Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баасанжавын Зориг |
Хэргийн индекс | 186/2019/0564/Э |
Дугаар | 543 |
Огноо | 2020-04-30 |
Зүйл хэсэг | 17.1.2.1., |
Улсын яллагч | Б.Чимгээ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 543
2020 4 30 2020/ДШМ/543
М.О-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Чимгээ,
шүүгдэгч М.О-ын өмгөөлөгч А.Очбадрал,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 2020/ШЦТ/139 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор С.Хишигжаргалын бичсэн 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 17 дугаартай эсэргүүцлийг үндэслэн М.О-д холбогдох эрүүгийн 1911010310644 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Луугүн овгийн М.О, 19.... оны 10 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ...... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ ..............тогоочоор ажиллаж байсан, ам бүл....... хамт ........... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ................./;
М.О- нь 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутагт байрлах “Бөмбөгөр” худалдааны төвийн 1 дүгээр давхарт “.....” ХХК-ийн нарийн боов үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг орон байранд нэвтэрч дүрдэг цай, хүнсний шоколад зэрэг 123.000 төгрөгийн хүнсний эд зүйл, бэлэн 350.000 төгрөгийг хүч хэрэглэлгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлснаас нийт 473.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: М.О-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч М.О-д холбогдуулан прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, М.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, М.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.О-д нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, М.О- нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдаж, М.О- нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг дурьдаж шийдвэрлэжээ.
Дээд шатны прокурор С.Хишигжаргал бичсэн эсэргүүцэлдээ: “... шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж, хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүйгээр хөнгөрүүлж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Учир нь, М.О- нь Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутагт байрлах “Бөмбөгөр” худалдааны төвийн нэгдүгээр давхарт “.....” ХХК-ийн нарийн боов үйлдвэрлэх цехэд ажилладаггүй бөгөөд үйл ажиллагаа явуулах ажлын цаг дууссан, хөл хөдөлгөөн тасарсан цагаар тус худалдааны төвийн хамгаалагчаас түлхүүрийг авч, “.....” ХХК-ийн байранд нэвтэрч орох талаар тухайн компанийн эрх бүхий этгээдээс ямар нэгэн зөвшөөрөл авалгүйгээр нэвтэрч бэлэн 350.000 төгрөг, 123.000 төгрөгийн үнэ бүхий хүнсний эд зүйл хулгайлсан болох нь тогтоогджээ.
Түүнчлэн “Бөмбөгөр” худалдааны төвд харуулын үүрэг гүйцэтгэж байсан Б.Ганзориг нь М.О-ыг “.....” ХХК-ийн “Нонь” бэйкэрид ажилладаг гэж ойлгон түлхүүрийг түүнд өгсөн нь М.О- нь тухайн үйл ажиллагаа явуулах зориулалттай байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэх хүндрүүлэх нөхцөл байдлыг үгүйсгэх үндэслэл болохгүй тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилснийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэжээ.
Прокурор Б.Чимгээ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүх хуралдаанд дээд шатны прокурорын эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Нэмж хэлэхэд үйлдвэрлэлийн зориулалттай орон байранд нэвтэрч гэж яллах дүгнэлт бичиж шүүхэд шилжүүлсэн. Гэтэл анхан шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцээд зүйлчлэлийг хөнгөрүүлсэн. Шийтгэх тогтоол ирэх үед ээлжийн амралттай байсан тул дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн. Орон байранд нэвтэрсэн асуудлыг шүүх дүгнэхдээ харуулаас нь түлхүүрийг нь авсан учраас зөвшөөрөлтэй орсон гэж үзэж зүйлчлэлийг хөнгөрүүлсэн. Гэтэл орон байранд нэвтэрсэн үйлдэл нь түлхүүр авч орох ойлголттой хамааралгүй. Учир нь, тухайн орон байранд М.О- нэвтрэх эрхгүй, тэнд ажилладаггүй, тухайн кассанд мөнгө байдаг гэдгийг мэдэж байсан учраас ажлын бус цагаар төлөвлөж, өмнө тэнд ажилладаг байсан гэдгийг мэдэж байсан харуулыг төөрөгдүүлж түлхүүрийг нь авч ороод эд зүйлийг нь хулгайлсан. Тэгэхээр М.О- нь зөвшөөрөгдөөгүй орон зайд нэвтэрч байгаа нь тухайн орон байранд зөвшөөрөлгүйгээр нэвтэрч байна гэх ойлголтыг агуулж байна. Иймд хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх хүсэлтэй байна. ...” гэв.
