| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 171/2014/0127/Э/ |
| Дугаар | 2014/ШЦТ/0122 |
| Огноо | 2014-05-28 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Н.Мөнгөнсүх |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2014 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 2014/ШЦТ/0122
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2014/0127/Э/
Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнгөнсүх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Лхамсүрэн,
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас ***д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201409000292 дугаартай хэргийг 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.
Монгол Улсын иргэн, *** , *** -ний өдөр *** аймагт төрсөн, *** , *** настай, бүрэн дунд боловсролтой, барилгын цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, *** , *** нарын хамт *** дугаар баг *** тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй,
Шүүгдэгч *** нь 2014 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр 22 цагийн орчим *** тоотод оршин суух иргэн *** ийн хаалганы цоожийг эвдлэн нэвтрэн орж, мөнгөн аяга, “Asus” маркийн зөөврийн компьютер, төмөр аралтай эмэгтэй хүний суран бүс, мөнгөн ээмэг, бөгж, кулон зэрэг эд зүйлийг хулгайлж бусдад нийт 1.350.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч *** с шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2014 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хөрш айл болох *** ийн гэрт орж зөвшөөрөлгүй юм авсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиж ийм юм хийхгүй. Авсан эд зүйлээ бүгдийг нь буцаагаад өгсөн. Хөөрөгний мөнгө гэж 700.000 төгрөг өгсөн.” гэв.
Шүүгдэгч *** нь 2014 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 22 цагийн орчим Дархан-Уул аймгийн *** тоотод оршин суух иргэн *** ийн байшингийн хаалганы цоожийг эвдэн орж, мөнгөн аяга, “Asus” маркийн зөөврийн компьютер, төмөр аралтай эмэгтэй хүний суран бүс, мөнгөн ээмэг, бөгж, кулон зэрэг эд зүйлийг хулгайлж бусдад нийт 1.350.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
-Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 3-10 дахь тал/,
-Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хэргийн 11 дэх тал/,
D:\2014 Uyanga\Sh.Ts togtool\Shiitgeh togtool-Bat-Erdene 145.2.doc
-Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 12-13 дахь тал/,
-Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хэргийн 17 дахь тал/,
-Хохирогч *** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2014 оны 4 дүгээр сарын 10-ны 18 цагт миний охин *** над руу утсаар яриад би танай гэрээс хувцас хунар авах цүнх авах гэж ирсэн чинь байшингийн хаалга онгорхой байна. Та үүд хаалгаа цоожлоогүй юм уу? гэсэн. Би хаалга үүдээ цоожилсон гэж хэлсэн, тэгэхэд охин тэгвэл гэрт хулгай орсон юм шиг байна, авдар ухсан бололтой, юу алга болсныг хэлж мэдэхгүй байна, та хоёр хурдан наашаа гар гэж хэлсэн. Нөхөр бид хоёр орой 11 цагт Дарханд ирээд гэртээ ирж алга болсон эд зүйлээ бүртгэсэн. Тэгэхэд дунд гарын мөнгөн аяга, мөнгөн ээмэг, бөгж, кулоны хамт ногоон даалинтай хүрэн өнгийн чулуун дээр хар өнгийн дүрc бүхий сийлбэртэй хөөрөг, хүрэн өнгийн суран бүс төмөр аралтай, Asus маркийн зөөврийн компьютер зэрэг эд зүйл алдагдсан байсан. Шөнө болсон байсан учраас маргааш нь цагдаа дуудахараар болж, өнөөдөр өглөө цагдаагийн байгууллагад хандсан. Дунд гарын шинэ цагийн мөнгөн аягыг 250.000 төгрөгөөр, мөнгөн ээмэг, бөгж, кулоныг 70.000 төгрөгөөр, зөөврийн компьютерийг 1 сая төгрөгөөр, хөөргийг 700.000 төгрөгөөр, бүсийг 30.000 төгрөгөөр үнэлж байна. Урд өгсөн байцаалтанд алдсан гэж мэдүүлсэн чулуун хөөргийг гэрийнхээ орны араар уначихсан байхыг олсон. Бусад алдсан эд зүйлээ бүрэн бүтэн хүлээж авсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 19-20 дахь тал/
-Гэрч *** ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Хэргийн газраас хураагдаж хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон хуванцар цагаан иштэй хутга чинь манай гэрийн хутга мөн байна, манайх хоёрхон л хутгатай.” гэх мэдүүлэг /хэргийн 23-24 дэх тал/
-Гэрч *** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2014 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр эхнэр бид хоёр намайг эмнэлэгт үзүүлэх гэж Улаанбаатар хот руу явсан. 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 18 цагийн орчим охин *** ээж рүүгээ залгаж гэрийн хаалга цоожгүй байна, хулгай орсон юм шиг байна, та хоёр хурдан ир гэж хэлсэний дагуу бид хоёр 23 цагт Дарханд ирсэн. Алдагдсан эд зүйлээ бүртгэж үзэхэд миний эдэлж хэрэглэж байсан хөөрөг, мөнгөн аяга, хүүхдүүдийн өгч явуулсан зөөврийн компьютер, эхнэрийн мөнгөн ээмэг, бөгж, кулон, бүс зэрэг алдагдсан байсан. Шөнө байсан учраас маргааш нь цагдаагийн байгууллагад хандсан.” гэх мэдүүлэг /хэргийн 22 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул аймгийн прокурорын газраас түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.
Иймд шүүгдэгч *** г орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж үзлээ.
Хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж байх тул шүүгдэгч *** ийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч *** ийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хэргийн 37 дахь тал/ байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч *** нь анх удаа хүндэвтэр төрлийн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж дүгнэлээ.
Мөн шүүгдэгчийн ар гэрийн амьдралын нөхцөл байдлыг нь харгалзан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял оногдуулахгүй байх нь зүйтэй гэж үзлээ.
Эд хөрөнгө хураах нэмэгдэл ял оногдуулаагүй, шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй байх тул шүүгдэгч *** ийн өмчлөлийн Dell маркийн нөөтбүүк битүүмжилсэн мөрдөн байцаагч Г.Төгөлдөрийн 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 853 тоот тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч *** энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагийн өнгийн хуванцар иштэй, нийт урт нь 24.5 см, ажлын хэсэг нь 13 см, бариул нь 11 см урт, бариулыг бэхэлсэн 3 ширхэг хадаастай хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэснийг дурьдаад
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297, 298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч *** г орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар *** д эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 2 сар /хоёр жил хоёр сар/ хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар *** д оногдуулсан 2 жил 2 сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зїйлийн 298.1.1-т зааснаар шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид тєлєх тєлбєргїй болохыг тус тус дурьдсугай.
5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шүүгдэгч *** ийн өмчлөлийн Dell маркийн нөөтбүүк битүүмжилсэн мөрдөн байцаагч Г.Төгөлдөрийн 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 853 тоот тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-т заасныг баримтлан энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагийн өнгийн хуванцар иштэй, нийт урт нь 24.5 см, ажлын хэсэг нь 13 см, бариул нь 11 см урт, бариулыг бэхэлсэн 3 ширхэг хадаастай хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч *** д оногдуулсан 2 жил 2 сар /хоёр жил хоёр сар/ хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.
8.Эрїїгийн хуулийн ерєнхий ангийн 61 дїгээр зїйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн *** д хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хїлээвэл цагдаагийн байгууллагын саналыг їндэслэн хорих ялыг биечлэн эдлїїлэхийг *** эд мэдэгдсїгэй.
9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303-т зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, *** д авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Я.ТУУЛ