй юм уу таниас гарсан юм уу гэж хэлээд намайг бариад авсан тэгээд намайг мөргөөд миний үүдэн шүд мултраад унаасан. Тэгээд барьцалдаад байж байтал манай эхнэр ирээд салгаад явуулсан. *** нь манайд ирэхдээ буюу хүүхэд дээрээ ирэх болгондоо согтуу ирээд агсан тавьж гэр бүлээр маань доромжилж дайрч байгаад явдаг ”гэх мэдүүлэг /хэргийн 17 дахь хуудас/
Гэрч *** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2013 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр *** Буян зах дээр согтуу явж байхаар нь би дотроо энэ согтуу байгаа юм чинь очоод гэрээс хүүхдээ аваад явчих болов уу гэж бодоод *** ийн араас дагаад явсан чинь шууд манайх уруу явсан тэгхээр нь модны захын ард явж байтал манай нөхөр *** тааралдсан тэгэд бид 2 араас нь дагаад явж байгаад би түрүүлээд гэртээ очсон чинь манай нөхөр үлдээд *** тэй ууүзсан би гэртээ ороод байж байгаад гараад ирсэн чинь манай нөхөр *** чинь ахаид миний шүдийг цохиод хугалаад унагаачихлаа гэсэн... Тэгээд бид 2 нөгөө зодоон болсон газар очоод шүдийг нь хайгаад олоогүй” гэх мэдүүлэг /хэргийн 22-24 дахь тал/,
2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1258 дугаартай шинжээчийн: “*** рын биед 1 шүдний мултрал, уруулын салстын өнгөц язрал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлээр үүсгэх боломжтой, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-д зааснаар энгийн хөдөлмөрийн чадварыг 5 хувь алдагуулах хөнгөн зэргийн гэмтэл болно” гэх дүгнэлт /хэргийн 28 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар Шүүгдэгч *** урьд нь *** -ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т “хүндэвтэр гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш 5 жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй бол ялгүй болно” гэж заасны дагуу түүнийг ялгүй болсон гэж үзнэ.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгч *** ийн үйлдэлд тохирсон байна.
Иймд шүүгдэгч ***ийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан, мөн таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан сэжигтэн, яллагдагч, мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Шүүгдэгч ***ийн хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж, нөхөн төлөх төлбөргүй, хохирогч гомдол, саналгүй гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн хувийн байдал зэрэг ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнд хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.
Шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болно.
Шүүгдэгч *** энэ хэрэгтээ 68 /жаран найм/ хоног цагдан хоригдсон байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *** г бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг, мөн таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан сэжигтэн, яллагдагч, мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар *** г 2 /хоёр/ сарын хугацаагаар баривчлах ялаар, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар оногдуулсан 2 /хоёр/ сарын хугацаагаар баривчлах ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар *** д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялд багтаан нийт эдлэх ялыг 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан ***д оногдуулсан 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй *** хорих ангид эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар *** урьдчилан 68 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан ***д оногдуулсан 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т дэх хэсэгт зааснаар тэнсэгдсэн ялтан ***д хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн байгууллагад даалгасугай.
8. Энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж *** д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
9. Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, болохыг дурдсугай.
10. шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд
тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ***д авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