Шүүгдэгч М.О-ын өмгөөлөгч А.Очбадрал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн зүгээс прокурорын эсэргүүцлийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж, зөв хэрэглэсэн. Хавтас хэрэгт тухайн шөнө Бөмбөгөр худалдааны төвд ээлжээр гарч байсан манаач Ганзоригийн мэдүүлэг бий. Түүнд “нарийн боовны газар ажилладаг М.О- гэх залуу ажлаасаа юм авах гэсэн юм гэж түлхүүр авч ороод 10 гаран минутын дараа гарч ирсэн. Түүнээс ямар ч хамааралгүй этгээдэд түлхүүр өгч оруулдаггүй” гэсэн. Мөн М.О- нь тухайн газар ажилладаг байсан болох нь хохирогчийн мэдүүлгээр тогтоогддог. Гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нь тухайн газар 3-4 сар цалингаа өгөөгүй, цалингийн маргаантай байсан учир өдөр олсон орлогоос авчихъя гээд орой нь ороод авчихсан. Тэгэхээр үүнийг хууль бусаар нэвтэрсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх тул прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.О-д холбогдох хэргийг дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн хэлэлцэж байгаа боловч тухайн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Прокуророос шүүгдэгч М.О-ыг “2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутагт байрлах “Бөмбөгөр” худалдааны төвийн 1 дүгээр давхарт “.....” ХХК-ийн нарийн боов үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг орон байранд нэвтэрч дүрдэг цай, хүнсний шоколад зэрэг 123.000 төгрөгийн хүнсний эд зүйл, бэлэн 350.000 төгрөгийг хүч хэрэглэлгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлснаас нийт 473.000 төгрөгийн хохирол учруулсан” гэмт хэрэгт буруутгаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд “М.О- нь ... хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрсэн боловч гэмт хэрэг үйлдэгдэх үед тухайн Бөмбөгөр худалдааны төвд харуулын үүрэг гүйцэтгэж байсан Б.Ганзоригоос тэр түлхүүр авсан буюу Б.Ганзориг нь М.О-ыг “Нонь бейкери” рүү нэвтэрч байгааг мэдэж байсан нь хууль бусаар нэвтэрсэн гэх шинжийг үгүйсгэж байна” гэж дүгнэж, хэргийг прокуророос зүйлчилсэн зүйлчлэлийг хөнгөрүүлж шийдвэрлэсэн нь буруу болжээ. Учир нь,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах” гэмт хэргийг мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилжээ.
Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд, тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн газар нь Бөмбөгөр худалдааны төв дотор, өөрийн бие даасан байрлал, орчинтой, тухайн үед ажлын цаг дууссан, хаалга нь цоожтой байхад нь шүүгдэгч М.О- харуул Б.Ганзоригоос түлхүүрийг нь авч хохирогч “.....” ХХК-ийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, тухайн аж ахуйн нэгжид 473.000 төгрөгийн хохирол учруулсан байна.
Энэ талаар хохирогч Т.Булга “...хяналтын камер шүүж үзэхэд Анатолия рестораны тогооч ажилтай Оргил гэх залуу ороод гарахдаа тортой эд зүйл бариад гарч байгаа бичлэг байсан” /хх 16/,
гэрч Б.Ганзориг “...шөнө 04 цаг 30 минутын үед Нонь бэйкерид ажилладаг байсан гэх 20 гаруй насны залуу түлхүүр авч орсон. Би тэр залуугийн нэрийг нь мэдэхгүй. Тэр залуу түлхүүр авч ороод удалгүй буюу 10 орчим минутын дараа буцаагаад түлхүүр өгөөд явсан” /хх 76/,
М.О- яллагдагчаар “...Тэгээд л цалин өгөхгүй байгаа юм чинь авч болох байх гэж бодоод нарийн боовны үйлдвэрийн түлхүүрийг харуул ахаас ажил руугаа орох гэсэн юм гээд түлхүүрийг нь авч ороод касснаас бэлнээр 350.000 төгрөг аваад дээрээс нь ... цай, шоколад ... аваад гарахдаа түлхүүрээ буцаагаад үлдээгээд явсан” /хх32/ гэж тус тус мэдүүлжээ.
Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч М.О- нь тухайн “Эл эс кей” ХХК-ийн Бөмбөгөр дэх нарийн боовны үйлдвэрт ажилладаггүй атлаа “ажил руугаа орох гэсэн юм” гэж харуулд нь худал хэлж, түлхүүрээр нь онгойлгон нэвтэрч, хохирогч “Эл эс кей” ХХК-иас эд зүйл хулгайлсан буюу тухайн газарт нэвтрэх эрхгүй этгээд бусдын үйл ажиллагаа байнга явуулдаг газарт нэвтэрч, эд зүйл хулгайлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад ““хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” бол Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ” гэж, мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад ““Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” бол давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох, эсхүл өөрчилнө” гэж заасан бөгөөд анхан шатны шүүхийн Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэснийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн хэрэглэж, шүүгдэгч М.О-ын эрх зүйн байдлыг хүндрүүлэх боломжгүй байна.
Иймд дээд шатны прокурор С.Хишигжаргалын бичсэн 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 17 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 2020/ШЦТ/139 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч М.О-д холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 2020/ШЦТ/139 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч М.О-д холбогдох эрүүгийн хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Хэргийг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцтэл шүүгдэгч М.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МЯГМАРЖАВ
ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Б.ЗОРИГ